БАЯРЛАХ УУ, УЙЛАХ УУ…

Бөөн дайн дажин болж байж Оюу Толгойн гэрээг баталж байх шиг. Ер нь бол толгой эргэм хурдтайгаар Монголын ашигт малтмал, эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд дэлхийн эргэлтэд орж байна. Зэс л гэнэ, уран л гэнэ, нүүрс л гэнэ….Ямар гэсэн одоо Таван Толгойн ээлж ирэв. Манайхан ашигт малтмалаа харамлаж хав дарах нэг тал, баруун солгойгүй зарж идэх гэсэн хоёр тал болчихжээ. Зарж идэх тал нь илүү давуу талтай байгаа бөгөөд харин хэнд өгөх буюу хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг дээр ахиад л дажин хийх шинжтэй. Юу ч үл мэдэх, юуг ч үл эрэгцүүлэх дүүрчихсэн тэнэгүүд хэвлэл мэдээллээр донгосоод асуудлыг шийддэг юм огт биш. Иймээс ерөнхий нөхцөл байдал ямар байгаа талаар зарим бодитой мэдээллийг хүргэсү. Энэ нь миний зунжингаа дуугай байсны гол шалтгаан гэдгийг манай уншигчид ойлгоно гэдэгт найдаж байна.
Сөнөсөн төлөвлөгөө
Аль дивангалавын 1995 онд УИХ “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал” гэсэн ихээхэн ач холбогдолтой баримт бичиг боловсруулсан юм. Тэрхүү стратегийн баримт бичгийн нууц (одоо нууц байхаа больсон биз) хавсралтад цагаан дээр хараар ингэж бичсэн байдгийг одоо санахад илүүдэхгүй.
Таван Толгойн орд газрыг түшиглүүлэн байгуулах уурхайн хүчин чадлыг 2005 оноос дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд 3 сая тонн коксжих, 0,6 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүч чадлыг 2007 онд ашиглалтад оруулах, хоёр дахь ээлж 3,4 сая тонн нүүрс олборлох хүч чадлыг баяжуулах фабрикийн хамт 2008 оноос барьж ашиглалтад оруулснаар уурхайн ний хүч чадал 7 сая тоннд хүрч, үүнээс 4,6 сая тонн коксжих нүүрсний баяжмал гаргах юм. Цаашид III ээлжинд 20 сая тонн нүүрс олборлох хүргэнэ гэхэд баримжаа тооцоогоор 1-1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай боловч хамтарсан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 2-оос доошгүй орон оролцоно гэж үзээд Монголын талын гаргах хөрөнгийг 120 тэрбум төгрөг буюу 300 орчим сая доллар болох юм гэж үзэв. Таван Толгойн ордыг эзэмшсэнээр кокс химийн үйлдвэрлэл хөгжихөд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Энэ бол ЗХУ-ын үед хийсэн техник-эдийн засгийн үндэслэлд тулгуурлан хийсэн тооцоо юм. 1995 онд манай эдийн засгийн байдал туйлын хүнд байсан нь мэдээжийн хэрэг. Ямар ч гэсэн манайхан энэ орд газрыг хамтран ашиглах түнш хайж дэлхийгээр нэг давхисан юмдаг. Миний мэдэж байгаагаар П.Жасрайн Засгийн Газар Хятадад санал тавьсан юм. Тэр үед Хятадад мөнгө байгаагүй юмуу, аль эсвэл өөр тооцоо байсан уу бүү мэд: “Манайх энэ хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргаж болж байна, харин үлдсэнийг нь Та нар тэр “шинэ сайн хөрш”-үүдээсээ олохгүй юу” гэсэн хариу өгсөн байдаг.
Тэр үед Орос өөрөө хямраад сүйд болж байсан цаг. Барууны компаниуд нэг сонирхмоор болж ирснээ гараад явчихсан юмдаг. Жишээлбэл, дэлхийн гигант BHB Billiton –ыг дурдаж болно. Энд нүүрснээс гадна манай улс төр, эдийн засгийн балиар орчин их нөлөөлсөн нь гарцаагүй юм.
Төр засаг ухаантай юм нь 1995 оны энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн оронд ашигт малтмалаа нууцаар зардаг, булааж авдаг хэсэг дээрэмчдийн төлөөлөл болсонд хамаг гай оршиж байгаа нь хэнд ч тодорхой. Баримт ч хэтэрхий олон бий дээ…
Бид л нүүрс, зэс, уран, мөнгө гэхчлэн дан дангаар нь яриад байдаг болохоос биш, эдгээр нь дэлхийн зах зээл дээр хатуу шүтэн барилдлагатай борлогддог юм байна. Ямар ч металлыг нүүрсээр, тэр тусмаа коксжих нүүрсээр хайлуулдаг нь тодорхой юм. Иймээс дэлхийн эдийн засгийн хямрал болж байлаа ч гэсэн нүүрсний үнэ асар хурдан өсөж байна. Үүнээс болж дэлхий дахинаа эрчим хүч тээгч-нефть, хий, нүүрсний дайн болж байна. Энэ дайн манайд нэгэнт ороод иржээ. Тэгэхлээр энэ бол эдийн засгийн асуудал биш, тусгаар тогтнолын асуудал болж байна гэж би дүгнэж байна.
Нүүрс
Нүүрсний Дэлхийн институтын тооцоогоор дэлхий дээрх нүүрсний нөөцийг 14,6 триллион тонн гэж үздэг ба дэлхийн эрчим хүчний 26 хувийг, мөн цахилгааны 41 хувийг нүүрсээр хангадаг байна.
“BP Statistical Review of World Energy”-ийн 2008 оны сүүлийн мэдээгээр нийтдээ 70 гаруй орон нүүрс олборлодог хэдий ч дэлхийн нүүрсний нөөцийн 28,6 хувь АНУ, 18,5 хувь Орос, 13,5 хувь Хятад, 9 хувь Австрали, 6,7 хувь Энэтхэгт ногддог аж.
Харин дэлхийн нүүрсний үйлдвэрлэлд Хятад 41,1 %, АНУ 18,7 %, Энэтхэг 5,8 %, Австрали 6,9 хувь, Өмнөд Африк 4,8 %, харин Орос 4,7 хувийг тус тус эзэлдэг байна.
Сүүлийн арван жилд Ази-Номхон далайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл 2 дахин өссөн байхад Хойт Америкийнх хуучин хэвэндээ, харин Европынх буурсан байна.
“World Energy Outlook” олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2030 он гэхэд нүүрсний цахилгаан эрчим хүч 44 хувиар өсөх аж.
Ингэхлээр 270 гаруй жилийн нөөцтэй гэж тооцож буй нүүрс ойрын ирээдүйд эрчим хүчний гол эх үүсвэр болох нь тодорхой байна. Чухам энд л гол баялаг, бас түүнийг дагалдсан аюул байгаа.
Нүүрсний дэлхийн институтын мэдээлснээр коксждог нүүрсний (антрацит) үйлдвэрлэл хүрэн нүүрснийхээсээ (лигнит) 9 дахин хурдан өсчээ. Манай Таван Толгойн 40 хувь нь коксждог нүүрс буюу антрацит байгааг бид сайн мэднэ.
Австрали, Индонези, Орос, Хятад, Өмнөд Африк зэрэг 5 улс дэлхийн нүүрсний экспортын 70-80 хувийг эзлэхийн хамт үнийг нь тодорхойлдог байна.
Коксждог нүүрс
Өнөөдөр дэлхийн металлургад нүүрсний үйлдвэрлэлийн 13% -ийг, чингэхдээ хамгийн чанар сайтайг нь ашигладаг. Энэ бол коксждог нүүрс юм. Үүгээр дэлхийн металлын 70 орчим хувийг хайлуулдаг. Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа хэдий ч металлургийн үйлдвэрлэл тогтвортой өсч, хурдац нь нэмэгдэх хандлага байгаа юм байна. Иймээс үүнийг дагаад ойрын жилүүдэд нүүрс, тэр тусмаа коксждог нүүрсний хэрэглээ, үнэ тогтвортой өснө гэдгийг нэр хүндтэй олон байгууллагын прогноз харуулж байна.
Хятад бага хүчин чадалтай, аюул ихтэй уурхайнуудаа хааж, цөөн гол ордуудыг эзэмших болсон, мөн стратегийн нөөц бий болгох шаардлага гарсан учир нүүрсний хэрэгцээ нь улам ихэсч байгаа аж. Зарим прогнозоор хятадын коксждог нүүрсний импорт 2006 онд 8,7 сая тонн байсан бол 2012 онд 24 сая тонн болж өсөх аж.
Орост хоёр ч уурхай нь дэлбэрснээс болж коксждог нүүрсний дутагдалд ороод байна. Тэд янз бүрийн корпораци, консорциум байгуулж манайд олон удаа санал тавьсан боловч амжилт олоогүй тул сүүлийн үед төрийн мэдлийн шинэ корпорациуд бий болж хүчээ нэгтгэж байна.
Бусад улсуудын байдал хэвэндээ байгаа тохиолдолд ч коксждог нүүрсний хэрэгцээ болон үнэ үсрэлтийн байдлаар өсөх нь тодорхой байна.
Иймээс зарим хүний “нүүрс үнс болно” гэсэн дүгнэлт хоосон хийсвэрлэл гэдэг нь эндээс харагдаж байна.
Уран
Уран бол эрчим хүчний ирээдүй юм. Түүнийг бараг бүхэлд нь дэлхийн томчууд хянаж байдаг ба олборлолтоороо Канад, Австрали, Казахстан, Орос, АНУ, Украйн, Хятад гэсэн дараалалтай аж.
Компаниудын хувьд гэвэл дандаа томчууд бөгөөд харин бидний сайн мэдэх BHP Billiton болон Rio Tinto тэдний тоонд орж байна. Энэ нь эрчим хүч, металлург, төмөр замын нэгдэл бий болж байна гэсэн дээр хэлсэн дүгнэлтийг баталж байна.
Оросын уран олборлолт бараг бүхэлдээ Байгалийн чанад, түүний дотор 97 хувь нь манай хойхон Чит мужид байдаг юм. Ингээд одоо манайх нэмэгдэж байна.
Хэдхэн жилийн өмнө Оросууд “Росатом” гэсэн төрийн өмчийн томоохон корпораци байгуулж, тэр нь уран болон цөмийн холбогдолтой бүх асуудлыг хариуцдаг болсон. Түүнийг Оросын ерөнхий сайд байсан Сергей Кириенко даргалдаг бөгөөд тэрээр сая Д.Медведевтэй хамт манайд ирж том бөгөөд ашигтай гэрээ хийж амжсан.
“Росатом”-д том гэсэн үг дэндүү багадана. Тэд дэлхийн баяжуулсан ураны 40 гаруй хувийг хянаж, мөн 40 гаруй оронд нийлүүлдэг. Мөн Герман, Солонгос, Японд салбаруудтай. Ингэхлээр монголын уран бусад ашигт малтмалтайгаа хамт төмөр замтай холбогдож байгаа нь илт байна. Энэ бол геополитикийн сөргөлдөөний асуудал болох нь нэгэнт тодорхой юм.
Bloomberg-ийн мэдээллээр 2015 онд ураны хэрэглээ 2009 оныхоос 19% өсөх ба Дэлхийн цөмийн ассоциаци 2030 он гэхэд ураны эрэлт 30% хүрнэ гэсэн прогноз хийжээ.
Өнгөрсөн оноос хойш энэ оны 7 сар гэхэд ураны үнэ аль хэдийн 20 хувь өссөн бөгөөд 2009 оны сүүл гэхэд 20 хувь өснө гэж Оросын голлох экспертүүд үзэж байна.
Ураныг нээлттэй зах зээл дээр наймаалдаггүй бөгөөд голдуу удаан хугацааны, хоёр талын гэрээгээр гүйцэтгэдэг байна.
Сергей Кириенко: Ураны үнэ тогтвортой бөгөөд системтэй өсөх бөгөөд хямрал манай салбарт огт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна.
Хэдхэн өдрийн өмнө “Росатом”-д багтдаг “Техснабэкспорт” кампани америкийн “Fuelco” бүлгийн 3 кампанитай удаан хугацааны гэрээ хийж тэдэнд баяжуулсан уран нийлүүлэх болсон байна. Мөнөөх С.Кириенко: “энэхүү гэрээний нийт хэмжээ 1 миллиард доллар болсон” гэж саяхан мэдэгдэв.

