ЗЭВҮҮН УЛС ТӨР…
2026/03/05 Leave a comment
Дайны хажуугаар дажин гэж… МАН дундуураа ч юм уу хагарч байна. Ерөнхий төлөв бол ийм юм…
2017 он бол эргэлтийн цэг Л.Гумилевынхаар “гайт агшин” тохиосон юм. Гэхдээ энэ нь МАН-д л даа! Тэр үед МАН УИХ-ын 76 суудлын 65-ыг авчихсан, Н.Энхболд хамгийн итгэлт хүн Ж.Эрдэнэбатыгаа Ерөнхий сайд болгочихсон. Өөрөө УИХ-ын дарга. Сонгуульд “ам” аваад орсон.
Үнэндээ тэр үед Х.Баттулгыг АН дэмжиж гаргасан юм биш, харин АН-ынхан нийлж байгаад М.Энхболдод тавган дээр тавиад өгсөн юм. Цаадахь нь л захиалсан хэрэг. Тэгээд Х.Баттулгыг дэвшүүлэнгүүтээ хаяад зугтчихсан. Бүгдээрээ PR багтайгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ, МАН-ын штабт очоод суучихсан шүү дээ! Одоо Тулгыг яаж унахыг нь харъя гээд… Мөнгө төгрөг, гадаад, дотоод дэмжигч, бүгд байсан.
Гэвч 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Түүнд “эрх баригч” талаас харвал юу ч байгаагүй харин МоАХ-ныхон, АН-ын үндэсний үзэлтэй хэсэг, тэгээд тэр үед хүчээ алдаагүй байсан иргэний хөдөлгөний дэмжигчид. МоАХ ч улстөрийн хөдөлгөөн учраас энэ талаараа иргэний хөдөлгөөнүүдтэй ижилсдэг. Тэд л байсан, тэд л ялуулсан.
Тухайн үед энэ газрын хүч байгаагүй, тэнгэрийн таалал л байсан байх гэж бүр МАН-ынхан ярьж байсан. Түүнээс “газар дээр” бүх талаараа нэр дэвшигч Н.Энхболд ааглаж байсан, бүр мөнгөө яаж зарцуулахаа ч мэдэхгүй байсан. Бас ч ухаанаа алдчихаагүй, С.Ганбаатарыг МАХН-аас дэвшүүлж иргэний хөдөлгөөний дэмжигчдийн саналыг хуваах тооцоо хийсэн. Гэвч С.Ганбаатарын сонгууль болохоо шахсан юм.
М.Энхболдыг эхний шатанд ялагдаж байхад “тэд” бас л хаяад зугтсан даа! Төгсгөлийг нь төлөвлөж байгаад Шадар сайд байсан У.Хүрэлсүхийг салгаж, ЗГ-ыг хүртэл хагалж байж ялалт авсан. Тэгэхэд МАН ялагдлын шоконд ороод юу хийхээ ч мэдэхээ байчихсан юм. Харин тэр үед МАН-д эрүүл ухаантай ганцхан хүн байсан нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Н.Энхболд намдаа ач холбогдол өгөөгүй, бүх санхүү, бодлогын удирдлагаа ЗГ-таа төвлөрүүлсэн нь стратегийн том алдаанд хүргэсэн. Д.Амарбаясгалан л харж, ярьж байж эхний шатны сонгуульд С.Ганбаатарыг биш Н.Энхболдыг хоёроор гаргасан. Дараа нь С.Ганбаатарыг талдаа татаад 100 мянган саналыг “цагаан” болгож цөөн сонгогчийн өгсөн санал дээр хатуу электорал сууриараа түрж ялах гэж оролдсон ч нэгэнт унасан хүн ахиж босоогүй. Эцсийн дайралтыг шоконд орсон МАН-ын ЗГ биш, шоовдорлогдсон Д.Амарбаясгалан хийгээд ялагдсан юм.
Харин сүүлийн шатанд гэнэтхэн ялалтын үнэр авсан АН-ынхан идэвхжиж, штаб гэнэтхэн намын байр руугаа буцаад нүүчихсэн… Бараг тэр нь дээр байв.
МАН ид аархаж байх үедээ Ерөнхийлөгчийн сонгуулийг алдсан нь том сургамж болсон билээ. Харин сонгуулийн дараа Д.Амарбаясгаланг МАН өөрчлөх болов уу гэж харж байтал өөрчлөөгүй юм. Сонгуулийн эхэнд цөөхүүлээ тулаанд орж байсан бидний зориг, зовлон сонгуулийн төгсгөлд Д.Амарбаясгалан дээр очихыг харсан. Тэгээд л нидэрчихсэн. Харин үүнийг МАН-ынхан анзаарсан байх, ер нь тэгээд бүгд л хяналтаа алдчихаар эрүүл ухаантай нь үлддэг болохоор Д.Амарбаясгаланг оролдож зүрхлээгүй байх. Алдаа нь Ж.Эрдэнэбатын ЗГ-т байсан. Тэр үед Тулга Ерөнхийлөгчтэй Д.Амарбаясгалангийн тухай ярьж байхад “Зэвүүн пацан даа” гэж байсан. Үнэхээр зэвүүн пацан л даа… МАН-ынхан сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй өсөрхөөд байсан, хэзээ хойно бээлийгээ тайлцгаая, сонгуулийн дараахь хийрхлээ дарах ажлаа хийе, нийгмээ тайвшруулъя гэж урьж байхад хүртэл тэр чигээрээ хаяад явсан.
Д.Амарбаясгалан ямар ч үед намаа хаяж байгаагүй юм. Харин ингэх тусмаа тэр дайсан хурааж байсан. Харин тэр өөрөө “Олон дайсантай хүн хүчирхэг” гэж бодож байсан биз. Хойтонгийн УИХ-ын сонгуульд дэвшээгүй. Мань эр дотроо ялагдлынхаа хариуг авах гээд л байсан бололтой юм билээ. С.Эрдэнэ уг нь ухаантай хүн бол Х.Баттулгатай үй зайгүй явж байгаад намаа ялуулчих байсан авч мугуйдлаж зөрсөөр байгаад тэр сонгуульд ялагдчихсан.
Ерөнхийлөгч
Баттулга Ерөнхийлөгч болоод У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон. Хэдийгээр МАН парламентад 65 гишүүнтэй ч тэг дундуураа хуваагдаад эрх барих чадвараа алдчихсан. Тэгээд ганц Ерөнхийлөгчийн институциэс бүрэн хамааралтай болсон. Хагарал ийм аюултай байдаг.
Харин 2020 оны сонгуульд Д.Амарбаясгалангийн удирдлагаар 62 суудал аваад арай зүгшрэх шатандаа орсон. Гэхдээ парламент Ерөнхийлөгчийн институцийн хяналтаас гарч чадахгүй байв. Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгаас хараат байдлаасаа гарч чадахгүй байсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулгыг дахин дэвшүүлэхгүй болгож байж У.Хүрэлсүх 2021 онд анхны 6 жилийн Ерөнхийлөгч болсон.
Асуудал “жижиг” юманд байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын лидерүүдийн нэг Сү.Батболдын гадаад дахь оффшор хөрөнгийг ил болгож, ингэхдээ “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдландтай хамтарсан Тайланд дахь хөрөнгийг илчлээд Оюу толгойн гэрээг авилгаар байгуулсныг нотлох гэж зүтгэсэн юм. Зөвхөн ийм нөхцөлд л Ч.Сайханбилэгийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг зөвшөөрсөн Дубайн гэрээгээр дордуулсан, хэзээ ч ноогдол ашиг авч чадахгүй болсон Оюу толгойн гэрээг хянаж үзэх боломжтой болох байв. Дубайн гэрээг цуцлах нь барууны зарим хөрөнгө оруулагч сангуудад ч ашигтай байлаа. Учир нь тэдний оруулсан хөрөнгийг хяналтгүй зарцуулж, ашгаа багасгаж, ноогдол ашиг олгохгүй байсан тул тэд Монголын Ерөнхийлөгчийг дэмжих нь зөв гэж үзэж байв. Харин Оюу толгойн гэрээг цуцлах нь тэднийг алдагдалд оруулна.
Ингээд бослого гарав. Сү.Батболд У.Хүрэлсүхийг ятгаж ЗГ-аас салгаад Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Мэдээж энэ сонгуульд гайтай Х.Баттулгаас салахын тулд гадаад дотоодынхон байдгаа шавхав. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо.
Гэхдээ У.Хүрэлсүхийн оронд Ерөнхий сайд, МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилсон байв. Энэ томилгоо МАН-ын хүсэл зорго байгаагүй юм. МАН Ерөнхийлөгчийн хяналтаас гарахын тулд чадлаараа тэмүүлж байв. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болмогц уг инерци жил шахам хадгалагддаг юм. Яг энэ үед Д.Амарбаясгалан нам дээрээ “зэвүүн пацан”-ы ажлаа хийж байв. Дараагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны УИХ-ын сонгуулийг дуустал “томоотой” байв.
Хүлэмж задрав
2024 оны УИХ-ын сонгуульд МАН дахин ялав. Энэ удаад үндсэн хууль өөрчлөгдсөн тул 126 гишүүнтэй парламент бүрдэв. Сонгуульд МАН ялав. Ингэхдээ МАН-ын залуу дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар нэр дэвшилтэнд Ерөнхийлөгчийг хязгаарлаж, дураар авирлажээ. Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил гэх мэт “Сүгийн фракцийнхныг” дэвшүүлэлгүй жийжээ. Жагсаалтанд “намын тогоонд чанагдаагүй” хэн ч мэдэхгүй ногооноороо залуус дээгүүр бичигдэв. Ерөнхийлөгч дүүгээ тойрогт л чихэж амжив.
Сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ намаас гадуур дураар дургив. Ялагдсан АН-тай эвсэж кабинетынхаа талыг найр тавьжээ. Гомдогсод Ерөнхийлөгчийн өргөө рүү нус нулимс болон гүйлдэж байв. Л.Оюун-Эрдэнэ ингэснээрээ нам дахь хэврэг дэмжлэгээ парламентын намуудын өргөн дэмжлэгээр орлуулахыг хүсчээ. Түүний ар талыг Д.Амарбаясгалан хариуцаж байсан юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ түүнд ч итгэхгүй байсан юм. Тиймээс жагсаалтанд ч оруулалгүй тойргийн тулаанд илгээсэн ба өөрөө тойрогт дэвшиж үлгэрлэснээрээ МАН-ын олон хууччуулыг ирүүл тулаанд илгээжээ.
Сонгуулийн явцад УИХ-ын дарга Г.Занданшатарын толгойлж байсан хангайн тойргийг самарч түүнийг унагажээ. Уг нь тэр тойрогт Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн орсон байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХЯ-ны сайд Б.Батцэцэг, БХЯ-ны сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай нарын шигшмэл баг байсан ч талыгаа алдчихсан юм.
Сонгуулийн дараа Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгов. Ингэснээрээ нам дахь дэмжлэгээ бүрэн алджээ. Ерөнхийлөгч завдаж өөрийн ТГ-ын дарга Я.Содбаатарыг намын генсек болгожээ. Яг үүнд дээр Л.Оюун-Эрдэнэ стратегийн алдаа хийсэн байдаг. Тэрээр өөрийгөө ковидын үеийг давсан, намаа ялуулсан мундаг Ерөнхий сайд хэмээн итгэжээ. Намын хамтын удирдлагын тогтолцоог эвдэж дураараа шийдвэр гаргаж эхэлсэн байна. Мөн Х.Баттулгын бүрхүүл дороос гарч, шинэ үеийнхэнтэй эвсэж төрийг урт удаан барихаар зүтгэж эхэлсэн юм. Гэвч хүлэмжийн цэцэг хүйтэн агаарт тэсдэггүйн үлгэрээр парламент дахь цоохор бүлэг нь салан бутраад өөрөө уначихав. МАН-ын бага хурлын шийдвэрээр… Ийм амархан!
Энэ цагаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хаанчлал” эхэллээ. Гэвч Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийн хүн хэмээн хавчиж эхэлжээ. Түүнийг УИХ-ын даргаа өг хэмээн шахжээ. Г.Занданшатар ч парламентын гадна үлдсэндээ сэтгэл дундуур байсан юм. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогц түүнийг өргөн барьснаараа Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчтэй, намтайгаа тулах болов. Тэр нам дахь дэмжлэг, “Ялалтын менежер” хэмээх албан бус цолондоо эрдэж байв. Үнэндээ тэр Н.Алтанхуягийн алдааг яг давтсан юм.
Тэр Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг, түүний жагсаалтын гишүүдэд найдлага тавьж байсан боловч тэд ч бас дарийн утаа үнэрлээгүй “хүлэмжийн цэцэг”-нүүд байсан учраас орхиод зугтчихжээ. Одоо аль ч талд тэднийг “гөлөөг” ч гэж тоох хүнгүй болсон байна. АН-ынхан өмнөх ялагдлуудынхаа өсөрхлөө авахаар алгаа үрчин дайрав. Гэхдээ АН-ын дарга О.Цогтгэрэл ахдаа гавъяат авч өгөхөө мартсангүй. Парламентын хямрал ид гаарч байх үед шинэ гавьяатын тоо огцом өсчээ. Харин Д.Амарбаясгалантай харьцангуй туршлагатай МАН-ын гишүүд эцсээ хүртэл хамт байсан ч харамсалтай ялагджээ. Одоо тэднийг цаазлах ёстой! Д.Амарбаясгалантай ойр ажилласан 7 гишүүнд “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэсэн ял тулгажээ.
Хүүхэлдэйнүүд…
“Д.Амарбаясгалангийн оронд очих хэмжээний” хүн байна уу? гэж МАН-ынхан ч, олон нийт ч харж байв. Гэтэл Н.Учрал хэмээх бие султай залуу гараад иржээ. Тэрээр өмнө нь Л.Оюун-Эрдэнийн ТГ-ын дарга байхдаа Ерөнхий сайдаа унагах ажлыг гардан найруулсан. Энэ удаад ч Д.Амарбаясгаланг унагах ажлыг найруулжээ. Анх тодрохдоо Г.Уянга, Д.Эрдэнэчимэг нарыг унагах ажлыг зохион байгуулж нэр тал олсон хүүхэд…
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “гарын дор” хүн хэрэгтэй байв. Тэр тусмаа эзнээ юу ч гэж хэлсэн очоод зуудаг нохой хэрэгтэй. Н.Учрал одоо Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёртой зэрэг үзэлцэж байна. У.Хүрэлсүхэд Г.Занданшатарыг ч ойр байлгахад туслах үүрэгтэй хэмээн тэр ойлгосон. Гэхдээ тэр Д.Амарбаясгалангаас илүү болгоомжилж түүнийг намаас хөөв үү? Энэ хоёрын хооронд ямар асуудал байна гэж? Асуудал байхгүй юм билээ, харин У.Хүрэлсүх л түүнийг турхирч байгаа хэрэг.
Саяхан тэрээр ОХУ-д гэнэтийн айлчлал хийдэг юм. Түүнийг очиход Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко хүлээн авч “Правда” сонины хуулбар өгөв. “Ялтын гэрээ” байгуулсан өдрийг тааруулжээ, тэгээд бяцхан хүүд холбоотон гүрний удирдагчдын гоё зурагтай сонин өгч л дээ. Холбооны зөвлөл бол парламент биш, парламент нь ОХУ-ын төрийн дум. Холбооны зөвлөл бол ОХУ-ын бүрэлдэхүүн тус бүрээс хоёр төлөөлөгч байдаг бүтэц. Монголыг өөрийн бүрэлдэхүүн гэх гээгүй байх л даа, гэхдээ ТАСС-ын мэдээнд Н.Учралыг “Оросын цагаачийн удам” гэжээ. Товчхондоо түүнийг “манай хүүхэд” л гэж. Тэгээд В.Путин тоож ч уулзсангүй. Манай талын УИХ-ын даргын хэмжээнд айлчлал хийх хүсэлтийг хүлээж авахгүй байсан ОХУ гэнэт түүнийг дуудсан хэрэг. В.Путинтай уулзсан бол тэр манай атамануудад юу гэдэг гээч, “Та дараагийн сонгуульд өрсөлдөх үү? Би дэмжинэ шүү!” Зүгээр л жижүүрийн үг л дээ, МАН-ынхны зарим нь харин их олзуурхаж онгирдог юм шиг байна билээ.
Саяхнаас “Хуучин Монголын элитүүд 40, 50 мянгатад байсан. Тал нь хятадын, тал нь оросын эрлийз байсан. Тэд үеэ өнгөрөөсөн. Одоо ардчиллаас хойш шинэ элитүүд гарч ирэх болсон. Тэр элитүүдийн толгойд Н.Учрал байна, тэр муусайн мояачуудыг бүгдийг нь даран сөнөөх ёстой!” Түүнийг ингэж хөөрөгдөж байна. Хөөрхий “моячууд” үргэлж л аль нэг талыг дагагчдын нүдийг хорсгодог… Үеийн үед ийм л байсан, байх ч юм шиг байна. Гэхдээ эднээр ингүүлнэ ч гэж юу байх вэ?
Гэхдээ тэр золионд яваагаа ойлгохгүй байгаа юу, эсвэл эзнийхээ хоолойд асах цагаа хүлээж байна уу?
Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Одоо “Үндсэн хууль” өөрчлөх боломжгүй. Ойр ойрхон өөрчилдөг “Үндсэн хууль” гэж ямар юм байх вэ? Тиймээс У.Хүрэлсүх дараагийн буудлаа бэлдэж байгаа юм. Учир нь тэр ч бас хүүхэлдэй. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялахгүй гэсэн тохироо хийгдсэн байна.
Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас С.Баярцогт дэвшихээр бэлтгэж байна. Ингэхийн тулд АН-ын “либерал” бүлэг МАН-ын “олигарх” бүлэглэлтэй хуйвалдаж эхэлжээ. У.Хүрэлсүх яах вэ дээ, угаасаа тэдний “хүүхэлдэй”! Огцроод л хэнд ч хэрэггүй болно.
Төлөвлөгөө нь ийм юм. Ирэх сонгуульд МАН-аас сул хүн дэвшүүлнэ. АН-аас С.Баярцогт дэвшинэ. Сонгуульд АН ялна. С.Баярцогт бол “Рио тинто”-гийн ч, Монголын олигархуудын ч хүсэмжит хүн мөн. Өөр түүнтэй дүйцэх хүн байхгүй. Монголчууд, моячууд юу гэж бодох нь падлийгүй, тэднээс бусад олонхийг нь худалдаад авчихна. Тиймээс Д.Амарбаясгалангийн “ялалтын менежер” энэ тэр хамаагүй, харин У.Хүрэлсүхийг намдаа буцаад очиход тээг саад болох хүн үлдээгүй байх ёстой. Тиймээс Н.Учралаар Д.Амарбаясгаланг няслуулсан юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдмагц Н.Учралд хариуцлага тооцож намын даргаас огцруулна. Тэгээд У.Хүрэлсүх буцаад намын дарга болно. Улмаар дараагийн УИХ-ын сонгуульд ялна. Ялмагцаа Ерөнхий сайд болно. Харин Г.Занданшатар УИХ-ын дарга болно. Тиймээс Н.Учрал одооноос ЗГ-ыг мэрээд байгаа хэрэг л дээ! Тодорхой хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын даргаа өгсөн ч УИХ-ын даргатайгаа үлдэх санаатай байна гэсэн үг!
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Д.Амарбаясгалангийн талынхан босоод ирж магадгүй учраас шууд хөөсөн нь дээр байгаа юм. ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой маргаад: “Чи надтай ярих хэн бэ? Манай намд юугаа хийж байгаа юм? Тэр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Женко эд нарт чинь, муусайн моячуудад би нам байгуулж өгөхөөр болсон, тийшээгээ зайлсан чинь дээр!” гэж томорч… Тийм дээ, ийм лут төлөвлөгөөний төлөө намаа хагалж тоглох юу ч биш байхгүй юу! Тэр тусмаа намаа ялуулчихаж магадгүй Д.Амарбаясгаланг чухам үүнийх нь төлөө зайлуулах ёстой!
У.Хүрэлсүх анх дэвшихдээ Ерөнхий сайдаас холдмооргүй л байсан. Х.Баттулга 2021 онд дэвшээд Ерөнхийлөгч болсон бол одоо болтол Ерөнхий сайдаараа ажиллаж байх байв. Тэгээд ирэх жил Ерөнхийлөгчид босох байсан хүн шүү дээ! Чухам ийм учраар “Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлна” гэгч болоод байгаа түүний хүслийг нь гүйцээнэ гэж эзэд нь амлаж байгаа, өмнө нь амлаад биелүүлсэн шүү дээ. Ингээд Ерөнхийлөгч нь С.Баярцогт, Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх болбол энэ улс бүхэлдээ “Рио Тинто” ба олигархуудын мэдэлд орохгүй хаачих вэ? Оросууд Н.Учралыг дууддаг илүү ажил байхгүй юу… Энд барууныхан ноёрхох гэж байхад!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2026 оны 3 дугаар сарын 05.