ХУУЧИН БАЙШИНГАА НУРААХААС ӨМНӨ ШИНИЙГЭЭ БАРЬ
2008/03/13 1 Comment
Энэ өгүүллийг нэлээд эрт 2005 оны сүүлчээр бичсэн юм. Тухайн үед бүрэлдэж байсан улс төрийн нөхцөл байдалд хийсэн энэхүү анализ өнөөдөр хэрэг болох юм гэж би үнэхээр бодож байсангүй. Эл өгүүлэл саяхан “Улс төрийн сонин”-д гарсны дараа нэлээд олон уншигчид надаас хүссэн учраас блогтоо дахин нийтэлж байна. Та нэг няхуур шиг уншаад үзээрэй.
Буруугаа бусдаас эрэх нь
Энэ үгийг ( гарчгийн – Д.Г.) суут Жан Жак Руссо хэлжээ. Өнөөдөр бид хуучин байшинг нураах үедээ орлоо. Уг нь орчин үеийн хамгийн шилдэг технологоор барьсан гэлцдэг авч бид ч түүнээ дор нь эвдэж, байшин маань ч биднийг дарж алах дээрээ тулаад байна. Харамсалтай нь шинэ байшин барих тухай хэн ч ярихгүй байна. Энэ бол хамгийн их аюул билээ…
1990 онд яг ийм байжээ. Ардчилал, зах зээл гэж нэг гоё байшин байна. Энэ муу хуучин социалист байшинг нураагаад хаячихая гэж орилцгоов. Нээрээ тийм байна гээд түүнийгээ нураагаад хаячихав.
Ардчилал бол улс орон, тэндхийн хүмүүсийн онцлог, тэдний соёл, нийгмийн харилцаа, зан заншил, эрх ашигт нийцсэн баймаажин сая үр өгөөжөө өгдөг эд аж.
Өнөөдөр манай ардчилсан байгууламжид дутуу зүйл байхгүй атлаа бүх углуурга, заадлаараа болохоо больчихсныг мэдэхгүй, ярихгүй хүн байхгүй болж.
Ингэхэд бид ер нь хэн юм бэ ? Хаашаа яваад байна ? Одоо чухам юу хийх ёстой вэ ? гэдэг мөнхийн асуултыг үнэхээр ултай суурьтай авч үзэх шаардлага бидний өмнө тулгарчээ.
Улс төр дампуурч, эдийн засаг сүйрч, нийгэм хямарч, оюун санаа самуурсан, үндэстний хувьд өөрийн ухамсраа гээсэн, гадаад нөлөөлөл огтлолцсон зэргийг дурдахад л нүүрлэн буй аюулын цар хүрээ хэнд ч ойлгомжтой.
Бид сайхан гэгч нь ардчилал цогцлоох гэж байгаад феодализм, социализм, капитализм гурвын эрлийз нийгмийн байгууламжтай болж авлаа.
Энд бид нүүдлийн соёл иргэншилд гарсан 100-аад жилийн социал өөрчлөлтийг дүгнэх ёстой болж байна.
Эдүгээ бид өрнөдийн болон дэлхий дахины нийгмийн системийн онол, практикийг ямар нэг хэмжээгээр гадарлах болж байна.
Саяхан нэг нөхөр аль 1990 – ээд онд манайд ирж байсан Сакс, японы эрдэмтэн Хироно хоёроос Монголын хамаг гай эхэлсэн гэж дүгнэж байна лээ. Марксыг бас ингээ биз дээ. Өөрсдөө тэнэг, буруу юм хийчихээд түүнийгээ барааг нь ч хараагүй гадаадын эртний эрдэмтэд, улс төрчдөд тохдог тэнэг зангаа татах цаг болжээ.
Бүхнийг мэддэг монгол менталитет
Социалист нийгмийн байгууламжаас авах юм их байсан ч түүнийг нулимж орхижээ, бид.
Яагаад ийм болов ? Энэ асуултад хариулах нь түвэгтэй боловч эрэгцүүлэх үүднээс зарим нэг үндэслэлийг хэлж болох байна.
Бид гаднаас хуулбарлах донтой юм байна. Анх би Л.Н.Гумилевыг орчуулж байхдаа монголчууд соёлоо дандаа гаднаас авч байсан гэсэн дүгнэлтийг нь дотроо эрс эсэргүүцдэг байлаа. Гэтэл үнэхээр тийм аж.
Манай хямралаас хамгийн аймшигтай нь оюун санааны доройтол болж байна. Энэ ёрын аюулыг хүн өөрөө мэддэггүй, мэдэрдэггүй болохоор үр дагавар , хор хохирол нь дэндүү хорлонтой бөлгөө.
Траншейнаас хир даг болсон, архинд нэвшсэн нэг монголыг гаргаж ирээд “Монгол Улсыг яаж хөгжүүлэх ёстой вэ? ” гээд асуучихвал тэр нөхөр дуугай зогсоно гэж гонжийн жоо.
Энэ мэтчилэн дундаж монгол хүнд мэдэхгүй, чадахгүй, тэр тусмаа ярьж чадахгүй зүйл гэж ер үгүй. Ерөнхий сайдаасаа эхлээд УИХ – ын гишүүд, сайд дарга нараас авахуулаад хачин гоё худлаа ярьдаг нөхдүүд Монголоор дүүрэн байгаа болохоор ийм хүмүүсийн буруу гэж юу байхав.
Төвд номыг догматик байдлаар яс цээжилдэг монгол менталитет одоо ч гэсэн байсаар байна.
Далаадхан жилийн дотор малчин монгол социалист монгол болж, дараа нь капиталист монгол болон хувираад 18 –хан жил болж байгаа нь манай нөхцлийг бүр хүндрүүлж, ээдрээтэй болгож байна.
Феодал буюу үндсэрхэг монгол ярьж байна. Агуу их түүхтэй монгол оронд бид тусгаар тогнол олгож, нийгмийг өөрчлөн шинэчлэх гэж байтал большевикуудын түлхээсээр хувьсгалт намынхан энэ бүхнийг оргүй устгаж, монголын сор болсон сэхээтэн, лам нарыг хэлмэгдүүлэн монгол соёл иргэншлийн үндсийг устгасан. Тэгээгүй бол бид үндэсний ардчилсан үзэл санаагаа хөгжүүлж улс орноо бие даан хөгжүүлж, сайхан болгох байлаа.
Социалист монгол ярьж байна. Бид дундад зууны балар харанхуйг устгаж, орчин үеийн төрийн институт, үйлдвэржсэн эдийн засгийн бараг бүх салбарыг байгуулж, Монгол Улсыг дэлхийд данстай, монгол хүнийг бичиг үсэгтэй, боловсролтой, эрүүл болгож, нийгмийн ихээхэн дэвшилд хүргэсэн. Энэ ардчилагчид бидний байгуулсан нийгмийн суурь дээр тарвалзаж байна. Бид нийгмээ сайхан хөгжүүлж байсан.
Капиталист монгол ярьж байна. Зөвлөлтийн хүчээр тулган хүлээлгэсэн социализм нь монголын их сайхан уламжлалт нийгмийг оргүй устгаж, үлэмж хоцрогдсон, дэлхийн жам ёсноос ангид, дарангуй нийгмийн байгууламж бий болгосон бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бид л анх бий болгосон. Одоогийн өмсөж зүүж, идэж ууж, явж зугаацаж байгаагаа хуучны социализмтай харьцуулаад үз. Бидний зөв эхлэсэн зүйлийг коммунистууд саармагжуулж, саад болоогүй бол нийгэм сайхан хөгжих байсан.
Мэдээж энэ гурав гурвуулаа зөв ярьж байна. Гэвч түүхэн цаг үе, нөхцөл байдал өөр өөр, дахин хэзээ ч үл давтагдах бөлгөө.
Өмнөх нийгмээ шинэчлэх, халан устгах, шинийгээ бусдыг дуурайн байгуулах талаараа манжаас тусгаарласан феодалууд, ардын хувьсгалчид, ардчилсан хувьсгалчид гурав чанарын хувьд ялгаагүй бөгөөд тэд цаг ямагт шугаман дэвшлээр хөгжих мөрөөдөлтэй байжээ.
Өнөөдөр шинэ монгол хувьсгалч ярьж байна. Бидний зорин тэмцсэн ардчилал, зах зээл бүх талаараа буруудан мухардалд орлоо. Нийгмийн баялгийн хуваарилалтаас авахуулаад шударга ёс, ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээ огт алга боллоо. Төр гэж үнэхээр авах юм алга. Энэ нь ард түмнийг хуурч, баяжих, эрх мэдэл авахын дон туссан эрх баригчдаас буюу намуудаас болж байна. Иймээс авилгал, хээл хахууль, хүнд сурталд идэгдэн, дураараа дургиж, ард түмний эрх ашгийг умартсан нам болон эрх баригчдыг нэн даруй зайлуулж, эрүүл нийгэм байгуулж, эрс шинэчлэл хийж, газар шороогоо дээдэлж, үр өгөөжийг нь ард түмэндээ тэгш хүртээх ёстой гэж ярьж байна. Эдний ярьж байгаа нь бас л үнэн билээ. Түүхийн шоглоом гэж чухам үүнийг л хэлэх буй за.
Шинэ нь хуучнаасаа илүү гэдэгт л найдахаас…
“Төр солигдох үед амьдар” гэсэн хятадын хараал байдаг юм гэнэлээ. Түүхэнд шугаман хөгжил гэж байдаггүй, харин олон шугамт хөгжил байдгийг шинжлэх ухаан аль хэдийнээ нотолжээ. Нийгмийн шинэчлэл хийх болгондоо өмнөхөө үгүйсгэдэг, аливаа зүйлийг тэгээс эхлэдэг, цоо шинэ түүх бүтээхийг оролдох нь ХХ зуунтай хамт өнгөрөн оджээ.
“Хэрэв социал систем эвдэрсэн ч хүний капитал болон геополитикийн нөхцөл хэвээр байх ба ерөнхийдөө энэ бүхэн нь хадгалагддаг. Ингээд шинэ социал систем нь олон чухал шинж тэмдгээрээ эвдэлсэн системтэйгээ төстэй болдог” гэж дэлхийд нэрд гарсан орос- америкийн нэрт эрдэмтэн Александр Зиновьев хэлсэн нь манай практиктай дүйж байна.
Нийгэм хэчнээн ч хичээгээд өөрийн түүхээс салж чадахгүй, мөн бусдыг хэчнээн ч дуурайгаад яг тэр нийгэм болж чаддаггүй аж. “Хүний хүмүүжил түүнийг төрөхөөс зуун жилийн өмнө эхлэдэг” гэсэн английн цэцэн үг байдаг нь үүнийг хэлсэн бололтой.
Өнөөдөр нийгмийн трансформацийн нэг шинэ үе эхэлж байгаа нь сохор хүнд ч харагдаж байна. Миний бодлоор сүүлийн үед ардчилал, зах зээл нэрээр байгуулсан социал системийн гажгийг засах, чингэхдээ өөрийн үндэсний шүүлтүүрээр хандах, санаатай болон санамсаргүйгээр буруу тогтоосон институтууд, тэдгээрийн ажиллагааны механизмыг монголын нийгмийн онцлогт нийцүүлэн орвонгоор нь өөрчилж, бодит ардчиллыг гүнзгийрүүлэх нөр их ажил хийх нь энэхүү шинэчлэлийн агуулга байх болов уу.
Үүний тулд нэн шинэ түүх, өнөөгийн үйл явдалд системийн шинжилгээ хийсэн байх шаардлагатай. Энэ бол дан ганц улс төрийн шинжилгээ биш, мөн эдийн засгийн шинжилгээ ч бас бус, харин орчин үеийн шинжлэх ухааны арга зүйг ашигласан системийн цогц шинжилгээ байх ёстой. Энд би шинжлэх ухааны арга зүй гэж хэлж байгааг анзаарахыг хүсч байна. Уншсан ганц нэг номоо эргүүлээд донгосоод байдаг хүмүүсээс хаширсан, халширсандаа би ингэж хэлж байна.
Манай нөхцөл байдал үнэхээр тэсвэрлэхийн аргагүй болоод байна. Тэгээд яах ёстой юм бэ ? гэж мэдээж хэн ч асууна.
Бүгд л хувьсгал, эрс шинэчлэл хийхийг хүсч, одоогийн арчаагүй төр засгийг унагахыг хүсч байна. Тэр ч байтугай зарим эрх баригчид ч гэсэн энэ талаар бодож эхэлж байна.
Монголын цөөнгүй сэтгэгчдийн толгойд эх ноорог болгож болох онош дүгнэлтүүд байгаа нь лавтай. Аливаа өвчнийг, түүний дотор нийгмийн өвчнийг оношлохгүйгээр ямар ч сайхан мөрөөдөл түүний гажгийг засдаггүй юм. Гэвч энэхүү санаа, төлөвлөгөөг шунал, тэнэг хоёр нь дэндсэн өнөөгийн эрх баригчдад ашиглуулмааргүй байна. Мөн ааг омог нь багтаж ядсан, асар удалгүй тэднийхээ араас орох толгойгүй хувьсгалчдад ч өгмөөргүй байна. Миний олон нөхөд ингэж ашиглагдсаар байгаад үнэхээр хаширсан.
Манай зарим шинэ улс төрчдөд эрх баригчдын “агуу ихийн” өвчин халдаж, ганцаараа “од” болох улс төрийн гажиг одооноос илт ажиглагдаж байна. Монгол улс бол цөс нь хөөрч, шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, амбиц нь хэтэрсэн залуучуудын улс төрийн боловсролын сургууль биш. Монголын ард түмэн хэн нэгний мөрөөдлийг шалгах туршилтын талбар биш.
Нөгөө талаас манай шинэчлэгчдийн эв нэгдэл, багаар хамтран ажиллах бололцоог эрх баригчид эрх баригчид ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө “агуу ихийн өвчтэй” залуучуудыг урвуулж, өдөөн хатгаж, дайсагналд гарцаагүй турхирна. Харж л байгаарай.
Олон агуу ихүүд нийлээд ирэхлээр хамаг юмыг бантан болгодог аж.
Өөрөөсөө бусад бүх юмыг өөрчилнө гэж дайрах нь дэндүү тэнэг хэрэг. Нийгмийн шинэчлэлийг болж өгвөл хуулийн дагуу хийвэл зүгээр боловч би л лав энэ хувилбарт итгэхгүй байна. Яагаад гэвэл гол гурван дуракаасаа долоон дор нөхдүүд үүнийг хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл тэднийг түлхэн унагах ганцхан арга үлдэх бөгөөд энэ тохиолдолд төлөвлөгөө мөлөвлөгөө хэрэг болох нь юу л бол. Үүний хор уршгийн царыг би л лав төсөөлж чадахгүй байна. Гэхдээ шинэ нь ямагт өмнөхөөсөө илүү гэдэгт итгэлтэй байна.
Ямар ч байсан хуучин байшингаа нураахаас өмнө шинийг барь, ядахдаа зургийг нь гарга гэж мянга дахин хэлмээр байна.
Судлаач Д. Ганхуяг
2005 – 12 – 24
Шинэ байшин барих газарт нь хуучин байшин нь баригдсан болж таарах нь. Зураг хийхээс өөр сонголт алга