МОНГОЛД НИЙГЭМ БАЙДАГ УУ

Энэ нь хөгийн асуулт шиг санагдаж магадгүй л дээ. Үнэхээр монгол хэлэнд “нийгэм” гэсэн үг огт байгаагүй юм. Хачин байна уу ? Тэгээд Монгол нийгэмгүй байсан хэрэг үү ? Энэ талаар л санаагаа хэлэх гэсэн юм.
Нийгэм гэдэг бол шинэ үг
Одоо бол нийгэм гэсэн үг ороогүй юм ховор. Гэхдээ л энэ бол үлэмж будлиантайгаас гадна зохиомол үг. Нэгэнт зохиомол юм бол утга агуулга нь гадаад үгстэй үл тохирно гэсэн хэрэг. Ямар ч гэсэн 1920-иод он нэлээд гартал нийгэм гэсэн үг монголд хэлэнд байгаагүй. “Нийгэмгүй” яагаад болж байсан хэрэг болж байна гэж гайхах хэрэггүй л дээ.
Тэр үед төр, улс, язгуур үндэс, үндэс язгуур, ард гэсэн үгсийг түгээмэл хэрэглэдэг байсан. Логикоор бол энэ хэдийн аль нэг нь нийгмийг орлож байх ёстой.
Нийгэм гэдэг үг миний олж мэдсэнээр “нийгэм журам”, “эв хамт” гэхчлэн социалист утга зохиол орчуулах үед орж ирсэн. Энэ нь 1920-иод оны эхэн үед хамаарна. Энд ганц л таамаг байгаа. 1920-иод оны (1925 ?) үед “МАХН-ын Цэнгэлдэх хүрээлэн” гэгч ажиллаж байсан ба тэнд манай нэрт соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн эрхлэн “Ерөнхий боловсролын дэвтрүүд” гэсэн цуврал гаргаж марксист олон зохиол орчуулж байсан. Энэ цуврал 1930-аад оны дунд хүртэл гарч байсан. Энэ ажилд тухайн үедээ өндөр боловсролтой Ц. Дамбадорж хамгийн идэвхитэй оролцдог байсан. Ингээд тэр үеэс “нийгэм журам” гэсэн үг анх удаа хэрэглэсэн гэж санана. Гэхдээ тэд тухайн үеийн хятад орчуулгаас авсан байх өндөр магадлалтай. Энд нийгэм гэсэн нь нийтээрээ гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж санаж байна.
Алин байлаа ч гэсэн шинэ үг, шинэ нэр томъёо манайд социализмтай хамт орж ирсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Ямар ч гэсэн Д.Нацагдоржийн 1931 онд бичсэн “Од” шүлэгт “Урьдаар нийгэм журам байгуулж..” гэсэн мөрөөс үзэхэд тэр үед нэлээд дэлгэрсэн нэр томъёо болсон нь илт байна.
Гэхдээ “нийгэм журам” буюу социализм гэсэн үг орж ирсэн нь “нийгэм” гэсэн үг хэвшсэн гэсэн хэрэг хараахан биш юм. Миний олж мэдсэнээр нийгэм гэсэн үг 1940 оны Үндсэн Хуулинд “МАХН бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй” гэж анх удаа оржээ. Магадгүй үүнээс бага зэрэг өөр байж болох ч өргөн хэрэглэж байгаагүй нь тодорхой байна. Харин 1950-иад оны сүүл болтол сурах бичиг, шинжлэх ухааны болон орчуулгын бүтээлд “нийгэмлэг” гэдэг үгийг хэрэглэж байжээ. Тэгэхлээр “нийгэм” гэдэг үг 1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үед хэвшиж тогтжээ.
Орчуулгын тухай
Харин би огт өөр зүйл ярих гэсэн юм. Манайд нийгэм-улс төрийн нэр томъёог оросоос, оросын нэр томъёог баруунаас, чингэхдээ германаас голдуу авсан байдаг.
Манайд нийгэм гэдгийг 1950-иад оны сүүл болтол нэг хэсэг “нийгэмлэг” гэж орчуулж байсан нь улс төр, эдийн засгийн албан баримт, сурах бичгүүдэд байдаг. Энд оросын нөлөө их. Оросууд ч “цаанаас” авахдаа нэлээд бантан хутгаж.
Ухаандаа барууны “public” гэсэн үгийг оросууд “публик” гэж авахдаа ихээхэн муу утгаар хэрэглээд сурчихаж. Уг нь ямар ч муу утга байхгүй “нийтийн” гэсэн агуулгатай, одоо ч нийгмийн ухаанд идэвхитэй хэрэглэдэг үг юм. Гэтэл оросоор “публичный дом” (нийтийн байшин) гэвэл шууд л “янхны газар” гэж бууна, “публичная девка” гэвэл эмэгтэй хүнийг ёстой доромжилсон хэрэг болно.
Энэ мэтээр сайхан үг муухай болж, бараг хэрэглэхээ больж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн их бага хэрэглэдэг. Сэтгэл зүйн ямар нэг нөлөөлөл байдаг л байх. Баруундаа бол “паблик улс төрч” гэвэл олон нийттэй сайн харьцдаг хүнийг ойлгоно, орост “публик улс төрч” гэвэл их л хэцүү юм болно. Энэ публик гэдэг нь нийгмийн том төлөв байдлыг илэрхийлдэг болохоор нь би яриад байна.
Нийгэм гэдгийг оросын “общество”, “общественный” гэдгээс орчуулсан нь эргэлзээгүй. Тэгвэл “общественный транспорт” гэдгийг “нийгмийн тээвэр” гэж орчуулах ёстой. Гэтэл манайд “нийтийн тээвэр” гэдэг. Бүр ч илүү марзан орчуулга бий. “Общественная работа” гэдгийг дээрх жишгээр “нийгмийн ажил” гэж орчуулах ёстой, гэтэл манай практикт “олон нийтийн ажил” гэж орчуулж заншжээ.
Хэрэв манайд “нийгэм” гэсэн үг анхнаасаа байсан бол ингэж олон салаа утгаар оноохгүй байх ёстой. Монголд хэлэнд “нийтийн”, “олон нийтийн”, “нийгмийн” гэсэн үгүүд нэг агуулга, язгууртай буюу эсвэл тэгж хэрэглэх сэтгэл зүйн бодит шалтгаантай байгаа нь илэрхий байна. Энэ бүхэн ердөө л “хэлний” асуудал биш байна.
Манайд улс гэж бий, төр гэж бий.
Эндээс би маш ноцтой дүгнэлт хийх гэж байна. Магадгүй зарим хүний ухаан санаанд багтахгүй байж ч магадгүй. Үүнийг өмнө нь хийж байсан гадаад дотоодын эрдэмтдийн тайлбарлалуудаас тэс өөр ч гэсэн хамгийн бодитой гэж үзэж болно. Учир тэд монголд нийгэм гэсэн ойлголт байсан байгаагүйд анхаарлаа хэзээ ч хандуулж байгаагүй юм.
Хэрэв ийм ойлголт байгаагүй бол түүнийг нэрлэх нэршил байсан нь гарцаагүй хэрэг болно. Монгол иргэншил бол барууны нийгмийн байгууллаас тэс өөр зарчим ойлголт дээр бүрэлдэн тогтож ирсэн. Иймээс баруунд тогтсон шинжлэх ухааны нэр томъёо, ойлголтууд монгол соёл, иргэншил, монгол хэл, түүхийг тайлбарлаж чадахгүй, тайлбарлах боломжгүй.
Монгол хэлэнд “нийгэм” гэсэн үг байхгүйгээс шалтгаалж монгол нийгэмгүй байсан гэж үзвэл тэнэглэлийн дээд болох нь гарцаагүй. Хэрэв хүний хамтын амьдралын ямар нэг хэлбэрийг “нийгэм” гэсэн ухагдахуун гэж үзвэл тэр нь монголд байсан л байж таараа. Тэгэхдээ ямар ч гэсэн Европ, Хятадаас дор байна гэж л лав байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна.
Одоо дэлхий нийтэд түгсэн онолоор бол “төр” нь газар нутагтай, хүн амтай, тэгээд хамгийн гол нь цагдаа, шүүх, прокурор, шорон гэх мэтийн албадлагын аппараттай байвал сая “төр” болж байгаа юм.
Гэтэл манай Монголын бараг аль ч төрд тэр нь аппарат гэсэн “хүнд суртал” бараг байдаггүй. Ингээд тэд одоо болтол манайхыг төргүй байсан гэж дүгнэдэг юм. Одоо бол “нийгэм” байхгүй, “төр” байхгүй болж таарч байна. Ийм утгагүй юм байхгүй. Энэ бол “баруун төвт” шинжлэх ухааны мухардлын тод илэрхийлэл мөн.
Миний гүн итгэлтэй үзэж байгаагаар монгол хэлний улс гэсэн утга нь нь нийгэм гэсэн утгатай бараг дүйж, төр бол түүний дээр нь байж, чингэхдээ цаг ямагт хамтдаа байж ирсэн. Төр улс, улс төр (өнөөгийн бидний хэрэглэдэг утга биш) гэх мэт хэллэг нь цаг ямагт үндэс язгуур, язгуур үндэс гэсэн суурь үгстэй хамт байсан. Энэ нь монголын төр, улс (нийгэм) хоёр үндэс язгуураа (үндэстнээ) баримжаалсан цогц систем байсан гэж дүгнэх бололцоо олгож байна.
Шууд утгаар нь монгол хэлний улс гэснийг нь нийгэм, төр гэснийг нь монгол төр гэж ойлгож болно. Улсаа буюу нийгмээ гэртэйгээ зүйрлээд байдаг нь санамсаргүй явдал биш л дээ. Гэхдээ монголын улс, одоогийн нийгэм гэсэн ойлголтууд яг таг дүйхгүй нь ойлгомжтой юм. Чухам энд л дорно дахины, түүний дотор нүүдлийн иргэншлийн онцлог илт харагдана буй за.
Мөн энэ төр хийгээд улс хоёр ямагт салшгүй яваад байдаг, манай монголчууд төр, улс хоёроо ялгахгүй байна гэж байхгүй л дээ. Энэ бол одоогийн бидний ойлголтоос тэс өөр зарчим, үзэл санаа юм. Харин төр улсын (төр болон нийгмийн) мөн чанарын асуудал бол жичдээ ярих асуудал мөн. Энэ талаар ярих юм их байгаа.
Тэгвэл Монголд нийгэм байгаагүй гэж үү ? Монголчууд болон тэдний хамтын амьдралын хэлбэр л байхгүй юу, өөр юу байх ёстой гэж ?! Тэд өөрсдийн улс төр, эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын хэлбэрээ л “нийгэм” гэж нэрлэхгүй л байхгүй юу. Улс гэдэг байж. Би хялбаршуулсан өгүүлэл бичиж байгаа учраас нотолгоогоо дэлгэрэнгүй ярихгүй. Ухаандаа “Монголын Нууц Товчоо”, “Алтан Товч”-оос эхлээд монголын түүхийн тулгуур ямар ч баримт бичигт “нийгэм” гэсэн үг байхгүй. Түүнчлэн 1920-иод оны дунд үе хүртэлх албан ёсны баримт бичгүүдэд бас л байхгүй. 1950-иад оны сүүл 1960-аад он хүртэл өргөн хэрэглэж байгаагүй нь үүний нотолгоо болно.
Байгаа юмыг хүртэл хайдаг явдал олон байдаг. Жишээлбэл, монголд “коммунити” алга гээд давхиад явдаг нэг нөхрийг санаж байна. Хүмүүсийн бусдын албадлагагүйгээр сайн дураараа түүхэн ёсоор хар аяндаа бий болсон хамтын амьдралын хэлбэрийг барууны шинжлэх ухаанд community гэж нэрлэдэг. Тэр нь монголд байхгүй байна гэнэ. Уг нь хойт айл, саахалт айл, нэг гол ус, нэг овооныхон гээд байж л байгаа ш дээ. Засаг захиргааны анхан шатны нэгжтэй холилдсон нь ч их бий.
Энэ мэтчилэн ганц нэг гадаад онол, нэр томъёо үзчихээд тэрнийгээ монголоос хайгаад байхгүй буюу барууны ойлголтоос зөрөхөөр нь монголын бүдүүлгийг гайхаад байдаг занг би их гайхдаг юм.
Монгол бол гадаадын онолоор тайлбарлахад зориулж бүтээсэн нийгэм биш ш дээ, хар аяндаа л ийм нийгэм бий болсон юм. Монголын уламжлалт нүүдлийн сонгодог нийгэм ихээхэн онцлогтой, түүхэнд түүний адилтгал байхгүй.
Эрт цагаас малыг гаршуулж, мал аж ахуй, газар тариалан хоёр салахад олонхи ард түмэн газар тариаланд шилжсэн гэж үздэг. Тэгвэл Монгол нутагт байсан төр улсууд яагаад газар тариалан эрхлээгүй, яагаад суурин амьдарч болоогүй юм. Зарим нь тэнэг байсан гэж үзлээ ч энэ олон мянган жил бүгдээрээ тэнэг байх ёсгүй нь мэдээж хэрэг. Аж үйлдвэр хөгжөөгүй байхад мал аж ахуй газар тариалангаас хүний бүх талын хэрэгцээг хангах талаараа үлэмж давуу байсныг олон эрдэмтэн нотолдог.
Хүний анхдагч хэрэгцээ бол хоол хүнс, хувцас хунар, орон байр юм. Монгол мал аж ахуй бол энэ гурван хэрэгцээг үндсэнд зэрэг хангаж чаддаг. Ийм учраас түүнд тулгуурласан иргэншил удаан орших чадвартай байх нь мэдээж хэрэг.
Энэ талаар дэлгэрүүлж ярих цаг удахгүй ирнэ. Бид яаж ч хөгжлөө гэсэн энэ нүүдлийн иргэншлийн гол үнэт зүйлс, өвийг хадгалан үлдээх үүрэгтэй, бас эрхтэй. Биднээс өөр хэн өвлөх гэж ?! Хот хөгжүүлнэ гэдэг бол хөдөөг заавал устгана гэсэн үг биш шүү дээ. Энд онол, үзэл санааны хайгуулын хамгийн сонирхолтой, хариуцлагатай хэсэг байгаа.
Би судлаач хүний хувьд өөрөө олон удаа алдаж онож байсан болохоос зовлонг нь сайн мэднэ л дээ. Социологийн ямар ч ойлголт категори, түүний үйлчлэлийн механизм манайд их өөр байдаг юм.
Ойлголтын системийг өөрөө тохируулахын учир
Манай сэтгэлгээ болон үйлдэлд гардаг түгээмэл алдаа бол аль нэг онол-арга зүйн ойлголт, категорийн системд монголын нийгмийг хүчээр тааруулах гэж оролдох явдал мөн. Хэрэв анхааралтай ажиглах аваас тэр нь голдуу таарахгүйг бид сайн мэднэ.
Энгийн жишээ авахад л феодализм, социализм, капитализм байна. Тиймээс би өмнөх өгүүллүүдэд голдуу хашилт хэрэглээд байгааг Та бүхэн анзаарсан байх. Манайх ямар нийгэм юм гэвэл энэ гурван категорийн түвшинд л лав тайлбарлах боломжгүй. Ийм атал хүмүүсийн тархи толгойд бараг хадаастай байдаг учраас ухамсартай, ухамсаргүй байдлаар одоо болтол хэрэглэдэг. Энгийн ухамсрын түвшинд бол хамаа алга. Харин төрийн бодлогын түвшинд бол ихээхэн хамаатай болоод явчихна.
Үүнийг дүгнэсэн буюу дүгнэхийг оролдсон төр, нам, төрийн зүтгэлтэн байхгүй. Нэг л их сүрхий улсууд үүх түүх, ардчилал, хүний эрх ярина. Өөр ярих юм байдаггүй ээ. Одоо хорь гаруй жил яриад хүн уйдах нь байтугай үг нь элэгдэж байна ш дээ.
Миний ойлгож байгаагаар манай эрх баригчдад монголыг хөгжүүлэх тухай ямар нэг үзэл бодол байхгүй, тэд байгалийн баялгийг хурдан идэж аваад гадаадад оргон зайлах ганц хүсэлтэй байгаад би огт эргэлзэхгүй байна. Үүний нотолгоо нь тэд шинжлэх ухаанд морь бөх, дуучин тамирчнаас бага мөнгө зарцуулж, монголын эрдэм шинжилгээний ихэнхи хүрээлэнгүүдийн амийг тасалсан явдал мөн.
Шинжлэх ухааны орыг лам, бөө, үзмэрч хийгээд изотерик, оккультизм, психотроник зэрэг хуурамч шинжлэх ухааны төлөөлөгчид эзлэж монголын оюун санааг хорлож, хордуулж байна. Мөн шинжлэх ухааныг байр суурийг бараг эзлээд байгаа сэтгүүлчид, нийтлэлчид ч шинжлэх ухааныг орлож яагаад ч чаддаггүйг онцлон дурдаж байна. Үүнийг санаатай хорлон сүйтгэлт гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Иймээс би оюун санааны амьдралыг хорт үзэл, үйлээс ангижруулахаас монголын бүх сайн үйл эхлэх ёстой гэдгийг онцлон дурдаж байна.
Аль ч нийгэмд, түүний дотор Монгол УЛСАД цорын ганц аюул бий. Энэ нь УЛС бүхэлдээ бэртэгчин хүмүүсээс тогтох болж, УЛС атомжих явдал мөн. Эрт үед ч тийм байсан, одоо ч тийм.
Түүнийг үзэл суртлын хувьд хөхиүлэн дэмжих нь хамгийн хортой үйл мөн. Жишээ нь зарим хүн эхлээд хувь хүний эрх ашиг гэж бий, дараа нь гэр бүлийн эрх ашиг гэж бий, харин Эх Орон гэж байдаггүй, Хамт Олон бол тодорхойгүй ойлголт, шударга хүнээр манаач хийлгэдэг гэх мэт суртал нэвтрүүлгээр монголчуудын тархийг угаасаар байна.
Би Монголд нийгэм гэдгийг УЛС гэдэг байсан гэж дүгнэснээрээ нэгэнт хэвшин тогтсон ойлголтыг дахин өөрчилж бужигнуулах гээгүй юм, харин агуулга ийм байгаа учраас Монголын түүх болон бусад зүйлийг судлахдаа үүнийг заавал харгалзах ёстойг л сануулж байна.
Монгол юмыг монголоор нь судлах ёстой. Монголд УЛС (нийгэм) гэж байдаг, тэр нь барууны болон бусад аль ч нийгмээс ялгаатай, монголд ТӨР гэж байдаг тэр нь аль ч төрөөс ялгаатай байх ёстой, Монголд ЭХ ОРОН гэж байдаг энэ Эх Оронд түүний дайснуудаас бусад нь амьдрах эрхтэй байх ёстой…
Бид хүн төрөлхтний хуримтлуулсан эрдэм мэдлэгийг үр шимийг хуулж, дуурайж, дагаж биш, зөвхөн өөрийн гэсэн үндэсний шүүлтүүрээр авах ёстой, ингэх үүрэгтэй.
Энэ нь хувь хүний үүрэг, улсын (нийгмийн) үүрэг хоёр давхцаж байна гэсэн хэрэг юм. Үүний тулд бид сүүлийн олон жилд хордсон тархиа хордлогоос гаргах ёстой.
Ингээд монгол онол-арга зүй үзэх хэрэг гарч байна. Уг нь их амархан юм. Ердөө л ЭХ ОРОН гэж байдаг гэдгийг нотлох ёстой. УЛСАА хөгжүүлж, ТӨРӨӨ төвхнүүлэх МОНГОЛ УХААН гэж байдаг юм. Гэхдээ их хэцүү юм. Яагаад гэвэл дайснууд гадна биш, дотор байгаа учраас…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to МОНГОЛД НИЙГЭМ БАЙДАГ УУ

  1. Бат says:

    одоол ойлголоо…………..

  2. Soyomboo says:

    Мянгантай үхэж байхдаа таарсан БААБАР Монголын олон үеийн оюун санааг алж байна.

    Та Монголын үндэсний үзэл, Монголын үндэсний үзэл суртал бат нот байр суурь дээрээ гарч ирэх үрийг Монгол хөрсөнд төөрөлдсөн бидний энэхүү цөвүүн цаг үед анхлан суулгаж арчлан тордож чадлаа. Мөд удахгүй хүчирхэг мод болон ургана. Бидний үрс сүүдэрт нь сууж салхины аясаар сэрчигнэх навчисын чимээг чагнана. Чандын анир бидний сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Чанх дээр хүчит шонхор саран наранг атгана.

  3. Сайхан бичжээ. Мундаг сайхан гаргалгаа байна. Нээрээ “төр улс” гэхээр сайхан ч сонсогдож байна.

  4. Болд says:

    Гайхалтай, Ганхуяг ахдаа баярлалаа, та сайхан наадав уу? Эртнээс бодож хэлэх гэсэн санаатай минь их нийцсэн аргагүй монгол ухаан монгол судлаачийн ончтой нийтлэл болжээ дахин талархая. Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ таньвал мал гэгчлэн үндэс язгуурыг зэрэгцүүлэн учир зүйг нь хавсаргасан МОНГОЛ ухаан монгол ахуй соёлд УЛС ТӨР нь байхаар барахгүй нийгэм \нийхэм\ зэргээс нэлээд өндөр өөр ойлголт байсан нь тодорхой. Таны “оюун санааны амьдралыг хорт үзэл, үйлээс ангижруулахаас монголын бүх сайн үйл эхлэх ёстой” гэдэгтэй бүрэн санал нэгтэй байна. Түүнчлэн “аль нэг онол-арга зүйн ойлголт, категорийн системд монголын нийгмийг хүчээр тааруулах гэж оролдох явдал” бгааг ч үүнийг бүр хүчээр санаатай хийж зарим бурангуй мунхаг монголоо алдагсад, аяга хоолны шавхруунаас худалдагсад ч идэвхтэй хөхүүлэн буйг мэдэх билээ. Тэд л гадна дотногүй дайсагнавч бидэнд ЮМ… ЮМ.. бий гэдэгт эргэлздэггүй ээ. Бүгдэд нь АМЖИЛТ.

  5. bi says:

    jinhene mongoloo meddeg mongol sudlaach ganaa ahdaa amjilt husye

  6. grandeura says:

    Нээрээ л ЭХ ОРОН гэж байдаг гэдгийг нотолж чадах юм бол бид Монгол Ухаанаараа төрсөн нутагтаа тайван амьдраад сууж болохнээ… ЭХ ОРОН гэж байдгийг нотлох гэдэг нь гоё логик байна.

  7. narukhito says:

    Ухаарал төрүүлсэн, гэгээ татуулсан.. сайхан юм..

  8. gankhuyag says:

    Монгол суу ухааны манукол академийн ерөнхийлөгч физикч, философич, монгол судлаач, доктор Зулаагийн Бат-Отгон авгайн “нийгэм” бол “нийхэм” гэсэн гаргалгаа бол шинжлэх ухаан, түүхийн болон логикийн ямарваа үндэслэл байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл түүний нотлоод байгаа “нийхэм” гэдэг үг нь “ний (т)” гэсэн язгуураас дөнгөж саяхан 1920-иод онд үүссэн учраас л тэр. Синернетик нэрийн дор шинжлэх ухаанд тогтсон ёс жаяг, дэг журмыг зөрчих эрх хэнд ч байхгүй ба түүнийг зөрчвөл хариу шийтгэл ирдэг гэдгийг түүнд онцлон сануулах нь миний ёс зүйн эрх, үүрэг бөлгөө…

  9. бааска says:

    Батотгоно, манукол академи бидэнд одоо усанд үйж явахад таарч байгаа бургасны хариугүй мөчир зулгаагаад торох нь чухал

  10. gankhuyag says:

    Жишээлбэл: Зулаагийн Бат-Отгон авгайн “хатан ухаан” ойлголт бол яагаад ч шинжлэх ухааны категори болж чадахгүй. Манай түүхэнд тэнэг хатан ухаантайгаасаа хэтэрхий олон байсан нь үүний нотолгоо. Үгүй ядаж “цэцэн тэнэгийн” харьцаа нь 50:50 хувь байсан байх. Иймэрхүү “хачин хачин” ойлголтууд дээр удаан торох, торгоох боломж байхгүй. Энэ мэт олон жишээ бий л дээ…

  11. delgermaa says:

    MONGOL UHAAN, Mongold Tor towhonson gej uzeh, Mongol ULSin(Niigmiin) HOGJILiig yugaar hemjihew?

  12. delgermaa says:

    ur*d ni bi oorinhoo eh oronoo Bugd Nairamdah Mongol Ard Uls gej oilgoj , itgej irsen, harin odoo yag uneniig helehed medehgui…Mongol Uls= BNMAUls gedeg n* Ardin Nam MAHNamin urgejilel gedegtei tostoi um uu…neg eosondoo minii tolgoi bantan boljee

  13. gankhuyag says:

    Чи ганцаараа биш ээ. Сүүлийн хэдэн жил бүх монголчуудын толгойд бантан хутгасан. Эхлээд 70 жил интернационал гэсэн, одоо 20 жил даяарчлал гэж ярьж байна. Монголын үндэсний үзэл санаа одоо бүрдэнэ, бүрдүүлнэ. Энэ нь даяарчлалын эсрэг гэсэн үг биш. Өөрийн гэсэн монгол ухаантай орно гэсэн үг. Дэмжлэг байвал үүнээс арай хурдан хийж болмоор л байна. Даанч ч ганцаараа хэцүү байна ш дээ. Би ямар цалин авч байгаа биш, хүн ажиллуулж байгаа биш, төсөл, төсвөөс ганц төгрөг авах биш. Мэргэжилдээ хайртай, дуртай тулдаа л болгож байна. Манайхан надаас бараг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн юм нэхээд байдаг юм. Гэхдээ ах нь хийнэ ээ. Шууд хэлэхэд үүнийг хийж чадах хүн цөөхөн. Ийм учраас би заавал чадах ёстой. Энэ бол миний үүрэг…

  14. Ganaa says:

    танд амжилт хүсхийн хамт эрүүл энхийг хүсэе

  15. Anonymous says:

    Shinjlex uxaanguigeer bid myangan nuurs, zes, alttai baigaad xen ch bish l dee. Shinjlex uxaanchaar gej sayxan yaridag baisan. Bid ANU, Orosuudiig guitsex xurtel manai shinjlex uxaan xugjixgui l dee. Tiim bolomj ch baixgui. Ugui yadaj namiin xutulburuu shinjlex uxaanchaar xiideg bolox umsan. Uzel surtal, shinjlex uxaan…

  16. Naran says:

    Нэидэм гэж буулгаж болохуйц монгол үсгээр тэмдэглэсэн үг байдаг гэж урьд цагт манж бичиг судлаач Го.Мижиддорж гуайн амнаас сонсож байсан. Энэ нь нийт гэсэн утгаас гадна “Дэм” буюу дэм, тус гэсэн утгыг давхар агуулсан болов уу гэж боддог. Харин яг нийгэм гэсэн нэршил Ганаа судлаачийн бичсэн ёсоор буй болсон нь тодорхой. Энд буй ГЭМ, ДЭМ гэсэн хэсгийн өнөө цагт сонсогдож буй утган дээр л Батотгон мэтийн улс тоглоод байх шиг. Гэхдээ бас Жамсрангийн Цэвээн гэх мэт улс нь их боловсролтой, алсын хараатай бодлоготнууд байсан гэж үзвэл тэр үеийн цөвүүн цагийн эхлэлийг гярхай ажиглан, Нэидэм гэсний ДЭМ гэх санааг зориуд харлуулж ГЭМ болгон хийсэн байж ч болох. Хожмын мэргэд залруулж ойлгох учгийн үзүүрийг нь нууцалж үлдээсэн гэсэн хэрэг л дээ. Ер нь тэр үеийн монголын төрийн болон соёлын цөөнх болсон бодлоготнуудын санаанд энэ мэт ов заль өлхөн байсан гэж боддог. Үгүй ч байж болох юм. Гэхдээ ингээд тогтчихвол судалгаа шинжилгээний талаасаа буруу боловч өнөөгийн Нийгэмд илүү тустай байх болов уу. Ганаа судлаачид амжилт хүсье.

  17. Болд says:

    Ганхуяг ахаа та ганцаараа бишээ, удахгүй олны дэмжлэг ч ирж танд ажиллаж таны үг ажлыг дэлгэрүүлэх шинэ залуус, зөв монголчууд нэгдэх цаг ирнээ, таныг хийж чадна гэдэгт эргэлздэггүй ба өөртөө ийм үүрэг авсан танд баярлалаа чадлаараа энэ үүргээс тань хуваалцах болноо.

  18. delgermaa says:

    tand yaj tuslaj boloh uu??? ztuslahad belen

  19. Ganzorig says:

    Syyliin yed uchirgyu yum uhaarsan, urialsan, ulamjlal yarisan hymyys STAR bolood baih shig baina. Orchin tsagiin Mongol helnii ygiin yazguur deer sonin sonin gargalgaa hiij ulamjlalt arga baril uhaan muhain geed baigaa nuhdyydiin hooson chanariig shinjleh uhaanaar but nirgesen baina. Iim niitlel unshsan hyniig tarhiig hyalbarhan ugaaj amjihgyu bolov uu? Bayarlalaa sudlaach ahaa zagtansan gazar maajlaa.

  20. Ганбаа says:

    community гэдгийг тухайн сэдэвт нь тааруулаад Ганхуяг судлаачийн хэлснээр хот айл, саахалт айл, нэг гол ус, нэг овооныхон гэхэд сайхан сонсогдох юм байна, ерөнхий тохиолдолд харин юу гэмээр юм бэ дээ хамтлаг ч гэдэг юмуу?

  21. gankhuyag says:

    Нийтлэг нэршил байж л таараа. Өвгөд хөгшчүүлээс сайн асуувал мэднэ дээ. Гол нь бидний европжсон сэтгэл зүй болохгүй юм шиг ээ. Яахав олдохгүй бол нэг сайхан язгуур олж байгаад үг зохионо ш дээ.

  22. мөнхөө says:

    Ёстой жинхэнэ судлаач хүн, монголоо мэддэг хүний нийтлэл байна. Баярлалаа.

  23. Ганбаа says:

    Хамтрал коммун хэрэгтэй л гэнэ гэж нэг зохиолд гардаг шиг санана. Коммьюнити, коммун гэдэг үгэнд хамтрал, хамтрах, хамтлаг гээд ер нь хамтрах гэсэн нэг язгуур санаа яваад байх шиг. Би мэдээлийн технологийн салбарын хүн л дээ. Манай салбарт жишээ нь Community IT service гэсэн ойлголт гарч ирсэн. Тухайлбал нисэх буудлын орчинд ажилладаг чиглэл бүрийн багуудын хамтралд зориулсан мэдээллийн систем гэсэн үг. Түүнийг агаарын тээвэрлэгчид, нисэх буудал, хилийн алба, гааль, хорио цээрийн алба, аюулгүйн хамгаалалтынхан, татваргүй дэлгүүрийнхэн гэх мэт өөр өөрсдийн хэрэгцээнд хамтран ашиглах боломжтой байх юм.

  24. Ганбаа says:

    Жишээлбэл гэсэн нь зөв байж, тухайн тохиолдол нэг л жишээ гэсэн утгаар тухайлбал гэсэн болно

  25. gankhuyag says:

    Наадах чинь санаа байна. Хамтрах, хамжилцах, нэгдэх, нийлэх, цуглах, туслалцах, дэмжилцэх, эсвэл: бүл, бүлэг, анги, нутаг, нийт, баг, багц, нөхөр гэх мэтийн язгуураас л гарах болов уу. Би хэлний хүн биш учраас сайн мэдэхгүй байна аа. Бидний мэдэхгүй ямар нэг монгол үг байж л таармаар санагдаад байгаа юм даа. Сайн хайвал…Гэхдээ радиатор гэхийг монголоор аржаатар (арзгар), стартер гэхийг астаачэр (асах) гэсээр байгаад монголжуулсан тал бий ш дээ. Бас “ещё” гэдэг бол өшөө (дахиад, өөр) гэсэн өргөн хэрэглээний үг болсон г.м. жишээ олон бий л дээ. Гэхдээ монгол язгуураас үг зохиосон нь дээр байх…

  26. Snow says:

    saihan niitlel bna, community-g Chimid guain bag sumiin sudalgaa gd nomond deer hamtlag gedgeer hereglesen baina lee. Yaag zuv, Delhiin barimjaatai, mongol uhaanaar denseldeg boloh ni bidnii hamgiin ehnii zorilt bh yostoi

  27. gankhuyag says:

    16-ын Наранд. Чамд их баярлалаа. Наадах чинь их сонин юм байна. Чи үүнийгээ тодруулах боломж байгаа юу. Тэгвэл ч их сайхан зүйл гарах байх даа. Одоо шинжлэх ухааны нэр зүүсэн хуурамч хүмүүстэй тэмцэхгүй бол удахгүй тэд “эзлэх” юм шиг санагдаад байна даа…

  28. Монгол хүн says:

    Англи хэл болон бусад хэлэнд өөр бусад хэлнээс орж ирсэн үг олон байдаг. Түүнээс нь орос хэлэнд өөрчлөгдөн орж ирээд, дараа нь монгол хэлэнд гэх мэт. Ер нь дэлхийн аль ч хэл дангаараа бий болоогүй нь тодорхой л доо. Гэтэл одоо бид чинь орос, англи холиод л яриад байдаг. Миний бодлоор, хэрэв гадаад нэр томъёог хэрэглэх шаардлагатай бол (ийм шаардлага байнга гардаг) яг англи эквивалентыг, эсвэл орос эквивалентыг хэрэглэнэ гэсэн нэг нийтлэг хандлагаа тохирмоор байгаа юм. Тэгж байж дараагийнхаа юмыг ярья л даа.

  29. Монгол хүн says:

    Миний бодлоор, нийгэм гэдэг үгийг одоо хэрэглэгдэж буй аль нэг монгол үгээр орлуулах, эсвэл аль нэг үгйиг өөрчлөөд орлуулах гэх мэт оролдлого нь нэг л болхи санагдаж байна. Энэ оролдлого нь тийм зөв биш эхлэл байжээ гэдэг дүгнэлтэд бид хожим нь хүрэх магадлал маш их байна. Түүний оронд аливаа үгний гадаад эквивалентыг шууд аваад хэрэглэж байвал яасан юм бэ? Тэгэхгүй бол аливаа үгийн анхны утга санаа их амархан баларна шүү. Тэгээд ч хэн дуртай өөрийн дураар трактовка хийх муу хандлага бий болно.

  30. Наран says:

    Шинэ үг оноож зохиох нь сайхан санаа боловч их хүнд ажил байхоо. Хуучин цагт үгийг хэрхэн зохиож байсныг ганцхан үгэн дээр жишээлж үзье. Манайхны ярьдаг САВ гэдэг үгийг сонгох уу. Хуучны элдэв зүйл хийдэг савнуудыг Цөгц, домбо, ховоо, хувин, араг, хөхүүр гэх мэтээр бүгэд тус тусдаа нэршилтэй байсан. Үг бүрийг сайтар ажиглавал эв донж, материаллаг чанарыг нь гайхалтай оноож өгсөн. Бид л эх хэлнээсээ тасдуулчихсан болохоос утга агуулга нь ч гайхалтай нарийн гаргалгаанаас бүтсэн байх. Гэтэл ШУА-д Хэл шинжлэлийн хүрээлэн гээчийг ажиллуулж, үй түмэн мануухайг цалинжуулж байх үед гарсан Савнуудыг харвал элэг хөшөөд унамаар. Хоолны сав, халуун сав, гутлын сав гэх мэт үй олон савнууд. Бүр байгаад Хоолны халуун сав гэж сунжруулах жишээтэй. Гэтэл монголчуудын үг бүтээх ёс нь ихээхэн нарийн учир шалтгаантай зүйл байсан бололтой. “Ц” үсэг л гэхэд цагаан зүйлийг нэрлэхэд ордог байсан тул Цас, цаас, цаа буга, цагаан, цагаа, цалин мөнгөн, цавцайх, цайрах гэх мэтээр хөвөрнө. Гэтэл “Х” үсэг хар зүйлийг сануулах тул Хар, хөө, хилэнц, хэрээ, хэрүүл, хар гээл хөвөрдөг. Зөвхөн үсэгний дуудлагыг нь үзвэл эх хэл маань ийнхүү нарийн чанд бүтцээр дархлаажин хэлхэгдсэн байна. Цааш судалбал ихээхэн нөр агуу зүйл гарах бололтой. Дээр дурьдсан Го.Мижиддоржын “Монгол хэлний товч тайлбар бичиг” гэх номонд “Бэлхүүс” гэдэг үгийг хэрхэн тайлбарласныг бүдэгхэн санаж байна. – Хүйс гэдэг бол хүний амин эрхтэн. Хас тэмдэгээр авч үзвэл хүний эхлэл цэг буюу хасын төв. Ертөнц хүртэл нэгэн цэгээс хасын хуйлраагаар бүрэлдэж буй болсон. Тэгэхээр хүйс гэдэгийн олон тооны “С” үсгийг хасвал хүй буюу үнэн зөв нэршлээрээ Хуй болно. Хүн энэ Хуйгаараа эхийн хэвлээс тасарч, галактикаас галактик буй болдог шиг өөрийн “Хас” буюу хуйлрааг бүтээнэ. Тиймээс Хүй бол хүний амин эрхтэн. Энэ эрхтэн нь хүний төв буюу, хасаар бодвол төв цэгт байрлана. Энэ төвийг Бэл гэдэг. Өнөөгийн монголчууд уулын хормойг Бэл гэж буруу ярьдаг болсон. Уг нь энэ нь уулын гол хэсэг. Тэгэхээр хүний биеийн төв голд байрших амин эрхтэн гэсэн утгыг Бэлхүүс гэж томъёолсон байна. Цааш дэлгэрүүлж үзэхийг хүсвэл Хүй, Бэл гэдэг үгнүүдийг үзнэ үү… Иймэрхүү маягаар тайлбарласан байсан. Гэтэл алдарт Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д өнөөх савнууд шиг хөгийн тайлбар байгааг та нар өөрсдөө үзээрэй. За баахан хадуураад нуршиж орхив уу. Миний мэдэхээр сүүлийн үеийн нөхдүүдээс үгийг хамгийн оночтой гоё зохиож чаддаг нь Догсүрэн байх. Пирамидыг Цац суварга гээд нэрлэчихсэн л байгаа юм даа. Чоно нохойн эрлийзийг Чонохой гэсэн байна. Чоно, нохой гэсэн хоёр үг бүтнээрээ орсон хэрнээ нэг үг шиг сонсогдож байгаа биз.

    • Ariunbold says:

      Bi lav uuliin hormoig eruusuu bel gej oilgoj yvdaggui bsan. Bur bagaasaa ch. Teheer uuriin chn yriad bga neg l hudlaa yumaa

  31. gankhuyag says:

    Хүн амьтны гуяны дотор талыг бас л “хас” гэдэг. Та “с”-ийг олон тоо гэжээ. Тэгвэл “бөөс” гэснээс олон тоо “с”-ийг хасвал “бөө” болно. Хас гэдгээс олон тоог нь хасвал ХА болно. Та Х үсэг хар зүйл гэсэн. “Хайр”, “хадаг” үгс хар зүйлээр барахгүй “хас төр” гэвэл “хар төр” гэсэн хэрэг болно. Монголчууд ийм тэнэг байгаагүй л дээ. Ингээд Таны “онол” сөнөлөө…
    Сүүлийн үед бөө, изотерикууд хэл шинжээчид болж хүний толгой эргүүлдэг ажилтай болж байна. Та ч гэсэн ийм тэнэг юм хийхээ больж үз. Манай хэлнийхэн “муу” байж болно, гэхдээ “бөөснөөс” (бөөгийн “олон тоо” юм гэнэлээ) дор байна гэж яав ч байхгүй…

  32. Наран says:

    “С” бүхэн олон тоо гэж өчүүхэн “сэтгэгдэл” муушаах гэж юунд туйлшираа вэ. Би ч тэр эзотерик, бөө мөөг сонирхдоггүй. Тэгээд ч “Онол” дэвшүүлсэнгүй. Го.Мижиддорж гэдэг хүний номноос л жишээ дурьдаж сэтгэгдлээ үлдээв. Үг гэхийн олон тоо үгс, цэрэг эр гэдгийн олон тоо цэрэг эрс, нохойн олон тоо нохос болдог хэл бичгийн захын номон дээр байдаг ёсыг л дурьдлаа. Түүнээс энийг би зохиочихсон юм биш л дээ. Нэг тоон дээр байх үгэнд “С” дагавар залгаж олон тоо үүсгэдэг утгыг хэлсэнээс биш “С” орсон бүхэн олон тоо гэсэнгүй. Хар гэхээр л муу муухай бүхнээр булсан утга гэж хаа байна. Харин ч үүнийг өнгөний хаан гэж үзээд хар сүлд, хар тэнгэр гэдэг байсан бололтой. Хар ус гэхээр өнгөрсөн зуунд л коммунистууд архи сархадыг хэлдэг болсоноос бус монголчууд усыг “дээдэлж” хар ус гэдэг байсан шүү. Тиймээс усандаа сүү дусаахыг ч цээрлэж ирсэн байхаа. Хэрээг бол эртний монголчууд “Онгодын уналга” гэж бас л дээдэлдэг байсан бололтой. Гэхдээ эртний монголчуудын бөө мөргөлийн ёсонд л ийм байсан гэж байгаагаас биш би өөрөө ингэж үзээгүй юм шүү. Тэгээд ч би хэл шинжлэлч ч биш, угсаатан зүйч ч биш. Жирийн л уншигч. Тэр хадаг яндар ч яах вэ, манжийн үед л орж ирсэн үг. гэх мэтээр сэтгэгдлээ л үлдээж байгаа юм шүү.

  33. mand says:

    Танд баярлалаа. Та төр гэж юуг хэлээд байгааг тодорхой тайлбарлаж өгнө үү.

    • Ganaa says:

      Одоогын Монголчуудаа амьдарлаар нь тоглож байгаа хэсэг хулгайч улсын бөөгнөрлийг хэлдэг юм.

  34. Anonymous says:

    Монголчуудаа доороо сууртай, дотроо бодолтой байхгүй бол зөвүүн цаг одоо л эхлэж байна. Магадгүй 20 жилийн дараа гэхэд монгол газрын хөрсөн дээр оршин тогтнох болов уу? Эсвэл хэд хэдэн том гүрний хараат болох болов уу? тусгаар тогтонсон нэрийн доор одоогийн улс төрчид юу бодож, юу хийгээд байгаа юм бэ? эргэж нэг хараач, бодож нэг тунгаагаач.

Leave a reply to delgermaa Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.