ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 1

ХХ зууны Монголын эх орончдын дотроос Бавуужав баатар өдрийн од шиг харваад өнгөрсөн жинхэнэ эх оронч билээ. Манай нэрт түүхч З.Лонжид, Ж.Өлзий нар энэ эрхэм хүмүүний тухай “Шударга баатар Бавуужав” номыг аль 1996 онд бичсэн билээ. Гэтэл элдэв балай юманд элбэг дэлбэг олддог мөнгө нь тэдэнд олдсонгүй. Ингээд зургаан жил хүлээсний эцэст зохиогчид номоо хасаж танан 2002 онд “царай муутай” товхимол болгон арай ядан хэвлүүлсэн билээ. Одоо энэ нь ч олдохгүй болжээ. Ингээд эл товхимлын нэгдүгээр бүлгийг уншигчдад толилуулж байгаагийн учир нь энэ мэт бүтээлч түүхчдэд ивээн тэтгэгч олдоосой, залуу үеийнхэн судлаасай гэсэн чин хүсэл билээ.
Эхлэл
1911 оны эцсээр Манж Дайчин Улсын төр мөхөж түүний ор суурийг залгамжилсан Дундад Иргэн Улсын эрх баригчид дэлхийн хүчирхэг гүрэн байгуулахын тулд Манжийн эрхшээлд байсан хятад, манж, монгол, түвд, хотон үндэстнийг нэгтгэсэн их улс байгуулах бодлого тунхагласан юм. ДИУ-ын энэхүү санаархлыг хятадаас бусад бараг бүх үндэстэн эсэргүүцэж байлаа. Ялангуяа монголын ард түмний олон зуун жилийн тасралтгүй тэмцлийн үр дүн болж төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Монгол Улсын эзэн хаан Богд Жабзундамба тэргүүтэй эрх баригчид хятадын элдэв ов мэхэнд автаж түүний эрхшээл талхинд дахин орохгүйн тулд бүх монгол үндэстэн нэгдэн нийлж нармай их улс байгуулах тухайгаа ухуулан тунхаглаж байсан бөгөөд нийт монголчууд ч талархан дэмжиж байлаа. Тиймээс ч 1911 оны эцэс 1912 оны эхээр Өвөр Монголын ихэс дээдсийн олонхи нь Монголын Богд эзэн хаантанд албан ёсны хүсэлтээ ирүүлж Богд эзэн хааны хүнд хишиг гүн соёлд багтаж дагаар орохоо мэдэгдэж байв. Тийм хүмүүсийн нэг бол Хубилай Сэцэн хааны удмын хүн болох Зостын чуулганы дарга ван Зүүн түмэд хошууны мэйрэн шударга журамт эрэлхэг дайчин Бавуужав билээ.
Тэрээр харьяат хошууныхаа хязгаарыг сахин хамгаалах морьт цэргийг олон жил захирч байхдаа хятадын эсрэг монголчуудын тэмцлийг байнга дэмжиж малын-бэпчээрийг хятад иргэд тариалангийн талбай болгохыг тууштай эсэргүүцэж байсан учир хятад түшмэд түүнийг элдвээр өөчлөн янз бүрээр хяхан хавчиж нүд үзүүрлэж байжээ. Гэтэл 1911 онд Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээж тунхагласан явдалд барга, цахар, харчин, үзэмчин, авга зэрэг олон монголчууд туйлаас баярлаж халх руу өөрсдийн элч төлөөлөгчдийг сэмхэн илгээж үнэн бодитой мэдээлэл авцгаах болсон ба Богд эзэн хаанаас үндэс угсгаа нэгтэй монголчуудаа нэгтгэж их улс байгуулахаар сэнхрүүлэн ухуулсан зарлигийг ч удаа дараа хүлээн авцгаах болжээ. Чухамхүү ингэж Бавуужав Халх Монголын байдлыг сайтар мэдэж авмагцаа 1912 оны 8-р сарын 28-ны шөнө өөрийн дотно нөхөд үзэл бодол нэгтэй Төгсбаяр, Тэгшбах, Цэндбал, Бүмбэжав зэрэг хүмүүсийн хамт хөгшин эцэг, эх, гэргий хүүхэд, гэр орноо орхиж уугуул нутгаасаа гарч, Бинт чин вангийн хошууны цэргийн туслагч Пунцагийнд очиж дөрөвдүгээр зэргийн тайж Өлзий-Орших, Харчу, Чорвай, Хасбаатар зэрэг гучаад хүнтэй нүүр тулан уулзаж Халх Монголд болж буй үйл явдлын талаар хэд хоног зөвшин хэлэлцэж байх үед нь Бодлогот чин вангийн хошууны эрхтэн дархтан зарим хүмүүс Богд хааныг дагаж орохоор одсоныг түүнд мэдээлжээ. Бавуужав үүнийг сонсмогцоо анх нутгаасаа хамт гарсан нөхдийнхөө дээр Бинт вангийн хошуунаас бас хэсэг хүнийг нэмэн элсээж мөн оны 9-р сарын 19-нд Нийслэл хүрээг зорин мордсон боловч зам зуур байрласан хятад цэргээс сэрэмжлэн өдөр нуугдаж, шөнө турш явсаар зорьсон газраа ирэн 1912 оны 12-р сарын 31-нд Богд хаан хийгээд бүх Монголын төлөөнөө зүтгэж “ямхын төдий ч болов” тус хүргэхийг хичээж буй ба энэ хэргээс болж “элэг зүрхийг шороонд хутгавч гомдох зүйлгүй” гэдгээ “үнэнхүү сэтгэлийн ёроолоос өчиж илэрхийлээд” энэхүү хүсэл саналыг “тольдон болгоож хэрхэн зааж аваачихыг” сургаж хайрлана уу хэмээсэн өргөх бичгийг Монгол Улсын хаан эзэнд айлтгажээ (30.ФА-2-1- 80. 5-р нугалбар). Монголын Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч Яамны сайд түшмэд Бавуужав нарын энэхүү хүсэлтийг нэн сайшааж Богд эзэнд уламжлахад тэрбээр үзэж танилцаад уг гуйсан ёсоор болгосон байна. Ингэж Бавуужав Улс Монголынхоо төлөө их үйлсэд хүчин зүтгэх бүх боломж нээгдсэн ажээ.
Бавуужав хэмээх энэ түүхт хүний тухай 1918 оноос эхлээд өнөө хүртэл түүхч, судлаачид, улс төрчид янз бүрийн бүтээл туурвилдаа хөндөн үзсээр байгаа юм. Чухам яагаад түүний тухай ийнхүү олон жилийн турш сонирхож байдаг нь түүний тэмцэл ажил үйлстэй шууд холбоотой билээ. Бидний өнгөц судалгаагаар бол Монгол, Япон, Орос, Хятадад хэвлэсэн гуч гаруй бүтээлд Бавуужавын тухай өгүүлжээ.
Жич тэмдэглэхэд 1925-2001 онд манай түүхч судлаач, нийтлэлчдийн бүтээлд Бавуужавын тухай товч хураангуй хөндсөн байх боловч тусгайлан судалсан бүтээл одоогоор хэвлэгдээгүй байна.
Манай улсын ахмад түүхч, төрийн сайд Магсар хурц “Монгол Улсын шинэ түүх” хэмээх томоохон бүтээлийнхээ тавдугаар бүлгийг бүхэлд нь Бавуужавын үйл ажиллагааны сүүлчийн дөрвөн бүтэн жилийн хугацааг нэлээд нарийвчлан өгүүлж, зохих дүгнэлт хийжээ. Бавуужавын цэргийн үйл ажиллагааг холбогдох баримт сурвалжид тулгуурлан өгүүлж тэрбээр зорьсон их үйлсдээ хүрч чадаагүйг харамсан тэмдэглэжээ. Тухайлбал “Хятад улсаас Гадаад Монголыг дагасан дотоод монголчуудыг өшөөлөн хяхаж уул газар орны хүн алсан, хийд сүмийг шатаасан…ураг элгэн салсан сарнисан, монгол цэргийн хэрэглэл нийлүүлж талхидуулсан зэрэг элдэв гашууныг тоолж өгүүлж гүйцэшгүй болсон” (18.136) нь Бавуужавын тэмцлийн анхны шалтгаан болсон тухай өгүүлжээ. Мөн 1915 онд “эзэрхэг түрэмгий Орос, Хятадын эрх мэдлээр ар, өврийг (Ар, Өвөр монголыг З.Л.) хувааж угсаа овгийг салгаж саниулан улсын нэр сүрийг бууруулсан учирт дотоод, гадаадынхны гомдох хорсох уур хилэн” (18.136) бадарсан тэр үед баатар зоригт дайчин эр Бавуужав “Монгол Улс байгуулах хэргийг даруй бүтээж эс чадсаны үчраа” “дайсан болсон хятадад эгүүлэн тушаагдаж хэзээ хэрхэн алах хорлохын түгшүүрээс зайлахад” (18.137) бэрхтэй болсон учир арга буюу зэвсэг барин босч “бүх Монголыг нэгтгэн улс байгуулж амар жаргал эдлүүлэхийг үзмүй хэмээн түмэн газрыг хол хэмээхгүй, төрсөн нутгаас ангижран гарч” (18.137) эцэстээ “орох эгэх газаргүй гүний нутагт” “амь ульжих эд хөрөнгө огт үгүй хэдэн арван зуун хүн өлсөх даарахын зовлон эдэлж унасан морио алж идэх зэргийн ховор гачигт тохиолдон…хулгай дээрэмчин болсны харгаагаар үхэх сөнөх зовлонд хүрсэн байдал учрыг санахад үнэхээр нигүүлсэлтэй бөгөөд ихэд хөөрхийлөлтэй болох тул халуун үнэн зүтгэлт монгол ах дүү нарын өмнөөс эмгэнэл дурсгал болгон тэмдэглэвэй. (18.137) гэжээ.
БНХАУ-ын түүхч зарим хүн Бавуужав бол урван тэрслэгч, хишиг олзонд дуртай морьт дээрэмчний бүлгийн тэргүүн байсан мэтээр бичдэг бөгөөд энэ тухай түүхч Алтанша гэгч Бавуужавын намтарт холбогдох мэдээг янз бүрийн сурвалжаас эрэн олсон нь нэн сайшаалтай боловч Бавуужавыг болон түүний эцгийг тун ч өөдгүй хүмүүс байсан мэтээр бичжээ. Түүний өгүүлснээр бол Бавуужавыг арван гурван настай байхад эцэг, эх нь уугуул нутаг Зостын чуулганы Түмэд зүүн хошуунаас нүүж Сүргийн хошуунд шилжин суурьшиж атар газар хагалбарлаж том газрын эзэн болсон ба Бавуужав хар багаасаа ажил хөдөлмөрт дургуй “эапуу наснаасаа хулгай дээрэмтэй (дээрэмчинтэй З.Л.) нөхөрлөж морьт дээрмийн түрүү болсон” (2.1406) үл бүтэх хүн байжээ. Бас 1904 оны Орос, Японы дайны үед тэрбээр Японы талд хүчин зүтгэж морьт дээрэмчдээр бүрдүүлсэн цэргийн даргаар ажиллаж Хаант Оросын цэргийн ар талыг самууруулж, хүнс хоол, зэр зэвсгийг нь олзолж бараа таваар зөөвөрлөх, зам харилцаа таслах үүрэгтэй байжээ. Тэр үед Бавуужав төмөр зам дэлбэлж орос цэргийн замыг тасалж, япон цэргийн дарга нараас их хэмжээний буу зэвсэг, алт, мөнгөөр шагнуулжээ. Орос, Японы дайны дараа тэрбээр морьт цэргээ дагуулж Зуу¬-Удын чуулганд цөмрөн орж, Хянган Давсан нуурын орчим хуарагнан суусан байна. 1908 онд Японы дэмжлэгээр одоогийн Ляонин мужийн цагдаагийн товчооны даргаар томилогдсон гэнэ.
1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээмэгц Бавуужав гэр бүлээ авч элсээсэн цэргээ дагуулан оргож явах замын зуур цэрэг нэмэн элсээсээр 2000 гаруй хүнтэй цуг Нийслэл Хүрээнд ирж улсын түшээ гүнээр өргөмжлөгдөн цэргийн даргаар томилогдсон ба 1913 оны зунаас 1914 оны 11 дүгээр сар хүртэл харьяат цэргээ захирч Өвөр монголын Долоннуур, Хишигтэн, Линьси зэрэг газарт дайран орж их хэмжээний адуу мал, эд хөрөнгийг уулгалаж буцсан гэнэ. Мөн Хаант Орос ч Бавуужавыг дэмжиж байсны үрээр түүний цэрэг 4000 болж дахин Өвөр монголд цөмөрч, Шилийн голын өмнөд хэсгийг уулгалж Халх голын хөвөөнд хуарагнан сууж байсан ажээ. Тэр үед Хөлөнбойрын мэйрэнгийн занги Шенфү туслагч Ринчин гэгчийг томилж Бавуужавт адуу мал бэлэглэх зэргээр түүнийг дэмжиж байжээ. Бавуужав 1915 оны 3 дугаар сард Германы найман тагнуулыг мэхлэн алж, Оросоос их хэмжээний бэлэг шан хүртэж байсан ба хүр дүү Тас гэгчийг илгээж Японы эзэрхэг түрэмгий нартай харилцаа тогтоож, Манжийн төрийг сэргээхийн төлөө тэмцэж эхэлсэн байна. Япончууд Манжийн хааны авга ах Су чин вангийн долоодугаар хөвгүүн Сиянкүйг Бавуужавтай уулзуупж түүний ууган хүү Нүннэйжав, yдaaх хүү Жүнжүүржав нарыг Су чин вангийн ордонд аваачиж барьцааны хүн болгосон байна. Сүүлдээ Су чин вангийн охин Жинбихуйг Жүнжүүржавт гэргий болгон өгч ураг худ болцгоожээ. Бавуужав түүнээс хойш Манжийн төрийг сэргээхийн төлөө тэмцэж яваад нас барсан хэмээн өгүүлжээ.
Алтанша абугайн бичсэн энэ зүйлийн гол агуулга нь Бавуужав бол бүх монголыг ДИУ-д нэгтгэх бодлогыг эсэргүүцэж, Гадаад Монголд найрсаг хандсан ба Манж Дайчин Улсын төрийг сэргээхийн төлөө тэмцэж явсан “өөдгүй муу урвагч” байсныг нотлоход бүрэн чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл Бавуужав бол хар багаасаа залхуу, дээрэм тонуулаар амь зогоож явсаар эцэстээ хятадын төрийн эсрэг тэмцэж, Богд Жибзундамбад түшиглэж Хаант Орос, Японы эзэрхэг түрэмгийтэнд морь нохой мэт үнэнч зүтгэсэн хүн байсан юм хэмээсэн өөрийн санааг үнэмшүүлэхэд энэ бүтээлээ зориулжээ. Бавуужавын тухай Японы эрдэмтэд ч нэлээд судалгаа хийж зарим бүтээл хэвлүүлжээ (Ном зүй үзмүү.).
Мөн 3СБНХУ, ОХУ-ын эрдэмтэн М.И.Гольман, Е.А.Белов, С.Д.Дылыков зэрэг хүмүүсийн бүтээл туурвилд Бавуужавын тухай дурдсан байдаг. Тухайлбал Е.А.Белов Бавуужав бол хятадын түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэгч байсныг нотлон бичсэн байна. Харин М.И.Гольман абугай “харгис гүн Бавуужав” (10.120) хэмээн тэмдэглэсэн байдаг нь түүх, нийгмийн ухааны судалгааг улс төржүүлэн анги намын үзэл суртал, эрх ашигт захируулж байсны нөлөө буй за.
Энэ мэтчилэнгээр 1920-иод оноос эхлэн олон жилийн туршид түүхч судлаачид Бавуужавын тухай өөрсдийн бүтээлд олонтаа авч үзэж янз бүрээр үнэлж дүгнэж байсан бөгөөд тэдгээрийн агуулга байр суурийг дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй учир үүгээр товчлоод энэхүү ном бичихдээ ашигласан бүтээл, сурвалжийн жагсаалтыг зохиолынхоо эцэст хавсаргалаа.
х х х
Уншигч абугайд сонордуулахад, энэхүү номыг бид 1996 оны өвөл бичиж дуусгасан боловч хэвлүүлэх зардалгүйн улмаас анхныхаа бэлтгэсэн эхийн гуравны хоёрыг хасаж, ганц нэг зүйлийг нэмж хэвлүүллээ. Ийн хураангуйлахдаа гол төлөв Бавуужавын олон захидал, Богд хаан, ерөнхий сайд Г.Намнансүрэн нараас Бавуужавт бичсэн зарлиг, албан захидал зэргийг хассаны сацуу Бавуужавын тухай судлаачдын бүтээлд хэрхэн авч үзсэнийг ихээхэн товчиллоо.
Жич: Энэ номд бидний андуурсан буюу буруу ташаа бичсэн зүйл байхыг ер үгүйсгэхгүй боловч Бавуужав ба түүний хөвгүүн Б.Нүннэйжавын тухай Эрхэм Танд бага боловч төсөөлөл хүргэх нь лав гэдэгтээ эргэлзэхгүй байна,
Зохиогчид 2001.2.25
Нэг. БАВУУЖАВЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. Уугуул нутгаа хамгаалах дайнд
ДИУ Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зэвсгийн хүчээр цус урсган дарж, улмаар Монгол Улс руу довтлон орох их цэргийг Чуулалт Хаалга, Бат хаалга, Долооннуур, Хөх хот, Бугат хотын чиглэлээр мордуулсан байна. Монголын засгийн газар үндэс угсгаа нэгт ах дүү нараа авран хамгаалахаар яаралтай шийдвэр гаргаж, Богд хааны зарлигаар 1913 оны 1-р сарын 25-нд тэрхүү таван чиглэлийн их цэргийг угтан эсэргүүцэх цэргийг ерөнхийлөн захирах сайдад Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг чин ван Г. Чагдаржав, цэргийн жанжинд манлай ван Ж.Дамдинсүрэн нарыг тус тус томилжээ. Тэрхүү их цэргийн чиглэл бүхнийг тусгай хүмүүсээр захируулсан бөгөөд баруун өмнөдийг сэргийпэн хамгаалах цэргийг бүгд захирагч сайдаар гүн Сономдорж, Дариганга хавийг сэргийлэх цэргийн захирагчаар гүн Наваангомбо, мөн гүн Хайсан, түшмэл Бавуужав нар, Баруун Зүүн Сөнөдийн чиглэлээр одуулах цэргийг бүгд захирагч даргаар дэд сайд Насанравжих, Урд гурван гүнгийн Дунд гүнгийн зүг одуулах цэргийг захирах түшмэлээр Зүтгэлт, Егүзэр хутагтын хийдийн чиглэлээр одуулах цэргийг захирах түшмэлээр бэйс Чимэдцэрэн, Найданжав нарыг тус тус томилжээ.
Энэхүү их цэргийн нийт тоо арван мянга орчим байсан боловч зам зуураасаа болон хүрсэн газраасаа цэрэг нэмэн элсүүлэх ёстой байв. Цэргийн хүнс уналгыг мөн зам зуураас бэлэн мөнгөөр худалдан авч хангах ба уламжлалт монгол цэргийн дүрэм журмыг чанд мөрдөж, эрэлхэг дайчдын сүр хүчийг бадруулж алтан соёмбот далбаагаа мандуулан явахын сацуу хороо анги бүхэн өөр өөрийн туг, байлдааны урам бүрээ, их хэнгэрэгтэй байхыг тэрхүү цэргийн сайд жанжин нарт зарлигаар тушаажээ.
Энэхүү цэргийг мордохоос өмнө Монголын Засгийн Газраас Өвөр Монголын зургаан чуулган, дөчин есөн хошууны лам, хар, ард олон ба Хөх хотын Түмт, Цахар, сүргийн ард, Илийн харьяат Монгол, Алашаа, Хөх нуурын Монголчууд, Өөлэд ширээт Хүрээ зэргийн зон олонд ухуулан сэнхрүүлэх бичиг довтолгон илгээж “Бидний язгуураас нэгэн угсааны яс махны төрөл дотоод гадаад хэмээн ялгаваас зохихгүй. Та нар иргэнд (хятадтай З.Л.) ойр суусан тул тэдний сүр хүчинд, аюулд хүлцэн бүхүйг манай Засгийн хэрэг шийтгэх газар мэднэ… Бидний Монгол бүгдээр нийлж нэгэн улс болж, язгуураас багтсан газар орон зах хэлхээг эзлэн илүү хүй газрыг тэмцэхгүй болбоос Дундад Улсын дайлах цэрэг гарваас олон гадаад улсад шударгыг барьж шүүмжлэх буй’ Та нар монгол цэрэгт тусалж “шаламгайлан газар орноо эзлэн авсугай. Бүү хятадын омтгой үгийг сонсож нэгэн аймгийн дотор харилцан өшөө дайсан болоход хүргүүлэгтүн ! Бид язгуураас нэгэн үндэсний тул зүй нь жаргавч, зововч, төрөвч, үхэвч хамт болбаас зохино” гэжээ.
Өвөр Монголын ард түмэн Монголын Засгийн Газрын энэхүү ухуулгад биширч, Монголын цэрэг хүрсэн бүх газарт уналга, хүнс нийлүүлж өгөх ба идэр эрчүүд олноороо цэрэгт элсэн орж хүчин хавсран Өвөр Монголд орж ирсэн хятад цэрэгтэй удаа дараа байлдан дийлж байв. Жишээ нь Засаг ван Удайн хошууны тойн ширээт далай мэргэн цорж лам Галсанцанбун Дүгэрням зэрэг хувилгаан лам, түшмэл олон хүн зэвсэг барин хөдлөж хятад цэргийг нутгаасаа үпдэн хөөж зайлуулсан нь Монгол цэргийн том ялалт байв. Монгол цэргийн түрүүч давшсаар Хөх хотын орчим очиж, ихээхэн хэмжээний нутгийг хятад цэргээс чөлөөлөөд байлаа. Яг тэр үед Монголын Засгийн Газар Өвөр Монголд байлдаж буй цэргийнхээ байршлыг өөрчилж, гүн Сумьяагийн цэргийг Даригангын өмнө захад, Бавуужавын цэргийг хурц бэйс Түдэнгийн хошууны өмнө этгээдэд суулгаж, Зүүн өмнө хязгаарын цэргийн сайд жанжны тушаал хавсарч байсан Ж.Дамдинсүрэнг өвчтэй учир эгүүлэн татаж, уг тушаалд гүн Бавуужавыг тохоон тавьж “зарлигаар гаргасан зүүн өмнө хязгаарын монголчуудыг төвшитгөн тохинуулагч сайд” хэмээн албан ёсоор нэрийдэх болж шударга баатар цол шагнан хүртээжээ.
Гэтэл ДИУ-ын Засгийн Газар Монгол цэргийн эсрэг хүчтэй цохилт өгч чадахгүйгээ ойлгож Монгол Улсын цэргийн давшилтыг зогсоохын тулд Орос Улсаар дамжуулан Монголын Засгийн Газарт нөлөөлөхийг хичээсэн юм. Оросын эрх баригчид Монголд сууж байсан өөрийн консул А.Миллерт энэ талаар тодорхой үүрэг өгсөн байна.
Тиймээс ч тэрбээр 1913 оны хавар Монголын Засгийн Газарт хандаж Өвөр Монголын нутагт сэргийлэн суулгасан ба хятад цэрэгтэй байлдаж буй цэргээ эгүүлэн татаж авчрахыг хэд хэдэн удаа мэдэгдсэн байна. Гэвч Монголын эрх баригчдаас Өвөр Монголын үндэс угсаа нэгтнээ хамгаалж буй ба харьяат газар нутгаа бүрэн бүтэн болгож авах зорилготойгоо тэрхүү А. Миллерт учирлан тайлбарлаж байсныг тэрбээр үл хайхран “Танай Монгол манай хоёр их улсын хэлэлцээнийг эрхбиш хүлээвэөс зөхино” хэмээн удаа дараа шаардан сүрдүүлж байсан учир Монголын эрх баригчид зөвлөлдөн ДИУ-аас “Өвөр монгол ба бүх олон монголыг зовоохгүй, Монгол Улсын нyтгийн захад хятад цэргийг ирүүлэхгүй татан буцаах явдлыг Орос, Хятад хоёр Засгийн Газраас урьдаар батлан ирүүлсний хойно манай Засгийн Газраас цэргүүдээ татан буулгана” хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа мөнөөх-консул А.Миллер “Иргэн Улсын Гадаад Хэргийн Яамнаас Халх нутгийн гадна бүхий Зүүн Монгол, Өвөр монголын тайван суугчдыг хүчлэн дарлахгүй сэтгэлийг чангалан барих явдлыг иргэн цэргийн захирлуудад мэдэгдсэн ба бас даруй Дотоод Монголын тайван суугчдыг хамгаалж аль болох тусламж үзүүлэхээр өөрийн хэрэг шийтгэгчдэд нийтлэн тушааж Да зүнтүн (Их ерөнхийлөгч ЗЛ.) Юань Ши кайн зарлалыг тархаав” хэмээн бичиг ирүүлсэн байна.
Монголын Засгийн Газар Орос консулын энэхүү удаа дараагийн шаардлагыг ямагт эсэргүүцээд байх бололцоо тэр үед төдийлөн байгаагүйн сацуу Орос, Хятадын зүгээс хүч хавсран Монголын эсрэг тэмцвэл эцэстээ ямар ч зовлонд учирч болзошгүйг ухаарч арга буюу Өвөр Монголд байлдаж буй цэргээ тур ухруулан татаж хэрэв “хятад цэрэг халдан ирэхгүй болбаас байлдаан үүсгэхгүй” байхаар шийдвэрлэж Монгол цэргийн дарга нартаа мэдэгдсэн байна.
Үүнээс хойш Бавуужав Монголын Засгийн Газрын шийдвэрийг дагаж “хоёр жил илүү” өөрийн захирсан цэргийн хамт Өвөр монголд үлдэн Хиагтын гурван улсын бага хурлын эцсийн шийдвэрийг хүлээж байхдаа хятад цэрэг Өвөр монголд эцэс төгсгөлгүй харгислал үйлдэж байгаад дургүйцэн нутгийн олны аргагүй байдалд туслах зорилгоор өөрийн мэдэлд байсан 2000 гаруй цэргийн мянга гаруйг нь дэргэдээ байлгаж, үлдсэн цэргээ Долооннуур хавьд хуваан суулгаж, Монгол Улсын хаан, Засгийн Газар, Улсын Хуралд олон удаа бичиг захидал хүргүүлж, Хиагтын хэлэлцээрт оролцож буй ДИУ, Орос Улсын төлөөлөгчдөөс Монголын талд тулгаж буй шаардлагыг эсэргүүцэж санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, 1914 оны 11-р сарын 20-нд Бавуужавын цэргийн хорооны дарга Баянцагаан зэрэг 11 хүн Улсын хуралд бичсэн захидалдаа Зост, Зуу-Уд, Жирэмийн чуулганаас элсүүлсэн 2600 гаруй цэрэг Бавуужавын цэргийн хамт сууж байгааг мэдэгдээд “Орос, Хятад хоёр улс Монголыг нэгтгэх байтугай харин хуваан залгих үг хэлэх нь үнэхээрийн заналтай” гэдгийг дурдаад нэгэнт байдал ийм болсон учир ДИУ-¬тай “байлдан таслахаас дээр сайн арга үгүй мэт. Дээд, доод, ар, өвөр олны сэтгэл, хүчин нэгдвээс магад дийлэх болов уу” (30. ФА-1-1-12, 7) гэжээ. Мөн “ноднин жил (1913 онд З.Л.) цөөхнөөр хятадын олныг дийлсэн нь Богд хааны ач аврал, гурван эрдэнийн омтгойгүй адистадын чанар мөн” (мөн тэнд) хэмээн сануулсан байлаа.
Үүнээс хойш Бавуужав иймэрхүү утга агуулгатай захидал, бичиг маш олныг ирүүлсэн бөгөөд Хиагтын хэлэлцээрээс Гадаад Монгол, Өвөр Монголыг нэгтгэхийн эсрэг ДИУ, Хаант Орос хоёр урьд тохиролцсон ёсоороо Монголын төлөөлөгчдийг сүрдүүлж байгаад тун ч дургүйцэж буйгаа мэдэгдэж байлаа. 1915 оны 3-р сарын 14-нд Бавуужав өөрийн захирсан цэргийн арван хороо, салаа, ангийн дарга, цагдан байцаах түшмэлийн тушаалтай Самбуу, Баянцагаан, Харнохой, Үртогтох зэрэг 74 хүний гарын үсэг зурсан том бичгийг Улсын хуралд өргөн толилуулсан байдаг. Түүнд дурдсан гол санаа нь: Хиагтын хэлэлцээрээс Ар, Өвөр Монголыг нэгтгэх талаар нааштай шийдвэр гаргахгүй нь тодорхой болж байна. Иймд цаг алдалгүйгээр ДИУ-ын эсрэг дайтаж эхлэх нь зүйтэй болжээ. Дайтахын тулд бэлтгэлээ сайн хангая. Ялангуяа зэвсгийн хангамжид онцгой анхааръя. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд урьд өмнө нь гэрээ байгуулсан Хаант Оросоос хурдан буу нэг түм, сум 30 саяыг худалдан авъя. “Улс орноо нэгтгэх, “олон амьтныг цог нүүрсний (туйлын хүнд З.Л.) зовлонгоос гаргахын тулд амьдралга хөрөнгө, үр хөвгүүнээ худалдавч дуртайяа буу зэвсгийн өртгийг тус тусын хувиас гарган зүтгэхээс өөр цалин хишиг хүртэхийг хүсэхгүй” (ЗО.А 1-1-1, 19-р бичиг) гэж мэдэгдээд хоёр сарын дотор буюу 5-р оны зуны тэргүүн сарын шинийн нэгний өмнө хариу мэдэгд. “Хэрэв болзоолсон хугацаанд эс мэдэгдвээс сургаж заахыг дахин хүсэн эрэхгүй бөгөөд хулгай Юань Ши Кай лугаа эрэгчин эмэгчнийг үзэлцэх явдлыг” (мөн тэнд) сануулъя хэмээн анхааруулсэн байна.
Гэвч Монголын эрх баригчид Бавуужавын энэхүү саналыг хүлээн авах боломж байгаагүй учир Хиагтын бага хурлын эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Тиймээс түр азнаж, хил хязгаараа сайтар сэрж сэргийлэн хамгаалж байхыг түүнд сануулсан хариу өгсөн юм.
Ийнхүү Бавуужав хятадын бодлогыг хүчээр эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо хэмээн үзэх болсон явдлыг ДИУ ч сонсож мэдэн Бавуужавын эсэргүүцлийг аль болохоор намжаах, ялангуяа түүнийг ямар нэгэн дайн байлдаан үүсгэхээс маш болгоомжилж байлаа. Энэ нь ч аргагүй юм. Яагаад гэвэл 1913 онд хятадын цэрэг тооны хувьд Монгол цэргээс асар давуу байсан боловч Өвөр Монголын нутагт болсон байлдааны ихэнхэд нь ДИУ-¬ын цэрэг хиар цохиулж ихээхэн хохирол амссан төдийгүй хятадын нэг хороо, гурван анги цэрэг Бавуужавын захирсан цэрэгт дагаж орсон байна (ЗО. ФА 1-1-20, 2-р бичиг). Мөн бусад замын цэрэгт ч цөөнгүй хятад цэрэг дагаж орсон байдаг боловч энэ талаар манай түүх бичлэгт бараг хөндөж үзээгүй байгаа юм.
Цэргийнх нь байлдааны бэлтгэл дорой байсан тэр үед ДИУ Бавуужавыг дайн өдүүлэхээс тун ч сэргийлж янз бүрийн арга эрэлхийлж байв. Тухайлбал Долооннуурын хятад цэргийн захирагч Хуан Моу Чэн гэгч Тогтбат, Баян хэмээх хоёр ламыг Бавуужав руу томилон илгээж тусгай захидал хургүүлж, хэрэв хятадтай эвсэн зохицвол Бавуужавт өндөр албан тушаал хүлээлгэх болно хэмээн мэдэгджээ. Гэвч Бавуужав Хуан Моу Чэний хоёр элчийн авч очсон захидалд огт хууртсангүй, харин ч мөнөөх хоёр элчийн тус бүрийнх нь өрөөсөн чихийг огтолж тусгай дугтуйд агуулж Хуан Моу Чэнд хургүулжээ. Үүнээс хойш ДИУ Бавуужавыг зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр дарахаар шийдвэрлэсэн бололтой. Үүнтэй холбогдох зарим мэдээ ч байдаг юм. Тодруулбал, Бяруу хотыг захирч байсан хятад ноён нэгэн түшмэлтэйгээ нууц ярилцахдаа “Өвөр чуулганаас урваж Гадаад Монголд очсон хумүүсийг цагийн байдлыг үзэж эртхэн хядаж сөнөөхгүй болбаас үл болно. Ялангуяа энэ Бавуужав гэгч хэдэн удаа хүн зарж удирдавч санаа хувилахгүй бөгөөд манай зарсан хүний чихийг огтолж явуулахыг үзвээс энэ хулгай ямар будлиан гаргахыг болзвоос үл болно. (ЗО.А2-1-22, 199) хэмээн хэлж байсан гэдэг. Энэхүү ноёны ийн хэлж байсныг 1915 оны 4-р сарын 2З-нд Зуу-Удын чуулганы хэшигтний өмнө засаг Бэхэжий гэгч тусгай хүнээр Бавуужавт мэдэгдэж байжээ.
2. Орос, Монголын эв нэгдлийн төлөө
Тэр үед дэлхийн нэгдүгээр дайн ид үргэлжилж байсан бөгөөд АНУ-¬аас Хаант Орост цэргийн зэвсэг нийлүүлэхдээ Дорнод хятадын төмөр замыг ашиглаж байв. Энэ явдалд Герман дургүйцэж Бээжинд суугаа дипломат байгууллагын ажилтнуудаа ашиглаж ДХТЗ-д дэлбэлэлт хийх төлөвлөгөө боловсруулж 1915 оны гуравдугаар сард Германы цэргийн жанжин штабын ахмад, Бээжин дэх цэргийн атташе Папенгеймийн удирдсан 8 герман, дөрвөн хятад, нэг монгол хүнийг тусгай отряд болгон Цицикар-Бөхт хоёрын завсар орчимд төмөр зам дэлбэлэхийг даалгаж, 20 гаруй тэмээнд тэсрэх бодис, байлдааны бусад хэрэгсэл ачуулж, 1915 оны хавар зүүн хойд хятадын нутаг руу мордуулжээ. Папенгейм нар очих газраа хэрхэн хүрэх замаа төдий л сайн мэдэхгүйн улмаас газарч хүн олж зам заалгах шаардлагатай болсон учир тэд Бавуужавын цэргийн зарим дарга нартай уулзаж өөрсдийн зорьж яваа хэрэг ажлаа нилээд тодорхой танилцуулжээ. (З8. 2-1-349. 1-р бичиг) Гэвч Бавуужав уг хэрэг нилээд ноцтой гэдгийг ухаарч Зүүн хязгаарыг тохинуулах сайд Егүзэр хутагтад уламжлан лавласан байна. Егүзэр сайд уул захидлын хариуг яаралтай хүргүүлэн “хэрхэвч тусалж үл болно” (30. 2-1-349. 1-р бичиг) гэж анхааруулаад Бавуужавын бичсэн захидлыг тэр хэвээр нь хуулбарлаж Монголын Засгийн Газар маш яаралтай элчээр хүргүүлжээ.
Монголын Засгийн Газрын ерөнхий сайд, төрийн яамдын тэргүүн сайд нар нууц хуралдаж “Орос улс…манай улсыг эхнээс эдүгээ хүртэл тусалж бүхүй” учир “найрамдлыг зузаатгаваас зохино” (мөн тэнд). Иймд тэдгээр герман хүмүүсийн үгийг дагаж эд ашгийг хичээж тэдэнд тусалж хэрхэвч болохгүй. Харин “тэд нар одоо хаана, ямар газар яахин сууж буй өөр зүйлийн чухал үг нэмэн хэлсэн эссэн”. Хэрэв өөр зүг одсон бол чухам хаашаа явсныг сайтар мэдэн Засгийн Газар мэдэгдэж бай! Харьяат түшмэл цэргүүддээ сайтар ухуулж, тэдгээр герман хүнд ер тусалж болохгүйг сэнхрүүл гэж Бавуужавт мэдэгдэхийг сайд Егүзэр хутагтад тушаасан байна.
Монголын Засгийн Газар энэхүү бичгийг илгээгээд удаагүй байхад Егүзэрээс дахин захидал ирүүлж Бавуужаваас хүлээн авсан хоёр дахь бичгийн тухай мэдэгджээ. Түүнд тэмдэглэснээр бол Бавуужавын цэргийн хорооны газар найман герман тэдэнд зарцлагдаж яваа хятад монгол хэд хэдэн хүн бүгд арав гаруй хүмүүс Бавуужавтай биечлэн уулзаж “Орос улс Мэй (Америк З.Л.) улсаас аваачих буу зэвсэг зөөх төмөр замыг (Дорнод хятадын төмөр зам З.Л.) эвдлэхээр ирсэн нь үнэн” (мөн тэнд) Та хэдэн зуун цэрэг өгч биднийг хамгаалан Хайларын төмөр замд хүргэвээс “5 түмэн төгрөг өгсүгэй” гэж байна. Тэд хоёр авдар тэсрэх бөмбөгтэй юм байна. Тэдний ярьж буй нь үнэн бололтой. Тиймээс би тэрхүү герман хүмүүсийг түр саатуулан аргацааж байна. Гэтэл тэд гурван хоногт багтааж явья хэмээн шахамдуулж байна. Тэднийг явуулбаас “тусламж хүлээсэн Орос Улсад харштай болох болов уу. Хураамжлан баривчилбаас өөр нэгэн улс лугаа (Германтай З.Л.) өшөөтэй болоход хүрүүзэй хэмээн… болгоомжлох тул” хэрхэхийг заана уу гэж бичсэн байв.
Егүзэр сайд энэ захидлыг авмагцаа эхний захидлын хариунд бичсэнээ дахин анхааруулаад өөрөө Хайларт сууж байсан Хаант Оросын консулд энэ тухай мэдэгдэж, Хөлөн Бойрын сайдуудад ч бас уул мэдээг дамжуулж болгоомжтой байхыг сануулжээ. Хайларын хамаарсан консул тэр даруйд нь Егүзэртэй ирж уулзаад маш чухал мэдээ өгсөнд баярлаж талархсанаа илэрхийлээд буцжээ. Егүзэр энэ явдлын тухай Засгийн Газарт ч мөн мэдэгдэж зохих хариу авсан байдаг.
Хайларын консул энэхүү мэдээг авмагцаа Засгийн Газартаа мэдэгдэж зохих арга хэмжээ авахуулжээ. Тухайлбал Оросын дорнод хязгаарыг чанд сэргийлэн хамгаалах болсны сацуу хоёр анги цэрэг гаргаж, тэрхүү герман хүмүүсийг Халхын нутгийн орчимд баривчлах үүрэг өгсөн байна. Мөн дээрх консул Монголын Засгийн Газар бичиг илгээж хорлон сүйтгэхээр яваа германуудад хэрхэвч тусалж болохгүйг Егүзэр сайд, Бавуужав нарт анхааруул хэмээн сануулан зөвлөөд бас Орос цэргийн анги Монгол нутгаар очиход саадгүй нэвтрүүлж туслахыг хүсчээ.
Орос цэрэг Папенгеймийн отрядыг эрж олоогүй байхад нь Бавуужав яаралтай арга хэмжээ авч тэдгээр герман хүмүүст зам зааж өгөх нэрийдлээр дагуулан явж Баянгуу гэдэг газар аваачиж бүгдий нь устгасан байна.
Хаант Орос Улс Бавуужавын энэ явдлыг сайшаан талархаж германы отрядын авч явсан нэг зуун мянга гаруй хятад төгрөг, бүх тэмээ, зэр зэвсгийг түүнд өгснөөс гадна түүний цэргийн 12 хороо тутамд хоёр ширхэг ногдохоор бодож бүгд 24 маузер буу, нийт арван мянган ширхэг хурдан буу өгөхөөр амлаж эхний 2000 бууг 1915 оны 8-р сард гардуулна хэмээн мэдэгджээ. Үүнээс хойш Бавуужав мянга гаруй хүнийг өөрийн цэрэгтээ нэмэн элсүүлж, 15 хороо буюу 3000 гаруй цэрэгтэй болжээ. Ийнхүү Бавуужав Орос Улсад тусламж дэмжлэг үзүүлэхийг хичээж байсан юм.
З. Гурван улсын хэлэлцээр ба Бавуужав
1913 оны намар Хаант Орос Улс, ДИУ-ын хооронд хэлэлцээр байгуулж Монголыг ДИУ-д автономит эрхтэйгээр нэгтгэх тухай тохиролцож, үүнийгээ Монгол Улсад тулган хүлээлгэх зорилгоор 1914 оны намраас Хиагт хотод Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээр эхлэж, 1915 оны хавар дууссан бөгөөд тус хурлаас Халх Дөрвөдийг нэгтгэн Хятадын эзэн эрхтэй автономит Монгол Улс болгож зүүн ба зүүн ба өмнө зүгийн бусад монголчуудыг ДИУ-д захируулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ явдалд “бүх монголчуудын гомдох хорсох гашуун уур хилэн маш өрнөж” байв. Ялангуяа хязгаар хамгаалан суусан цэргүүд дээрх шийдвэрийг “хэрхэвч хүлээн чадахгүй даруй хятад лугаа байлдмуй хэмээн довтолсон тухайд Засгийн Газраас ятган ухуулж олон төлөв дагасан ба зарим нь дагахгүй” эсэргүүцэж эхэлжээ. Тухайлбал баруун өмнө хязгаарын цэргийг захирсан сайд Ёст засаг Балдангийн Чүлтэмийн харьяат цэргийн хорооны дарга Буянравжихаас зохих хүмүүсээр уламжлан Монгол Улсын Цэргийн Яаманд бичиг өргөж “Дотоод, Гадаад Монголыг ангилан салгаж эзэн боолыг завсардуулан” зовоох гэж байгааг хүлцэн тэсвэрлэж чадахгүй. Монголчуудыг салган холдуулснаар “хэдэн арван түмэн хүн нэгэнт хятад лугаа өшөөтэй болж, “гарч ирсэн нь буцаж эгэн чадахгүй нутагт бүхүй нь гарч ирэн чадахгүй эцэг, эх, ах, дүү, эр, эм, нөхөр, хань элгэн садан учирч чадан ядан ирсэн, тэнд хоцорсон нь хоёр улсад хуваагдан хоёр улсыг шүтэн тус тус амьдарч чадахгүй”. Ер нь “запьхай хятад угаас үнэн санаагаар найрамдахыг хүсэж буй хэрэг бус, гэрээ хэлэлцмүй хэмээн бачилж манай улсын товчоог эвдэх ба цэргийн сүр хүчийг мохоож” байгаа явдалд ялангуяа “хязгаарын хэргийг батлан бэхлэхийг осолдох болуузай хэмээн айн” болгоомжилж байна. Гэтэл хил хамгаалан суусан цэргийн зэр зэвсэг, агт уналга тун ч хомс тарчиг болсон учир хэрэгцээтэй бүх зүйлийг олгож “Богд эзэн хааны бүх монголоо нэгтгэхийн таалалд нийлүүлэн улсын сүрийг мандуулан сөрөг хулгайг арилган устгахад туслахыг хүсчээ.
Мөн яг энэ үед Зүүн хязгаарын нэг анги, таван хороо цэргийг захирсан дарга баатар гүн Жамц дээрх Буянравжихын адил саналыг Бүгд Ерөнхийлөн захирах Яам, Цэргийн Яаманд ирүүлж байлаа. Ийнхүү 1915 оны Хиагтын хэлэлцээрийн турэмгий шийдвэрийг эсэргүүцэж ДИУ-ын эсрэг дайтаж үндэс угсаа нэгтнээ чөлөөлөхийг эрмэлзсэн бодол саналтай хүн олон байлаа. Тэр үед Монголын цэрэг эдийн засгийн хүч чадал буурай байсан учир арга буюу их гүрнүүдийн аясыг харзнахаас өөр боломж үнэндээ байгаагүй юм. Тиймээс ч Богд хаан ба Засгийн Газраас ухуулан зарлах зарлиг шийдвэр удаа дараалан гаргаж, цагийн аргагүй байдлыг учирлан ухуулж, элдэв үймээн самуун өдүүлэлгүй тайван байхыг өргөн олонд уриалж байв. Богд эзэн хаантан ба Засгийн Газрынхаа ухуулан сургасан энэхүү зарлиг шийдвэрийг Монголын ард түмэн ойлгож хятад цэрэгтэй дайтахаа түр азнахаас өөр аргагүйг ухаарч байв. Гэтэл хятадын эрхшээл зовлонд олон жил нэрвэгдсэн зарим хүн Монгол Улс нэгэн хэсэг нутгаа хэрхэвч ДИУ-д захируулахгүй хэмээн эрс эсэргүүцэж байсан юм.
Тухайлбал Өвөр монголд байлдаж байгаад түр завсарласан их цэргийг захирсан сайд шударга баатар гүн Бавуужаваас харьяат цэргийнхээ хамтаар Хятад, Орос, Монгол гурван этгээдийн гэрээ бичгийг хэрхэвч дагахгүйгээ Богд хаан ба Засгийн Газар, Улсын Дээд, Доод хурал эрх баригч сайд, ноёдод удаа дараалан бичиглэж албан захидал ирүүлж байв. Тэрбээр 1915 оны 6 дугаар сард бичсэн нэгэн захидалдаа, “Дотоод чуулган Халхад огт хамаагүй бөгөөд Халхын дөрвөн аймаг боловч ДИУ-ын нэг хэсэг газар мөн амуй. Богд хааны цолыг Юань Ши Кайгаас өргөмжлөхөөр тогтов хэмээснийг үзвээс түмэн үед хүртэл гутамшиг зэмлэлийг хоцроож байна. Иймээс ДИУ-тай цэрэглэн дайтъя хэмээн санал болгожээ. Үүний хариуд Богд хаан тусгай зарлиг буулгаж Хиагтын гэрээг зөрчиж болохгүй учрыг ухуулсан хариу хүргүүлсэн байна. Мөн Өвөр монголын харьяат түшмэл цэргүүдээс Монголд суурьшин суух буюу уул нутагтаа буцах хүсэлтэй хүмүүсийг дур саналаар нь болгохыг Дотоод Яаманд даалгасан байна. Гэтэл Бавуужав дээрх зарлигийг хүлээн авмагцаа дахин элч зарж, Зүүн хязгаарыг тохинуулах сайд Ж.Галсандашид захидал ирүүлж өмнөх саналаа дахин илэрхийлж өөрийн цэрэгт хэрэглэх туг хиур, тэмдэг ба сахиус таван мянга, хэрэглэх буу зэвсэг, агт уналга, цалин хүнс зэргийг цөм хүрэлцэхээр олгохыг мэдэгдсэн байна. Галсандаш энэхүү захидлыг тэр хэвээр нь Засгийн Газар хүргүүлснийг Монголын бүх яамны сайд нар үзэж зөвлөн хэлэлцээд “аливаа хэрэгт шударга сайд чин зоригоор журмыг гүйцэтгэх нь зүй мөн боловч хэргийн тухай тохиолдуулахгүй болбаас догшин моринд хазааргүй адил хэмээсэн мэт нэгэнт тогтсон гэрээг зөрчиж хязгаарын цэргийг татахгүй байлдах дайтахад хүргүүлбээс олон монголчуудыг дэмий зовоон чирэгдүүлэх болно” гэдгийг анхааруулаад түүнд хувцас хэрэглэл, зэвсэг, уналга, орон сууц олгохоо түдгэлзэж байлаа. Хүйтэн сэрүүн болж, олон хоног хээр хуарагнан суусан цэргүүдийн хувцас хэрэглэл ихээхэн дутагдаж байсан учраас Бавуужав тэр үед агт уналга хоол хүнсний зүйлээ тэндэхийн ард олноос хүчээр олж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн байлаа.
Гэвч Бавуужав Монголын Засгийн Газарт өөрийнхөө бодол саналыг дахин учирлан бичиглэж ямар хариу ирүүлэхийг хүлээж, Хуучид вангийн хошуунд түр сууж байв. Бавуужав Хиагтын хэлэлцээрийн шийдвэрт эгдүүцэн ДИУ-ын эсрэг тэмцэх байдалд шилжих төлөвтэй болж байсан явдлыг Японы улс төрийн бодлоготнууд өөртөө ашиглахыг хичээж байлаа. Японы Засгийн Газар 1915 оны эхээр ДИУ-д тулгасан “21 зүйлийн шаардлага”-ын тухай хэлэлцээр хийсээр хэдэн сар болоход Бээжингийн Засгийн Газар хүлээн авахгүй байсан учир Япон улс хүч хэрэглэхээр шийдвэрлэж олон мянган цэргийг Манжуур болон Шандунгийн чиглэлээр оруулжээ. Үүний сацуу ДИУ-ын эсрэг тэмцэж байгаа Бавуужавыг Япон улс ашиглахаар шийдсэн байв. Тиймээс ч Миори хэмээх япон офицерийг эмчийн дүрээр илгээж Бавуужавтай уулзуулж зэр зэвсэг, мөнгө найр тавин өгөхөөр бэлтгэж байсан тухай ДИУ-ын Гадаад Яам Бээжин дэх Оросын элчин Крупенскийд мэдэгдсэнийг тэр дор нь 1915 оны 7 дугаар сарын 6-нд Петербургт мэдээлж, Нийслэл Хүрээ, Хайлар, Чанчунд суугаа дипломат төлөөлөгчиддөө анхааруулж байв. Бас 1915 оны наймдугаар сарын З1-нд ДИУ-ын Засгийн Газар Оросын элчинд мэдэгдэхдээ: “Бавуужав Өвөр монголд дайсагнасан үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байгаа төдийгүй сүүлийн үед японы зөвлөхүүд ирж түүнд туслах боллоо. Энэ талаар анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ. Тэр үед буюу 1915 оны 9 дүгээр сарын 24-нд Хайларт сууж байсан Оросын дэд консул Усатый Оросын ГЯЯ-нд мэдээлснээс үзвэл японоос арав гаруй хүнийг Бавуужавын дэргэд очуулж нилээд хэмжээний зэр зэвсэг өгснийг мэдээлсэн байна. Үүний дараа 1915 оны 10-р сард Хаант Орос ДИУ-ын хамтарсан шаардлагын дагуу Монголын Засгийн Газар Бавуужавын цэрэг байлдааны үйл ажиллагааг зогсоолгохын тулд ван Дамдинсүрэнг томилж Бавуужавтай уулзуулж учирлан ятгуулсан боловч тэрбээр цэргээ татан буулгахгүй гэдгээ мэдэгдэж, харин ч Япон улсаас тусламж авахаар тохиролцож дуусаад буй хэмээн ярьжээ.
Монголын Засгийн Газар Бавуужавын энэ байдлыг Хаант Орост мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу аваагүй ажээ. Мөн үүнээс өмнө ДИУ-ын Засгийн Газар Бавуужав Японтой ойртох болсныг Хаант Орост мэдэгдсэний хариу ч тодорхой бусаар өнгөрсөн бололтой байдаг. Энэ бол Хаант Орос Бавуужавын үзүүлсэн гавьяа зүтгэлийг бас ч хоосоор өнгөрүүлээгүйн илрэл байж болох юм.
Бавуужав Япон улстай ойртож байгаа нь яваандаа ямар ч үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн ДИУ мөн оны 10-р сарын эхээр их хэмжээний цэргийг Бавуужавын эсрэг мордуулж, энэ тухайгаа Бээжин дэх Оросын элчин сайдад зориуд мэдэгдэж байлаа. Уул мэдэгдэлд дурдсанаар бол ДИУ-ын тэрхүү цэрэг Гадаад Монгол, Баргын алинд нь ч халдахгүй зөвхөн Бавуужавын үймээнийг дарах зорилготой байв. Урьд нь Бавуужав Хаант Оросын эрх ашигт нийцсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ба түүний тэмцлийн гол зорилго нь зөвхөн хятадын түрэмгийлэгчдийн эсрэг чиглэснийг Орос Улс сайтар ойлгож байсан болохоор түүний тэмцэлд дэмжлэг туслалцаа үзүүлж болзошгүй хэмээн ДИУ-ын Засгийн Газар болгоомжилж байлаа. Тиймээс ч Бавуужавын эсрэг цэрэг мордуулснаа зориуд Оросын элчин сайдад мэдэгдсэн бололтой.
Үргэлжлэл бий
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 1

  1. tsogoo says:

    Сонирхолтой түүх байна. Бавуужавыг урвагч хулгай Сүхбаатар цэрэглэн очиж түүнийг дараж байсан гэх мэт гуйвуулсан түүхийн бичлэг л их уншиж байлаа. Одоо л монголын 19-20-р зууны түүхийн бичлэгийг засварлаж байнадаа. Дилав хутагт, Бавуужав гэх мэтээр. Нэг өвөрлөгч хүний яриж байсан зүйлийг энд товчлон бичье. Хятад улсаас нэгдсэн төр улс болох Хятад улс гэсэн бодлого ба хятад хүн гэсэн бодлогыг маш эрчимтэй явуулж байгаа. Үүнд Хятад хүн гэдэг нь Хятад их гүрний бүх хүн орно (Монгол, уйгар, түвд, Ху гэх мэт бүх үндэстэн, ястан). Тиймээс Чингис хаан, Соронзоболд хаан гээд одоогийн Хятад хүн гэдэг категорд орж байгаа бусад үндэстэний их хаад ч гэсэн Хятад хүн мөн гэсэн үзэл сурталыг 10 жилээс нь заадаг болсон гэж мөн Панмонгол, Тусгаартогтнолын төлөө тулалдаж тэмцсэн бүх л хүмүүс бол нэгдсэн хятад орны эсрэг хүмүүс иймээс тэднийг бүгдийг нь урвагч, дээрэм тонуул хийдэг жижиг дээрэмчин гэсэн байдлаар түүхийн номондоо бичдэг нэж тэр өвөрлөгч яриж байсан. Чухал сэдэв хөндсөн судлаачид баярлалаа

  2. Ийм учиртай байжээ.

  3. tsogoo says:

    Хүмүүс нээрээ сонин шүү. Ийм сонирхолтой нийтлэлийн доор болохоор ямар ч сэтгэгдэл байхгүй. харин улс төрийн нийтлэл байсан бол одоо үй түмэн сэтгэгдэлээр бөмбөгдүүлсэн байгаадаа. Монголчуудын идэхийг хүсэж байгаа оюуны талх нь улстөр болсон юм уудаа. Тийм ч болохоор сонин ТV бүгд л улстөржих юм. харамсалтай

  4. delgermaa says:

    ar ovor mongolchuud 1911-1915 oni hoorond zevsegiin hucheer hyatadin undesnii huv’sgalig dalimduulan negdeh bolomj her ondor baisan um boldoo, yamarch mongolchuud negdej baij amjiltand hurne gedgiig ter ueiin baatruud medej baij, chadalaaraa zutgej…ar mongolin tusgaar togtonol asar ih uneer oldsong bid martaj bolohgui ee..

  5. Bold says:

    Saihan tuuhen kino hiimeer yum bna. Odoo manai 15-25 nasnii zaluuchuud ugug deedes maani tusgaar togtnoliinhoo tuluu yaj temtsej baisniig neg ih sonirhoddoggui yum bna lee!!! Gankhuyag ahad Bayarlalaa. Er ni heduulee mungu bosgoj ene nomiig hevluulbel yamar ve?

  6. bi says:

    sonirholtoi saihan tuuh bn hyataduud dandaa tuuhiig guvuulj bdag zevuun novshnuud tednii esreg temtsen bol ter hun manai baatar ni oilgomjtoi

  7. Anonymous says:

    Лонжид гуай ч үнэхээр түүхч байх аа. Цаг цагийнхаа нурангид дарагдсан, орхигдсон түүхийн балархай, тасархай, хэрийн “түүхч, судлаач” харж танихгүй нарийн ээдрээтэй түүхийн эрдэнийг шинжин олж, цэгнэн таньж, эвлүүлж, уялдуулж, гагцхүү үнэн мөнөөр нь сэргээдэг, цагийн хувьсалд нийцүүлэн нийт олонд хүртээхийг хичээдэг хүн одоон цагт энэ эрдэмт эрхэмээс өөр бий болов уу? Ээ дээ, үгүй байх аа. Ганаа, бололцоогоороо дэмжиж, нийтэд түгээж байгаад чинь талархаад барахгүй. “Монгол нохой” билэв үү нэртэй бэсрэгхэн нонм байх ёстой. Нохойн тухай юм болов уу гээд хальт харсан чинь монгол мал маллагаа, гэрийн амьтаныг хайрлах уламжлал бололтой байсан, бас хэвлүүлж чадаагүй яваа байх даа. Залуучууд сонирхмоор л юм.

  8. gemergen says:

    цөөхнөөр хятадын олныг дийлсэн нь Богд хааны ач аврал, гурван эрдэнийн омтгойгүй адистадын чанар мөн”. Оймс гутлаа элээлгүй амьтны “тусыг” хутган үйлдэгч мөн дөө.

    “яргачин зандалчинд шударга баатар цол шагнан хүртээнэ…”
    Богдын найруулгаар явж байгаа юм бишүү.

    Boshgig halahsan! http://shugdan.narod.ru/CIA_Dalai_lama.html

  9. gankhuyag says:

    Энд монгол блог монголчуудынхаа тухай ярьж байна, танай хятадын сайт биш.

  10. УДВАЛ. says:

    түүхэн хүний тухай бичсэн гоё нийтлэл байна их баярллаа. энэ Бавуужавын болон Сумьяа бэйсийн тухай унших их хүсэлтэй байсан юм. . Их баярллаа шүү . Ганхуяг гуай. танд амжилт хүсэе. бас хэлмэгдэлийн үед хэлмэгдсэн Дунгаржид, Май бэйсийн Дулмаа нарын болон Хэнтийн мэргэн бөөдий Ламаадан гэгэч хүүхдийн тухай мэдээлэл олж унших гээд чадахгүй болхоор энэ талаар биичих боломж байна уу? гэж таниас хүсч байна. Танд зав болон боломж байдаг бол бичиж өгвөл баярлана шүү. Танд сайн сайханыг хүсэе.

  11. уншигч says:

    танд баярллаа. ажилын амжилд хүсэж эрүүл энхийг хүсэе.

  12. Ganzorig says:

    Сонин түүхтэй хүн байна. Бас Хар тамхины дайнд Манжийн армийн бүрэлдэхүүнд Монголын морит цэрэг тулалдаж байсан тухай уншиж байсан санагдана. Тэр тухай материал байдаг болов уу?

  13. Sonirkhogch says:

    Lo bagsh bol namtar sudlalaar bidnii urdaa barih khun yum shuu dee. Manai hureelengiinkhen yu hiij baidag yum bol doo. Sayahan neg emhtgel hevluulsen gej duuldsan. Uur unetei nom sudalgaa baival bid fund gargaj ugye. Odoo ch en zeregtseh buurluud hovor l boljiino doo. Daruukhan khundee BI-eer uvchluugui uldsen manai tsuukhun buurluudiin neg gej boddog yum. Amjilh husye.Lo bagsh urt naslaarai.

    • Anonymous says:

      Энэ мэт маш олон үнэн түүх гадна, дотны олон шахалт нөлөөнд автан балартаж, гуйвуулагдаж өдийг хүрчээ. Одоо л энэ мэт эрдэнэ шиг хүмүүсээсээ үнэн түүхээ сийрүүлж ном, товхимол болгож авахгүй бол унаад өгвөл залуучууд бид хэзээ ч мэдэхгүй, үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээж чадахгүй нь байна… БИД ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭЭД ИХ БАГА ГЭЛТГҮЙ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЦУГЛУУЛААД ДЭМ БОЛЖ БОЛНО ШҮҮДЭЭ. Эцэст нь л гэхэд Монголд минь л хэрэгтэй… Ганхуяг ахад хэлэхэд: Номыг хэвлэлийн газарт нь арай хямд үнээр хэвлүүлж болдог арга бий. Сонирхвол аргыг нь хэлээд өгч болно оо.

  14. Odpurev says:

    Бахархмаар бас өрөвдмөөр түүх юмаа. Монголынхоо төлөө зүтгээд сүүлдээ гайтай хиагтын гэрээнээс болж хавчигдаж ганцаардаж эхэлсэн байна. Ийм тодорхой түүхийг нь уншиж байсангүй. Сайхан бичлэг байна. Ер нь энэ манай улс тусгаар тогтнолоо олох манж хятадаас салахаар тэмцэж байсан 1911 оны үед өвөрмонголоос ирж монголын төлөө зүтгэцгээж цэрэг удирдан тэмцэж байсан баатруудад монгол улс хөшөө босгож алдар гавьяаг нь үүрд дархлах ёстой юм байна гэж бодогдох боллоо. Эдгээр хүмүүс амь хайргүй тэмцсэний үр дүнд бидний өнөөдөр бий болсон. Тийм учраас бид эргээд тэдэнд хөшөө босгох тав арван цаас, алга дарам газарыг шийдэж өгөх ёстой. Ёс суртахууны хувьд ч тэр. Бавуужав хятад руу дайрч байсаны хүчээр ДИУ юун монголыг түрэмгийлэх битгий хэл Бавуужавыг яая даа гэж анхаар нь өөр юм руу хандаж байсан байна.

  15. Odpurev says:

    Дунд сургуулийн түүхийн хичээлийн программд ч оруулах ёстой. Бидний хойч үе бидэн шиг үнэн түүхээ мэдэхгүй улсууд болох ёсгүй. Энэ өвөрмонголын баатаруудын талаар тусад нь ном гаргах хэрэгтэй.

  16. Anonymous says:

    yooyo, unshih tusam uur hurseer baigaad arai gj duusgalaa.

  17. Munkhtur says:

    Unshih tusam baharhal, hairlal, haruusal, gemshil tursuur nulimstai duusgaw!
    Tuuhen iim baatruudaa todruulan gargaj, tuuh namtryg n tumend hurteej, hushuu dursgalyg n bosgoh n bidnii uureg boloi! Uwur Mongol, Baruun Mongol, Tuwa, Buriad, Barga ah duu naraa zolin baij olj awsan bidnii tusgaar togtnolyn une tsen tednii yas tsus, horsol, nulims, ami nasaar hemjigdene! Suns n amrah boltugai! Shudarga baatar Bawuujaw tanaa mehiin yosloyo!
    Tuuhch Lonjid guai, Ulzii guai, sudlaach Ganhuyag guai nart gunee talarhya!
    Hundetgesen: Luvsanjambaagiin Munkhtur

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: