АЖ ҮЙЛДВЭРЭЭ Ч, БАС СОЁЛОО Ч АВАРНА…
2023/05/07 1 Comment
Ялалтын баяр болж байгаатай холбогдуулан дайны ялалтад маш их нөлөөлсөн “нүүлгэн шилжүүлэлт” хэмээх дэлхийн түүхэнд байгаагүй аварга их үйлсийн тухай товч өгүүлье.
Эх орны дайн эхэлснээс хойш хэдхэн сарын дараа ЗХУ бүр баларч гүйцэв. Германы мэдэлд орсон нутагт хүн амын 40%, аж үйлдвэрийн 33% төвлөрч байжээ. Хэрэв аль нэг өөр улс ийм хэмжээний хохирол үзсэн бол дайнд ялагдах нь гарцаагүй юм. Харин Зөвлөлтийн ард түмэн бууж өгсөнгүй.
Дайн эхэлснээс хойш ердөө л 3 өдрийн дараа Ардын Комиссариатын Зөвлөлийн дэргэд Нүүлгэн шилжүүлэх Зөвлөл байгуулж, И.Сталин өөрөө толгойлов. Харин бодит удирдлагыг А.Косыгин хэрэгжүүлсэн юм. Хожим А.Косыгин ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар 1964-1980 онуудад хамгийн удаан ажилласан билээ.
Нүүлгэн шилжүүлэлт 2 шаттай явагдсан бөгөөд 1941 онд эхний хамгийн аюултай шатанд Белорусс, Украин, Прибалти орчим, Москва, Ленинградаас, дараа нь 1943 онд европын өмнөд хэсгээс нүүлгэн шилжүүлэв. 1941 оны 7-р сарын нүүлгэн шилжүүлэх ажилд ЗХУ-ын бүх вагоны паркийн тэн хагасыг ашиглаж байсан гэж бодохоор нүүлгэн шилжүүлэлтийн цар хүрээг төсөөлж болно.
Нүүлгэн шилжүүлэх ажил нь дайсны гарт үлдээж болохгүй бүх хөрөнгө, хүнсний нөөцийг нүүлгэн шилжүүлэх, ар тал руу нүүлгэж болохгүй бүх хөрөнгө, хүнсний нөөцийг устгах зарчимтай байлаа.
1941.07.23-нд ЗХУ-ын төмөр замд цэргийн цуваа, ачааг түргэн өнгөрүүлэхийн тулд байлдааны онцгой график тогтоож төмөр замын шугамын нэвтрүүлэх хүчин чадлыг дээд зэргээр ашиглах болов. Төмөр замын дагуу дохио өгөгчид зогсон хөдөлгөөнийг гараар удирдах болов. Үүний ачаар галт тэрэгний цуваа бие биеээсээ 700-800 метрийн зайтай явах нөхцлийг бүрдүүлж чаджээ. Энэ бол галт тэрэг онцгой тохиолдолд ердөө л тормозлож болох зай юм.
Энэхүү хатуу чанд арга хэмжээний үр дүнд түүхэнд байгаагүй асар их ажил гүйцэтгэж чаджээ. Энэ үеэр 30 мянган галт тэрэгний цуваа, 1,5 сая вагон нааш цааш нэвтрүүлжээ.
Зөвхөн 1941 оны 3-11-р сард Дорно зүг рүү 2593 үйлдвэрийн газар, түүний дотор эхний 3 сард 1350 үйлдвэрийг нүүлгэж чаджээ. Эдгээрийн дотор 1523 том үйлдвэр орж байлаа.
Нүүлгэн шилжүүлж буй үйлдвэрүүдтэй хамт 18 сая ажилчин, албан хаагч, тэдний гэр бүлийг нүүлгэжээ. Бүх дайны туршид нийт 25 сая орчим хүнийг нүүлгэжээ.
Хүнээс гадна малыг ч бас нүүлгэв. 1941 оны сүүлийн хагаст 2393,3 мянган толгой малыг нүүлгэж шилжүүлжээ.
Нүүлгэн шилжүүлэх ажлыг замбараагүй дуртай газар руугаа явуулж болохгүй байсан юм. Наад зах нь төмөр замд ойрхон, цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхүйц газар байх ёстой. Ингээд Урал руу 667, Баруун Сибирь рүү 244, Зүүн Сибирь рүү 78, Дундад Ази, Казакстан руу 308, Поволжь руу 226 үйлдвэрийг шилжүүлжээ.
Хамгийн аюултай нь танк, нисэх онгоц, байлдааны хэрэгсэл, зэвсэглэлийн бүх үйлдвэрийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн машин үйлдвэрлэх 150 завод, металлургийн 94, цахилгаан техникийн 40 заводыг нүүлгэжээ.
Үйлдвэрийн суурь машин, тоног төхөөрөмжийг хоосон газарт зоож, гүйдэл залгаад шууд ажиллуулж эхэлдэг байлаа. Харин байшинг нь дараа нь буюу зэрэгцүүлэн барьж байв.
Энэ үед зэвсгийн үйлдвэрлэл эрс буурах нь мэдээж. 1941 онд цөөн тооны танк, онгоц, их бууг И.Сталин өөрөө биечлэн цохож байлдаж буй армийн ангиудад “харамлан байж” хуваарилдаг байв.
Нүлгэж шилжүүлэлтийн 2-р шатанд 150 том үйлдвэр, түүний дотор нефтийн тоног төхөөрөмж, нефтийн нөөцийг нүүлгэж шилжүүлжээ. Үйлдвэрүүдтэй хамт ажилчин, инженер, техникчдийн 30-40%-ийг хамт нүүлгэжээ.
ЗХУ зөвхөн үйлдвэрээ төдийгүй соёл-урлагийн үнэт бүтээлээ нүүлгэн шилжүүлэх аварга их ажил хийв. Дайн болоод, бас ялагдаад амь наана, там цаана байхад соёл урлагийн бүтээлийг нүүлгэнэ гэдэг бол зарим талаар илүүц ажил ч байж болох ч хамгийн чухал үйлс байсан юм.
ЗХУ-ын баруун хэсгээс музей нүүлгэх ажлыг дайны эхний өдрүүдэд хийж эхэлжээ. Чингэхдээ үүнийг музейн ажилтнууд өөрийн санаачлагаар хийж эхэлсэн нь гайхамшигтай. Музейн ажилтнууд үнэт үзмэрүүдээ баглан боож, нүүлгэхэд бэлэн болгосон байв.
Севастополийн Уран зургийн Галарейн захирал М.Кривошицкий музейнхээ үзмэрийг баглаж хайрцаглан яаж ийгээд машин олж, дараа нь ачаагаа усан онгоцонд шилжүүлэн ачиж, дараа нь Батумад хүргэжээ. Тэндээсээ төмөр замаар үзмэрээ Томск хотод хүргэж амжсан байна. М.Кривошицкий гав ганцаараа үнэт үзмэрээ даган 13 сарын турш хүнд хэцүү, урт зам туулсан нь өөрөө гайхамшиг юм.
Их театрыг 1941.10.14-нд Куйбышев рүү, Мосфильмийг Алта-Ата руу бүх тоног төхөөрөмж, ажилтнуудынх нь хамт нүүлгэн шилжүүлжээ. Дайны жилүүдэд нийтдээ 50 орчим уран сайхны кино бүтээжээ. Энийг гайхамшиг гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Номын сангуудаа ч мартсангүй. Улсын Түүхийн нийтийн номын сангийн үнэт номуудыг 40 мянган хадгаламжийн нэгж болгон баглаж, Москва гол, Ока болон Ижил мөрнөөр дамжуулан Саратов хот руу хүргэсэн бөгөөд 2 сарын дараа дахин нүүлгэж Казакстаны Кустанай хотод байршуулжээ.
XY-XIX зууны ховор номнуудыг 630 том хайрцагт хийж, төмөр замаар Уралын Шадринск хотод хүргэжээ.
1941 оны 7-р сард Лениградаас түүх-архивын гар бичмэлийн сан, А.С.Пушкиний музейн үзмэрүүдийг нүүлгэж Новосибирск хотод байршуулжээ.
Эрмитажийг нүүлгэх ажил дайн эхэлсний маргааш буюу 1941.06.23-аас эхэлжээ. Нийтдээ Эрмитажийн сая гаруй үзмэрийг нүүлгэх ёстой. Эрмитажийн хагас сая үзмэр бүхий 22 вагонтай эхний цувааг Свердловск хотод хүргэжээ. Энэ цувааг зенит, пулёметаар зэвсэглэсэн тавцангууд дагалдаж явжээ.
Дараа нь 722 мянган үзмэрийг 1422 хайрцагт хийж, 23 вагон бүхий цуваагаар Свердловск руу илгээжээ. Ленинградын бүслэлт хаагдсан учраас бэлтгэж байсан 3 дахь цувааг илгээж амжсангүй.
Улмаар Лениград орчмын хаадын ордны цуглуулгыг 1941.07.31-нд эхлээд Горький хот руу явуулсан боловч, аюулгүй байдлын үүднээс цаашаа Новосибирск рүү нүүлгэжээ.
Оросын Музейн үзмэрүүдийг нүүлгэхдээ том хэмжээний уран зургийг гэмтээхгүйн тулд шаланд хүргэхгүй эвхэх тусгай ороох төхөөрөмж хүртэл зохион бүтээжээ. Уран зургийн гэмтэж болзошгүй хэсэгт тамхины цаасыг тусгай хайлдаг цавуугаар нааж бөхөлж байсан нь оросууд урлагийн бүтээлдээ ямар их хайртай, нягт нямбай ханддагийн тод нотолгоо юм. Ийм маягаар 7,5 мянган уран зургаа хамгаалж, хадгалж чаджээ.
1941.07.23-аас Москвагийн Кремлийн музей, ялангуяа Зэр зэвсгийн танхимийг нүүлгэж, цэргийн хамгаалалтын дор Свердловск хотод хүргэжээ. 3 өдрийн дараа 2-р цуваа Свердловскод ирэв.
Хүний ухаан санаанд багтамгүй, нөр их ажлын үр дүнд ЗХУ 1942 оны эхэн гэхэд зэвсгийн үйлдвэрлэлээ бүрэн сэргээж чадсан бөгөөд 1943 он гэхэд Германыг ардаа хол орхиж, зэвсгийн бүх төрлөөр илт давамгайлах болжээ.
1943 онд ЗХУ-ын цэргийн үйлдвэрлэл дайны өмнөхөөс 4,3 дахин өссөн бол Германых дөнгөж 2,2 дахин өсчээ.
1941 онд Германы онгоцууд ганц хүнийг хүртэл элдэн буудаж, танкууд нь газрын хөрсийг эргүүлж байсан бол 1943 он гэхэд байдал эсрэгээрээ эргэж, оросын танк онгоц, их буу фашистуудыг нам дарах болов.
Ийм хүчирхэг ард түмэн ямагт ялалт байгуулдаг бөгөөд энэ нь санамсаргүй явдал огт биш…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2023 оны 05 дугаар сарын 07.
🙂