Дэлхийн хандлага
Сүүлийн хэдхэн жилд ашигт малтмалтай холбоотой хэд хэдэн хандлага бий болжээ.
1. Нүүрсний үйлдвэрлэл, түүний дотор коксждог нүүрсний үнэ огцом, тогтвортой өсч байна.
2. Нүүрсний бизнес металлург, эрчим хүч (жишээлбэл уран) болон тээврийн кампаниудад нэгдэж байна. Эсвэл урвуугаар эдгээр кампаниуд нүүрсний кампаниудад нэгдэж байна.
3. Геополитикийн шинэ бүлэглэлүүд нүүрсийг тойрон бий болж, тэдний ашигт малтмал тойрсон үйл ажиллагаа асар идэвхжиж байна.
4. Нүүрс, өнгөт болон хар металлург, эрчим хүч, тээвэр зэрэг олон салбарыг хамтад нь хамарсан комплекс (?!) хурц өрсөлдөөн болох нь гарцаагүй байна. Харин манайхан дан дангаар нь ярьдаг нь дэндүү тэнэг явдал аж.
5. Ашигт малтмалын салбар дахь өрсөлдөөн нь Засгийн газрууд болон үндэстэн дамжсан компаниуд зэрэг олон чиглэлд болж буй болохоор мөн чанар, хандлагыг нь олоход хүндрэлтэй байна.
6. Монголд л гэхэд Орос, Хятад, АНУ, Япон, Герман, Өмнөд Солонгосын засгийн газрууд болон “Том гурвал” гэж нэрлэгдсэн бразилийн Vale, австралийн BHP Billiton болон Rio Tinto (энэ гурвыг “Том гурвал” гэдэг), америкийн Peabody, хятадын Shenhua Energy, швейцарийн Xstrata кампаниудын ашиг сонирхол огтлолцож байна.
7. Орос болон Хятадын томоохон улсуудын кампаниуд нэгдэн томорч тэднээс дутахааргүй аварга хэмжээ, нөлөөтэй болж байна.
8. Гэхдээ тэдний өрсөлдөөн хэтэрхий ширүүн бөгөөд Засгийн газрууд нь арай ядан зохицуулж байна.
Хятад
2008 оны 9 сард Хятадын газрын болон байгалийн баялгийн яам Хятадын төрийн зөвлөлд хандаж нүүрсний төрийн стратегийн нөөц бий болгох төлөвлөгөөгөө өөрчлөх санал тавьжээ. Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэд Хятадын Хөгжил, өөрчлөлтийн Хороо гэж байдаг, бас түүний дэргэд Нүүрсний мэдээллийн хятадын Институт байдаг аж. “Хятад орон нүүрсээр баян ч гэсэн бид түүнийг мухар сохроор олборлож болохгүй. Ирээдүйд ашиглахын тулд нүүрсний зарим орд газрыг хадгалах хэрэгтэй” гэж энэ Институт үзэж байна.
2008 онд Хятад-Монголын хамтарсан олборлох төслүүдийг (төсөл гэсэн ганц тоо биш шүү дээ) хөгжүүлэх гэрээг манайхан байгуулсан бөгөөд одоо хятадын уул уурхайн “Wulond” кампани Монголоос төмөр олборлох ажилд нэгэнт орж, мөн тэдний “Kaiyu” кампани манай 30.000 квадрат километр талбайд хайгуул хийж байна.
Хятадын гадаад бодлогын монголын чиглэлийг Хятад Улсын дэд дарга Си Цинпин хариуцдаг агаад түүнийг 2012 онд ХКН-ын дарга болох хүн гэж ярилцдаг. Си Цинпин нэгэн удаа монголын чиглэлд амжилт олохын тулд ямар ресурс хайрлахгүй гэсэн удаатай.
Уг нь бол Хятад нүүрсний ихээхэн нөөцтэй, өөрийгөө өлхөн хангаж чадахаар боловч металлаар их дутмаг юм.
Хятадын энэ талын мэдээлэл их бага байх нь мэдээжийн хэрэг.
Орос
Орост ёстой ашигт малтмалын “дайн” болж байна. Түүнд бүх томчууд нь давхиад орчихож.
Оросууд Транс Сибирийн төмөр замаа ашиглан монголын ашигт малтмалыг Алс Дорнодоороо дамжуулан гаргахыг эрмэлзэж байна. Харин АНУ, Япон, Хятад, Солонгос зэрэг улсууд Монголын өмнөд хилээс Бохайн булан дахь хятадын хамгийн ойрын боомтоос гаргахыг эрмэлзэж байна. Ингээд ашигт малтмалын асуудалд төмөр зам ороод ирэх нь энэ. Энэ талаар сэтгүүлч А.Баатархуяг “Төмөр урхи” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичсэн байгаа. Ингэж баймаажин “Орос BHB Billiton” бий болгож чадах юм. Энэ ч бараг биелсэн биз.
Оросын “Севесталь”, “Базовый элемент” (заримдаа БАЗЕЛ ч гэдэг), “Ренова, “Мечел” (үүнийг В.Путин зайлуулах гэж байгаа), саявтар шинээр байгуулсан “En-Group”, “Металлинвест” зэрэг хэт аварга компаниуд болон алдарт О. Дерипаско, В.Потанин, Алишер Усманов, Роман Абрамович, Олег Прохоров нар гол тоглогчид болж заримдаа нөхөрлөж, заримдаа дайсагнаж байна. Харин хандлага нь бол нийлэн томрох шинжтэй нь тодорхой байна.
Оросууд Байгал нуурын нэлээд зүүнтэй байх Удоканы зэсийн ордыг эзэмших тендерийг хэдэн жилийн өмнө зарласан юм. Саявтар нэгэн буриад сайтаас энэхүү Удокан гэдэг нь монголын Удган гэсэн үг гэдгийг олж мэдлээ. Оросуудын аз болоход энэ орд нь Байгал- Амарын төмөр замтай их ойр байдаг юм байна.
Тэгээд 5 томчууд өрсөлдөөд А.Усмановын “Металлинвест” корпораци ялсан аж. Үүнээс болж бөөн хэрүүл болжээ. Энэ үед нь төр оролцож “Ростехнологи” гэгч төрийн өмчийн корпораци байгуулж ихэнхи хувьцааг нь өөрөө аваад даргаар нь Сергей Чемезовыг томилжээ. Тэр бас л Д.Медведевтэй хамт Монголд сая ирсэн.
Энэхүү “Ростехнологи” өндөр технологи, батлан хамгаалах чиглэлийн 426 томоохон компанийг нэгтгэсэн хэт аварга корпораци бөгөөд дашрамд дурдахад манай “Эрдэнэт”, “Монголросцветмет” энд харъяалагдана.
Манайхан
За байдал ийм л байна. Тэгээд өөрсдийнхөө байж байгаа царайг нэг хар даа. Шууд хэлэхэд манай монголчууд энэ яваа насандаа худалдаа гэдгийг огт мэдэхгүй шахам ард түмэн. Одоо ч гэсэн түүнээсээ нэг их дээрдээгүй гэж бодож байна. Хүчтэй байхдаа дайн хийгээд булаагаад авчихдаг байсан л юм байгаа биз. Одоо маниусын тэнэгийг далимдуулаад булаах гээд байна, наана чинь…
Ашигт малтмалыг хурдан морь, хөөрөг зарах гэж байгаа мэт ойлгож, худалдааг даалуу тоглож байгаа юм шиг санах нь дэндүү гачлантай. Энэнд ч гэсэн манайхан нэг их шалихгүй бөгөөд далуудаж даалуудаж хоттой хонио тавиад туучихдаг тохиолдол олон бий ш дээ…
Манай Засгийн Газарт Deutshe Bank болон JP Morgan зөвлөгөө өгч байгаа боловч манай төр “жип унасан толгойгүй хүмүүс”-ээр дүүрчихсэн учраас ямар ч нэмэр алга.
Бас БИ болбоос “ТББ”, “НАМ” гэдэг ард түмэн байна гэж хэдхэн нөхөр шалихгүй мөнгөөр хүний өмнөөс тоглохоо больж үзмээр байна. Иргэд нь ч гэсэн мэдэхгүй юмаа донгосохоо жаахан татвал зүгээр л юмсан…
Баярлах, эсвэл уйлахаасаа өмнө толгойгоо жаахан ажиллуулбал яасан юм…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 9 дүгээр сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to БАЯРЛАХ УУ, УЙЛАХ УУ…

  1. jagaa says:

    Таныг удаан хүлээсний эцэст уншлаа.яачихсан юм бол… гэж бодож, бас санаа зовж л байлаа. Сүүлийн үед манай нийгэмд болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр ойлгохын тулд таны юу хэлэх нь миний хувьд чухал байсан. Баярлах уу, Уйлах уу-г гурав уншлаа. Дашрамд хэлэхэд таны блогийг уншаад их удаж,дуусахгүй л байна. Учир нь сайн бодож, эргэцүүлж, дахиж унших ёстой болдог. Танд амжилт хүсье.

  2. Nomin Erdene says:

    mongoliinxoo ireeduig endees l orj irj unshxiim

  3. gankhuyag says:

    Хэрэв вирустай бол зарим сэтгэгдэл ордоггүй юм л даа. Гэхдээ нэг авууштай сэтгэгдэл байна. Үүнийг Болд гэгдэг хүн бичжээ:
    “Submitted on 2009/09/03 at 11:07am
    Иргэдийг дуугүй болгож яахнав. Харин ч ярьж л байг. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан улс гээ биз дээ.”
    Та зөв хэлж байна. Гэхдээ хүний үг хэлэх эрх чөлөө болон иргэний мэдэл (компетент шинж) хоёр байнга зөрчилдөж байдаг. Эндээс хүн үг хэлэхдээ ямар нэг хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой гэсэн ёс суртахууны ч гэмээр гаргалгаа гарна. Судалгаанаас үзэхэд манайхан үг хэлэх нь хэтэрч, мэдэх нь багасч байгаа. Үүнээс болж үзэл бодлын асар их савалгаа гардаг. Гэхдээ энэ бол их маргаантай асуудал л даа. Танд баярлалаа.

  4. eh oronch says:

    Minii bodloor harin ch mongolchuud geopolytic-iin huvid ashitai nuudluud hiij baigaan bishuu? Ali neg ulsaas buren haraat bish, olon taliin ashig sonirhluudiig zorchildohgui baihaar bolgoj baina gesen bodoltoi baina. Oyutolgoig baruunii companyd, busdiig ni uraniig oros japand, nuursee hujaad ch geh yumuu. Sain medehgui baigaa ch gesen, ene zeregtei togloj baihad balraad doroitood yavchihgui baih l gej naidaj baina. Esvel ugui yumuu? Tanii bodloor manaihan yaj togloh yostoi ve?

  5. gankhuyag says:

    Энэ бол дан ганц эдийн засгийн асуудал биш л дээ. Ашигт малтмалаа торт шиг хуваачихаар геополитик болдог гэж би ойлгохгүй л байна шүү. Яаж тоглохыг ёстой ярьж болохгүй эд байх.

  6. togloom says:

    ai, togloom, ediin zasgiin togloom, mungutei, zustei amidrah husliin tuluuh togloom, togloom ni shogloom bolchihson uls ornuud ih dee, ih dee, ene busadtai ba dotroo daitaad baigaa chini bugd l gadnaas tsuslah geed, dotroosoo tsuslah geed, helee olooguigees bolsiim shuu.. Bodlogo bariad suuj baigaa humuus ni buh irgediinhee erh ashig, ediin jargal, ireeduin deeshleltiig boddog, bodlogoo bariulj baigaa humuus ni uur uursdiinhuu erh ashgiig meddeg, ediin jargald hureh gej hudulmurludug, ireeduidee dandaa deeshilj devjine geed guriideg tiim ornuud chini bayaka ornuud, bidend dollar uzuulchiheed l bayasgaad baigaa. Manai orond odoogiin baidlaar bodlogo baridag ni, bariuldag ni tegtlee seheerch, gegeerch, irgenshij, erhemjsen uu gevel UGUI!!

    Hun bur yaj togloh uu gedgee medeh heregtei baihaa, hiihee hiine, hurtehee hurtene, uvluulehee uvluulne, hadgalahaa hadgalna, huvaahaa huvaana, adiltai adil, gutaltai gutal geed hun bur uhamsarlaad irvel, bodlogo barigchidaa zuv songood, zuv ug chihnees ni uyad, ajlaa hiigeed, hulsuu dusluullaad yavval bolohgui zuil baihgui biz dee.

    Mongol hun ni uhsen, amid, ireeduin mongol hunee hairlana gedegiig togloomiin jinhene durem bolgovol hend ch hojigdohgui shuu humuusee!!
    Mongol hunee uttei jorlond sheelgeed, umhii zahaar uilchleed, haluun usand oruulahgui 30 honuulaad baival, utaa amisgaluulaad baival bugd hojigdono. Mongold borchuud gej baihgui boltol ni neg negnee hairlah ni togloomiin undsen durem…. Uurhain ezed ajilchdaa uud ni tat, surguuliin udirdlaga bagsh naraa uud ni tat, uildveriin ezed ajilchdaa uud ni tat, udirdlaga buhen humuusee uud ni tat, heden tugrug tsalin deer ni nemsneer uud ni tatahgui, huviin oron suuz, edlen gazar, edleh mashin, eruul mendiin uilchilgee, huuhdsiin sain surguulitai boltol ni, eruul huns iddeg boltol ni tedniigee uud ni tat, uursdiiguu uud ni tat. Govid usand orj uzeegui humuusiig haluun usand oruulsan geed bardamnah gadnii bayaka-gaas iluu mongol ni mongoloo uud ni tatiildaa…

  7. цолмон says:

    Би таныг хэзээ бичих бол гэж маш их хүлээж,мөн түгшиж байлаа.Танд амжилт хүсье

  8. Soogii says:

    Erunhiilugchiin songuulias hoish Taniig mash olon hun udaan huleesen,ih chig “tsangasan” baih.Odoo l neg “tsangaa” ni tailagdah shig bolloo.Gaihaj huleesen,aij tugshsen,
    gomdolloj zuhsen ch humuus bailaa.Mongolchuud maani suuliin heden sar mergejliin,mergejliin bus,meddeg,
    mededguigees ul hamaaran “2 tolgoin” talaar uneheer ih bichij,ih hereldlee.Hevlel medeeleliin heregsleleer ene tuhai l bichij yarij baina.Gehdee Tani shig iim oilgomjtoi bichsen ni ugui l bolov uu.Esvel heterhii uls turjuud,neg bol het mergejliin tal ruugaa bolood zarimdaa ch gazriin bayalgaa gadniihand huvaagaad uguhuu,esvel elgen dooroo hav daraad “Altan deer suusan guilagchin” heveeree uldehiin ali ni zuv bolohoo ch oilgohoo boltloo l olon tumniihee tarhiig ugaaj baih shigeea.Ih medegchid heterhii olshirch
    barag buh hun l uul uurhain mergejilten,gazar doorhi bayalgaa gariin 10 huruu shigee meddeg bolson shig l sanagdaj baina shuu.Oyu tolgoin gereeg batlah esehiig amisgal daran huleej /yag l nuguu songuuliin dung huleesen shig/ baisan gedegt ergelzehgui baina.Humuus yund sanaa zovj,yunii tuluu temtseh yostoig Tanii niitlel uhaaruulj ugsun gej sanagdaj baina.Erh medeltei,undur alban tushaaltnuudad ashig honjoo,mung l nudend ni haragdahaas bish,eh oron,uls undestniihee erh ashig,tusgaat togtnol gedeg oilgolt tedend denduu hol yumaa.Ene buhend ted uursduu ger bul ur huuhed ,hoishdoo hedeh ueeree orno gedgee oilgoh chadvargui baigaa ni denduu haramsmaar.
    Tand amjilt husye.Erch huchtei baigaarai.

  9. khuleegch says:

    Tand ene udriin mendiig ulamjiliya.Saikhan namarjij bna uu. AJILAA xiixgui yasan chig ikh udav da. Baabar ta 2 g oilgodog bas es oilgodog shuten bishirdeg mun uzen yaddag olon khun l khuleelee de. Bicheed bgaarai…4 sar gedeg urt khugatsaa shuu

  10. munhuu says:

    tand ene udriin mendiig hurgie. bi buruu bodoj bsandaa bayartai bna. Ta ene dugnelt unheer yum bodogduulj bna. er n ireeduid delhii niit ashigt maltmal, erchim huchnii dutagdald oroh n mash todorhoi bolood bgaa. yalanguya huchirheg ulsuud uuruu helbel tomoohon ediin zasagtai ulsuud mash ih erchim huchii dutagdald oroh bhaa. tiim uchraas manai ulsiin ashigt maltmal, erchim huchnii nuuts tednii sonirholiig tatah n zuin hereg bizee. Erchim huchiig ali boloh hyamdhan bolj ugvul bur unegui avah sonirhol ali ch huchirheg ulsiin zorilgo bolood bgaa shuudee. Er n manai umnud hursh /USA, Japan, Oros…/ bol erchim huchnii hanaj tsadahiig medehgui mangas gedeg n burch todorhoi yum. Iimd bidnii sanaa zovoh zuil bol zuvhun ashigt maltmaldaa ch bgaa bish gedegtei sanal niilj bna aa. Ene n biden d mash ashigtai buguud davuu taliig bas olgoj bna gej bi bodoj bna. minii naizuudiin yaridag neg onigoo sanaa orchloo. “Yum hiih geheer neg yuman deer ochood gatsachih yumaa. Yu bilee ter n /mungu/” yag iim baidal manai tur zasag orchood bna daa. Uls eh ornoo bodhoor udirdlaguud deer ochood gatschih yum. Ganaa ahaa ene baidlaas yaj garah ve? TA ENE TALAAR YU BODOJ BNA? duutei ene talaar bodloo huvaaltsaarai. Tanii niitlel gaihaltai blaa. tand amjilt husii.

  11. Баярлалаа. says:

    Томоохон ордуудын талаар маш олон эх сурвалжаас толгой эргүүлсэн их мэдээлэл цацаад удах болсон. Үүний цаана ашиг сонирхол бий биз. Буянаараа л болог гэж хэлмээр санагддаг боллоо.
    Сайн мэдэхгүй зүйлээ ярихгүй гэсэн зарчим баримталдаг болохоор таны хэлж буйтай санал нэгдэж байна. Дотооддоо холион бантан, гадаадуудтай нийлсэн холион бантан болоод юу болох юм бүү мэд. Хаос болж байх шиг байна.
    Энэ чиглэлийн “судлаач” хүмүүс, эрүүл хийгээд сэтгэх чадвар өндөртэй хүмүүс нь оролцоосой билээ л гэж бодох юм. Тэдний үг тоо, цэг таслал ороосой л гэж бодох юм.
    Жирийн иргэд яадаж оюун толгойн талаарх А4 хуудас анализ нийтлэл унших тэвчээргүй байж ярихаа болиосой. Ам хэлээ дандаа ашигладаг гэж боддог юм байх даа. (ихэнх нь) Ам дамжсан мэдээлэл дамжуулж амьдардагаа 21-р зуунд ч хаяахгүй байна шүү. Одоо яалтай ч билээ.
    Толгой байгаад мэдлэггүй ард олон + мэдлэг байгаад толгойгүй төр засаг = ???????

  12. VperV says:

    Таныг өмнө системийн хямралд орлоо шүү гэж анхааруулж үгээ хэлж байхад чинь гайгүй байлгүй дээ гэж бодож байлаа.Тэр системийн хямралынх нь шинж тэмдэг нь ямар ч байдын мэдэхгүй болохоор.Гэтэл Таны ажлуудыг уншаад байсан чинь бүгдийг нь их эртнээс хэлж байсан юм байна.Судалгаа,шинжилгээ,зүй тогтол, үр дагавар бүгдийг нь тооцоолоод одоогийн нөхцөл байдлыг нь харах гээд оролдтол системийн хямрал үнэхээр нүүрлэжээ.Сөргөөр гарах үр дагаварынх нь цар хэмжээ,энэ үндэстэнд, энэ оронд хир их нөлөөлж юунд хүргэхийг төсөөлж чадахгүй байна.
    Х хувилбарын тухай санаагаа дахин хөгжүүлж,мэргэжлийн хүний хувьд энэ дээр төр засагт байгаа хүмүүст жаахан туслаачээ. УИХын гишүүдэд цагаар ч болохнээ хичээл заадаг ч юмуу.Ерөнхийлэгчийн зөвлөхүүдэд ч гэсэн олон сэдвээр Та зөвлөж чадна шүү дээ.

  13. usa says:

    heje bid nar yariad l oor yu hiih ve dee ,ene nohor er ni zov sanaatai hn bna shvv sanaa niilj baina daan ch garahgvi dee deer ni SHARK elbegee Huvalz bayar nar baihad vnen vg shvv ,,tegeed gereeg batlahiin tuld ,,,RIO TINTO GOOS HAHUULI AVSAN SHVV DEE bvkh gishvvd yana daa yana tam ruu ochih baihaa ted nar

  14. Anonymous says:

    дэлхийн эрчим хүчний 26 хувийг, мөн цахилгааны 41 хувийг нүүрсээр хангадаг erchim huch tsahilgaan 2 tusdaa oilgoltuu ene heseg neg sain oilgogdohgui baina. Tugusguld bichsen mongolchuud ene nasandaa hudaldaa hiij uzeegui gedeg unuudriin mongolchuudad helj boloh yum shig. Gehdee heden zuun jiliin tuuhee suhuj harval urgelj dain baildaan hiigeed bailgui temeen jingee hutluud naimaa hiij yavdag hun ene havidaa mongolchuud l baisan yum shig sanagdah yum. esvel naimaa bas hudaldaa bish yum boluu medehgui yum daa.

  15. gankhuyag says:

    Дэлхийн эрчим хүчийг атом, хий, нар, салхи гээд олон л юмнаас гаргадаг байх. Энд нүүрсний эзлэх байх суурийг хэлж байна.
    Харин тэмээн жинг нь монголчууд хөтөлж байсан боловч бараа нь голдуу хятадын пүүсийнх байсан юм л даа. Энэ талаар маш олон судалгаа дүгнэлт бий.

  16. anonimos says:

    ТАНЫ ЭШИЛСЭН АЛДАРТАЙ ҮГ:

    НҮҮРС ҮНС БОЛНО
    БААБАР, 2006 ОН

  17. Oyun says:

    Сайн байна уу. Таныг гадаадруу удаан хугацаагаар явж гэж бодож байлаа.Хүн амынхаа боловсрол хүмүүжилд анхаарч,төрийн анхан шатны нэгжээс нь эхлээд үйл ажиллагаанд нь хүн бүр сонор,соргогоор хандаж аливаа ажилд нь идэвхтэй оролцож сурвал төрөө жинхэнэ утгаар нь барих болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: