Г.УЯНГА: М Си Эс ХИЙГЭЭД БУСАД…

Манай Г.Уянга нэг сайхан өгүүлэл бичжээ. Бид хоёр бараг жил шахам түнжин муутай явсан юм. Намайг “юм бичээч” гэхээр “бичнэ ээ” гэчихээд ном мом, цэцэг навч болоод явчихна. Ямар сайндаа дургүй хүрээд: “ингэхэд чи бичиг үсгээ мартаагүй биз дээ” гэж ёжилж байхав. Ингээд Уянга маань бичиж их том сэдэв хөндөж эхлэв. Монголын том сэтгүүлч зүгээр сууна гэж байхгүй л дээ…

ОДЖАРГАЛ БИД ХОЁР КАРАОКЕД

Тээр жил Д.Сарангэрэл гишүүн бид хоёр хамт явж байгаад караоке ортол MCS-ийн захирал Ж.Оджаргалтай “тааралдчихаж” билээ. Тэгээд нэгэнт “тааралдсан” юм чинь ярилцана биз дээ. Үндэсний компаниуд нь томорч байж улс орон хөгждөг тухай Сингапур, Солонгос зэрэг гадаад орнуудаар жишээ авч ярьсан түүний яриаг би мэдээж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд:

-Харин тийм. Би ч бас үндэсний том компаниудаа яг “Самсунг” шиг, “Эйпл” шиг дэлхийд гараасай гэж боддог. Гэтэл манайхан томроод ирэхээрээ буцаад жижгүүдээ барьж идээд байна шүү дээ. Танайх гэхэд л ийшээ ч харж архи, ундаа, хуушуур, бууз хийгээд, саван вок хүртэл зараад, тийшээ ч харж уурхай ухаад, дахиад нэг тийшээ харж сургууль байгуулаад, өөр тийшээ харж эмнэлэг хийгээд, бас нөгөө тийшээ медиа хийгээд, бүр зуух ч хийгээд…

Таазаа нэвтлээд дээшээ гарахын оронд таазандаа тулчихаад буцаад долоон буудлын Должин авгайтай хоолны бизнесийг нь хүртэл булаацалдаад, угаас хязгаартай дотоод зах зээлээ барьж идэж монопольдоод байна шүү дээ. Манай том компаниуд бүгд л тийм байна. Харин томчуудаа дэлхийд гаргахын тулд төр нь бодлоготойгоор дэмждэг баймаар байгаа юм, уг нь. Төр та нарыг шантаажилж сонгуулийн мөнгөө босгохоос хараа нь хэтрэхгүй байх шиг байна л даа… гэх мэтээр ярилцсаны дараа Ж.Оджаргал захирал:

-Хөөх, Уянгаа чи ингэж боддог, ярьдаг хүн байсан юм уу?! Би чамайг их өөрөөр бодож явсан байна!… гэсэн нь үнэнээсээ байсан уу, эсвэл тэгж хэлэх хэрэгтэй байсан уу бүү мэд. Надад бол үнэнээсээ л юм шиг санагдсан. Бид сайхан ярилцаж, караокедсоноос хойш дахиж таараагүй. Харин Ж.Оджаргал захирал их эвлэгхэн сайхан дуулчихдаг юм билээ.

Хожим монгол төрийн зүтгэлтэн түүхэн хүн Паавангийн Дамдин ахыг минь тэнгэр болсны дараа миний бие тухайн үед УИХ-ын дэд дарга байсан Л.Энх-Амгаланд хүсэлт гаргасны дагуу “Интермед” эмнэлгийн төлбөрийг нь зуун хувь чөлөөлөхөд маш их талархаж билээ. Тийм хүндэтгэл хүлээх бүрэн эрхтэй хүн байсан даа…

М Си Эс 30 ЖИЛИЙН ДАРАА

Ер нь би хэнтэй ч дайсагнадаггүй, тиймээс “MCS” ч, MAK ч миний дайсан биш. Гэхдээ улстөрийн чиг шугам минь бол яс хатуу. Өөрөө дайсагнадаггүй мөртлөө хэн нэгний өмнөөс дайсагнах бүүр ч утгагүй. Хаа очиж асуудлынхаа мөн чанарт, гол зүйлдээ төвлөрч чаддаг нь мэргэжлийн онцлог, хувь хүний мөн чанар байж магадгүй. Сэтгүүлч хүн мэргэжлийн байя гэвэл сенсаци шуугиан хөөх биш гол шугамаасаа хазайлгүй өнцөг чигээ барьж, сэтгэл хөдлөл багатайгаар асуудлын мөн чанарыг олж харах нь маш чухал байдаг. Сэтгүүлч ч гэлгүй ерөөс боловсролтой хүнд байх чухал чанаруудын нэг гэж бодож байна. За иймэрхүү чухал биш зүйлээ түр орхиод гол шугам руугаа оръё.

“МСS” яаж бий болсон юм бол? Миний мэдэж байгаагаар өмч хувьчлалын үед бол байгаагүй, тэр үеийн хулгай луйварт оролцоогүй гэсэн үг. “Эхний мянгыг хулгайгаар…” гэдэг үг манай хэдэн бизнесмэнүүд хаанаас ч юм олоод цээжилчихсэн, хулгай булхайгаа өмөөрөх бамбайгаа болгоод сурчихсан байна билээ. Социализмыг ад үзэж муулангаа тэр үед бүтээсэн бүх өмчийг асган цутган хуваагаад цусалчихсанаа халхалж байгаа ядмаг арга нь. Ингээд тэр үеийн бүх үйлдвэрүүдийг мэдээлэлд ойр байсан хүмүүс нь зүгээр л хувааж авцгаасан. Мэдээж нийгэм шилжээд, төр самуурчихсан, гадаад орчин өөрчлөгдөж, сэлбэг, материалын тэжээгчээ алдчихсан тэр үед аж үйлдвэрийн тэр том кластерийг авч явах амаргүй байсан байж таарна.

Гэхдээ додомдоод явсан бол бидэнд байгаа боломж бол тэр боловсруулах үйлдвэрүүд мөн байсан. Харамсалтай нь тэр үеийн өлсгөлөн цөөврүүдээс тийм ухаан горьдоод ч хэрэггүй байсан биз. Энэ хэсэг тусдаа сэдэв тул ингэсгээд орхиё.

Эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр анх 1993 онд сууриа тавьж байсан “МСS” компани анхны төслөө “Дэлхийн банк”-наас босгож байсан гэж түүхэндээ дурджээ. Харин дараа дараагийнх нь Монгол улсын төсөв байсан. Эрчим хүчний салбарт улс хэзээд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байсан, тэр амсар дээр суусан гэсэн үг л дээ. Энэ ч бас бизнес стратеги биз. Ер нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас бүрэн салаагүй Монголд төсвөөс хамааралгүй бизнес, том компани гэж байгаагүй дээ. Бүгд татаас авна, татвараа хөнгөлүүлнэ, өршөөгдөнө! MCS-ийн амжилтын нэгээхэн хэсэг нь төсөв, тендер гэлцдэг. Тийм ч биз. Шинэхэн нийгэмд шилжээд бүгд юу юугаа ч мэдэхгүй эхэлж, янз бүрийн л юм туршиж хийж үзэж байсан байж таарна. Бас ч нэг бизнесээс олсон мөнгөө үр ашигтай, өгөөжтэй байлгах гэж нөгөөг эхлүүлдэг байж таараа.

30 жилийн дараа MCS өдөрт 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар, төсөвт төвлөрүүлж, өөрийн 13,000 ажилтандаа сард 43 тэрбум төгрөгийн цалин олгож, дотоодын 8 600 гаруй бизнес эрхлэгчээс сард 185 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20.0 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгож байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмэр оруулдаг асар том групп болсон нь MCS-ийнхний төдийгүй Монголын ч бас бахархал мөн юм, уг нь. Бизнес нь худалдаа наймаанаас цаашилж бүтээн байгуулалт, нүүрс боловсруулах үйлдвэр, улмаар нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэрийн төслийн нь талаар сонсоод “Одоо ийм юм руу орох цаг нь болсоон…” л гэж бодож байлаа.

30 ГЭР БҮЛИЙН 30 ЖИЛИЙН ХӨГЖИЛ

Ж.Оджаргал шиг хүний толгойноос айлуудад зуух шахах тухай санаа яагаад гарсныг ойлгодоггүй, энэ бол ёс суртахуунгүй, мөнгөнд шунасан хүний л үйлдэл баймаар. Магадгүй хэт томорсон компанийн хяналтаас гажсан хэсэг нь толгойгоо цусадсан байж мэдэх. Харин шингэрүүлсэн түлш, хийн төсөл бол утаанаас салгах том суурь бөгөөд технологи нэвтрүүлэх иймэрхүү томоохон ажлыг “МСS” шиг компани хийнэ гэсэн итгэл хэнд ч төрнө. Харин “Ухаа худаг” бол луйвар төдий биш дээрэм мөн. Тавантолгойн бүлэг ордын өрөм нь. Үүн дээр, ер нь энэ мэт дээр л томчууд муудалцдаг юм болов уу даа!

Монголын хөрөнгөтнүүд эхлээд өмч хувьчлалаар, тэгээд төсвөөр, хамгийн гол нь уул уурхайгаар хөлжицгөөсөн. Өөр юу байхав, бодоод ч олохгүй. Ердөө л энэ. Гэхдээ манай хөрөнгөтнүүд хөгжиж байгаа л даа. Эхлээд хаана ч хамаагүй шовойлгоод байшин барьцгаасан, тэрийгээ тэр гэхийн тэмдэггүй гоёж гайхуулцгаасан. Ямар сайндаа л манай нэг тэргүүн баян гаднын зочин оффистоо авчрах гээд аймаар зам, аймаар газраар явж явж байснаа тэрүүхэндээ тохижуулсан тэрүүхэндээ гоё байшинд орсныг гаднын зочин нь үзээд хэлж ичээж байсан гэхэв. Тэгээд дараа нь бөөрөнхий биесээ брэндээр өвч бүрсэн, за тэгж байгаад гоё машинаар уралдсан, сүүлд онгоц вертолёттой болцгоосон. Улмаар уран зураг сонирхох болж, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж эхэлцгээсэн. Ер нь бол хөгжөөд л дээшлээд л байгаа юм. Гучхан жил болж байна шүү дээ. Одоо үнэтэй сайхан зочид буудлууд барьцгааж байна. Тэр нь хөгжлийг нь ч харуулж байгаа, бас мөнгийг нь ч угааж байгаа. Одоо түүнээсээ цаашилж улс үндэстнээ бүтнээр нь хардаг болтлоо томрохгүй юм болов уу?

Монголын арван жилийн хүүхдүүд бараг бүгдээрээ гадаадад сурах, тэгэхдээ тэтгэлэг авахын төлөө л суралцаж уралцаж байна, монгол хүн болохын төлөө биш. Гадаадын сургуульд тэтгэлэг авсан хүн бол Монголын бүх хүүхдүүдийн ролл модель, ардын баатар нь болж байна. Гэтэл манай “баялаг бүтээгчид” яагаад дэлхийн энтэй сургууль байгуулах тухай мөрөөдөж болдоггүй юм бол? Эсвэл хөгжил нь энэ түвшинд хүрэх арай болоогүй байна уу?

25 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙН БАРЬЦАА- МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ!

Монгол шиг 3 сая гаруйхан хүн амтай улс топ 100 аж ахуйн нэгжтэй, улсаасаа баян 30 гэр бүлтэй, бараг бүгд уул уурхайтай холбоотой. Тэд огт солигддоггүй. Товчхондоо бүгд л баялгаа ухаад зарж байгаа, түүнд нэг их ухаан хэрэггүй. Түүнээс олсон мөнгөөрөө таван одтой зочид буудал барих хэмжээнд байна, одоогийн хүрсэн сэтгэлгээний өндөрлөг нь. Арай давсан нь тэр мөнгөөрөө төрийг худалдан авч байна. Одоо бол сонгууль гэж байхгүй болсон, “төрийн сонгууль” бол ард түмний сонголт огтоосоо биш, том компаниудын мөнгөний зодоон. “Голомт”, MCS, МАК, Болд төмөр Ерөө гол, Гацуурт… гэх мэт. Монголын УИХ эдгээр компанийн төлөөлөгчийн газар шиг л ажиллана. Одоо бүр ч ил цагаандаа гарчихаад байгааг харж байгаа биз дээ?!

Ингэхэд Монголын баялгийг уралдаж зараад овоо мөнгөтэй болцгоосон том компаниуд одоо юу нь болохгүй болоод уралцаад байдаг юм бол? Мөнгөний дон уу, эсвэл өөр шалтгаан уу?

Ингэхэд Монголын 35 тэрбум долларын гадаад өрийн үсрээд гуравны нэг нь л Засгийн газрын өр, өрийн баталгаа, монгол банкны өр. Үлдсэн нь хувийнхны өр. 25 орчим тэрбум долларын өр хувийнханд хамаарч байна. Энэ өр бол манай топ аж ахуйн нэгжүүд, том компаниудад хамаарч таарна. Өнөөдөр төрсөн нялхсаас өнөө маргаашгүй болсон хөгшид хүртэл хүн нэг бүрт оногдож байгаа 35.000.000₮ бол тэдний тавьсан өр! Бид ч бас бултаж зайлах аргагүй болсон тэдний өрийн барьцаанд юу юу байна вэ, мэдээж хотын захын хаус, хотын төвийн оффисийг нь барьцаалаагүй нь лав.

Энэ их өрийн барьцаанд байгалийн баялаг, ашигт малтмал, ордууд, товчхондоо Монголын газар нутаг байгаа! Гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг нь угтаа хятадууд. “…2047 онд Монгол Хятадын хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй дайн дэгдэнэ. Оросууд санаа тавьж оролцсоноор энэ дайн зогсох бөгөөд үр дүнд нь Монголын газар нутгийн уртрагийн 47 градусаас урагш нутаг дэвсгэр Хятадын мэдэлд очино…” гэсэн ОХУ-ын Дорно дахины хүрээлэнгийн прогноз биелэх үү?! Гадаад өрөндөө барьцаалагдсан манай томчууд дотоодоо идээд дуусгаж байна шүү дээ! Энэ ИХ ӨР бол өнөөдөртөө яг тулгамдаагүй ч хаалга тогшиж байгаа бидний үндсэн АСУУДАЛ!

30 ГЭР БҮЛТЭЙ ХУЙВАЛДАХСАН…

Тэгвэл үүнээс хэрхэн гарах вэ? Өнөөдрийн, ерөөс 30 жилийн Монголын нийгмийн , улстөрийн гол дүрүүд нь, удирдан чиглүүлэгч, залуурдан жолоодогчид нь МАН АН-ын дарга нар ч биш, хэсэг хугацаанд тодорсон ядуу, поп улстөрчид ч биш 30 ГЭР БҮЛ шүү дээ!

Их хурлын гишүүн байхдаа нэгэнтээ, “… инфляци гадаад өрөөс ихээхэн хамаарч байна. Ер нь ямар асуудлууд байгаа юм бэ? Ямар компани хичнээн сая долларын өртэй юм бэ, түүний барьцаанд юу юу байгаа юм бэ? Компаниудаа сөхрүүлэхгүй, улсаа улдуулахгүй байх арга зам байх ёстой. Асуудлуудаа энэ дугуй танхимд оруулж ирээд, ширээн дээр дэлгэж байгаад ярилцацгаая…” гэдэг санал гаргаж байлаа. Ийм яриа хэлэлцээр хиймээр байна!

Өөрсдийнхөө хүнээр их хурал, засгийн газрын кабинетийг бүрдүүлдэг, эсвэл томилогдсон хүнийг өөрийн болгохоор худалдан авах чинь яг юуны төлөө юм бэ?! Асуудлыг ингэж ярилцаж шийдэхийн оронд өөрийн хүнээ улстөрд гаргаад түүгээр лобби хийж дотоод асуудлаа аргацаах, эсвэл төр үймүүлж, төрийг сүрдүүлж ашиг орлогоо хамгаалж тоглох маягаар явж ирсэн нь одоо шийдэл биш болчихоод байна. Хэн хэзээ эхлэх вэ, ярилцах вэ?!

Төр хувийн хэвшил хоёр дайсан биш ээ! Улсын, энэ үндэстний одоо ба ирээдүйн эрх ашгийн төлөө нэгдэх нийтгэх ч юм бий, хуйвалдах ч юм бий, шаардлагатай бол улсаа авч үлдэх үү, компаниа авч үлдэх үү гэдэгтээ тулах ч юм бий. Гэхдээ эхлээд тэдний өрийн дансыг дэлгэж тавьж байгаад нэг ярилцмаар байх юм… Монголд тулгамдаад байгаа үндсэн асуудал энэ юм байгаам уг нь! Засгийн газрыг огцруулах энэ тэр бол үүний дэргэд жижиг хэрэг, гэхдээ энэ удаад огцрохгүй л болов уу даа!

Гучин жил тасралтгүй алалцаж, сүүлдээ төрийг түйвээсэн та нарын толхилцооныг би ойлгохгүй байна, бас ойлгомоор байна. Монголын төрийг алиа салбадайнуудын тоглоом, сэтгэлгээний улныхны үүр уурхай болгож орхиод түүгээрээ наадан суух ямар таашаал юм бэ?!

Товчхондоо, би хэнийг ч үзэн яддаггүй харин гайхдаг, учрыг нь олчих юмсан гэж боддог. Та нарын учрыг олж байж төр улсаа аврах болчихоод байна. Цагаандаа гарсан дээрэм, улайрч талцсан улстөржилт чинь яг юуны төлөө юм бэ?! Алалцаад аль нэг тал нь дийлэхгүй гучин жил боллоо. Байгалийн баялгаа булаалдаж дуустал та нарын зодоон үе дамжин үргэлжилнэ гэвэл ард түмэн дийлэхгүй ээ. Ард түмнээ “Женкогийн мояа”, “MCS-ийн шавхрууг долоогч”, “МАН-ын хиамчин”, “МАК-ын тролл”… уудад хуваагаад үндэстнээ сүйрүүлээд дуусна. Эднийг нэг ширээний ард суулгаад цэгцлэх төр шиг төр л хэрэгтэй байна. Ерөнхий сайд стратегийн ордуудын 34 хувийг төрд авах гэж байгаа нь сайн хэрэг мөнөөс мөн боловч ард нь байгаа мөнхийн энэ л асуудлын шийдлийг олохын оронд нэг талд нь ороод зодоонд оролцож байгаа нь үнэндээ түр зуурын л улстөрийн нэр, ашиг төдий.

Манай шилдгийн шилдэг 100 хөрөнгөтөн, 30 гэр бүлийн дунд компаниараа биш мянга мянган жилийн настай Монголын төрөөр сэтгэх ядаж нэг хүн байвал хувьсгалт хуйвалдаан хийхсэн… гэж битүүхэн мөрөөддөг хүн билээ, би.

Ид зодооны улайрлын энэ цаг мөчид, ялангуяа манай МОЯА фракц М Си Эс-ийг шуудайд хийгээд багаараа балбаж байгаа үед цагаа олоогүй санаа ч байж магадгүй…

Миний энэ санаа хүүхдийн гэнэн өхөөрдмөөр романтизм уу, эсвэл энэ хэдтэйгээ хэдэн тал болж хуваагдаад алалцаанд хэн нь ялахаа үргэлжүүлэн үзэх үү, яахав… Тэгвэл хэн нь дийлэх бол, хэзээ дийлэх бол?!…

2025 оны 02 сарын 13.

Unknown's avatarAbout Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Г.УЯНГА: М Си Эс ХИЙГЭЭД БУСАД…

  1. Unknown's avatar Anonymous says:

    Уянгын хэлдэг зөв л дөө. Гэхдээ монгол хүний IQ маш муу шдээ. Юун дээшээ дэлхийд гарах. Харин хулгайч, криминал, шунал, чөтгөрлөг сэтгэлгээгээрээ дэлхийд ямарч өрсөлдөгчгүй ганцаараа хол тэргүүлж байна. Үүний үр дүн бол гарцаагүй үхэл, мөхөл. Юун тэр масон, сион, иллюминатор.

  2. Unknown's avatar Anonymous says:

    тэд нар Монгол улсыг болон өөрсдийгөө үззэн яддаг учраас хэзээ ч хөгжүүлье гэж боддоггүй

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.