ОДОО ЯАЖ Ч ГҮРИЙГЭЭД НЭМЭРГҮЙ ДЭЭ…

Миний “Нөгөө Сү туучий чинь” өгүүлэл 2021.01.18-нд нийтлэгдэв. Гэтэл үүнээс 2 хоногийн дараа ЗГ огцорчихдог юм байна. Огцорсон ч гэж дээ, У.Хүрэлсүх зугтаагаад алга болов. Ингээд би гээч амьтан ЗГ-ыг онхолдуулсан “хэрэгт” уначихдаг юм байна. Энэ өгүүллийг зөвхөн миний блогоос одоогийн байдлаар 36 мянган хүн уншаад байна. Энд би твиттер, нүүр ном болон бусад сайтаас уншсан зуу гаруй мянган хүний тоог оруулаагүй. Зүйрлэвэл С.Баярын байрны асуудлыг 12 мянган хүн уншсан юм. Энэ нь Монголын рекорд үзүүлэлт болж байна. Яагаад ?! Монголын олон нийтийн хардаж байсан асуудлын голыг олж хөндсөн учраас…Гэтэл үүнийг Сү.Батболд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон “гүтгэлэг” хэмээн удаа дараа мэдэгдэж, шүүхэд өгөх тухай “тунхаглан” гүрийсээр байна. Хэнийг, ямар үндэслэлээр, хэзээ өгөх нь, өгсөн нь тодорхойгүй. Хүмүүс намайг мангар их “нууц материал” олж дарчихаад Сү-г “алах” гэж байна гэж ойлгоод байгаа. Би зүгээр л олон улсын шүүхийн ил байгаа материалуудыг нэлээд удаан, чамгүй их ухаж, ойлгож мэдэж авснаа системчилж, олон түмэндээ хүргэж байна. Тэрнээс биш би “лаг мундаг” болохоороо ганцаараа “нууц” материал олоод байгаа юм биш. Үүнийг хэн дуртай нь үзэж шалгаж болно. Эл асуудал нийгэмд асар их шуугиан, будлиан тарьж байгаа учраас монгол судлаач би бээр болсон үйл явдлыг системчилж, ойлгомжтой өгүүлэхийг өөрийн үүрэг гэж үзэж байна…

Ямар ямар шүүх гэж ?!

“Олон улсын шүүх” гэж яриад байгаа боловч ямар ямар шүүх дээр ямар ямар асуудлаар хэнийг хэн нэхэмжилсэн юм ?! гэдгийн учрыг бараг хэн ч сонирхохгүй байна. Манай Г.Уянга системчлэхийг оролдсон боловч тэр нь “мартагдаад” байна. Иймд би ямар ямар шүүх дээр асуудал дэгдсэн гэдгийг жагсаан бичихээс өөр арга алга…

  1. Монгол Улс. 2020.10.28. БЗД-гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн хэрэг.

Нэхэмжлэгч нь: МУ-ын Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын Газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Нийслэлийн Прокурорын Газар. Хариуцагч нь: Сү. Батболд, түүний гүйцэтгэгч Ч.Ганзориг, У.Туул, О.Нямдалай, Б.Баттүшиг нар болон гадаад дахь гүйцэтгэгчид…

  • Англи: 2020.11.18. Шударга ёсны Дээд Шүүх дэх Англи, Уэльсийн арилжааны хэргийн Шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.

Нэхэмжлэгч нь: Дээр дурдсан газруудаас гадна Нийслэлийн Прокурорын Газрыг төлөөлж буй “King and Spaldinng” хуулийн фирмийн Лондон дахь салбар. Хариуцагч нь: Мөнөөх л Сү.Батболд, нөгөөх л хэдэн Солонгос, тэдний эзэмшлийн “Лорд лимитед” оффшор компани.

  • Гонконг. 2020.11.23. Гонконгийн Дээд Шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.

Нэхэмжлэгч нь: Дээр дурдсан бүх газруудаас гадна “King and Spalding”  хуулийн фирмийн хамтрагч Zhong Lun Law Firms. Хариуцагч нь: Нөгөөх л Сү, тэдний солонгос хамтрагчид, оффшор бүсэд буй тэдний мэдлийн компаниуд.

  • Нью-Йорк. АНУ-ын Нью-Йорк мужийн Шүүхийн маргаан. Шүүгч Острагер.

Нэхэмжлэгч нь: Дээр дурдсан газрууд болон бусад фирм, хүмүүс. Хариуцагч нь: мөнөөх л улиг болсон Сү болон тэдний оффшор бүсийн хамтрагчид.

Сү-гийн “тайлбар”…

Нөхцөл байдал ийм л байна…Гэтэл энэ бүхнийг Сү “тайлбарлаж” байгаа нь үнэн инээдэмтэй бөгөөд өрөвдмөөр…

Х.Баттулга гэж хөгийн, адгийн, чөтгөр шуламс шингэсэн, хүний муу үзэх донтой балиар новш байжээ. Тэр баагий баахан “гүтгэлэг” зохиож, олон улсын шүүхэд өгөөд хаяж. Гэтэл олон улсын шүүхүүд энэ “гүтгэлэгт үнэмшиж”, Сү-гийн эсрэг дэлхийн “энд тэндгүй” олон хэрэг үүсгэн шалгажээ. Одоо Сү энэ “гүтгэлгийн” эсрэг тэмцэж, “нэр төр”-өө хамгаалах юм гэнэ. Энд Х.Баттулга “олон улсын бүх шүүхийн дарга”, тэдгээрийг “удирддаг баагий” болж таарч байна. Яаж ч бодсон үүнээс илүү тэнэг тайлбар гэж байхгүй !!! Х.Баттулгын “зохиосон гүтгэлгийг” олон улсын “хөлсний” байгууллагууд хүлээн авч, зарга үүсгээд, хэд хэдэн улсын шүүх түүнд нь “үнэмшээд” ямар ч гэм зэмгүй хөөрхий муу Сү-г “хэлмэгдүүлж байна” гэж “тайлбарлах” болов.

Хэчнээн хөрөнгө нэхэмжлэв ?

  1. БЗД-гийн шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК зарга үүсгэж Сү-гээс 713.575.000.000 төгрөг нэхэмжилжээ. Үүнийг долоон зуун арван гурван тэрбум, таван зуун далан таван төгрөг гэж уншина.
  2. Шударга ёсны Дээд Шүүх дэх Англи, Уэльсийн Хатан Хааны Шүүх танхимийн 2020.11.18-ны шийдвэрээр Сү.Батболд болон Чёон Чү Ёон нарын хэд хэдэн хөрөнгийг битүүмжилж, царцаажээ. Энэ нь: 1. Apartment 716, The Knightsbridge 199, London,  SW71RH, United Kingdom хаягт байрлах байр. 2. Британийн Вержинийн арлуудад 2015.01.08-нд байгуулсан 1857807 дугаарт бүртгэлтэй Лорш Лимитед компани болно. Сү-гийн энэ болон бусад царцаасан хөрөнгө 15.235.500 паунд буюу 59.850.000.000 төгрөгтэй тэнцэх бөгөөд энэ хөрөнгийг аливаа хэлбэрээр Англи, Уэльсээс шилжүүлэх хөдөлгөөн хийх, захиран зарцуулах, эрхлэн удирдах, үнэлгээг бууруулахыг хоригложээ.
  3. Гонконгийн Тусгай захиргааны Дээд Шүүх 2020.11.23-нд С.Батболд, Ким Хак Сёон нарын хамаарал бүхий оффшор бүсэд байрлах 9 компанийн хөрөнгийг битүүмжилжээ. Үүнд:  1. Catrison Limited, 2. Genetred Limited, 3. Midling Interngtional Limited, 4. Lovitas Limited, 5. Infinite properties Limited, 6. Ever global trading, 7. Capital world development Limited, 8. Gateviev development Limoted, 9. Klaford servives Limoted зэрэг компаниуд оржээ. Дээрх компаниудын 234.000.000 гонконг доллар буюу 85.500.000.000 төгрөгтэй тэнцэх хөрөнгийг аливаа хэлбэрээр Гонконгоос шилжүүлэх хөдөлгөөн хийх, захиран зарцуулах, эрхлэн удирдах, үнэлгээг бууруулахыг хоригложээ.
  4. АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2020.11.23-нд нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх татан авсан байна. Чухам энд л “нэхэмжлэлээ татсан, татаагүй”, “шүүх үйл явц зогссон зогсоогүй”, “бичиг байгаа байхгүй”, “монголын талаас хэн нөлөөлсөн”, “хэн нэхэмжлэл татах шийдвэр гаргасан” гэх мэт эцэс төгсгөлгүй маргаан будлиан, хэрүүл болж буй.

Эхлээд нэхэмжлэл татан авсан нөхцлийг хэлэх зүйтэй. Энэ нөхцөл нь: Сү.Батболд болон бусад хариуцагчид: 1. Нью-Йорк дахь өмч хөрөнгөтэйгөө холбоотой мэдээлэл гаргаж өгөх. 2. Аливаа хөрөнгө, эрхийг шилжүүлэхгүй байх, хэрэв шилжүүлэх тохиолдолд урьдчилж 60 хоногийн өмнө Монголын талд мэдэгдэх баталгааг гаргаж өгсөн явдал юм.

Энэ нь хариуцагч Сү.Батболд энэ асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Тусгай Хяналтын дэд Хороог даргалдаг; мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОТ төслийн гадаад хөрөнгө оруулагчийн эрх ашгийг эн тэргүүнд баримтлан ажилладаг гэх нөхцөл тогтоогдсон; ЗГ-аас барьцаа хөрөнгө гаргах асуудал хүндрэлтэй болсонтой холбоотой байх гэж би үзэж байна.

Өөр хэчнээн хөрөнгө илрэв ?

Харин энийг бол тооны машинаар нийт дүнг нь гаргана уу гэхээс монгол хүн цээжээрээ тоолохын аргагүй. Өнгөц харахад хоёр гурван солонгосын хөрөнгө мэт харагдах боловч дээр дурдсан шүүхүүд энэ солонгосуудыг Сү-гийн “төлөөний хүмүүс”, “гадаад гүйцэтгэгч” гэдгийг албан ёсоор баталчихсан.

Ингэхлээр бүгдээрээ Сү-гийн хөрөнгө болж таарна. Сү-гийн ч гэж дээ, манай Эрдэнэтийг “сааж олсон” мөнгө, мөн ОТ-оос авсан авилгын мөнгө, мөн чанартаа бол монголын ард түмний хөрөнгө юм.

Ингээд шүүхийн явцад ил гарсан Сү-гийн хөрөнгийн зах зухаас дурдая:

Эдгээрийг миний өгсөн линкээр ороод шалгаад үзсэн ч болно. Гэвч манайхан надаас лаг сүртэй линк нэхэх боловч тийшээ орж ухаж үзсэн хүн бараг байхгүй. Арчаагүй, хөгийн залхуу байж намайг загнах санаатай…

Тайландын Пукет аралд буй тансаг зэрэглэлийн Малайвана хотхонд тус бүр 5 сая доллар буюу 14.250.000.000 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгө, Мөн Пукет аралд тус бүр нь 1,8 сая доллар буюу 5.130.000.000 төгрөгийн 3 үл хөдлөх хөрөнгө, нийт 43.890.000.000 төгрөгийн хөрөнгө болж байна.

Ингээд цаашаа жагсаагаад байвал барагдахгүй их хөрөнгө байгаа. Иймээс цаас, цаг хэмнэх үүднээс шүүхийн хавтаст хэрэгт авсан, ил болоод байгаа Сү-гийн хөрөнгө байгаа газруудыг дурдая:

Сү Лондонд 2, Бостонд 1, Москвад 1, Нью-Йоркод 2, Тайландад 5, Гонконгод 2 үл хөдлөх хөрөнгөтэй. Бүгдийнх нь хаяг, үнэ, зураг нетэд тавигдсан.

Цаашаа Сү-гийн нэр холбогдсон хуулийн этгээд, монголоор Сү-гийн компаниуд гэж “үй түмэн” юм байгаа. Жишээлбэл, Австралид 1, Сингапурт 4, АНУ-д 3, Швейцарт 2, Британийн Вержинийн арлуудад 23, Гонконгод 17, Англид 3, хамгийн эцэст нь Монголд 31 компани буюу хуулийн этгээд байна. Эдгээр нь бүгдээрээ шүүх дээрх Сү-гийн асуудалтай холбогдож буй. Өөрөөр хэлбэл бүгдээрээ Сү-тэй холбоотой, Сү тэднийг удирддаг.

Одоо над руу “Худлаа шаагаад бай !!! Яаж нэг хүн ийм олон компани захирах юм ?!” гэж харааж зүхнэ гэдгийг чинь би сайн мэдэж байна. Холбогддог л юм даа. Энэ бүх холбоо сүлбээг нэг бүрчлэн ярья гэвэл бас л цаас цаг хүрэлцэхгүй. Иймд би цөөхөн хэдэн жишээ хэлье:

Нэгдүгээр жишээ: Midlink International Limited (International Cashmere Trade Limited) гэж компани байгаа. Энэ бол Сү-гийн “Алтай кашмер”-тай худалдааны хамтрагч. Энэхүү “International Cashmere Trade Limited” компани 2015 онд “Yamaa Cashmere LLC” нэрээр олон улсын зах зээл дээр гарчээ. Гэтэл 2000.08.26-нд энэхүү “Yamaa Cashmere” нэрээ ахин сольж “International Cashmere Trade Limited” болжээ.

Энэ компанийн 70 хувийг бидний “сайн танил” Чёон Чү Ён, Ким Хак Сёон авгай нөхөр солонгос эзэмшдэг. Үлдсэн 30 хувийг Сү-гийн эхнэрийн эгч Хорлоогийн Энхтуяа 10%, түүний эгч (дүү?!) Хорлоогийн Сарантуяа 10%, мөн Х.Сарантуяагийн нөхөр Louis Andrew Wooding гэгч 10%-ийг тус тус эзэмшдэг. Энийг холбоо сүлбээ гэхгүй бол өөр юуг холбоо сүлжээ гэхийм ?!         

Хоёрдугаар жишээ: Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум 215 мянган оффшор компани, түүнийг эздийг зарласныг бүгд мэднэ. Үүний дотор Сү. Батболд, түүний хувь эзэмшдэг “Бату майнинг” компани багтсан. “Бату Майнинг” компанид Сү, Д.Цогтбаатар хоёр 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцааж зарсан. Хэнд  ? “Ever Ledeng Engeneering Limited” оффшор компанид. Ингээд л болоо юу, юун сүртэй юм ?! Хэрэв энэ оффшор компанийг бидний “сайн танил”, Сү-гийн гадаад гүйцэтгэгч Ким Хак Сёон, мөн Ким Ён Юн нар эзэмшдэггүй байсан бол хамаа алга. Харин энэ компани 2016 онд татан буугдсан. Харин хөрөнгө нь хаашаа явсан байхав ?

Гуравдугаар жишээ: 2010 оны оффшор эх сурвалжийн мэдээллийн санд Сү-гийн хүү Б.Баттүшиг “Future Monson Holding Limited” компанийг 2010.01.20-нд Британийн Вержинийн арлын оффшор бүсэд бүртгүүлжээ. Энэ компанитай холбоо барих хүн гэсэн хаяганд Чёон Чү Ён-ы нэр гарч ирдэг.

Мөн Гонконгийн шүүхийн шийдвэрээр “Infinite Properties Limited” компанийн хөрөнгийг царцаасан. Энэ компанийг Сү-гийн нөгөө хүү Б.Саманд 2017 онд зуун хувь эзэмшиж байсан. Улмаар 2017.04.03-нд Сү-гийн үеэл Б.Тэнүүнд шилжүүлсэн. Улмаар Б.Тэнүүн энэ компаниа 2018.11.07-нд мөнөөх л улиг болсон Чёон Чү Ёнд шилжүүлсэн. Янзтай бултуулна гэж үүнийг л хэлдэг юм.

Дөрөвдүгээр жишээ: 2018 онд Гонконгод байгуулагдсан “Sky Trading Interngtional” оффшор компанийг (хожим татан буугдсан) Сү-гийн хүү Б.Баттүшиг эзэмшиж байснаас гадна тус компани “Скай Трейдинг” компанийн охин компани нэрээр явж байжээ. “Sky Trading Interngtional”-ийн захирлаар нь мөнөөх л Чёон Чү Ён 2017 он хүртэл ажиллаж байв.   

Одоо ёстой үнэнхүү залхуу хүрч байна. Энэ дөрвөн жишээ хангалттай гэж бодно…                                                           

Одоо “нэгтгэн дүгнэсэн” тоо хэлэхгүй бол энэ балай холбоо сүлбээг бүрэн бичнэ гэвэл барагдахгүй ажил болно.

Дэлхийн 8 оронд Сү болон Чёон Чү Ён нарын хамаарал бүхий 60 орчим компани илрээд байна. Мөн түүний эхнэр Ким Хак Сёон 8 оронд 25 компани эзэмшиж байна. Ингээд Сү-гийн төлөөний 2 солонгос баагий 85 орчим компанитай байна…

Гадаад байгууллагын ач тус

Энд би Сү-гийн “адал явдлыг” гаргаж, илрүүлэхэд тусалсан “King and Spaldinng” болон “К2 Intelligence” фирмийг онцлон дурдаж тэдэнд монголчуудынхаа өмнөөс талархаж байна.   

“King and Spaldinng” бол 1885 онд АНУ-д байгуулагдсан 1100 гаруй хуульчтай, олон улсад 23 салбартай нэр хүнд бүхий хуулийн фирм юм. Бүхий л баримт нотолгоог 1972 онд байгуулагдсан, мэдээлэл цуглуулах, зөвлөгөө өгөх талаар мэргэжсэн “К2 Intelligence” фирм гаргажээ.

Шүүхэд гаргасан баримтаас үзэхэд эдгээр фирм, тэдний мэргэжилтнүүд дээд зэргийн ур чадвартай, барууны хүний нягт нямбай, шаргуу зангаар, аливаа ул мөрийг “яс” мөрдөж, заавал мухарлаж байж салдаг гэдгийг хараад би хүндэтгэн биширч билээ. Ялангуяа хуульч Жэрэми Кролл, дижитал ул мөрийн шинжээч, эксперт Дол Хантон нар бахадмаар, сүрдмээр их ажил хийсэн гэдгийг онцлон дурдаж байна.

Мөн Rio Tinto-гийн бусармаг үйлдлийг илчилж, 30-40 хуудастай том илтгэл бичиж, сүлжээнд тавьсан “London Mining Network”, Үндэстэн дамжсан корпорацийг судлах төв (SOMO), Д.Сүхгэрэлийн тэргүүлсэн “ОТ Watch” ТББ-ийн оруулсан их хувь нэмрийг талархан дурсаж байна.

Чухам эдний ачаар, эдний олсон материал, гаргасан схем бүдүүвчийг би уншиж, түүнийгээ бичиж Та бүхний өмнө ганцаараа “лаг мундаг” амьтан болж “даналзаж” байгаа юм шүү дээ.

Энд дурдсан баримт, тоо, бүдүүвчүүд бүгд хөдөлшгүй бөгөөд баталгаатай, няцаах ямар ч боломжгүй. Мөн дурдсан баримтууд Сү-гийн авилгын сүлжээний гэмт хэргийн тун өчүүхэн хэсэг болно. Үүнээс цааш дурдан буй “үй түмэн” компанийн намтар түүх, байгуулагдсан, нэрээ сольсон, татан буугдсан, түүний эзэд захирал, хувь нийлүүлэгчид, тэдний эзэмшиж буй хувьцаа болон хөрөнгийн хэмжээ, мөнгө зувчуулдаг схем, холбоо сүлбээ, зураг хөрөг гээд хэдэн мянган хуудас барагдахгүй их юм бий. Ийм байхад Сү намайг “гүтгэж байна” гэж гүрийх утгагүй бөгөөд явцгүй…

Эцэст нь дүгнэхэд энэ бол Сү-гийн толгойлсон МАН-ын, мөн чанартаа МАН-ын олигархуудын гэмт хэргийн сүлжээ болох нь ямар ч гарцаагүй бөгөөд хөдөлбөргүй.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 02 дугаар сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to ОДОО ЯАЖ Ч ГҮРИЙГЭЭД НЭМЭРГҮЙ ДЭЭ…

  1. Алдараа says:

    Гялайлаа.

  2. Anonymous says:

    Гэмт групп заавал хэрэгт хутгаж барьцаалсан нэгнээ өөрийн гишүүн болгодог адил МАН АН гүй бүгд оролцсон тул татан буулгаж устгасугай

  3. Bat says:

    Баярлалаа сайхан тоймложээ. Манайхан ардын уламжлалт ухаанаасаа ер нь их хөндийрчээ. юм л бол өрвөлзөх гээд. Солонгос кино либерализмын нөлөө байх даа. 7 хэмжиж нэг огтло гэдэг дээ.

    • Дариа says:

      Одоо ийм ойлгомжтой асуудал дээр тайлбар авахгүй. ОТ, Оффшор-н талаар сүүлийн үед эрчтэй яригдаж эхэлтэл тал талаас буруутай хүмүүсийг өмгөөлөн хамгаалж, улсаа худалдсан Оффшорчид дуугарч эхэллээ. Ямар ч ашигтай бизнес хийлээ гэхэд олон улс дамжин орд харш авах боломж үгүй. Улсаа өрөнд оруулсан гадны гар хөлүүдэд өгөх ёстой шийтгэлийг өгч байж дараа дараагийн улс төрчдөд хатуу сануулга болно. Одоо ард түмэн хууртахгүй шүү.

  4. Anonymous says:

    Сү хулгайч ч яахав ялаа авна. Харин улс төрийн намуудын эрх мэдлийг хязгаарлаж, төрийг, ард түмнийг намын дарлалаас салгахгүй бол дахиад л ийм хулгайчид гарна. Яаралтай шинэ намын хууль баталж, сонгуулийн систем, санхүүжилтийн хуулийг засаж бүх намуудыг татан буулгаж, дахин шинээр бүртгэн, эрх мэдлийг задлах хэрэгтэй. Ийм боломж байхгүй бол ёстой хувьсгал гаргаж, шинэ үндсэн хууль гаргахаас өөр замгүй болно.

  5. Мэндээ says:

    Ханаж цадахгүй ийм улс төрчдийг чанга шийтгэх хэрэгтэй. Үнэн нэг л өдөр ялах болно.

  6. Anonymous says:

    МАН-ыг татан буулгая. Тайлбар авах гээд байх ямар ч шаардлагагүй. Араас нь АН. 30 жил МАН, АН-ын тайлбар/худлаа ярихыг./-ыг хангалттай сонслоо. Хүний амьдрал, ард түмний амьдралын 30 жил гэдэг маш их хугацаа. Тайлбар шаардлагагүй, баяртай, хаалгаа цаанаас нь хаана уу гэсэн зарчмыг баримтлая.
    Ард түмэн одоо шийдвэрээ шууд гаргах хэрэгтэй.

  7. Sainaa says:

    Одоогоор сэтгүүлч Мөнгөндалай, твитерч Аанхаа, сэтгүүлч Хашчулуун нар СҮ-г өмөөрсөн нийтлэл оруулаад байна. Сүүлийнх нь нийтлэлээ бүр пялдага эхлүүлж байна шд. Сү-г засаглаж байхад монголчууды амны хишигтэй байлаа гэж ирээд л …

    • Jalavch says:

      Мөнгөндалай эгч яагаад ингээд байгаа юм болдоо? Аавыг нь бодохоор уг нь зусар, зулгуй зантай баймааргүй л юм даа. Өөрийн итгэл үнэмшлээрээ энэ бүх баримтуудыг үнэн гэдэгт шууд итгэхгүй байж болно, нягталж болно. Гэхдээ худлаа гэдэгт нь шууд итгэж бас болохгүй, Сү-г илэрхий хамгаалаад байж уг нь болохооргүй л асуудал байгаа юмдаа.

  8. Anonymous says:

    Баярлалаа. Сү-гийн талаар их л үнэнийг мэдлээ. Энэний хажууд бусад оффшорчид , авилгачид жижигхэн юм байна аа гэдгийг мэдлээ. Аймшигтай эх орон ард түмнээсээ урвагч хүн юм.

  9. lkhagva says:

    ганааг уншдаг. үнэхээр янзтай. талархав.

  10. Anonymous says:

    Үнэн баримтад тулгуурлан мэдээлэлийг Монголын ард түмэнд хүргэж байгаад танд их баярлаж байна. Цаашдын ажилд тань амжилт хүсэе. Одоо ийм эх орноосоо уравсан хулгайчидаас болж Монгол 30 жил дороо хий эргээд байж гэдэг нь ил болж байна. Хийх ажил ч их гарч байна даа, төрийн өндөр босго гэж алга болсон нь ийм байдалд хүргэв шив. Одооны чадваргүй хууль хяналтыхан яаж ажил хийдгийг харая, бүх ажилаа хүнээр хийлгэчихээд, хэ хэ

  11. Энхбат says:

    Юутай ч баярлалаа их мундаг нийтлэл байлаа одоо энэ төр засаг гээд байгаа МАНамыг татан буулгаж эрүүл улс төрийг сонгох хэрэгтэй юм шиг санагдаж байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: