XXI ЗУУНЫ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН 7 ЭЛЕМЕНТ

Энэ удаад Санкт Петербургийн хэл зүйн факультетыг төгсөгч, программист, дизайнер, бизнес Павел Дуровын нэгэн сонирхолтой лекцийг эх үрсийн баярт зориулан орчуулан хүргэж байна. Энэ хүн Оросын хамгийн том “ВКонтакте” сүлжээг бүтээгч, түүний ерөнхий захирал юм. “ВКонтакте”-ын ажил бол олон хүнтэй, түүний дотор залуустай шууд ба шууд бусаар харилцдаг учраас П.Дуров сурагчид, оюутнуудыг хамгийн сайн ойлгодог. Тэрээр орчин үеийн дунд боловсрол бол асуудал, дутагдал, үлдэгдэл элементүүдээс бүрдсэнээс “илүү” гараад байгаа гэнэ. Надад л лав энэ товч лекц маш их таалагдав. Ер нь ингэхэд шинэ юм заавал гадаадаас эхлэх албатай биш гэж санана. Манайд ч гэсэн үүнийг оролдоод үзвэл болохгүй гэж зүйл байхгүй л санагдсан даа. Та ч гэсэн тэгж болвол би ихэд баярлах байна…
Орчин үеийн дунд сургуулиуд өнгөрч буй аж үйлдвэрийн зуунд зориулагдсан зүйл юм. Тэдгээрийг фабрикийн журмаар зохион байгуулж, ээлж, цехийн хатуу удирдлага гэх мэтээр холбосон байдаг. Хүүхдүүдийн хувьд бол энэ систем ирээдүйн ажилчид, оюун санааны ажилтнуудыг бэлтгэдэг. Хүүхдүүдийг насаар нь анги болгон хуваадаг нь системийн хувьд хүмүүсийг тодорхойлохдоо бүтээгдэхүүний “үйлдвэрлэсэн он, сар”-г харгалзахтай адил юм.
Олон жилийн туршид ийм фабрикууд хөгжингүй орнуудад асар их хэрэгтэй ажилчид, тэдний дарга нарын армийг бэлтгэхэд тус болж байжээ. Өнөөдөр Барууныхан үйлдвэрлэлийн хавтгайд Дорнотой нэгэнт өрсөлдөж чадахааргүй болж, тэдний стандартжсан дунд сургуулиуд ердөө л ажилгүйчүүдийн армийг бэлтгэж байна.
Барууны нийгэм сургуулийн боловсролын системийн хямралыг олж харах чадваргүйгээс сургуулиудыг биш, голдуу хүүхдүүдийг “гологдол” болгон зарлаж, чингэхдээ тэдэнд ADHD (анхаарал болон хэт идэвхийн хомсдлын синдром) гэсэн хаяг зүүж, риталин мэтийн мансууруулагч сэтгэл зүйн идэвхижүүлэгч өгч байна. Эдгээр идэвхижүүлэгч нь хүүхдийн мэдрэхүйн хүлээн авах чадварыг дарангуйлж, түүнийг сурах бичиг, ангийн самбар, багш руугаа л анхаарлаа төвлөрүүлэхийг албаддаг.
Албан ёсны эм зүйд өвчтэй гэж зарласан боловч идэвхижүүлэгч хэрэглээгүй олон хүүхэд интернет сервисээс кино, клип, тоглоом хэлбэрээр хүрээлэн буй мэдээллийн элбэг дэлбэг байдалд татагдаж байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдийг оноштой оношгүй тайлбарлаж болно.
Өнөөдөр голливудын нэг блокбастер хийхийн тулд сургуулийн аль нэгэн хичээлийн бүх программаас илүү нөөц хөрөнгө, авъяас, бүтээлч чадварыг оруулж байна. Медиа зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн нь нийтийн урлагийн бүтээгдэхүүн бүтээхэд шилдэг зураачид, шилдэг хөгжмийн зохиолчид, шилдэг зохиолчдыг хүртэл татан оролцуулж байна.
Эдгээр бүхий л бүтээлч ресурсын эсрэг боловсролын төвлөрсөн систем стандарт сурах бичиг, хар цагаан самбар, ядуу зүдүү багш нарыг сөргүүлэн тавьж байна. Удахгүй дунд боловсролын систем бүрэн өөрчлөгдөнө, эсвэл хэрэг болохгүй учраас устан алга болно.
Тэгвэл ирээдүйн боловсролын систем ямар байх вэ ?
Шилдэг багш нарын интерактив (шууд тулсан) лекцээр дамжуулан сургана
Та нар төсөөлөөд үз дээ, голливудын киног хөдөө тосгоныхонд цифрэн хэлбэрээр биш, харин орон нутгийн театрт хөдөөгийн тавилга хэрэгсэлтэй, орон нутгийн жүжигчид тавих жүжиг хэлбэрээр хүргэлээ гэж. Тосгоныхон “Титаника”-ыг үзэх гэж ирэхдээ номхон далайн том усан онгоц дээр байгаа Леонардо ди Каприо-г биш, харин картонон чиргүүл онгоц дээр байгаа өөрийн хөрш Иван Петровичыгаа олж харах нь байна.
Шог байгаа биз дээ ? Гэхдээ мэдээлэл дамжуулах цифрийн өмнөх ийм л аргыг өнөөдөр дунд боловсролд ашиглаж байна.
Тэгвэл Та ахиад нэг төсөөлөөд үз, одоо нийт үндэсний уралдаант шалгаруулалтаар Та бид сургууль бүрд заах хичээлээр хамгийн авъяастай, хамгийн урам зоригтой багшийг оллоо гэж. Ийм багш хамгийн хүнд концепцийг энгийн үгээр ойлгуулж чадна, тэдний хичээл сонсогчдын урам зоригийг өдөөж, эрдэмтэн болох хүслийг төрүүлж чадна. Тэгээд эдүгээ агуу сурган хүмүүжүүлэгчдийн лекцийг цифрлэж, өнгө будагтай гоё үзүүлэн материалаар хангалаа гэж төсөөлөөд үз. Лекц бүрийн дараа багш бие даан ажиллах даалгавар өгч, түүнчлэн сурагчдын оруулсан зөв хийгээд боломжит буруу хариултыг ялган салгана.
Суралцагсад хайлт хийх юм уу, жагсаалтаас сонгон дурын асуулт асууж болно. Хэрэв энэ асуултад хариулт байхгүй бол багш тэр дороо мэдэх бөгөөд хэсэг хугацааны дараа видео хариулт бичиж мэдлэгийн байнга өсөн нэмэгдэж буй баазыг нэмнэ.
Ийм программаар хэдэн жил явахад хариултгүй асуулт үлдэхгүй.
Цифрийн шинэ зуунд ийм сод-багш сая сая хүнийг сургаж чадах бөгөөд хамгийн бөглүү тосгоны суралцагсад ч улс орныхоо авъяас чадвартай сурган хүмүүжүүлэгч нартай виртуал байдлаар харилцаж болно. Шинэ одод- багш нар бүхэл бүтэн үеийн баатрууд болж, нэр хүнд, олонд танигдах байдлаараа жүжигчдээс ч даван гарна. Олон нийтийн дунд боловсрол оршин байсан бүхий л үеийн туршид анх удаагаа мэдлэгийн эх булаг болж, хүндэтгэл хийгээд хүсэл эрмэлзэл төрүүлэх бөгөөд энэ нь сэтгэл зүйн хувьд дурын сургалтад зайлшгүй суурь үндэс болж чадна.
Саяхны жишээ.
Стэнфордын багш Себастиан Трун зохиомол оюун санааны багавтар дамжаа хөтөлж байв, түүнийгээ цифрлэж, интерактив бодлогоор хангаж, интернетэд оруулахыг хожим санажээ. Хагас жилийн дараа түүнийг 200 биш, харин бүх дэлхийн 160.000 оюутан сонсжээ. Ингээд Стэнфордын танхим хоосорч: бараг бүх оюутнууд цифрийн хувилбарыг илүүд үзсэн байна.
Ингээд Себастиан улам ахиж, шинэ шинэ курс бичих болжээ. Тэднийхээ аль нэгэнд тэрээр өөрийн “Гуглийг” бүтээх гэсэн дурын хүссэн хүнийг 7 долоо хоногт сургахад бэлэн болжээ.
Тоглоомон идэвхижүүлэгч ашиглан сургана
Зах зээлийн эдийн засгийн дамжаа төгсөхийн тулд Та бүрэн хэмжээний гоёмсог тоглоомын хэд хэдэн курс дамжиж, Та өөрөө виртуал үйлдвэр удирдаж, практик дээр эрэлт хэрэгцээний парадоксуудад хүрнэ гэж төсөөлөөд үз дээ. Та таваарынхаа нийлүүлэлт, үйлдвэрлэл, маркетингийг өөрөө хийж, Таны нэг ангийнхан (дашрамд дурдахад нэг ангийнхан чинь өөр тивд ч байж магадгүй) яг ийм зүйл хийж, Танд өрсөлдөөний жинхэнэ нөхцөл тавих болно.
Хүсвэл Танд зах зээл дээр эдийн засгийн хувьд тэсэн амьдрах ашигтай зөвлөгөө санал болгож болно. Энэ тоглолт Адам Смитийн эрин үе дэх худалдааны жирийн ажил эхлэхийн зайлшгүйгээс эхэлнэ, яван явсаар орчин үе рүү дөхөөд ирэхийн хэрээр аажмаар фьючерс, деривативын утга учирт нэвтрэх зайлшгүй хэрэгцээ үүснэ.
Энэхүү эдийн засгийн стратегийн хамгийн сүүлчийн түвшин нь орчин үеийн олон улсын эдийн засгийн бодит байдалтай дээд зэргээр нийцэж, чөлөөт өрсөлдөөний зарчим дээр тогтож бүх дэлхийн суралцагсад бүх хүнтэй харьцаж болно. Сар бүрийн эцэст рейтинг гаргах бөгөөд энд бүс нутаг тус бүрийн шилдэг тоглогчийг алдаршуулах болно.
Одоо өсвөрийн химичдийг идэвхижүүлэгчийг төсөөлье, энд Та өмнө нь үзсэн үр дүн бүхий роликоос сургамж авч, дурын химийн бодисыг дурын хэмжээгээр хольж хутгаж болно. Энэ хувибарууд маш олон байх бөгөөд идэвхижүүлэгчийг бүтээгчдэд бүхнийг урьдчилан бичих хэрэг байхгүй юм, хэрэв хэрэгцээт ролик байхгүй тохиолдолд систем жинхэнэ бодистой төв лабораторитой холбогдож, сурагчдын асуусан хэмжээгээр хольж хутган үүнийгээ туршилт хийгчид болон ирээдүй үеийнхэнд зориулан видеогоор бичиж авна.
Стандарт лабораторийн нөхцлөөс ялгаатай нь Та багаж хэрэгслийн зовлон үзэхгүй, алдаа гаргасан үед тэсрэлт болохгүй, харин ч алдаа нь зугаатай байх болно. Систем туршилтад ашигласан бодисын ойролцоо өртгийг шууд тооцон гаргах бөгөөд хэрэв тоглолтын явцад бизнес санаа буюу хувьсгалт төлөвлөгөө гарсан тохиолдолд бас л өртгийг нь тооцож чадна.
Саяхны жишээ.
Америкийн нисгэгчид 70-аад оноос эхлэн авиа идэвхижүүлэгч дээр дасгалаа хийх болжээ, энэ нь хамаагүй хямд, зарим тохиолдолд дасгалын нислэгээс ч илүү үр ашигтай байсан байна. Өнөөдөр хүссэн дурын хүн SimuRide мэтийн авто идэвхижүүлэгчийн тусламжтайгаар машин жолоодох гайхамшигт хүрч болно, мөн Virtonomics гэсэн олон хэрэглэгчтэй тоглоомоор бизнес хийж сурч болно. Мөн илүү нэрд гарах гэсэн суралцагсад Democracy гэх улс төрийн идэвхижүүлэгчтэй зөвлөлдөн ардчилсан улс орныг удирдах дадлага туршлага олж авч болно.
Интерактив аудиовизуал тестээр дамжуулан сургана.
Одоо Та замын хөдөлгөөний дүрмээр стандарт тестэд буруу хариулж гэж бодоод үз. Гэтэл өмнөх дэлгэц дээр чинь уламжлалт кинонд гардаг шиг онхолдсон машин шатаж буй осол үзүүлсэн аймаар зураг гарна. Харгис байдлыг ер бусын аргаар ингэж үзүүлсэн орчин үеийн боловсрол ирээдүйн жолооч нарт хянуур болгоомжтой зөв жолоодлогын чухлыг ойлгуулна.
Түүхийн хичээл дээр дэлхийн хоёрдугаар дайнд аль тал ялсныг сонгох тест байлаа гэж бодъё. Дүрсжүүлсэн дэлгэц дээр Танд ялсан аль ч талын төрийн дууллыг эгшиглүүлж, далбааг мандуулах хувилбарууд харагдана:
а/ Их Британи, ЗХУ, АНУ
б/ Герман, Итали, Япон гэх мэт.
Хэрэв Та буруу хувилбар сонговол орчин үеийн Лондонгийн гудамжинд хөл хорио тогтоож, Тауэрийн байшинд Гитлерийн хөрөг өлгөж, хоёр давхар автобусыг хас тэмдэгтэй цагаан хүрээгээр будсан гоёмсог видео ролик үзэх болно.
Одоо альтернатив түүхийн эдгээр видео роликийг бүтээх конкурсэд голливудын шилдэг студи оролцсон гэж бодоод үзье, ингэвэл янз бүрийн асуултад хариулсан хариулт бүхий ийм ролик хэдэн мянга байх болно. Эд бүхэн нийлээд Элсэлтийн Ерөнхий шалгалтын (SAT, GCE) стандарт тестийн халааг авч, оронд нь бий болох юм.
Зөвхөн хүүхдүүд ч биш, томчууд ч хэрэв америкийн блогбастерийн түвшинд хүрч чадсан бол ийм тестэд оролцохоос татгалзахгүй. Ийм төрлийн сургалтын материал бүтээхэд хамгийн түрүүнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадсан тэр улс гүрэн боловсролыг даяар зах зээлд эхлэн тоглогчийн давуу тал, олон улсад соёлын хувьд түрэмгийлэх боломж олж авч чадна.
Дашрамд дурдахад энэнтэй төстэй цифрийн төслийг хөгцөрч буй төрийн бүтцийн хүрээнд байгуулж болно. Интерактив боловсролын үйлчилгээний шинээр төрж буй зах зээл дээр хувийн туршигчдын бүрэлдэхүүнд эдгээр тест орох бүрэн магадтай.
Саяхны жишээ.
Жирийн интерактив тестийг гадаад хэл сурах болон зарим шинжлэх ухаанд томчууд хүүхэдгүй нэлээд эртнээс ашиглаж ирсэн. iPad бий болсноор сургуулийн өмнөх насны хүүхдийг ч сургаж болох тоглоомын сургалтын тестүүд бүтээх болов. Хэд хэдэн ийм хавсралтын ачаар миний үеэлийн хоёр настай ач охин англи, орос цагаан толгой сурчихаж байна. Хажуугаар нь тэр охин АНУ, Германы засаг захиргаа- газар нутгийн хуваарийн учрыг олж сурсан, энийг нь энэ бүс нутгийн орнуудад iPad-ын хавсарга болгож эвлүүлдэг тоглоом байдлаар хийсэн байдаг.
Даяар болон салбар сүлжээгээр дамжуулан сургана.
Аль нэг уралдаан тэмцээнд шилдгээ нотлох хүсэл бол залуу хүмүүсийг өдөөгч хүч чадлын хамгийн хүчтэй нь болно. Одоогийн боловсролын системд үүнийг хангалттай сайн ашиглаж чаддаггүй. Элбэлтийн ерөнхий шалгалттай төстэй тестийг сургалтын хамгийн эцэст хэрэглэдэг, гэтэл үүнийг нь буруугаар хэрэглэх, стресст хүргэх эсэхийг урьдчилан хэлэх аргагүй.
Одоо даяар тест өнөөгийн хяналтын ажлыг орхиж, сургалтын бүхий л үеийн туршид долоо хоног бүр явагдах болно гэж төсөөлөөд үз. Хичээл бүр дээр сурагч болгоны амжилт автоматаар бүртгэгдэж, сургуулийн цифрийн самбарт тамирчдын рейтингийн адил гарах болно. Илүү амжилттай суралцагсад бусад улс орон, бүс нутгийн түвшний өрсөлдөгч сургуулийн суралцагсадтай ерөнхий нийтлэг рейтингэд орно.
Сар болгон хичээл тус бүрээр улс орон, хотын ялагчдыг тодруулж, өнөөдрийн олимпиад шиг шигшигдэн гарч ирэх болно. Тогтмол тест явуулахыг буруугаар ашиглахаас сэргийлж веб камераар бичиж авах бөгөөд энэхүү видео бичлэгийг ирээдүйн боловсролын даяар архивт хадгална. Энэ системийн ачаар сургалтын төгсгөлд Элсэлтийн Ерөнхий Шалгалт өгөх хэрэггүй болж, харин их дээд сургууль, ажил олгогч компанийн мэдэлд сургууль төгсөгчдийн талаарх хамгийн бүрэн тодорхой, үнэн зөв мэдээлэл очих болно. Сурагчид уралдаан тэмцээний шинэ төрлүүдэд хүчээ үзэх боломжтой болж, ирээдүйн тоо томшгүй хичээлийн аль нэгэнд манлайлагч болж чадах болж байгаа нь багагүй чухал ач холбогдолтой юм.
Саяхны жишээ.
Эдүгээ уралдаант хандлагыг програмчлалын онлайн уралдааны салбарт америкийн TopCoder, оросын CodeForces төслүүд ашиглаж байна. Долоо хоног бүр бүх дэлхийн оролцогсдод нэлээд олон бодлого бодохыг санал болгодог. Тэдний бичсэн алгоритмыг бодит цаг хугацаанд нь автоматжуулсан тестийн систем шалгаж байдаг, шилдэг программчид оноо авч, рейтингийн дээд мөрийг эзлэхийн төлөө тэмцэлддэг. Энэ рейтинг бол техникийн дээд сургуулийн дипломын дундаж онооноос хавьгүй илүү программчийн чадварыг бие даан үнэлж чадна.
Нийтийн кино үзэх явцад сургана.
Та жүжигчид нь гайхамшигтай сайхан тоглосон, тааж болшгүй үйл явдалтай, аймаар гоё тусгай эффекттэй кино үзлээ гэж саная. Дэлгэц дээр чанартай кино үзсэн мэт бүх зүйл болно, харин киноны нарийн ширийн зүйлсийг шинжлэх ухааны нарийн аргаар боловсруулсан байна. Хятад дүрийн дуу хоолой гэхэд жинхэнэ хятад хэл дээр, ямар ч буруу дуудлага байхгүй, гаднын ямар нэг саадгүй хийгдэнэ. Байшин барилга болон байгалийн үзэмж гэхэд л тухайн эрин үе, соёл ямар байсан, яг тэр байдлаар гарна. Квантын физик буюу хэт утасны онолын үндэс гэхэд л зөгнөлд биш, харин баримтад тулгуурлах болно.
Нэрд гарсан кинонуудад арилжааны бүтээгдэхүүний (продакт-плейсмент) зэрэгцээгээр боловсролын бүтээгдэхүүн бий болж, Та ээлжит блокбастерийн киног үзэх явцдаа хүрээлэн буй ертөнцийн талаарх бодит мэдээллийг шавхан олж чаддаг болно.
Үзэгчдийн насны доод хэмжээг хязгаарласан ESRB-ийн оронд кинонд үзүүлсэн баримтуудын үнэн магад чанарыг тодорхойлох боловсролын шинэ рейтинг бий болно.
Энэ рейтингийг аль нэг улсын яамны хүрээнд баригддаггүй, бие даасан UNESCO буюу Wikimedia маягийн олон улсын байгууллагууд олгох болно. Дэлхийд шинжлэх ухаан-үнэн магадтай мэдээлэл үзэгчдэд хүргэж байгаа чухам тийм кинонуудыг тодорхой улсын нутаг дэвсгэр дээр бүтээх буюу дэлгэрүүлэхийг татварын бодлогын тусламжтайгаар урамшуулж болно.
Ийм хандлага үр ашигтай байх нөхцөл нь түүнд боловсролын функци байгаа эсэхээс үл хамааран уг кино үзэгч олон нийтийн сонирхлыг татах явдал болно. Хэрэв киноны шинжлэх ухааны мэдээлэл ихдэж худалдааны хувьд тааруу байх шалтаг болж болох аваас энэ зугаа уналтад орох юм. Бодит үнэн мэдээлэлд тулгуурласан учраас л уг кино үзэгч олонд сонирхолгүй байж болохгүй. Яг энэ шиг кока-коло-гийн лого түүнийг сонирхолтой болгодоггүй.
Саяхны жишээ.
Голливудын кинонууд одоохондоо шинжлэх ухааны өгөгдлүүдийг яг нарийн тусгахгүй байгаа, гэхдээ хөндөн буй асуудлыг судлах сэдэл нэгэнт болсон. Жишээлбэл, 1995 онд хийсэн XIII зууны Шотландын эрх чөлөөний төлөө тэмцлийн тухай “Зоригт зүрх” кино жирийн шотландчуудыг ард түмнийхээ түүхийг судлахад ихээхэн түлхэц болсон. Үр дүн нь гэвэл “Зоригт зүрх” бүх Шотланд даяар британийн далбааг нийтээрээ шатаах явдлыг өдөөсөн, зарим тоймчдын үзэж байгаагаар энэ кино дөл бадраасан оч болж өгсөн бөгөөд одоо Шотландчууд тусгаар тогтнолын талаар бүх ард түмний санал асуулга явуулахаар нэгэнт эргэлтгүй шийдсэн байна.
Тоглоомын ертөнцөд оруулах замаар сургана.
Компьютерийн тоглоом тоглох үедээ Та Сэргэн Мандалтын эрин үеийн Флоренцэд очлоо гэж төлөөлье. Флоренцчуудын хувцас, хотын барилгууд зэрэг нь XY-XYI зууны түүхэн үеийн байдлыг яг давтан загварчилсан байна. Тоглоомын даалгаврыг гүйцэтгэхийн хэрээр Та Медичийн дэг журмыг нь мэдэж, ухаалалаг зальт Макиавелли, бүтээх сод ухаант Леонардо мэтийн түүхэн бодит хүмүүстэй танилцаж болно. Та нутгийн хүмүүстэй уулзаж, төрөлх хэл дээрээ бичгийг нь уншихын хамт цэвэр итали дуудлагатай яриа сонсож, Флоренцийн цэцэглэлтийн эрин үед бүрэн орно. Энэ тоглоомыг зохиох гэж түүхч, археологич, соёл судлаач, хэл шинжлэгчдийг татан оролцуулж, түүнийг боловсруулахад сая сая доллар зарцуулсан байгаа.
Хэрэв энэ бүхэн Танд утопи мэт санагдаж байвал ийм тоглоом аль хэдийн бий болж, дэлхийд хамгийн их эрэлттэй, арилжааны хувьд хамгийн ашигтай зүйл болсон бөгөөд нэрийг нь Assassin’s Creed II гэдэг юм. Гвельф, гибеллин нарын тухай мэдээллийг өсвөр үеийнхэнд дамжуулах гэсэн энэ тоглоомыг бүтээгч Монреалын студийн санаачлагчдын бүлэг дэлхийн түүхийн ухааны бүх докторуудыг нийлүүлснээс ч илүү зүйл бүтээснийг ярих хэрэгтэй болов уу.
Өнөөдөр компьютерийн тоглоом бүтээхэд түүхэн үнэн магад чанар нийтээр зөвшөөрсөн практик гэхээсээ илүүтэй түүнийг бүтээгчдийн сайн санааны илрэл болж байгаа нь мэдээж хэрэг. Харин Assassin’s Creed II бол энэ хүрээнээс гарсан бөгөөд энэхүү төсөл нь түүхийн цагаан толбоор ухаалаг тоглолт хийж, тамплиер хийгээд ассасинуудын Одонгийн тэмцлийн тухай нууц далдын дүр зургийн үнэн магад ертөнцөд оруулж чадсан юм. Энэ тоглоомыг бүтээгчдийн түүхэн үнэний зааг дээр бүтээсэн эр зориг, шударга ёсны тухай үлгэр нь объектив өгөгдөл нэрээр манай засгийн газар албан ёсоор сайшааж, биднийг мунхруулж байдаг түүхийн концепцоос юугаараа ч дор биш юм.
Мэдээж төрийн албан хаагчид Assassin’s Creed мэтийн тоглоомыг хэзээ ч зохиож чадахгүй юм. Гэхдээ төр зугаа цэнгэлийн мэдээллийн зэрэгцээгээр боловсролын мэдээлэл дамжуулахыг эрмэлзсэн ийм тоглоом бүтээгчдэд тоглоомоо зарахад нь татварын хөнгөлөлт үзүүлж болно шүү дээ.
Саяхны жишээ.
Орчин үеийн тоглоомын жинхэнэ эх нь англи хэл сурахад маш сайн дэмжлэг болж чаддаг. Миний зарим найз нар адал явдалт цуврал Siberia, Broken Sword, The Longest Journey, The Secret of Monkey Island байгаагүй бол англи хэлийг ийм өндөр түвшинд сурч чадахгүй байснаа хүлээн зөвшөөрдөг. Эдгээр тоглоомууд нь субтитр бүхий англи хэлний хэдэн арван цагийн яриатай байдаг. Үйл явдлын учрыг олох гэсэн хүчтэй хүсэл тоглоомоор дуустал тоглох сонирхол төрүүлж, хэлний нарийн ширийнийг давхар давхар чармайлтаар эзэмшүүлдэг.
Боловсролын системийн төвлөрлийг сааруулах хийгээд стандартыг сааруулах
Мэдээллийн эдийн засгийн XXI зуунд стандарт бус сэтгэхүйтэй өвөрмөц мэргэжилтнүүд шаардагдаж байна. Тийм хүмүүс өөр хоорондоо өрсөлдөгч, сургалтын туйлын олон янзын программ оршин байгаа нөхцөлд бий болно.
Ирээдүйн дэвшилтэт улс гүрнүүд сургуулийн программыг хэт стандартжуулахаас татгалзаж, орон нутагт туршилт хийх талбар гаргаж өгнө. Өнөөгийн эдийн засгийн тодорхойгүй байдал хийгээд хурдан өөрчлөлтийн урсгал нөхцөлд 5 буюу 10 жилийн дараа ямар боловсрол, мэдлэг дадлага хэрэгтэй болохыг мэдэх боломжгүй юм.
Тэдний сургуулийн программыг стандартжуулах үйл ажиллагаа бол бүхэл бүтэн үндэстний ирээдүйг ганцхан дурын тоон дээр тавьж рулет тоглохтой адил зүйл мөн.
Өнөөдөр гэхэд л албан ёсны сургалтын төлөвлөгөөнүүд бодит байдлаас ихээхэн тасарсан нь тодорхой байна. Орчин үеийн Оросын сургуулийг төгссөн дундаж төгсөгч бодит байдал дээр англи хэлийг ч, орос хэлийг ч мэдэхгүй юм. Гэсэн хэдий боловч мэдээллийн нийгмийн үр дүнтэй гишүүн байхын тулд энэ хоёр хэлийг эзэмших болон арифметикийн дадал зуршил шаардлагатай. Хэрэв манай систем энэхүү суурь зорилтоо биелүүлж чадахгүй байгаа бол мэдлэг түгээх амжилтын тухай ярьсны ч хэрэг байхгүй юм.
Боловсролын хөтөлбөрийн өнөөгийн төвлөрөл бол өсвөр үеийг бөөнөөр нь үзэл суртлын боловсруулалтад оруулахад дэмжлэг үзүүлсэн тоталитар эрин үеийн үлдэгдэл болно. Тоталитар улс нь ноёрхогч үзэл суртлаа хүүхдүүдэд эзэмшүүлэхэд чухал түүх, эдийн засаг, уран зохиолын “зөв” үзэл бодлыг тулган хүлээлгэдэг. Гэхдээ мэдээллийн чөлөөт нийгэмд хүч хэрэглэсэн үзэл суртлын боловсруулалт нь нийт системд итгэх итгэлийг алдагдуулдаг.
Мэдээллийн шинэ зуунд эцэг эхчүүд дурын зарчим, үзэл санаагаар байгуулагдсан сургуулийг хүүхэддээ сонгох боломжтой болсон. Социал улс гүрэн бол сургуулийн хэрэглэж буй программаас үл хамааран эцэг эхчүүдийн хүүхэддээ сонгосон сургуулийг санхүүжүүлэх ёстой.
Либертар засгийн газрууд бол ерөөс боловсролын системд оролцдоггүй, түүнтэй холбоотой татварыг устгаж, хүүхдээ сургахаар сонгон авсан хэлбэрээр өөрсдөө санхүүгийн боломж олоход нь эцэг эхчүүдэд тусладаг.
Ирээдүйн олон сургуулиуд технологийн стартапын адил туршилтын талбар болно. Ийм зарим сургуулийн ажлын үр дүнгээс үзэхэд бусад нь гайхмаар сүйрэлд орж байхад тэд ер бусын амжилтууд олж байна. Үл мэдэгдэх зүйлс олон байгаа, гэхдээ ирээдүйд хүрэх зам бол зөвхөн туршилтаар дамжин хэрэгжинэ. XXI зууны дунд боловсрол бол ихээхэн олон янз, ихээхэн сонирхолтой болно гэдэг ганц зүйлийг яг таг хэлж болох байна.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to XXI ЗУУНЫ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН 7 ЭЛЕМЕНТ

  1. bi says:

    uneheer iim bolchihvol saihan l um kembirijiin bolovsroliin talaar tanii dugnelt yamar bdagiin bol

  2. Anonymous says:

    Ih Bayarlalaa

  3. grandeura says:

    Энэ боловсролын системийн хяналтыг Wikipedia-гийн зарчимаар явуулж болох юм. Мэдээллээр тархи угаах боломж өгөхгүй аль болох үнэн зөв мэдээлэл олж авна гэсэн үг.

  4. Би Age of Empire, Starcraft энэ тэр байгаагүй бол англи хэл, компьютер энэ тэр сурах байсан болов уу гэж гайхдаг юм. Сайхан нийтлэл.

  5. Anonymous says:

    Таны бие сайн уу? Ганаай ахаа. Маш хэрэгтэй мэдээлэл байна. Энэ талаар миний бодож явсан зарим зүйлтэй нийцэж байна. Н.Даваа

  6. Батжаргал says:

    Ийм боловсролын эрин зайлшгүй байхаа нөгөө “Эрдэмд оройгүй” гэдэг үг жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Хувь хүний хүчин зүйлээс их шалтгаалах болох байх даа. Сонирхолтой юм байна. Зав байвал үргэлжлүүлээрэй. Баярлалаа.

  7. gankhuyag says:

    Нэг зүйл хэлэхээ мартчихаж. Лекцийн сүүлчийн хэсэгт буй төрийн үзэл суртлын хэсэг надад таалагдаагүй. Аль ч үндэстэнд үндэсний гэсэн үзэл санаа заавал байх ёстой. Гэлээ гэхдээ надад таалагдахгүй байна гээд орчуулж байгаа хүн өөрөө мэдээд хасчихаж болохгүй л дээ…Яахав байж л байг. Бид л авахыгаа авах ёстой. Эндээс авах юм их байгаа. Харин хаяхаа дараа нь болно биз…

  8. pro et contra says:

    Ер нь иймэрхүү онлайн сургуулиуд эхнээсээ хэрэгжээд эхэлсэн байгаа:
    http://www.udacity.com/
    http://www.uopeople.org/
    http://ocw.mit.edu/index.htm
    Эхний хаяг руу орвол дээр нэр нь дурьдагдсан Sebastian Thrun багшийн хичээл байгаа. Манай боловсролын системд эдгээр төслүүдийг албан ёсоор хүлээн хүлээн зөвшөөрхөд болохгүй юм байхгүй санагдахын. Эсвэл хамтран ажиллах талаар яриа өрнүүлж болохгүй нь юу байхав. Дандаа доктор цолтой залуу багш нар хичээл зааж байгаа. Яахав гурав дахь хаяг нь MIT-ын хичээлүүд л байгаа. Сонирхсон хүмүүс цаашаа тараавал олон хүнд тус болж магадгүй л юм.

  9. уншигч says:

    Бодит санаанд тулгуурласан Футурлоги загварын сайхан нийтлэл бна

  10. gankhuyag says:

    Футурологи ч арай биш байх аа. Учир нь их л ойрхон санагдаад байгаа юм. Зоригловол манайд одоо ч хийгээд эхлэхэд болохгүй юм байхгүй л гэж бодож байна…

  11. Гүнээ says:

    Ганаа ахдаа баярлалаа. Сайхан лекц байна. Ерөнхий боловсролын тогтолцоо хамгийн сайн байсан улсыг нэрлэ гэвэл ЗХУ(хуучнаар) байсан болов уу гэж би боддог. Хаяж улам боловсронгуй болгох зүйл зөндөө байсан л болов уу. Гэхдээ өнөөдрийн Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны бүтээгдэхүүнийг харахад санаанд огт хүрэхгүй байна аа. Өнөөдөр хүүхдүүдэд физик, хими, математикийн хичээлийг хүчтэй зааж сургах хэрэгтэй гэж би бодох юм. Азийн орнууд эдгээр хичээлийг маш сайн зааж сургадаг, нийгмийн ухааны чиглэлээр сурдаг оюутанд ч гэсэн байгалийн ухааны хичээл зааж, шалгалт авдаг гэж сонсож байсан(БНХАУ). Монголд байгалийн шинжлэх ухааны сургалтанд асар их хөрөнгө хаях хэрэгтэй, 10-15 магадгүй 20 жилийн дараа үр дүн нь гараад ирэхээс гадна, тэдгээр хүүхдүүдэд оруулсан хөрөнгө нь хэдэн арав дахин нугараад нийгэмд орж ирнэ. Заавал барууны улс орон гэж үлгэр жишээ авалгүйгээр, Сингапур, Тайвань, Малайз, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ зэрэг орны ерөнхий боловсролын тогтолцоог сайтар судлах хэрэгтэй юм шиг санагддаг(БСШУЯ).Асар хурдацтай хөгжсөн, үүнийг 10-20-30 жилийн өмнөх тухайн үедээ ерөнхий боловсролоор дамжсан “жаахан” хүүхдүүд л өсөж насанд хүрээд хийцгээсэн. Гэхдээ БСШУЯ нь, бусад яамтай яг адил, гараас нь юм гарахгүй ээ. Кембриж-ийн сургалтын тогтолцоо гэж гэнэт оруулж ирээд л шууд хэрэгжүүлсэн. Судалгаа, тооцоо г.м. наад захын зүйлийг хийсэн болов уу даа гэж санаа зовж байна. Эрүүл мэнд болон боловсролын салбарт явуулсан бодлогын үр дүн, хамгийн наана гэхэд 5, үүнээс хойш бол 10-15 жилийн дараа гарч ирдэг зовлонтой салбар даа. Буруу бодлого явуулбал тэгээд дуусаж, сүйрнэ. Ер нь Монгол Улс, монголчууд, нийгэм, эдийн засаг, хүмүүсийн зан ааш, төлөв, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн өвчин, эндэгдэл, ард түмний аж төрөх байдал, өвчин, нийгмийн халамж, хууль эрх зүй гээд маш олон зүйлийг судалж үзээд(дангаар нь бус, уялдаа холбоог нь сайтар гаргах хэрэгтэй) бид энэ дэлхийн хаана явна вэ, 10-20 жилийн дараа хаана хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлмоор байна аа залуучуудаа. Хандивийн сан байгуулаад, чаддаг судлаач, эрдэмтэдийг нь шалгаруулж, санхүүжүүлж байгаад судлуулбал яасан юм бэ залуучуудаа.

  12. pro et contra says:

    Sebastian Thrun-ын ярилцлага байна:
    http://news.bbc.co.uk/2/hi/programmes/click_online/9720231.stm

  13. уншигч says:

    Гүнээ гуайн сэтгэгдэлд Зөвлөлт боловсролтой санал нийлэхгүй Зөвлөлт боловсролын тогтолцоо сайн бсан үнэн Гэвч бүгд шилдэг бсан гэвэл буруу шүү Оросууд Зөвлөлт боловсролын сул талыг засахгүй бсаар хүйтэнд дайнд ялагдсан юм Зөвлөлт боловсролоос гарсан алдаанууд Оросыг хямралт нийгэмээс гаргаж чадахгүй үргэжилсээр бна Монголд Байгалийн шинжлэх ухааны боловсрол их сул хөгжсөн дөө Интернетэд Байгалийн шинжлэх ухааны талаар тайлбарлаж хялбаршуулсан электрон номнууд аниматион видео хичээлүүд их тархсан бна лээ Жишээлбэл анхлан суралцагчид С програмчлалын хичээлд сонирхолтой блаа гэхэд 7 настай хүүхдийн сэтгэхүйгээр С програмчлалыг тайлбарлаж бие дааж суралцах боломжтой аниматион видеог Боловсрол телевиз хийх боломжтой юм Америкын 1930 онд хийсэн машины дифференциал араа хэрхэн ажилладаг талаар видео хичээл одоо цагт үнэ цэнээ алдаагүй бна

  14. Гүнээ says:

    Санал зарим талаараа нийлж байна оо. Тийм учраас “хаяж улам боловсронгуй болгох зүйл зөндөө байсан л болов уу” гэсэн юм.

  15. delgermaa says:

    suraad l baij dee, ta buhen Richard Clarke bolon Robert Knake narin zohioson “World Wide War” nertei nomig olj unshaahig bodooroi

  16. grandeura says:

    Монгол хүний сэтгэхүйд нь тааруулж биш сэтгэхүйг нь өөрчлөх зүйл хийх хэрэгтэй

  17. сэтгэхүйг нь өөрчлөх зүйл хийх хэрэгтэй гэдэгт санал нийлж байна

  18. Ганболд says:

    Монгол хүний сэтгэхүй гэж юугаа яриад бгаагаа ойлголцож бгаал юм байх даа кк, даруулсан, дарлагдаж чичлүүлсэн, цагийн аясад цоожлогдон хүлэгдсэн өнөөгийн өвөр зуурхаасаа цааш мэдэхээ болчихсон сэтгэхүйг өөрчилж болохоос өнө мөнхөөр харж, өөдрөг амьдарч, өнгөрсөнөө дээдэлж, үнэнг эрхэмлэдэг унаган монгол сэтгэхүйгээ сэргээн хөгжүүлбэл дэлхий ч биднийг дагаж тийнхүү сэтгэдэг болох магадлалтай даа гэж.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: