Г.УЯНГА: ОЮУТОЛГОЙГ МАРГААШ ХЭРХЭХ БОЛ…

Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн сонсгол болж, улсаараа сэтгэл хөдлөлийн, үзэн ядалтын асар өндөр түвшинд байгаагүй мэт нам гүм ноёлж орхив. Түгшүүрт нам гүм. Маш сэжигтэй нам гүм. Түр хорооны 10 гишүүн тогтоолын төслөө хэлэлцэн бэлэн болгож ердөө маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм байна. Ийм хурдан уу? Шийдэл, гарцаа ийм хурдан олчихож байгаа юм уу ?

Маргааш тэд юу оруулж ирэх гэж байгаа юм бол? Санал нь ийм хурдан бэлэн болчихсон уу? Сонсгол дээр гарсан саналуудыг ярилцаж, үр дагавруудыг нь хэлэлцэж, зөвлөлдөж, зөвшилцөж шийдэлд хүрч амжсан гэж үү?

Асар хурдтай өрнөж байгаа энэ бүх үйл явц, гэнэт гарч ирсэн шигээ гэнэт намжсан түгшүүрт нам гүм нэг л сэжиг төрүүлээд эхэллээ. Сонсгол дээр АХ НАРаас сонсогдоод байсан “ерөөсөө хувь эзэмших хэрэггүй байсан юм, хувь эзэмшсэнээс л энэ их өрөнд уналаа. Зүгээр л татвараа аваад явж байсан бол ийм өрөнд орохгүй байсан юм…” гэдэг технологиор явах гэж байгаа мэт сэжиг юу юугүй төрөөд эхлэх чинь.

Өсөн нэмэгдэх АМНАТ-аа аваад Хувь нийлүүлэгчийн гэрээ гэгчийг үгүй хийх нь миний мөрөөдөл гэж С.Баярцогт шулуухан хэлсэн. С.Баяр ч бас ингээд байна билээ. Ерөөс С.Баяр С.Баярцогт нар энэ мөрөөдлөө биелүүлэхээр дараагийн алхмаа О.Батнайрамдалаар хийлгэсэн юм биш байгаа даа… Гэнэт зарсгээд явчих чинь…

АХ НАРыг хэрэлдүүлж хэлэлцүүлж, үзэлцүүлж, нийгэмд хаяж өгч байгаад маш сүртэй сайхан сонсгол хийгээд авсан. Бас толгой эргэм их өрөөр олон түмнээ айлгаад авсан. Бид өдөр бүхэн 10 тэрбум төгрөгийн хүүгийн өрөнд орж байгаагаа л яг таг мэдэж авсан. Энэ бол Монголын ядуус төсөөлж ч чадахгүй тийм их тоо. Бас АХ НАРаар болон шинжээчдээр хувь эзэмшсээр байвал энэ өр улам их болох тухай хэлүүлээд, нийгмийг нэг сайн айлгаад авсан.

Төгсгөл нь яах бол гэсэн чинь харин Болормаа, Батнайрамдал бүгдээрээ “…хэн нэгэнд буруу өгөх боломжгүй… ах нар маань алдаа оноотойгоо бидний л нэг хэсэг юм даа… алдая гэж алдаагүй… буруутан хайх чухал биш… одоо монголчууд бүгдээрээ нэг болоод хамтраад явах ёстой…” гэсэн төгсгөл хийчихнэ билээ.

Байз байз, юу болох нь энэ вээ, тэд арай О.Батнайрамдалаар… гэж бодогдлоо. Арьс махан завсар юм гүйх шиг зарсхийж байх чинь…

Ер нь энэ төр засагт АХ НАРын нөлөө буураагүй байхад ард түмний төлөө сайн сайхан шийдвэр гарна гэж байхгүй гэдэг нь 2+2=4 гэдэг шиг хамгийн ойлгомжтой зүйл шүү дээ, уг нь. Батнайрамдал ажиллах уу, систем ажиллах уу? Батнайрамдал систем дотор ажиллана!

Энэ аксиомоор бол маргааш УИХ-аар оруулах шийдвэрийн төсөл нь “Ямар ч татварын хөнгөлөлтгүй бүх төрлийн татвараа аваад л сууж байя, 34 хувиа бүрмөсөн цуцалж өрийн дөнгөнөөс салъя” гэдэг шийдвэр байх боломжтой юу. Ингээд ОТ-оо монголчууд бүрмөсөн тавьж туух уу?

Ерөөс РТ энэ бүхнийг маш сайн мэдэж байгаа бөгөөд үйл явц хэрхэн өрнөх, хэн хэн ямар үг хэлэх, хэрхэн монголчуудыг хямраах, тэгээд дараа нь ямар шийдвэр гарахыг нэгэнт мэдэж байсан болохоор том захирлууд нь зөөлөн буйданд шигдэж суугаад, газар гишгэж шороо болж амждаггүй дэгжин гуталтай урт хөлөө урд талынхаа ширээн дээр зөрүүлж аччихаад навчин тамхи сорж конъяк шимэнгээ их өрөөс салгасан буянтны дүрээр Монголд эргэн ирэхээ төсөөлж биднийг шоолж суусан хэрэг биш байгаа…

“Ингээд РТ, бас ширвээнд нь Батнайрамдал, ЗГ монголчуудын өрийг шийдсэн буянтан болж ОТ бүрэн бидний мэдэлд шилжинэ. Татвар уу, тэр яахав дээ. Ямар баялаг хичнээн хэмжээтэй гарч байгааг хянах ч чадваргүй авлигад бүрэн идэгдсэн монголчууд биднийг сөхөртөл татвар автал хаа ч байсан юм…”

Ингэсэн бол яахав?

Ургуулан бодъё л доо. Таны найз хамтарч бизнес хийх санал тавьжээ. Тэр мөнгөгүй, өмчгүй, гэхдээ сэргэлэн. Харин та цорын ганц үнэт өв хөрөнгө өмч болсон орон сууцтай, гэм нь гэнэн. Та хамтарсан компанийнхаа 34 хувийг эзэмших болж. Найз тань таны орон сууцыг барьцаалж зээл аваад түүнийгээ танд бас давхар өндөр хүүтэй зээлэхдээ “Чамд 34 хувьдаа оруулах мөнгө байхгүй тул би чамд үүнийг зээлж байна” гээд үй олон хүү бодоод та өрөнд ороод л байж. Сүүлдээ таны өр дийлдэхээ больмогц “34 хувийг эзэмшвэл ингээд өрөнд ороод л байна, тиймээс хувь эзэмшихээ больчих, орон сууц чинь минийх. Харин чи өрөнд орохын оронд тодорхой мөнгө тогтмол аваад л сууж бай” гэвэл яахав. Асар их зохиомол өрнөөс салж байгаадаа баярлаад өөрийн цорын ганц үнэт өмч орон сууцаа найздаа зүгээр л өгчих үү?

Ер нь юу болоод өнгөрөв, бодъё доо…

Оюун-Эрдэнийг Рио Тинто хөөрхөн молигодож дөнгөсөн. 34 хувьд оногдох 2,3 тэрбум долларын өрийг тэглэлээ гэхэд монголчууд төр засагтайгаа, засгийн газар, их хуралтайгаа хэрхэн хөөрцөглөж байсныг санаж байна уу? Гэтэл тэр бол хиймэл өр учраас бидэнд хохиролгүй, тэдэнд баясалтай. Бас Дубайн гэрээр цуцаллаа гэхэд монголчууд хоороороо баярлалдан уйлцгаасан. Гэрээ цуцалсан авсан зээл нь цуцлагдаагүй, зээлийн болон өрийн төлбөрийг төлнө. Гэрээг цуцалсан, санхүүгийн үр дагаврыг нь цуцалж чадаагүй. Хөөрхий өхөөрдөм гэнэн монголчууд, төр болж тоглож, улс болж наадаж байгаа монголчууд… Тэд хонь бүрэн чоно цатгалан гэж бодно, хоттой хонь биднийх болно…

Сонсголоос хойш Оросууд ОТ-г авах гэж байна гэсэн худал мэдээллийг зорилготойгоор хүчтэй тарааж эхэллээ. Оросоос айдаг паранойгоосоо салж амжаагүй монголчуудаар наадаж байгаа нь илт. Ийм ноцтой мэдээлэл газар авч байхад няцаах ёстойёо доо, бүр таг чиг шүү!Харин ч няцаахын оронд хөөргөдөн үлээж сууна.

Эсвэл 34 хувиа урагшаа зарах уу? Ер нь эзэмшлийн хувиасаа татгалзах чигийн эвгүй үнэр үнэртээд л байх шиг.

Компанийн засаглалд оролцохгүй гэдэг сонголт маш буруу. Ер нь манай гэрээ хийсэн хүмүүс анхнаасаа яагаад ордоо, баялгаа үнэлж өөрийн хувь болгож оруулаагүй нь гайхмаар. Сү.Батболд Бороогийн алтны ордын лицензийг эзэмшиж байгаад лицензээ шууд өөрийн хувь болгож үнэлээд, тэрхүү хувьдаа ноогдох алтаа шууд авах хамгийн энгийн гэрээ канадуудтай хийж байсан юм. Хажууд нь ийм ухаалаг сайн жишээ байхад яагаад энэ хувилбарыг байнга үгүйсгэсээр ирэв? Хувь хүн болохоороо баялгаа үнэлж хувь оруулдаг, улсдаа болохоор болохоо больчихдогийн цаана юу нуугдаж байна?!

Бас Ерөнхийлөгчийн маш сэжигтэй, түгшүүртэй нам гүм байдал. Сонсгол, сонсголоос үүдэн гарах шийдвэр түүнээс ангид байх боломжгүй. Тэр даалгавар хэрхэн гүйцэтгэгдэж байгааг хараад л, ажиглаад л сууна уу

Ер нь бол АХ НАР алдаа хийсэн, маш том алдаа хийсэн. Залруулах ёстой, харин хэнээр хэрхэн… Зөнжий нар зэнжий нараараа санаагаа гүйцэлдүүлчихээгүй байгаа…

2025 оны 12 дугаар сарын 17.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.