ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГ ЖАРГАЛАН
2012/10/28 7 Comments
Манайхны эрүүл мэндийн систем ярьж байгаа нь ёстой эрүүл биш. Монголын эрүүл мэндийн салбар шиг дампуу юм хорвоод үгүй. Дассан сурснаараа л “систем” гэхээс биш, түүнд системтэй төстэй зүйл нэг ч байхгүй. Одоо шинэ систем бүрдүүлэхээс өөр арга байхгүй. Аргаа бараад гадаадын зарим системүүдийг харьцуулснаа толилуулж байна. Үүний дээрээс сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятад, Солонгос, Малайз зэрэг Зүүн-Өмнөд Азийн орнуудын системийг нэмж үзвэл тун олон юм мэдэж авч болох байх. Уг нь бол манайд эрүүл мэндийн системийг янзлах шиг амархан юм байхгүй л байхгүй юу…
Мөнхийн зовлон
Улс төрчид, эмч нар хөгийн зүйл ярьдаг. Хүн болгоныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж. Ухаандаа хүн бүр жилд нэг удаа тархиа компюьтер томографт харуулах ёстой, жилд нэг удаа ходоодоо дурандуулах ёстой, бас дотор эртхнүүдээ ЭХО-д харуулах ёстой гэхчлэн. Хэрэв энэ нь биелдэгсэн бол өдийд Монголд ганц ч өвчтэй хүн үлдэхгүй байх ёстой байхгүй юу. Гэхдээ ийм үлгэр шиг юм энэ дэлхийн хаана ч байдаггүй юм.
Яагаад гэвэл энэ дэлхийн ямар ч баян чинээлэг улсын мөнгө нь хүрдэггүй юм. Учир нь тухайн улсын анагаах ухаан эдийн засгаасаа хамаардаг. Ийм биш гэж үү ?! Ингээд бүх нийтийн өндөр үнэтэй эмнэлгийн үйлчилгээнд ямар нэг хэмжээгээр хязгаарлалт хийхийн хамт түүний түвшинг тогтоож өгдөг юм.
Тэр ч байтугай ихэнхи орнууд ийм өндөр үнэтэй үйлчилгээний хүрээг заагийг багасгаж хэмнэсэн мөнгөөрөө бүх нийтийн эмнэлгийн үйлчилгээний суурь үйлчилгээний багцаа гаргаж авдаг юм. Чухам ингэж баймаажин эрүүлийг хамгаалахын системээ үнэ багатай, тэр ч байтугай “үнэгүй төлбөргүй” болгож бүх нийтийн хүртээл болгодог юм. Энд “үнэ төлбөргүй” гэдгийг хашилтанд хэлж байна, яагаад гэвэл эмнэлгийн үйлчилгээнд заавал мөнгө төлж таардаг юм.
Асуудал юундаа байдаг гэхээр эрүүлийг хамгаалахыг үнэгүй болголоо л бол хүмүүс түүнийг заавал хэтэрхий буруугаар ашиглаж эхэлдэгт байдаг юм байна. Хамгийн үнэ цэнэтэй энэ баялгаа хэрэглэх ямар нэг хязгаарлалт хүмүүст байдаггүй юм байна. Хүмүүс цаг ямагт мөнхөд амьдрахыг бодож эрмэлздэг атлаа эрүүл мэндээ хайрлана гэж бараг байдаггүй цорын ганц амьтан аж. Аминдаа хор хийж үхчих гээд байдаг байна. Иймээс эрүүл мэндийн хүрэлцээ хийгээд зардал хоёрын хооронд ямар нэг тэнцвэр барих шаардлага гардаг байна. Энэ бол гүн ухаан, ёс суртахууны асуудал юм.
Ер нь бол хүнийг тодорхой утгаар эрүүл мэнддээ цаг ямагт хор хүргэж байдаг хөгийн амьтан гэж ойлгож болно.
Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй. Яривал гарцаагүй хэрүүл болно.
Улс яадаг вэ
Харин ямар ч улс орныг эрүүл мэнддээ жилд хэдий хэрийн мөнгө зарцуулж байгаагаар нь үнэлдэг нь маргаангүй юм. Ямар ч орны эрүүл мэндийн яамны түшмэдүүд сууж байгаад эрүүл мэндэд хэдэн төгрөг зарахаа тухай тоо боддог. Харин энэ бодож байгаа нь тоо нь эрүүл мэндтэй ямар ч холбоогүй байдаг. Яагаад ?
Яагаад гэвэл эрүүл мэндээс хэдэн хүн хэдий хэрийн мөнгө шаардахыг хэн ч мэддэггүй, хэн ч мэдэхийг хүсдэггүй учраас тэр. Тэгээд юу хийдэг гэхээр өнгөрсөн жил ийм мөнгө зарсан, инфляфи ийм байсан, үүнийг тооцоод нэг тоо гаргачихъя гэнэ. Ямар тоо бодож чадах биш. Судалгаа байх биш. Эрэлт шаардлага яасан юм гэж олон хүн асууна байх. Гэтэл хэрэглэгчдийн эрмэлзэл гэж нэг юмыг хэн ч асуудаггүй. Монголчууд энийгээ ямар хэлэх биш.
Харин Засгийн Газар бол хэдийг зарах ёстой гэдгээ л болно, ерөнхийдөө бол сонгогчид хэр зэрэг бодож байгааг л харгалзана. Нөгөөдүүл нь бодохгүй тохиолдолд Засгийн Газар ёстой бодож харагдана ш дээ.
Ингээд бүх мөнгөө больницууд, тодорхой эмч нар, хэсгийн эмч нарт гэхчлэн хуваах “уламжлалт” асуудал л ярина. Аль эмнэлэг нь хэдийн хэрийн мөнгө авахыг төр хуваарилна. Хөрөнгө оруулалт бас л адилхан. Ахиад л нөгөө томографийн аппарат, мэс заслын өрөөний тоног төхөөрөмж, ердийн эмчилгээ, амбулаторийн эмчилгээнд хэдийг зарахав, хэдэн хүн орон тоогоор ажиллаж, хэдийн хэрийн цалин авахав гэдгийг л ярина. Өөр юу ярихийм ?! Бараг бүх дэлхийд ийм байдаг, учир эрүүл мэндийн систем бол нэлээд их төвлөрсөн систем байдаг юм.
Хуучин социалист систем эрүүл мэндийн төрийн зардлыг ерөнхийд нь нэлээн сайн хязгаарлаж чаддаг байсан юм. Тэр хэрээрээ түүний хүртээмжийг их өндөр түвшинд барьж чаддаг байсан. Учир нь төсвийн ийм хуваарилалтад хэрэглэгч хүмүүс бараг оролцдоггүй байсан. Ер нь бол их сайндаа орох систем юм.
Кубын эрүүл мэндийн систем Америк, Латин Америкт алдар суугаа мандуулж байгаагаас үүнийг хялбархан харж болно. Одоо ч гэсэн Кубад очсон жуулчдын ихэнхи нь “нэг сайн” эмчлүүлж аваад буцдаг байна. Бид бараг ийм сайн системээ устгасан даа.
Англичууд
Жишээлбэл Англид Клиникийн Үр нөлөөний Үндэсний институт гэж байдаг. Энэ Институт эмнэлгийн зардлын үр ашиг гэж нэрлэгддэг эмнэлгийн дэг журам (процедур), эмнэлгийн эм тан, эмнэлгийн технологид үнэлгээ хийж байдаг. Өөрөөр хэлбэл энэ институт хүний урт наслалт ямар үнэтэй байхыг үнэлэх асуудлыг хариуцдаг.
Хэрэв жишээлбэл Англид хорт хавдраас сэргийлэх шинэ эм зах зээлд гарч, тэр эмийг уусан өвчтөн нэг жил урт насладаг байлаа гэхэд жилийн эмчилгээ нь 30.000 фунт стерлингээс илүү байх юм бол тэр эмийг зах зээлд гаргадаггүй. Энэ тухай зарга үүсгэсэн хүнд энэ институтын захирал “жилийн эмчилгээ нь 60.000-аас илүү гарсан эмийг бид нэг л удаа дэмжиж байсан” гэж хариулсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүний амьдралын нэг жил 30.000 фунт стерлингийн үнэтэй гэсэн жишиг байдаг гэсэн хэрэг юм. Энэ бол эхний том асуудал.
Хоёр дахь асуудал гэвэл эрүүл мэндийн түгээмэл системд амлаж буй хүрэлцээ ямагт байдаггүй явдал мөн. Ихэнхи оронд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ амладаг. Англид ч бас адил. Гэхдээ дурын тодорхой тохиолдолд Англид өдөр бүр 750.000 хүн эмнэлгийн үйлчилгээний дараалалд зогсож байдаг. Мөн жилд 50 мянган мэс засал хойшилж байдаг, учир нь өвчтөн дараалал хүлээж байх хооронд өвчин нь даамжирсан байдаг. Эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үхдэг гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл хэрэв Та Англид хорт хавдар тусвал Та ерөөсөө эмчид хүрч чадахгүй байх 40 хувийн магадлалтай. Энэ нь аль ч оронд байдаг зүйл.
Энэ системийг скандинавын орнууд үлгэр болгож авсан байдаг учраас түрүүнээс хойш Английг яриад байна. Дани, өмнөд Европын Португал, Испани, Грек зэрэг орнууд бүгдээрээ ийм системтэй. Манайхан нэг их Европ гэж донгосдгоо болих хэрэгтэй ш дээ.
Ухаандаа Норвеги гэхэд 4,6 сая хүн амтай, Европ хэмжигдэхүүнээр жижиг улсдаа орно, бас ч гэж муугүй хөгжилтэй. Тэнд өдөр тутам 280.000 хүн эмнэлгийн дараалалд зогсож байдаг. Ташаан толгойны хагалгаа гэхэд 3 сар, гистоэктоми гэхэд 2 сар гаруй хүлээдэг, мөн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн ойролцоогоор 23 хувь нь эмчилгээ эхлэх хүртэл 3 буюу түүнээс дээш сар хүлээдэг. Испани, Грек, Италид адилдаа адил. Иймэрхүү хэт төвлөрсөн систем нь дарааллынхаа улмаас эмнэлгийн үйлчилгээний хар захыг үүсгэдэг.
Грекэд хийсэн саяхны судалгаагаар эрүүл мэндийн үндэсний даатгалын 44 хувь нь эмч нарт авилга болон очдог гэсэн үр дүн гарчээ. Грекийн эдийн засгийн сүйрэлд энэ байдал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй юм.
Германчууд
Хэт төвлөрсөн ийм системээс өөр загвар бий юу. Төрөөс шийдвэр гаргах, өвчтөн шийдвэр гаргах хоёрын дундуур асуудлыг шийдвэрлэх гэсэн их ухаалаг санаанаас германууд нэг загвар гаргаж авчээ. Энэ нь хамтарсан (корпоратив) даатгал, ажил олгогчдын даатгалын систем юм. Уг нь бол голланд систем гэж байсан юм билээ, одоо герман систем гэдэг болсон аж.
Энэ нь яадаг гэхээр эмч, эмнэлгүүдэд даатгалын компаниуд мөнгө төлдөгт байдаг. Энэ нь улсын компани ч байна, гэхдээ голдуу хувийн компани байдаг, харин тэднийг төрөөс хянаж байдаг. Даатгалын энэ компаниуд салбарын зарчмаар байгуулагдана, өөрөөр хэлбэл тээвэрчдийн, хөдөө аж ахуйнхны, уурхайчдын гэх мэтчилэн.
Эдгээрийн зарим нь нэгдэж зарим салдаг ч энэ сангууд (даатгалын компаниуд) үйлдвэрчний эвлэлүүдэд хатуу хуваагддаг байна. Тодорхой иргэн энэ санд ямар нэг хэмжээний татвар төлнө. Энэ нь их зовлонтой гэнэ. Аль нь үйлдвэрчний эвлэлийн татвар, аль нь санд өгч буй мөнгө гэдгийг нь ялгаж болдоггүй юм байх. Ийм ч учраас үүнийг тэнд дам татвар гэж нэрлэдэг юм байна.
Харин үйлдвэрчний эвлэл, сан хоёр эмчид хэдий хэрийн мөнгө ямар журмаар өгөх асуудлыг хэлэлцээний журмаар шийддэг аж. Сангууд нь эмч нартай ямар гэрээ хийснээс шалтгаалаад уурхайчид эрүүл мэнддээ нэгийг төлж байхад тээвэрчид арай өөрийг төлдөг юм байна. Бодвол нэг их биш ч гэсэн ялгаа гардаг юм байна. Энд их хэрүүл маргаан их гардаг гэнэ ээ.
Ухаандаа Германд зардал маш хурдан, бараг хяналтгүй өсдөг. Саяхан гаргасан тооцоогоор 2050 он гэхэд германы ДНБ-ий 30 хувь нь эрүүлийг хамгаалах системдээ явна гэдгийг бодож гаргажээ. Их олон хүн тэтгэвэрт гарч, хүн ам нь хөгшрөөд тэгнэ гэнэ.
Сүүлийн үед германы эмч нар шинэ өвчтөн нэмж авахаас татгалзах болжээ. Учир нь тэд АНУ-ын эмч нарын цалингийн 20 хувьтай тэнцэх цалин авдаг аж.
Францууд
Германы энэ систем болохгүй байгаа нь ойлгомжтой байна. Эмнэлгийн үйлчилгээний үнийг төрөөс хянахгүй, шийдвэрийг хэрэглэгч өөрөө гаргадаг систем байж болох уу. Үүнийг францчууд бодож, хэрэв хэрэглэгч илүү ихийг төлбөл тэр шийдвэр гаргана гэсэн зарчим баримтална гээд үзжээ.
Энд татвар бүхий эрүүлийг хамгаалах систем байна. Дээрээс нь акциз байна, цалингийн сангийн татвар байна, хувь хүмүүсийн орлогын татвар байна. Эндээс бүгдийг нийлүүлж аваад “нийтийн тогоонд” хийдэг юм байна. Эмч энэ нийтийн тогооноос цалингаа авах бөгөөд гэхдээ шууд авдаггүй юм байна.
Францад эмчид өвчтөн болгон мөнгө төлөх ёстой. Эмч Танд данс өгөх бөгөөд Та тэр дансанд мөнгөө төлөх ёстой. Та энэ дансанд мөнгөө төлсний дараа нөхөн төлөх улсын системд хандаж эмчид төлсөн мөнгөө буцааж авдаг гэнэ.
Энэ системийн гол дутагдал нь Таны эмчид төлсөн мөнгийг бүрэн бүтэн хэзээ ч буцааж төлдөггүйд байдаг юм байна. Эмч нь голдуу “илүү мөнгө”-ий данс бичдэг гэнэ. Ухаандаа Та эмчээр 100 евро-гийн эмчилгээ хийлгэж, түүнээс “бичиг” авсан ч гэсэн төрийн сан ердөө л 80 евро өгдөг, 20 евро нь “алга болдог” гэнэ. Харин удаан хүлээх нь арай бага гэнэ.
Францад улсын эмнэлэг нь ядуу, хувийнх эмнэлэг нь баян гэнэ. Иймээс францчууд хувийн эмнэлгийг илүүд үздэг байна. Улсын эмнэлэг нь ядуучуудад зориулсан “эд” гэнэ.
Францчуудын 87 хувь нь улсын систем дээрээ нэмээд сайн дурын эрүүл мэндийн даатгал худалдан авдаг байна. Энэ нь нэг талаар, улсын нөхөн олговор хийгээд эмчид төлсөн мөнгө хоёрыг ялгааг гарган авахад тус болдог, нөгөө талаар хувийн эмнэлэгт хэвтэхэд хэрэг болдог байна. Францад эрүүл мэндийн даатгалын хувийн системийн зах зээл хамгийн сайн хөгжсөн гэж үздэг байна.
Америкууд
Хамгийн мундаг мөртлөө муу талдаа орох систем нь америк систем юм.
АНУ-д ядуу, эрүүл мэндийн даатгалгүй бол гудамжинд үхдэг гэдэг нь арай дэндүүлсэн яриа юм байна. АНУ-д ядуусын эмнэлгийн үйлчилгээг Засгийн Газраас хариуцдаг Medicaid хөтөлбөр байдаг. Ахмад хүмүүс тодорхой насанд хүрмэгц эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг Medicare гэдэг өөр нэг том хөтөлбөр байдаг.
АНУ-ын Засгийн Газар эмнэлгийн үйлчилгээний нийт зардлын 52 орчим хувийг төлдөг гэсэн тооцоо байдаг. АНУ-ын эрүүл мэндийн систем бүхэлдээ хувийн гэж үзэх үндэслэлгүй байна. Medicare хөтөлбөрт орох насанд хүрээгүй америкчуудын 85 орчим хувь нь эрүүл мэндийн хувийн даатгалтай байдаг. Америк системийн хамгийн гол асуудал нь нөгөөх л зардлын асуудал гэнэ.
Учир нь тэнд зардлыг маш муу хянадаг, яагаад гэвэл даатгалын төлбөр болон улсын буцаан олголт хоёрын муу зохицлоос болоод хяналтад муу ордог байна. Эмнэлэгт зарцуулсан нэг доллар тутмаас ердөө л 13 центийг өвчтөн төлдөг гэсэн тооцоо гарч байгаа нь америкчууд эмнэлгийн үйлчилгээндээ бараг юу ч төлдөггүйг харуулж байна. Гэхдээ энэ нь ихэнхи орнуудаас бага, Францаас бүр ч бага, Швейцараас бүр ч бага үзүүлэлт юм. Ингэхээр хүн төрөлхтөн эрүүл мэнддээ мөнгө төлдөггүй юм шиг байгаа юм.
Швейцарчууд
Одоохондоо хамгийн төгс биш ч нэлээд сайндаа орох нь швейцар загвар гэж европчууд ярьдаг юм байна. Одоо үүнийг заримдаа голланд систем ч гэж нэрлэдэг. Учир нь таван жилийн өмнө Голланд герман системээс швейцар системд шилжсэн байна.
Энд эрүүлийг хамгаалах бүхэлдээ хувийн, улсын гэсэн юм байдаггүй гэнэ. Төр ядуус хийгээд ахмад настнуудыг эмчилсэн гэж эмч нарт мөнгө төлдөггүй, төр эмнэлгийн үйлчилгээнд ерөөсөө оролцдоггүй.
Тэгээд яадаг гэхээр эрүүл мэндийн даатгалыг хувийн компаниуд зардаг байна. Хүн бүр эрүүл мэндийн даатгалаа өөрөө худалдаж авах ёстой гэнэ. Энд ажил олгогч нь даатгал авч өгдөг америк системээс хамаагүй ялгаатай байна. Энэ нь Та ажлаа сольж болно, хэрэв ажлаа алдлаа гэхэд даатгалаа алдахгүй гэсэн хэрэг юм.
Хэрэв залуу, эрүүл саруул хүн бол 30-50 жилийн хугацаатай даатгал худалдаж авна гэсэн хэрэг. Энэхүү Швейцар систем ёсоор Засгийн Газар ердөө хоёрхон үүрэгтэй аж. Нэгдүгээрт, ядуус эмнэлгийн үйлчилгээ авсныг нөхнө. Хэрэв хүн ядуу, өмчгүй гэж бүртгүүлсэн бол эмнэлгийн зарлын хэсгийг улсаас төлнө. Гэхдээ хэзээ ч бүх зардлыг даахгүй. Тухайн хүн заавал эхэлж төлнө, харин дараа нь төр ямар нэг хэсгийг нь нөхөн олгоно. Энэ нь бүх хүн зах зээлийн харилцаанд оролцож байна гэсэн хэрэг юм.
Швейцарын эрүүл мэндийн даатгалын хамгийн ухаалаг зүйл бол хүмүүс эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлдөг явдал юм. Үнийн агуулгаараа бол энэ бол жинхэнэ даатгал юм.
Даатгалын тухайд
Бидний даатгал гэж нэрлэж ирсэн тэр зүйл бол үнэн хэрэг дээрээ даатгал биш, энэ бол эрүүл мэндийн ирээдүйн үйлчилгээний урьдчилсан төлбөр юм.
Амь насны, эд хөрөнгийн зэрэг аль ч даатгал бол ямар нэг хүсээгүй зүйлийн эрсдэлээс хамгаалж буй хэлбэр юм. Үнэн хэрэг дээрээ даатгал бол энэ хүсмээргүй зүйлээс хамгаалж буй явдал, хэрэв энэ эрсдэл таалагдахгүй бол Та түүний худалдаж авч болно. Мөнгө хүрэхгүй бол, айхгүй бол үүнийг хийхгүй. Хэрэв эрсдлээс айж байгаа бол болно гэж бодож байгаа тэр зүйлдээ эхлээд мөнгө төлөх хэрэгтэй. Хэрэв эрсдэл байхгүй буюу түүнийг хүн өөртөө тоохгүй байгаа бол даатгах албагүй.
Хэрэв байнга эмчид үзүүлэх хэрэг гарч байгаа бол энэ бол эрсдэл биш. Харин энэ бол захиргааны зардлыг төлж байгаа хэлбэр юм. Эсвэл өөрөөр байж болно. Та Засгийн Газарт татвараа төлнө, тэр нь өөрийн захиргааны зардлаа суутгаж эмчид төлнө. Энэ нь Та даатгуулсан гэсэн хэрэг биш, харин урьдчилсан төлбөрийн хэлбэр болно. Яг гар утас шиг.
Аль ч улсын иргэн даатгалыг машинд дайруулна, хорт хавдар илрүүлнэ гэж төлдөггүй байна. Бас сард нэг удаа даралт хэмжээч гэж эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Тэгээд юунд төлөх гэж ?
Ямар нэг өвчин зовлон болоход санаа амар онош тогтоож, санаа амар эмчилгээ эхлүүлэх гэж төлдөг байна. Иймээс Швейцарт эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хамгийн их анхаардаг болсон байна. Учир нь тэндхийн эрүүл мэндийн даатгалын жилийн хэмжээ 2000 евро хүрдэг. Тэнд стандарт их өндөр, чанар сайн байдаг аж. Энэ бол харин ёстой жинхэнэ даатгал юм.
Хэдий ийм боловч төрийн тусламж оролцоо байдаг жамтай юм байна. Харьцуулалт хийвэл хэрэв швейцарчууд хүн амынхаа гуравны нэг орчимд төрийн тусламж үзүүлдэг бол голландчууд гуравны хоёрт үзүүлдэг байна.
Зарим дүгнэлт
Нэг, Эрүүлийг хамгаалах түгээмэл систем бол эрүүлийг хамгаалахад бүх нийтээрээ хүрнэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгал бол эмч дээр хүссэн үедээ очоод хүссэн эмчилгээгээгээ хийлгэдэг, Таны эрүүл мэндийг хангадаг шидэт цаас биш. Ийм систем дэлхийн аль оронд байхгүй.
Хоёр, Дэлхийн бүх орон эрүүл мэндийн байнга бөгөөд асар хурдан өсч буй зардлаа дийлэхгүй шахам байна. АНУ-д дэлхийн аль ч орноос дунджаар гуравны нэгээр илүү, хамгийн их зардал гаргадаг. Аль ч тохиолдолд төлсөн зүйлээ эргүүлж авахыг хүсдэг, тэр хэмжээгээрээ их төлдөг.
Дэлхийн ихэнхи орон эдийн засаг нь хурдан удаан өсөлтөөсөө үл хамааран эрүүл мэндийн зардлаа 4-8 хувь өсгөдөг. Энэ нь эмнэлгийн технологи, эмийн үнэтэй холбоотой байдаг.
Гурав, Энэ дэлхий дээр эрүүл мэндийн системдээ “хайртай” ямар ч ард түмэн байдаггүй. Сайн нь ч, муу нь ч бүгдээрээ эрүүл мэндийнхээ системээ харааж байдаг нь зүй тогтол, жам ёс аж. Харин яаж сайжруулахыг “мэддэг” хүн ганц ч байдаггүй гэнэ.
Дөрөв, Бүгдээрээ эрэл хайгуул хийж байна. Германд гэхэд л хамтын санхүүжилт нэвтрүүлж байна. Энэ нь эмчид очих болбол ямар даатгалтайгаасаа үл хамааран өвчтөн эхлээд мөнгөө төлөх ёстой. Сүүлийн хоёр жилд тэнд хоёр дахин ихийг төлөх болсон аж.
Францад ийм урьдчилсан төлбөр эмчилгээний 10-аас 40 хувь хүрдэг байна. Энэ бол хэн нэгэн нөхөн төлөөгүй тохиолдолд урьдчилан төлж байгаа хэмжээ юм. Бас Францад ингэж урьчилан төлөх ёстой үйлчилгээ болон хүмүүсийн хүрээг өргөтгөж өгчээ. Урьд нь жирэмсэн эмэгтэйчүүд, оюутнууд гэх мэт бүлгүүд урьдчилан төлдөггүй байсан бол одоо энэ хүрээг эрс багасгаж байна.
Голландчууд швейцар системд шилжиж байна, ингээд олон орон хамтын санхүүжилтийн системд орж байна. Олон орон хүн өөрөө хариуцлагатай шийдвэр гаргасан ч гэсэн эмчилгээнийхээ зардлыг ядахдаа хэсэгчлэн төлөхийг шаардах болсон байна.
Энд эрүүлийг хамгаалах гэж юу юм гэсэн бараг гүн ухааны асуудал үүсч байна. Эрх үү, давуу тал уу ? Аль нь ч биш, харин нийтийн таваар гэж шинэ зах зээлийн гүн ухаан үздэг байна. Энэ таваар нь дуусч болно гэнэ, тэхээр амжиж авах ёстой гэнэ. Ийм ч байж магадгүй.
Үндэслэл нь эмнэлгийн тоо хязгаартай, эмчийн тоо хязгаартай, мөнгөний тоо хязгаартай. Ингэхээр энэ бүхнийг мөнгөөр нь хязгаарлаж таарч байна.
Энэ гүн ухааныг эсэргүүцэх амархан. Тэгвэл хүн болгоны тархийг компюьтер томографаар харах ёстой. Энд компьютер томографаар жишээ авч байна. Гэхдээ өвчин туссан хүний тархийг бусад хүний мөнгөөр хараад байж бас болохгүй байгаад хамаг учир нь байгаа юм. Энэ бол мөнхийн зовлон юм.
Асуудлын өөр нэг ноцтой тал бий. Манай хэт либералууд хамаг юмыг хүн өөрөө мэднэ гэдэг юм. Тэд чинь үхснээ мэддэг юм. Бид малчин удмын хүмүүс. Нэг удаа ч болов өөрийгөө “улс ба эмч”, бусад “ард түмнээ” өвчтэй адуу, үхэр, нохой гээд төсөөлөөд үз. Тэр “ард түмэн” чинь өөрийгөө яаж эмчлүүлэхийг мэдэх юм уу. “Улс эмч” мэднэ гэхээр тэд чинь ямар ч “тоо”, “систем” бодож чадахгүй ш дээ…
Яагаад гэвэл Монголын төр оюун сэтгэлгээний дутмагшил өвчтэйгөөс гадна “тэнэгээрээ гайхуулдаг” эдгэшгүй хам өвчтэй бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 28.
Манайд бол ойлголт их амархан. Эмч нар нь эцэж үхэхээ мэдэхгүй өвчтэй хүмүүсээ эмчилнэ. Үнэгүй бол бүр сайн яагаад гэвэл тангараг өргөсөн гэнэ. Ард түмэн нь ийм юм улсаас нэхнэ. Одоо энэ эрүүл мэндийн систем гэж нэрлээд байгаа бантан чинь соц үеээс үлдэж хоцорсон зүйл шүү дээ. Шинэчлэнэ л гээд байгаа. Яаж шинэчлэхээ ойлгож байгаа амьтан нэг ч алга. Гадны орнуудын ийм хувилбарууд байна гэхээр тоож харахчгүй нь сайхан. Хараал ерөөл урсгаад өөрснөө л болгоно гээд чирээд явах малчин сэтгэхүйг яалтай.
Та өөрөө бие бодож өвдөж ядрахгүй байгаарай.Урт насалж удаан хугацаанд бидэндээ сургаалиа хайрлаарай.
“…Яагаад гэвэл Монголын төр оюун сэтгэлгээний дутмагшил өвчтэйгөөс гадна “тэнэгээрээ гайхуулдаг” эдгэшгүй хам өвчтэй бөлгөө…” uunees iluu unen ugiig lav l oiriin 10 jild sonsoogui yum baina.
ganaa ahiin blog umnuh zagvar unshihad amar baisan
Ганаа ах та урт насалж удаан жаргаж яваарай. Эрүүл мэндээ бодож байгаарай. Тэнэгүүдийг бүү бодож шаналаарай.
Germand buh nasand hureegui huuhed, niigmin halamj awch bui irged une tolborgui eruul mendiin daatgald hamragdaj , buh ajil olgogch nar ajilchiddaa eruul mendiin daatgalt hamruulah uuregtei, end huwiaraa hodolmor erhelj bui humuus hamaarahgui, ted sain duraar daatguulj bolno. Daatgalin huraamj sardaa calingiin 15,5-17Huwitai tencuu mongo gardag, uunees ajil orlogch 50huwiig ni tolno, uldsen 50%-g ajilchin ooroo, mon iluu yamar ch tolbor hiihguigeer ger buliin gishuudee, huuhduudee hamt daatguulj bolno. Sardaa 4200 ewrogoos DEESH orlogtoi ajilchin, alban haagch harin sain duraaraa huwiin daatgald hamragdaj bolno(ulsin daatgalin huraamjaas aria baga tolbor gardag, jiliin ecest owdoogui, emchid uzuuleegui bol jildee tolson huraamjiin mongonoos chini zarim hesgiig daatgalin baiguullaga BUCAAN olgodog ni sain taltai, haramsaltai ni arhag huuch owchtoi, iluudel jintei, tamhi tatdag g.m. humuusiig ter bolgon hurdan huwiin daatgald hamruuldaggui, hehe, mon ondor unetei emchilgee, hagalgaand oroh tohioldold ehleed daatgalin kompanynaas zowshoorol awah g.m hundrel uchirna, shudnii huwid -100 huwi tolbor daahgui, huwi hun zaawal tolboriin 10-12huwiig ooroo gargah boldog, mon ger buliin gishuun, huuhedee tus burd ni daatguulah hereg garna). Emch bolon emneleg huwiin daatgaltai humuusiig ocher dugaargui uzeh, iluu anhaarah SONIRHOLTOI, yagaad gewel hyanaltgui ZARDALAA ONDOR bichih bolomjtoi…
Ta ene sedveehree dahiad jaahan youm hiij ogooch. Onoodor delhiin ihenh oron baruunii ch bish zuunii ch bish uzeld suurilsan eruul mendiin togtoltsoog hiih gej yadaj baina. Tovruugee gesen utgatai yuomuudaa, hunii erh, tegsh hurteemjtei tuslamj uzuuleh geed l yariad baina. EruUl mended nolooloh niigmiin huchin zuil geed l tom sedvuud baihiin, tanii uzel bodliig sonsmoor baina, please