КОРОНА ВИРУСТЭЙ ТЭМЦЭХ ТУСЛАМЖ

Дэлхий дахинд корона вирусын цар тахал дэлгэрсэн хүнд үед ихэнхи улс орнууд иргэддээ тусламж үзүүлж байна. Хэлбэр, хэмжээ нь янз бүр байна. Саяхан “Turan Times” сэтгүүл зарим улс орнууд хүн амдаа үзүүлж буй тэтгэмж, тусламжийн талаар харьцуулан бичсэний товч агуулгыг орчуулан хүргэж байна. Санаа авах зүйл маш их байна…  

АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цар тахлаас үүдсэн хямралын эсрэг арга хэмжээнд 2 триллион доллар гаргахаар шийдвэрлэсэн. Үүний ихэнхийг иргэдэд олгох тусламж эзэлж байна. АНУ-д ажлаа алдсан эсэхээс үл хамааран насанд хүрсэн иргэн бүрт 1200 $, хүүхэд бүрт 500$-ын нэг удаагийн тэтгэмж олгож байна. Харин орлого нь жилд 75.000$-аас хэтэрсэн иргэн энэ тусламжийг авахгүй.          

Ажилгүйдлийн долоо хоног бүрийн тэтгэмжийг 600$ болгон нэмжээ. Энэ төсөл 4 сарын турш үйлчлэх юм байна. 

Испани

Испани иргэддээ нийгмийн тэтгэмж олгож эхлээгүй аж. Харин энэ 3-р сард корона вирустай тэмцэх, түүний хохирлыг арилгахад 200 миллиард евро гаргажээ. Үүнээсээ 600 сая еврог эмзэг бүлгийн иргэдийн эрчим хүч, усыг тасралтгүй хангахад зарцуулахаар төлөвлөжээ. Мөн хямралд хүчтэй нэрвэгдсэн иргэдийн ипотекийн төлбөрийг хойшлуулжээ.       

Испанийн ЗГ энэ 5-р сараас эхлэн амьдралын хамгийн доод түвшингөөс доош орсон гэр бүлд туслах шийдвэр гаргах аж. Испанид амьдралын хамгийн доод түвшин 645 еврогийн орлоготой өрх 1 сая орчим байдаг гэнэ.   

Итали

Италийн ЗГ корона вирусын хор хохиролтой тэмцэхэд зориулж 25 миллиард евро гаргажээ. Хамгийн эхлээд иргэдийн ипотекийн зээлийн төлөлтийг зогсоожээ. Энэ 4-р сараас хөл хорионоос болж орлогоо алдсан иргэдэд туслах болжээ. Корона вирусээс болж ажилгүй болсон 3 сая хүнд нийтдээ 3 миллиард еврогийн тусламж үзүүлэх гэнэ. Удахгүй “онцгой тэтгэмж” олгох ба үүний мөнгөн дүнг одоогоор зарлаагүй байна.       

Хохирол үзсэн иргэдэд сард сард 600 еврогийн тусламж үзүүлэх бөгөөд үүнийг бүх иргэнд тэгш хуваахгүй, харин илт хохирол амсаж, зайлшгүй тусламж үзүүлбэл зохих иргэдийн категорийг маш нарийвчлан зааж өгчээ.     

Орос

ОХУ-д хямралын эсрэг санд 300 миллиард рублийн сан бүрдүүлжээ. Корона вирусын улмаас ажлаа алдсан Москвагийн иргэдэд 19.500 рубль олгох аж. Үүний дараахан Ю.Путин ажлаа алдсан иргэн бүрт 12.130 рубль олгоно гэж амлажээ. Гэхдээ үүнийгээ 6-р сар хүртэл олгох юм байна.      

Мөн ажилгүй болсон, хүүхэдтэй гэр бүлд сар бүр 3000 рубль олгоно. Үүнийг 18 нас хүрээгүй хүүхэд бүр хүртэнэ. 

Киргиз

Киргизийн банк иргэдийн зээлийн төлбөрийг наад зах нь 3 сар хойшлуулах зөвлөмж гаргажээ. Гэхдээ энэ бол ердөө л зөвлөмж юм. Киргиз иргэддээ ямар нэг тэтгэмж олгоогүй байна. Киргизийн ЗГ ядуу зүдүү болон тэтгэвэртэй иргэдийн мөнгийг зогсоож, хойшлуулахгүй гэж “амлажээ”. Байгаа хэмжээ нь энэ юм чинь өөр яах билээ.   

Беларус

Белоруст бол бүр санаа амар. Улсын ямар ч ажил зогсоогүй, зогсоогоогүй. Ажлаа алдсаны тэтгэмж олгох тухай огт яриагүй. Гэхдээ Үйлдвэрчний Эвлэлүүд нь харилцан туслалцах касс байгуулжээ. Энэхүү харилцан туслалцах кассанд санхүүгийн хүнд байдалд орсон үйлдвэрийн газрууд хандаж болох юм байна. Харин Белоруссын ЗГ эдийн засгийг дэмжих 110 сая рублийн хөрөнгө гаргаад байна.        

Узбекистан

Узбекийн Ерөнхийлөгч төрийн нийгмийн хүрээнд реформ хийх ёстой гэж мэдэгджээ. Тэрээр ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, ядуу иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, зах зээлийг хүнс, эмийн зүйлээр хангах, ажил хэргийн субъектуудын эргэлтийн хэрэгслийг багасгах, тэдэнд нэмэлт хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ боловсруулах үүрэг өгчээ. Улмаар хүмүүсийг гэрээсээ гарахыг хоригложээ. Харин иргэддээ тодорхой тусламж үзүүлэх тухай яриагүй байна.             

Туркмен, Тажик

Энэ хоёр улс корона вирус байхгүй гэж зарлаж байгаа тул түүний эсрэг ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа аж…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 04 дүгээр сарын 10.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.