БУДДЫН КОСМОЛОГИЙН ТУХАЙ ТОВЧХОН…

Саяхан би: “шашин шинжлэх ухааны нээлт хийдэггүй” гээд хэлчихсэн чинь монголын шашны фанатикуудад “алуулангаа алдав”. Сүүлдээ асуудал космологийн буюу огторгуй ертөнцийн бүтцийн асуудал руу хүрэв. Иймээс би “өөрийгөө хамгаалахын” тулд Буддын шарын шашинд сансар огторгуйг хэрхэн тайлбарладаг тухай шашны космологийн сургаалийг маш товч өгүүлэхээр шийдэв. Энд би ямар ч тайлбар хийгээгүй, шашныг магтаагүй, мөн муулаагүй. Зүгээр л шашны номлолд ингэж тайлбарладаг гэдгийг маш товч үзүүлэв. Үүнийг бүх хүмүүс, ялангуяа шашны фанатикууд уншаасай гэж хүсч байна…       

   

Шарын шашны тайлбараар: шимийн ертөнц ба савын ертөнц гэсэн хоёр ертөнц байна. Шим ертөнц нь амармагийн орон, дүрсийн орон, дүрс үгүйн орон гэж цааш хуваагдана. Энэ гурван оронд там, бирд, адгуус, хүн, тэнгэр хэмээх 5 зүйлийн амьтан бий. Үүний дээрээс нэг талаасаа тэнгэр хийгээд адгуус, нөгөө талаасаа бирд багтан шингэсэн асур гэгч амьтан бий. Энэ асурыг нэмэхээр зургаан зүйл амьтан болно.

Ер нь бол халуун хүйтэн нийт 33 зүйлийн там, 2 зүйл адгуус, 3 зүйл бирд, дөрвөн тивийн 4 зүйл хүн, гурван зүйл тэнгэр байдаг.

Үүний дараа ертөнцийн үүсэл, устал, хэлбэр, хэмжээг тайлбарладаг. Энэ онолоор: анхлан хоосон галавын хоосон огторгуйд амьтны үйлийн үрээр хийн мандал, усан мандал, шороон мандал тогтож, доор нь дэлхий болон тогтсон гэж үзнэ. Монголын гүн ухаантнууд үүнийг “зохиогч хийн мандал, түлхэгч усан мандал, шүтэгч шороон мандал” гэж тодруулан нэрлэдэг.

Энэ тухай бари лам Дамцагдорж “Сав шим ертөнцийн байдал, шашны гарсан ёсыг өгүүлсэн Эрдэнийн зул” бүтээлдээ тодорхой тайлбарласан. Энэ номоос шууд иш татъя:

“Ертөнц анх тогтохын цагт урд галавын хоосорсон хоосон огторгуй дор анх дээд тэнгэрийн орон нугууд номлосончлон дороос зэргээр тогтсоны сүүлд доод хувьд нийт амьтны үйлийн үрээр өчүүхэн зөөлөн салхи хуйларч зэргээр их болсноос гурван мянган ертөнцийн доод суурь болсон салхины хот мандал бөөрөнхий хэлбэртэй бүтнэ. Энэ нь хөх цайвар өнгөтэй, их очроор ч эвдэж эс чадах чийрэг, зузаан нь 1 сая, 6 буман бээр, өргөн нь 3000 ертөнц лугаа сацуу тоогүй (тоолшгүй) нэгэн болж тогтоно.

Тэр мэтийн салхи тэрний дээр огторгуй дор алтан зүрхэт хэмээх үүл тулалдаж гарснаас хурын үргэлж шилэвч модны төдий олон бууснаас усны хот мандал тогтоно. Зузаан нь  11 буман, хорин мянга хоёр том бээр.

Тэр ус нь гадагш асгардаггүй нь үйлийн эрхээр бүтсэн бөгөөд шингээгүй хоол ходоодны аманд байдаг шиг бас уушгинд оршдог салхиар бүтдэг.

Тэр мэтийн усыг салхиар бүлж хутгаснаас хожим 4 тив үүссэн ба тив тус бүрийн доор зузаан нь 8 буман бээр далай бий болж, тэрний хооронд үлдсэн 3 буман, 2 түмэн далай дээр алтан хот мандал бий болдог” гэж тодруулан дурдсан байдаг.

Дэлхийн төвд дөрвөлжин 4 үетэй, 4 талдаа өөр өөр эрдэнэсээс бүтсэн Сүмбэр уул оршино. Харин энэхүү Сүмбэр уулыг тойрон 7 алтан уул бий, эдгээр 7 алтан уулыг тойроод төмрийн алтан уул, тэдгээрийн завсарт цэнгэлийн 7 нуур бий. Мөн 8 зүйлийн лусын орон бий.

Далайд орсон 4 тив нь: үлэмж биет тив, замбуу тив, үхэр эдлэгч, муу дуут гэсэн тив бөгөөд хэлбэр нь заримдаг саран мэт, тэрэг мэт, мөн дүгэрэг ба дөрвөлжин байдаг.

Дэлхийд 3000 ертөнц буй. Нэгэн хийн хот мандлын дээрээс тогтсон усан мандлаас асурагийн орон хүртэл арван дүнчүүр тоот ертөнцийн нижгээд нижгээд мянган, түүний нэгийг анхдугаар мянганы ертөнц гэнэ. Анхдугаар мянганы ертөнц нижгээд нижгээд мянганы гадуур бас нижгээд нижгээд төмөр уул хүрээлнэ. Түүний нэгийг хоёрдугаар мянганы ертөнц гэнэ. Хоёрдугаар мянганы ертөнц нэгэн мянганы гадуур мөн нэгэн төмөр уул хүрээлэх ба түүнийг гурван мянганы их мянган ертөнц гэнэ.

Ингээд “нэгэн хий мандлын дээр 3000 их мянган ертөнц, нэг, хоёр дугаар мянган нэгэн мянга, анхдугаар мянганы ертөнц 1 сая, бага ертөнц 1 тэрбум буй” гэж шашны эрдэмтэн Шагжийн “Абхидхармын санд номлосон ертөнцийн байдал” бүтээлд дурдсан байдаг.

Үүний дараа “амьтан хийгээд тэдгээрийн биеийн хэмжээ болон савын их бага, зузаан зэргийг хэмжих ёс”-ыг тайлбарлана. Ертөнц бол маш нарийн тоос, тоос, төмрийн тоос, усны тоос, далайн тоос, хонины тоос, үхрийн тоос, нарны гэрлийн тоос, хуурс, бөөс, арвай, хуруу гэсэн хэмжигдэхүүнээс эхлэн цааш “томрох” бөгөөд бээр хүртэл хэмжээг дурдана. Ухаандаа 24 хурууг 1 тохой, 4 тохойг 1 нуман турш, 500 нуман туршийг 1 көрш, 8 көршийг 1 бээр гэнэ.

Цаг хугацааг дараах байдлаар тайлбарлана: охорын эцэс, 120 охорын эцсийг агшин, 60 агшныг 1 түр, 30 түрийг хоромхон, 30 хормыг 1 хоног, 30 хоногийг сар г.м. үргэлжлүүлж жил болгоно.

Хамгийн сүүлд сав шим ертөнц үүсэхээс эхлээд дуусах хүртэлх хугацааг галаваар хэмжинэ. Галав нь: там галав, эвдрэх галав, хоосон галав, тогтох галав, орших галав, их галав гэсэн 6 янз байна.

Харин эвдрэх галавын шалтгааныг: “зуд ба өвчин, мэсийн гурван зуурд зуурд галав, мөн гал, ус, хий гурваар эвдрэх гэж ангилна гэж “Мэргэд гарахын орон” сударт өгүүлдэг.

“Мэргэд гарахын орон” гэхээр “мэргэн цэцэн ухаан өөрөө гараад ирдэг” гэж ойлгож болохгүйг надаар хэлүүлэх юун. Данжуурыг монголчилсны дараа янз бүрийн орчуулагчид Бурхны сургаалийг янз бүрийн нэр томъёогоор орчуулж “зовлон болоод” байсан учир энэ бүхнийг нэгтгэн нэгэн “стандартад” оруулах шаардлага үүссэний учир “Мэргэд гарахын орон”-г зохиосон.  Энэхүү “Мэргэд гарахын орон” хэмээх төвд-монгол толь бичгийг Жанжаа хутагт Ролбийдорж удирдлагаар олон мэргэд оролцон 1742 онд бүтээжээ.

За ингээд энд өгүүлснийг “хамгийн мундаг шинжлэх ухаан” гэж ойлгоно уу, өөр юу гэж ойлгох нь Та нарын мэдэх хэрэг. Дураар болтугай. Гэхдээ шашны гүн ухаанаар надтай “хэрэлдэх” гэж зүтгэхийн хэрэг огт байхгүй…   

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 10 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to БУДДЫН КОСМОЛОГИЙН ТУХАЙ ТОВЧХОН…

  1. Bi says:

    Saihan huraanguilan bichjee. Etssiin etsest Buddiin ene “tanin medehui” heseg buleg humuusiin l bodoj olson idea yum biz dee. Iim yumaar tolgoigoo duurgeh hereg yum gej bodogdoj baina. Sudlaachid bayarlalaa.

  2. есөн says:

    Материаллаг ертөнц бүтээгдэх хугацаа 622 триллион 80 тэрбум, оршин тогтнох хугацаа 311 триллион 40 тэрбум байдаг гэсэн. Бхагавад гита та уншсан юм шиг байна лээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: