ХЯТАДЫН ЛИ МУ ЖАНЖИН ХИЙГЭЭД ХҮННҮЧҮҮД

Манайхан Хятадын нэрт түүхч Сыма Циний “Ши-цы” (Түүхэн тэмдэглэл)-г дажгүй мэддэг. Учир нь “Түүхэн тэмдэглэлийн” 110 дугаар бүлэгт “Хүннүгийн шашдир” байдаг. Манайхан энэхүү 110-р бүлгээс Түмэн шанъюй, Модун шанью-гийн домог болон Хүннүгийн аж байдлыг мэдэж авдаг. Ингээд л болоо. Гэтэл “Түүхэн тэмдэглэлийн” бусад олон бүлгүүдэд Хүннүгийн өмнөх (энэ нь маш чухал) болон Хүннүтэй холбоотой маш сонирхолтой олон баримт бий. Эхний удаад “Түүхэн тэмдэглэлийн” 81 дүгээр бүлэг буюу “Ли Мугийн амьдрал” гэсэн хэсгийг танилцуулъя:   

Бүлэг 81. ЛИ МУ-ийн амьдрал

Ли Му бол Чао-ийн эзэмшлийн умарт хилийн цэргийн командлагч алдарт жанжин байлаа. Тэрээр Яньмынь тойргийн Дай газарт байнга байж хүннүгийн эсрэг болгоомжлох арга хэмжээ авдаг байв.

Тайлбар: Чао улс бол Байлдаант улсуудын үед байсан эртний хятадын 7 үндсэн улсын нэг юм. Чао улс НТӨ 1045-аас НТӨ 221 онд оршин байжээ. Байлдаант улсууд гэдэгт энд дурдсан Чао-гаас гадна Хань, Вэй, Чу, Янь, Ци улсууд ордог. Энэ үед Хятадууд хүннүгийн эсрэг дайрах биш, хамгаалалт хийж, чингэхдээ олон жилээр байнга хамгаалдаг байжээ.      

Ли Му өөрийн үзэмжээр түшмэдүүдийг томилж, худалдааны бүх татварыг цэргийг тэтгэх зардлыг нөхөхийн тулд аяны өргөөндөө нийлүүлдэг байлаа.

Ли Му цэргүүдээ хооллохын тулд өдөр болгон хэд хэдэн бод мал нядалж, цэргүүдээ морь унах, нум мумаар харвахад сургаж, дохионы галыг байдлыг нямбай шалгаж, олон тооны туршуул илгээж, цэргүүддээ уужим сэтгэлээр ханддаг байв. 

Тайлбар: Хүннүгээс хамгаалахын тулд Хятад асар их зардал гаргаж, байнгын бэлтгэл хийдэг байжээ.    

Ли Му цэргүүддээ: “Хэрэв хүннү нар дээрэм хийхээр довтлон ирвэл нэн даруй эд зүйлээ хямгадаж, бэхлэлтэд нуугд. Дээрэмчдийг (хүннү) барихыг оролдсон хүний толгойг авна” гэсэн тушаал буулгажээ.

Чао-гийн нутагт хүннү нар довтлон ирэх болгонд дохионы гал асааж, цэргүүд тэр дороо эд зүйлээ авч, тулалдаан хийлгүйгээр бэхлэлтэд нуугддаг байв. Ийм байдлаар хэд хэдэн жил өнгөрч, Чао-гийн нутаг ямар ч хохирол амссангүй.

Тайлбар: Хятадууд хүннүгийн эсрэг байлдалгүй бэхлэлтэд нуугдах идэвхигүй арга хэрэглэж байна.            

Гэсэн хэдий ч хүннү нар Ли Му-г хулчгар гэж үзсэнээс гадна Чаогийн хилийн цэргийнхэн хүртэл жанжнаа хулчгар гэж үзэж болжээ. Чаогийн захирагч Ли Муг зэмлэсэн боловч тэр урьдын адил байсаар л байв. Уур нь хүрсэн Чаогийн захирагч Ли Муг татаж, түүний оронд цэргийн жанжнаар өөр хүнийг томилжээ.     

Жил гаруй болсны дараа Хүннүчүүд дайрах болгонд шинэ жанжин тосон тулалддаг болов. Тэр тулалдаануудад шинэ жанжин хэд хэд ялагдаж, их хохирол хүлээн, умарт хил орчим газар тариалан, мал аж ахуй эрхлэх боломжгүй болжээ.

Тайлбар: Тулж байлдах болгонд шахам хүннү цэрэг ялж байна. Тэр үед хүннүчүүд бэхлэлт эзлэх арга барилд суралцаагүй байжээ.   

Чаогийн эзэн Ли Му руу дахин хандав. Ли Му гэрийнхээ хаалгыг түгжиж, өвчтэй хэмээн шалтаг зааж гэрээсээ гарахгүй байв. Тэгэхэд нь Чао-гийн эзэн Ли Му-г орноос нь албаар босгож, түүнд цэрэг командлахыг тушаажээ. Ли Му: “Хэрэв Та үнэхээр намайг жанжин болгох гэж байгаа бол би урьдын хэвээр ажиллана. Зөвхөн энэ тохиолдолд л Таны тушаалыг биелүүлж чадна” гэж өгүүлэхэд Чаогийн эзэн зөвшөөрчээ.     

Ли Му томилогдсон газраа очмогц өмнөх тушаалын дагуу ажиллаж эхлэв. Хүннүчүүд хэдэн жил дараалан юуг ч эзэлж чадсангүй. Гэсэн хэдий Ли Му-г хулчгар гэж үздэг хэвээрээ байв. Жил болгон шагнал урамшуулал авдаг хэдий ч удтал зүгээр суусан цэргүүд дайсантай тулалдах хүслээр шатаж эхлэв.

Тайлбар: Хүннүтэй дайтахын тулд олон жилийн турш бэлтгэжээ.

Тэгээд Ли Му мянга гурван зуун байлдааны тэрэг (колесница), арван гурван мянган сайн морь, тавин мянган зоригт цэрэг, зуун мянган мэргэн харваачдыг ялган авч бүгдийг зохион байгуулж, дайны ажилд сургажээ. Тэрээр маллаж байсан бүх мал сүргээ тарааж, талаар нэг дүүргэв. Хүннүчүүд бага хүчээр дайрахад Ли Му хүннүг эсэргүүцэх хэдхэн мянган хүн үлдээж, ялагдсан мэт дүр үзүүлж ухарчээ.

Тайлбар: Хүннүг бутцохихын тулд лавтайяа 150-200 мянган хүнтэй хүчирхэг арми бэлтгэжээ. 

Энэ тухай сонссон Хүннүгийн шанъюй томоохон хүчээр Чао-гийн нутаг руу цөмрөн оров. Олон тооны отолт бэлдсэн Ли Му баруун, зүүн жигүүрээ давшуулж, довтлон Хүннү нарыг бут ниргэн, тэдний зуун мянга илүү морьтныг устгажээ.

Тайлбар: Хятадын түүхчид өөрсдийн хохирлыг дарж, дайсны хохирлыг ихэд дэвэргэж бичдэг зан энд харагдаж байна. Гэсэн хэдий энэ удаад хятадууд ялжээ.     

Дараа нь Ли Му даньлань овгийг устгаж, дунху-г бут ниргэн, линьху-г буулган авч, шанъюйг зугтаалгажээ.  Үүний дараа арав гаруй жилийн турш Хүннүчүүд Чао улсын хилийн хана руу ойртож чадаагүй юм.

Тайлбар: Энд хүннүгийн даньлань, дунху, линьху 3 овгийн нэр гарч ирж байна. Эндээс дунхуг бид сонсож байсан.

Судлаачийн үг

Хамгийн сонирхолтой нь энд дурдсан үйл явдал Модун Шанъюй-гийн Хүннү гүрэн байгуулагдахаас хамаагүй өмнө болсон юм. Хүннү улс ганцхан Чао улстай төдийгүй хил залгаа Хятадын бусад улс руу дайрч байсан нь “Түүхэн тэмдэглэлд” байдаг. Модун шанъюй-гаас бүр өмнө Хүннү гүрэн нэн хүчирхэг байсныг эндээс бэлхнээ харж болно. Энэ бол Монголын түүхийг урагшлуулах сайхан боломж биш гэж үү ?!    

Сыма Цинь хятадын түүхч учраас хятад жанжингуудынхаа ялалт амжилтыг магтан дуулах нь мэдээж хэрэг. Хэдий ийм ч Сыма Циний “Түүхэн тэмдэглэлээс” манай Хүннүтэй холбоотой олон сонирхолтой баримт олж болно. Ер нь бол эртний хятадын түүх бол нүүдэлчин монголчуудтай хийсэн дайн тэмцлийн түүх юм. Үүнийг мэдэхийн тулд “Түүхэн тэмдэглэлийг” бүтнээр нь уншиж судлах ёстой.  

Судлаач Х.Д.Ганхуяг.

2025 оны 07 дугаар сарын 28.          

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ХЯТАДЫН ЛИ МУ ЖАНЖИН ХИЙГЭЭД ХҮННҮЧҮҮД

  1. Unknown's avatar Anonymous says:

    Воав, онц сонирхолтой юмаа. Тэхлээр, энэ эртний хятад түүхчийн эх үүсвэр баримт дээр манай археологичид лут олдворууд олоод жин нэмээтэхвэл, манай түүх 2235 биш бүр урагшаа сунаж өгөх нь ээ. Сэргэлэн Интэрнэйшнэлийн нөхдүүд НТӨ бүр 1500 жилийн баримт мэр сэр ярих гээд байгаа. Үндсэндээ, энэхэн нутагт маань бидний өвөг эцэг үндсэн хүн ам нь байсаар байсан, хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй гээд байгаа нь үнэн юм гэж бодож байгаадаа. Яс юман дээр, ядаж 5 мянган жилийн өмнө Алтайн нуруунаас зүүн тийш нутагт бид байж л байсан болов уу. Улам лут лут олдворууд олдоосой. Бүр мөнх цэвдгээс олдвол бүр алаад өгнө.

  2. Unknown's avatar Anonymous says:

    Сайн байна уу Гана ах. Баярлалаа Танд.

    Түүхийн талаарх Молор-Эрдэнэ философийн тайлбарыг та сонсож үзээ болов уу. Та ч тоож сонсоогүй л байх л даа. Залуучууд их үзлэг шүү. Юутүбийн яриануудыг нь. Тэр хүний тайлбараар өнөөгийн Монголчуудад эртний Хүннү, Сүннү, Чингис түй ч хамаагүй, ямар ч холбоогүй. Орчин үеийн өөрсдийгөө Монголчууд гэж нэрлээд буй бид 1949 оноос хойш л бүрдсэн. 13 дугаар зуунд бид хүчирхэг байсан гээд байгаа нь бидэнтэй ямар ч холбоогүй. Чингис гэдэг хүн байсан бол тэр төв Азиас л ирсэн байж таараа. Энэ хүйтэн газар эзэнт гүрэн байгуулах ямар ч боломжгүй. Тийм гэж бодоход хот хаана байна, армийн үйлдвэрлэл нь хаана байна. Юу ч байхгүй. гэж тайлбар хэлдэг. Та үүнд ямар бодолтой байна вэ?

  3. Болдоо's avatar Болдоо says:

    Баярлалаа ах, таны нөгөө АЛТАЙН ТӨМӨР ХҮНий жишиг өнцгөөс бол бараг 10-15 мянганаар урагшилж, нийтийн тоололоос өмнөх сүүлчийн мөстлөг болоод хүрэл зэвсгийн үеэс шахуу НЭГДСЭН хамтын зохион байгуулалтай аймаг улс, хошуу холбоотнууд үүсч нүүдэлчдийн засаг захиргаа байгуулагдсан гэж боддог доо 🇲🇳😃🇲🇳

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.