ДАВОСЫН 2021 ОНЫ ФОРУМ ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ

Хэдхэн хоногийн өмнө В.Путин Давосын алдарт форумд он-лайнаар оролцож үг хэлэв. Энэ үгийг чадан ядан орчуулж, монголчууддаа толилуулж байна. Үүнийг бүгдээрээ, ялангуяа манай дарга нар, улс төр сонирхогсод уншиж, ухаж ойлгоосой гэж хүсч байна. Учир нь дэлхий дахины байдлыг бүхэлд нь үнэлж, цаг үеийн хандлага, шаардлага, дуудлагыг системтэй шинжилж, нэн тодорхой санал гаргасан үүнээс өөр том баримт бичиг одоохондоо дэлхийд байхгүй юм. Энэ үг бол улс төрийн зүтгэлтний төдийгүй, түүхэн зүтгэлтний дэлхийн түвшний ажил гэдгийг ухаарах ёстой гэж санана. Харин намайг зөвхөн жиргээгээр харааж зүхдэг баагийнуудад “ажил хийнэ гэж үүнийг хэлдэг юм” гэж би гайхуулж байна…  

 

Эрхэм хүндэт ноён Шваб, эрхэм Клаус ! Хүндэт зочдоо !

Бүр 90-ээд оноос эхлэн ноён Швабын зохион байгуулж буй Давосын арга хэмжээнд би олон удаа оролцож байсан. Биднийг бүр 1992 онд танилцсан гэдгийг Шваб надад саяхан санууллаа. Петербургт ажиллаж байх үедээ би энэхүү төлөөллийн форумд үнэхээр хэд хэдэн удаа оролцсон юм. Ноён Швабын хүчин чармайлтын ачаар бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ талбайд цугласан экспертийн хамтын нийгэмлэгт үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосон Танд талархлаа дэвшүүлж байна.           

Юуны өмнө, хатагтай ноёдоо, Бүх дэлхийн Эдийн засгийн Форумд ирсэн Та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байна. 

Энэ жил цар тахлыг үл харгалзан, бүхий л хязгаарлалтыг үл харгалзан ямар ч гэсэн форум ажлаа үргэлжлүүлж байгаад баяртай байна. Хэдийгээр он-лайн форматтай ч гэсэн ажиллаж чадаад, өнгөрсөн саруудад хуримтлагдсан, улс гүрнүүдийн удирдагчид хийгээд дэлхийн бизнес, олон нийтийн төлөөлөгчид шууд уулзаж чадахгүй байгаа дутагдлыг нөхөж, ил тод, чөлөөт хэлэлцүүлгийн явцад өөрсдийн үнэлгээ, прогнозыг солилцох боломжийг энэ форум олгож байна.   

Бидний өмнө хариулт шаардсан маш олон хэцүү асуудал хуримтлагдсан үед энэ нь нэн чухал юм. Өнөөгийн форум бол XXI зууны эхний гучаад жилд анх удаа эхэлсэн, ихэнхдээ, мэдээж хэрэг  манай гариг дээр болж буй гүн гүнзгий өөрчлөлтөд зориулагдсан юм.       

Үнэхээр ч даяар эдийн засаг, улс төрийн бодлого, нийгмийн амьдрал, технологид болж буй язгуур өөрчлөлтийг анхаарахгүй байхын аргагүй. Дөнгөж сая Клаусын сануулсан коронавирусын цар тахал бүх хүн төрөлхтөнд ноцтой дуудлага болж, нэлээд эрт төлөвшиж бий болсон бүтцийн өөрчлөлт, урьдач нөхцлүүдийг ташуурдаж, хурдасгав. Цар тахал дэлхий дахинаа өмнө нь хуримтлагдсан асуудал, тэнцвэргүй байдлыг (дибаланс) хурцатгаж байна. Зөрчил цаашдаа өсөн нэмэгдэх эрсдэл байгаа гэж үзэх бүхий л үндэслэл байна. Ийм хандлагууд бараг бүх хүрээнд бий болж байна.        

Мэдээж хэрэг, түүхэнд шууд зэрэгцэл байхгүй. Гэхдээ миний хүндэтгэж явдаг зарим экспертүүдийн үзэж байгаагаар одоогийн нөхцөл байдлыг өнгөрсөн зууны 30-аад оныхтой зүйрлэж болно. Ийм нөхцөл байдлыг зөвшөөрч ч болно, зөвшөөрөхгүй байсан ч болно. Гэхдээ л олон үзүүлэлт, цар хэмжээ, дуудлагын иж бүрдэл шинж, системлэг шинж чанар, боломжит аюул занал зэргээс нь үзэхэд ямар ч гэсэн тодорхой адилтгал харагдаж байна.   

Бид урьд өмнөх загвар, эдийн засгийн хэрэгслүүдийн хямралыг харж байна. Даяар түвшинд ч, тухайлсан орнуудын түвшинд ч нийгмийн ялгарал хүчтэй болж байна. Энэ тухай бид өмнө нь ярьж л байсан. Гэхдээ энэ чинь одоо нийгмийн үзэл бодлыг туйлруулж, популизм, баруун, зүүн эрс үзэл (радикализм) хийгээд бусад туйлшралын өсөлтийг гааруулж, дотоод улс төрийн үйл явцыг, түүний дотор тэргүүлэх гүрнүүдийн дотоод үйл явцыг хурцатгаж, улам хатуу ширүүн болгож байна.        

Энэ бүхэн олон улсын харилцааны шинж чанарт гарцаагүй нөлөөлж, түүнийг тогтвортой, урьдчилан таамаглах боломжийг нэмж чадахгүй байна. Олон улсын институтуудын сулралт болж, бүс нутгийн зөрчил гаарч, даяар аюулгүй байдлын систем гацан доголдож байна.       

Намайг АНУ-ыг Ерөнхийлөгчтэй өчигдөр утсаар ярьж, стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээг сунгасан тухай Клаус сая сануулан хэллээ. Энэ бол зөв чиглэл гэдэг нь мэдээж. Гэлээ ч гэсэн зөрчил зангиран спираль байдлаар чангарч байна. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэх чадваргүй байдал, бэлэн бус байдал нь мөн чанартаа ХХ зуун Дэлхийн Хоёрдугаар Дайн сүйрэл болж эргэснийг санагдуулж байна.           

Одоо бол ийм даяар “халуун” зөрчил зарчмын хувьд боломжгүй гэж найдаж болох нь мэдээж хэрэг. Тэгвэл тэр нь иргэншлийн төгсгөл гэсэн хэрэг болно. Гэхдээ давтаад хэлэхэд нөхцөл байдал урьдчилан хэлшгүй, удирдаж болшгүй хөгжиж болох шүү дээ. Мэдээж, хэрэв ийм зүйл болгохгүйн тулд юу ч хийхгүй суугаад байвал тэр шүү дээ.

Хуримтлагдсан зөрчлийг “дотоод”, “гадаадын” дайсан олж шийдвэрлэхээр оролдох, гэр бүл мэтийн уламжлалт үнэт зүйл (Оросууд бид үүнийг ихэд хүндэтгэдэг) төдийгүй, мөн сонгох эрх, хувийн өмчийн халдашгүй байх эрхийг оролцуулан суурь эрх чөлөөг эвдэх юм бол бүхний эсрэг бүгдээрээ дайтаж, дэлхийн хөгжилд жинхэнэ тасралт болох магадлал бий юм.

Нийгмийн болон үнэт зүйлсийн хямрал аль хэдийн хүн ам зүйн сөрөг үр дагавар болон эргэж, үүнээс болж, хүн төрөлхтөн бүхэл бүтэн иргэншил болон соёлын эх газраа (материк) алдах эрсдэл бий болсныг тэмдэглэн хэлье.   

Өнөөдөр Та бидний хамтын хариуцлага харанхуй антиутопи-той төстэй ийм хэтийн төлөвөөс зайлсхийж, өөр, эерэг, зохиролт хийгээд бүтээлч даялалаар хөгжихийг хангах явдал мөн.

Үүнтэй холбоотойгоор миний бодлоор өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй түлхүүр дуудлагууд дээр төвлөрч ярья.

Хамгийн эхлээд нэгдүгээрт нийгэм-эдийн эзийн засгийн асуудлууд.

Хэрэв статистик тоо баримтаар үзэх юм бол 2008 болон 2020 оны гүн гүнзгий хямралыг үл харгалзан сүүлийн дөчөөд жилийн туршид дэлхийн эдийн засгийг амжилттай буюу хэт их амжилттай ч гэж нэрлэж болно. 1980-аад оноос эхлэн даяар нэг хүнд ногдох ДНБ худалдан авах чадвар, бодит илэрхийллээрээ хоёр дахин өсчээ. Энэ нь ямар ч эргэлзээгүй эерэг сайн үзүүлэлт. Даяаршил, дотоод өсөлт нь хөгжиж буй орнуудад хүчирхэг түлхэлт бий болгожээ. Дэлхийн Банкны үнэлгээгээр нэг хүнд ногдох (худалдан авах чадвараар) хоногийн 5,5 долларын орлогын түвшингөөр авч үзэх юм бол жишээлбэл, Хятадад гэхэд л хамгийн бага орлоготой хүмүүсийн тоо 1990-ээд онд 1,1 миллиардаар цөөрч, сүүлийн жилүүдэд 300 сая хүртлээ буурчээ. Энэ бол мэдээж Хятадын амжилт. Харин Орост бол энэ тоо 1999 онд 64 сая гарч, одоо бол 5 сая орчим болж байна. Энэ нь ч гэсэн манай улс орон бас л урагш ахиж, дашрамд дурдахад хамгийн гол чиглэл рүүгээ явж байгаа гэж бид үздэг юм.                       

Гэлээ ч гэсэн даяар өсөлтийн мөн чанар ямар байгаа, энэ бүхний гол үр ашгийг хэн хүртсэн бэ ? гэдэг гол асуулт үлдэж байгаа бөгөөд үүнд хариулахаас өнөөгийн асуудлыг ойлгох явдал олон талаар хамаарна. Дээр дурдсанаар өөрийн уламжлалт, тэр ч байтугай шинэ бараа таваарыг өсөж буй эрэлтдээ ашиглаж чадсан хөгжиж буй орнууд хожсон гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ даяар эдийн засаг ингэж их өөрчлөгдсөний үр дүнд зөвхөн ажлын байр төдийгүй, экспортын орлого нэмэгдсэн юм. Мөн нийгмийн дэмжлэг ч гэсэн. Иргэдийн орлогын асар их ялгааг энд оруулж болно.

Тэгвэл амьдралын дундаж түвшин хавьгүй өндөр байгаа хөгжингүй орнуудын эдийн засагт юу болсон бэ ? Хэдийгээр хачирхалтай ч нийгмийн ялгарлын асуудлууд, энд хөгжиж буй орнуудад ч гэсэн бүр ч илүү гүн гүнзгий байна. Дэлхийн Банкны үнэлгээгээр хоногт 5,5 долларын орлогын түвшинг авах юм бол жишээлбэл, Америкийн Нэгдсэн Улсад 2000 онд 3,6 сая хүн амьдарч байсан бол 2016 онд 5,6 сая болоод байна.

Энэ бүх үеийн туршид даяарчлал нь үндэстэн дамнасан корпорациуд, юуны өмнө америкийн болон европын корпорациудын ашгийг үлэмж хэмжээгээр нэмжээ.               

Дашрамд дурдахад Европын хөгжингүй эдийн засаг болон иргэдийн дунд АНУ-тай яг адилхан хандлага бий болжээ. Гэвч компанийн ашгийг яриад ирэхээр тэр нь хэнд ногдсон бэ ? гэсэн асуулт ахиад л гарч ирнэ. Хариулт нэн тодорхой, тэр ашиг хүн амын ганцхан хувьд ногдсон.       

Тэгвэл бусад хүмүүсийн амьдрал юу болсон бэ ? Сүүлийн 30 жилд хөгжингүй хэд хэдэн орны иргэдийн талаас илүүгийн орлого бодит илэрхийллээрээ зогсож, өсөлт гарсангүй. Харин ч боловсрол, эргүүлийг хамгаалахын үйлчилгээний зардал өсчээ. Хэмжээг нь мэдэх үү ? Гурав дахин.     

Өөрөөр хэлбэл баян орнуудад ч гэсэн сая сая хүмүүс орлого нь нэмэгдэх хэтийн төлөв олж харахаа больсон байна. Тэдний өмнө өөрийн болон эцэг эхийнхээ эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүүхдүүддээ яаж чанартай боловсрол олгох вэ гэсэн асуудлууд тулгарч байна. 

Нийгэмд хэрэгцээгүй хүмүүсийн аварга их бөөгнөрөл хуримтлагдаж байгаа нь баримт юм. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын үнэлгээгээр дэлхийд хаана ч суралцдаггүй, хаана ч ажилладаггүй залуу хүмүүс 21 хувь буюу 267 сая болоод байна. Тэр ч байтугай ажиллаж буй хүмүүсийн дунд (энэ бол сонирхолтой үзүүлэлт, маш сонирхолтой тоо юм.) худалдан авах чадвараараа хоногт 3,2 долларын орлоготой хүмүүс ажиллаж буй хүмүүсийн дунд 30 хувийг эзэлж байна.     

Нийгэм-эдийн засгийн хөгжлийн ийм даяар салаалал бол өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн явуулж буй улс төрийн бодлогын, зарим талаар бүдүүлэг бөгөөд догматик байдлаар явуулсан бодлогын шууд үр дүн мөн. Энэ бүхний үндэс суурь нь “Вашингтоны зөвшилцөл” гэж нэрлэдэг бодлогод буй. Энэ нь эдийн засгийн өсөлтийн гол чиглэлийг гагцхүү ашигт тулгуурлан, дахин зохицуулах үед хувийн өрийн бааз суурь дээр баячууд хийгээд корпорациудаас маш бага татвар авах бичигдээгүй дүрэмд буй.             

Дээр дурдсанаар корона вирусын цар тахал эдгээр асуудлыг зөвхөн хурдасгаж өгөв. Өнгөрсөн жил даяар эдийн засаг Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш хамгийн их унав. 7 дугаар сард хөдөлмөрийн зах зээлийн алдагдал бараг 500 сая ажлын байртай тэнцэхүйц хэмжээтэй болов. Мөн энэ оны сүүл гэхэд тэдгээрийн хагасыг л сэргээн тогтоож чадав. Гэлээ ч гэсэн энэ нь бараг 250 сая алдагдсан ажлын байр болно. Энэ бол маш их бөгөөд нэн түгшүүртэй тоо баримт юм. Зөвхөн өнгөрсөн оны эхний есөн сард гэхэд л дэлхийн хөдөлмөрийн орлогын алдагдал 3,5 триллион доллар болоод байна. Энэ нь нийгмийн хүчдэлт байдал өснө гэсэн хэрэг юм.                  

Энэ үед хямралын дараах сэргээн босголт тун амаргүй явж байна. Хэрэв 20-30 жилийн өмнө бол макро эдийн засгийн бодлогыг урамшуулаад л (дашрамд дурдахад үүнийг одоо болтол хэрэглэж ирсэн) шийдэж болох байв, гэтэл өнөөдөр ийм механизм мөн чанартаа өөрийгөө шавхаж, ерөөс  ажиллахгүй болжээ. Энэ бол миний санаанаасаа гарган авсан баталгаа биш юм.    

ОУВС-гийн үнэлгээгээр дэлхийн улсын болон хувийн секторын нийлбэр өр даяар ДНБ-ний 200 хувь гэсэн тоонд дөхөж иржээ. Зарим оронд энэ нь үндэсний ДНБ-ний 300 хувьд хүрээд байна. Энэ үед хөгжингүй орнуудын зээлийн хүү газар сайгүй бараг тэгтэй тэнцэж байна. Гол гол хөгжиж буй орнуудад түүхэн хамгийн бага түвшиндөө хүрээд байна.    

Энэ бүхэн хувийн зээлийг өсгөн нэмэгдүүлдэг уламжлалт хэрэгслүүдээр эдийн засгийг урамшуулах аргыг мөн чанартаа боломжгүй болгож байна. Тоон зөөлрүүлэлт гэж нэрлэдэг энэ арга нь санхүүгийн хөрөнгийн (актив) өртгийн “хөөс”-ийг томсгож, нийгмийн ялгарлыг улам цаашаа нэмэгдүүлж байна. “Бодит” болон “хийсвэр” эдийн засгийн хоорондын улам бүр өсөн нэмэгдэж буй ялгаа зааг нь (дашрамд дурдахад дэлхийн олон орны эдийн засгийн бодит секторын төлөөлөгчид энэ талаар надад байнга ярьдаг ба өнөөдрийн бизнес уулзалтад оролцогсод үүнийг зөвшөөрнө гэж бодож байна.) бодит аюул занал, нэн ноцтой бөгөөд урьдчилан хэлэхийн аргагүй донсолгоо, цочролыг бий болгож байна.            

Өмнөх загварыг “дахин ачаалж” болно гэсэн тодорхой найдлага нь технологийн эрчимтэй хөгжилтэй холбоотой. Үнэхээр ч сүүлийн 20 жилд хиймэл оюун ухаан, автоматжуулсан болон роботжуулсан шийдлийг газар сайгүй хэрэглэхэд үндэслэсэн аж үйлдвэрийн дөрөвдэх гэж нэрлэгдсэн хувьсгалын суурийг тавьжээ. Корона вирусын цар тахал ийм бүтээлийг хурдасгаж, түүнийг нэвтрүүлж байна.      

Гэхдээ энэхүү үйл явц нь шинэ бүтцийн өөрчлөлтийг төрүүлж, юуны өмнө хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна. Ингэхлээр төрийн зүгээс үр дүнтэй үйлдэл хийхгүй бол асар олон хүн ажилгүй болох эрсдэл нүүрлэв. Чингэхдээ энэ нь ихэвчлэн дундаж анги гэгчийг хөндөж байна. Гэтэл энэ нь орчин үеийн аль ч нийгмийн суурь үндэс юм.      

Үүнтэй холбоотойгоор ойрын арваад жилийн хоёрдах суурь дуудлага нь нийгэм-улс төрийн асуудал болж байна. Эдийн засгийн асуудлын өсөлт, тэгш бус байдал нь нийгэм, арьстан, үндэстний үл тэвчих занг төрүүлж, чингэхдээ ийм хүчдэл аль хэдийн иргэний ардчилсан институт төлөвшчихсөн, иймэрхүү гаж үзэгдэл, туйлшралыг арилгахыг уриалан дууддаг улс орнуудад хүртэл гадагшлан садарч байна.       

Нийгэм-эдийн засгийн системийн асуудлууд нийгмийн дургүйцлийг төрүүлж, үүнд онцгой анхаарал тавихийг, эдгээр асуудлыг ул сууриар нь шийдэхийг шаардаж байна. Эдгээрийг үгүйсгэж, хаа нэгтээ буланд шахаж болох мэтээр төсөөлөх нь маш ноцтой үр дагаварт хүргэх туйлын аюултай илбэ жилбэ юм. Ийм тохиолдолд ямар ч нийгэм ялгаагүй улс төрийн хувьд ч, нийгмийн хувьд ч задрах болно. Ийм учраас хүмүүсийн дургүйцэх шалтгаанууд нь үнэн хэрэг дээрээ ямар нэг оюун дүгнэлтийн юманд байгаа биш, харин тухайн хүн ямар үзэл бодол, түүний дотор улс төрийн үзэл бодол баримталж байгаагаас үл хамааран тэднийг хөндөж буй бодит асуудлуудад байгаа юм. Ингэхлээр бодит асуудлууд дургүйцэл төрүүлээд байна.       

Ахин нэг зарчмын агшинг дурдая. Нийгмийн амьдралд улам бүр их үүргийг орчин үеийн технологийн, юуны өмнө цифрийн аваргууд гүйцэтгэх болов. Одоо энэ тухай маш олон зүйл ярьж, ялангуяа сонгуулийн өмнөх компанийн үеэр АНУ-д болсон явдалтай холбон үзэж байна. 

Эдгээр нь зүгээр л нэг эдийн засгийн аваргууд биш, харин тэд тодорхой чиглэлүүдээрээ улстай өрсөлдөж байгаа нь де-факто болно. Тэдгээрийн оролцогсод (аудитория) энэхүү эко системийнхээ хүрээнд амьдралынхаа ихээхэн хэсгийг өнгөрүүлдэг сая сая хэрэглэгчдээс бүрдэж байна.  

Эдгээр компанийн өөрсдийнх нь бодлоор бол тэдний монополь байдал зохион байгуулалт хийх, технологийн болон бизнес-үйл явцад нь тун эвтэйхэн байгаа. Ийм байж болох л доо, гэхдээ нийгэмд ингэж дангаар ноёрхох нь (монополизм)  нийгмийн ашиг сонирхолд хэр зэрэг нийцэх вэ ? гэсэн асуултыг бий болгож байна.        

Гэхдээ үйлчилгээ, сервисээр нөхцөлдөж, том өгөгдлөөр нэгдэж нягтарсан даяар амжилттай бизнес хийгээд өөрийн үзэмжээр нийгмийг удирдах, хууль ёсны ардчилсан институтыг орлох гэсэн бүдүүлэг оролдлого, мөн чанартаа хүний өөрөө шийдэх жам ёсны эрхийг хөсөрдүүлэх буюу хязгаарлах, яаж амьдрахаа сонгох, ямар байр суурийг чөлөөтэй илэрхийлэх зэргийг хүмүүсийн өмнөөс шийдвэрлэхийн ялгаа зааг хаана байна вэ  ? Энэ бүхнийг бид зөвхөн АНУ-д л харсан, одоо намайг юуны тухай ярьж байгааг бүгд ойлгосон байх. Хүмүүсийн дийлэнхи олонхи, түүний дотор Та бидний энэ арга хэмжээнд оролцогсод энэхүү байр суурийг хуваалцана гэдэгт итгэлтэй байна. 

Дараа нь ирэх арван жилд тулгарч буй гурав дахь дуудлага, нарийн яривал аюул занал бол олон улсын бүхий л иж бүрдэл асуудлууд цаашид хурцдаж буй явдал юм. Нийгэм- эдийн засгийн шийдвэрлээгүй, өсөн нэмэгдэж буй дотоод асуудлууд нь хэнд ч хамаагүй буруу бүхнээ тохох, бүхий л гай зовлондоо түүнийг буруутгах, иргэдийнхээ дургүйцэл жигшлийг тийш нь чиглүүлэхэд түлхэж байна. Бид үүнийг харж байна, гадаад улс төрийн, суртал нэвтрүүлгийн уран номлолын (риторика) халалт өсөж байгааг мэдэрч байна. Практик үйлдлийн шинж чанар улам бүр харгис болж, дуулгавартай удирдуулдаг дагуул орны (сателлит) ролийг зөвшөөрөхгүй байгаа тэр орнуудыг оролцуулан худалдааны саад тотгор учруулах, хууль бус хориг тавих, санхүү, технологи, мэдээллийн хүрээг нь хязгаарлах зэрэгтэй учрах болов.             

Иймэрхүү дүрэмгүй тоглолт нь ганц талаас цэргийн хүч хэрэглэх эрсдэлийг аймшигтай их нэмэгдүүлж байгаа ба чухам үүнд л санаанаасаа бодож олсон аль нэг шалтгаар хүч хэрэглэх аюул занал оршиж байгаа юм. Энэ нь манай гариг дээр шинэ шинэ “халуун цэг” бий болох магадлалыг үржүүлж байна. Энэ бүхэнд бид санаа зовохгүй байж чадахгүй.    

Үүний хамт форумын хүндэт оролцогсод зөрчил, дуудлагын ийм зангилааг үл харгалзан ирээдүйг үзэх эерэг үзэл бодлоо алдахгүй байж, бүтээн байгуулах ажил хэрэгт үнэнч байгаагаа хадгалах нь бид бүхэнд хэрэгтэй юм. Дурдсан асуудлуудаар ямар нэг түгээмэл, ид шидтэй бэлэн шийдэл санал болгох нь гэнэн хэрэг гэдэг нь мэдээж. Гэхдээ ерөнхий хандлагаа боловсруулж, байр сууриа дээд зэргээр ойртуулж, даяар хүчдэлийг төрүүлж буй сурвалжийг тогтоохоор оролдох нь бид бүхэнд гарцаагүй хэрэгтэй.         

Ингээд өөрийнхөө сэдвийг (тезис) дахин онцлохыг хүсч байна: Даяар хөгжлийн тогтворгүй байдлын суурь шалтгаан бол хуримтлагдаж ирсэн нийгэм-эдийн засгийн асуудлууд олон талаар мөн. Ийм учраас өнөөдрийн түлхүүр асуудал бол: цар тахлын улмаас нэрвэгдсэн салбарууд, даяар болон үндэсний эдийн засгийг зүгээр л нэг хурдан сэргээх биш, харин чухамхүү удаан хугацааны хэтийн төлөвтөө тогтвортой байхаар сэргээн босгох, нийгмийн тэнцвэр алдсаны (дисбаланс) ачааллыг даван туулахуйц чанартай бүтцийг бий болгох үйлдлийн логикийг гаргах явдал мөн.           

Дээр нэгэнт дурдсан хязгаарлалтууд, микро эдийн зэсгийн бодлогыг харгалзах юм бол эдийн засгийн цаашдын хөгжил ихээхэн хэмжээгээр төсвийн урамшуулалд үндэслэх бөгөөд энд түлхүүр үүргийг улсын төсөв, төв банкууд гүйцэтгэнэ.

Бараг бүх хөгжингүй орнууд, мөн зарим хөгжиж буй орнуудад бид ийм хандлагыг ажиглаж эхэлж байна. Үндэсний түвшинд нийгэм-эдийн засгийн хүрээнд төрийн үүргийг дээшлүүлэх нь даяар асуудлаарх улс хоорондын нягт хамтын ажиллагаа, улам их хариуцлагыг шаардах нь лавтай.     

Олон улсын янз бүрийн форумуудад өргөн хүрээт (инклюкив) өсөлтөд хүргэх, хүн бүрийн амьдралыг зүй ёсны түвшинд хүргэх нөхцлийг бүрдүүлэх талаар байнга уриалан дууддаг. Энэ бүхэн зөв зүйтэй, туйлын зөв чиглэл гэж үзэж байгаа нь бид бүхний хамтын ажил юм.   

Сая сая хүний ажиллаж буй буюу тэр ч байтугай “алтан миллиардууд” ажиллаж буй эдийн засгийг байгуулах замаар явж болохгүй нь нэн тодорхой. Энэ бол зүгээр л сүйрэлд хүргэх байр суурь болно. 

Ийм загвар нь бүхий л тодорхойлолтоороо тогтворгүй. Саяхны үйл явдал, түүний дотор цагаачлалын хямрал үүнийг дахин нотолж байна.

Эдүгээ ерөнхий тунхаглалаас ажил хэрэгт шилжиж, бодит чармайлт, нөөцөө тухайлсан орнуудын дотоод дахь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, түүнчлэн манай гаригийн янз бүрийн улс орон, бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн түвшинг аажмаар ойртуулахад чиглүүлэх нь нэн чухал. Ингэсэн үед л цагаачлал зогсоно.     

Тогтвортой, зохиролт хөгжлийг хангахад уриалан дуудсан ийм бодлогын  утга санаа, гол учир нь юу вэ ? Чухам ямар утгатай юм ? Энэ бол хүн бүрт шинэ боломжийг хангаж өгөх, хүн хаана төрж, амьдарч байгаагаасаа үл шалтгаалан хүнийхээ чадавхийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.   

Одоо би дөрвөн түлхүүр гол чиглэлийг (приоритет) дурдая. Яагаад гол чиглэл гэж үзэж байгаа юм.  Би нэг их сүрхий юм хэлэхгүй ч байж магадгүй. Гэсэн хэдий ч Клаус намайг Оросын, өөрийнхөө байр суурийг хэлээрэй гэсэн учраас би үүнийг хийж байгаа юм.  

Нэгдүгээрт. Хүнд амьдралын тав тухтай орчин байх ёстой. Энэ бол орон сууц, хүрэлцээтэй тээврийн, эрчим хүчний болон харилцааны дэд бүтэц юм. Мэдээж хэрэг, экологийн сайн сайхан байдал байгаа, үүнийг хэзээ ч мартаж болохгүй.  

Хоёрдугаарт. Хүн өөрт нь өсөн нэмэгдэх орлого, улмаар амьдралын хүрэлцээт түвшинг хангахуйц ажилтай байгаа гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид суралцах бодит механизмд хүрч чаддаг байх ёстой бөгөөд энэ нь өнөөдөр туйлын чухал, хүн өөрөө хөгжиж, өөрийн алба тушаалаа хангаж, үүнийхээ дараа хангалттай тэтгэвэр, нийгмийн халамж хүртдэг байх ёстой.        

Гуравдугаарт. Хүн шаардлага гарсан тохиолдолд чанартай, үр дүнтэй эмнэлгийн тусламж авч, эрүүлийг хамгаалах систем ямар ч тохиолдолд хүнд орчин үеийн үйлчилгээний түвшинг баталгаатай хангана гэдэгт итгэлтэй байх ёстой. 

Дөрөвдүгээрт. Хүүхдүүд гэр бүлийнхээ орлогоос үл хамааран нэр төртэй боловсрол олж, өөрийнхөө чадавхийг хэрэгжүүлдэг байх ёстой. Хүүхэд болгонд ийм чадавхи бий.    

Зөвхөн ингэж баймаажин орчин үеийн хамгийн үр ашигтай эдийн засгийн, хүн нь хэрэгсэл биш, харин зорилго болсон эдийн засгийн баталгааг бий болгоно. Дурдан буй дөрвөн чиглэлээр дэвшилд хүрч чадсан (эдгээр нь бүгд биш, би зөвхөн гол хэдийг л дурдсан) зөвхөн тэр орнууд л, ядахдаа энэ дөрвөн чиглэлээр тогтвортой бөгөөд хүрэлцээтэй хөгжлийг хангаж чадсан тэр улсууд л амжилт олно.     

Чухамхүү ийм хандлага л миний Эх орон Орос Улсын хэрэгжүүлж буй стратегийн үндэс суурь болдог юм. Бидний гол чиглэлүүд хүн, түүний гэр бүлийг тойрон хийгдсэн бөгөөд хүн ам зүйн хөгжил, ард түмнээ ариглах, хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байдаг. Бид нэр төртэй бөгөөд үр ашигтай хөдөлмөр, аж ахуй амжилттай эрхлэх, бүлэг компанийн явцуу эрх ашгийн үүднээс биш, харин улс орны ирээдүйн технологийн хэвшлийн үндэс суурийг тоон хэвшилд шилжүүлэх талаар ажиллаж байна. Эдгээр зорилтуудад төр, бизнес, иргэний нийгмийн хүч чармайлтыг төвлөрүүлж, ирэх жилүүдийн төсвийн бодлогыг урамшуулах чиглэлээр ажиллаж байна.   

Манай хөгжлийн үндэсний зорилтуудад хүрэхдээ бид олон улсын хамгийн өргөн хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд нийгэм-эдийн засгийн даяар тулгамдсан асуудлаарх хоршоолол (кооперация) нь дэлхий нийтийн ажил хэргийн ерөнхий уур амьсгалд эерэгээр нөлөөлж, улмаар хурц тулгамдсан асуудлыг шийдвэрлэх харилцан хамааралт байдал нь ялангуяа одоо нэн чухал, онцгой тулгамдаж байгаа харилцан итгэлцлийг нэмнэ гэдэгт бид итгэлтэй байна.     

Төвлөрсөн, нэг туйлт дэлхий нийтийн дэг журам байгуулах оролдлоготой холбоо бүхий эрин үе  байсан бөгөөд одоо энэ эрин үе дуусчээ. Үнэндээ бол ийм эрин үе эхлээгүй юм. Энэ чиглэлээр зөвхөн оролдлого л хийсэн. Гэхдээ энэ нь нэгэнт өнгөрчээ. Иймэрхүү дангаар ноёрхол мөн чанараараа манай иргэншлийн соёл, түүхэн олон талт байдалтай зөрчилдөж байгаа юм.      

Бодит байдал гэвэл дэлхий дахинаа өөрийн гэсэн загвар, улс төрийн систем, нийгмийн институт бүхий хөгжлийн олон янзын төвүүд төлөвшин бүрэлдэж, өөрийгөө тунхаглаж байна. Өнөөдөр тэдгээрийн ашиг сонирхлыг зохицуулж, олон янз байдал, хөгжлийн туйлуудын жам ёсны өрсөлдөөнийг анархи, сунжирсан мөргөлдөөн болгочихгүй механизм бүрдүүлэх нь туйлын чухал.        

Үүний тулд, түүний дотор Та бидний өмнө дэлхий дахины тогтвортой хийгээд аюулгүй байдлыг хангах, даяар эдийн засаг, худалдааны зан үйлийн дүрмийг боловсруулах онцгой хариуцлага хүлээсэн хөгжлийн түгээмэл институтуудыг бэхжүүлж, хөгжүүлэх ажил ногдож байна. Дээр нэг бус удаа тэмдэглэсэнчлэн өнөөдөр олонхи институтууд сайтар ажиллаж чадахгүй болжээ. Бид энэ талаар янз бүрийн хурлууд дээр байнга ярьдаг. Эдгээр институтыг огт өөр эрин үед байгуулсан нь мэдээж хэрэг, энэ бол ойлгомжтой. Харин тэд өнөөгийн дуудлагад хариулж чадаж байгаа эсэхэд хариулах нь магадгүй, бодит байдлаараа ч түвэгтэй. Гэхдээ энэ бол оронд нь юу ч санал болголгүйгээр тэдгээрээс татгалзах шалтаг биш гэдгийг онцлон дурдахыг хүсч байна.           

Тэр тусмаа эдгээр бүтэц нь ажлын ер бусын туршлагатай, олон талаар хэрэгжүүлээгүй боломж маш ихтэй билээ. Түүнийг орчин үеийн бодит байдалд нягт нямбай дасган зохицуулах ёстой нь мэдээж. Гэхдээ түүнийг юу юугүй түүхийн хог дээр хаях нь арай л эртдэнэ. Тэднийг ажиллуулж, тэднийг ашиглах хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр харилцан үйлдлийн шинж, нэмэлт хэлбэрүүдийг (формат) ашиглах нь нэн чухал гэдэг нь ойлгомжтой. Энд олон талт байдал (многосторонность) гэдэг үзэгдлийг ярьж байна. Үүнийг янз бүрээр, өөр өөрийнхөөрөө ойлгох нь мэдээж. Эсвэл өөрийн ашиг сонирхлоор няц дарж, хууль ёсны мэт харагдах нэг талын үйлдэл хийвээс бусад нь зөвхөн зөвшөөрөн толгой дохих л үлдэнэ. Эсвэл нийтийн ашиг тусын төлөө тодорхой асуудлыг шийдэхдээ бие даасан улсуудын хүчин чармайлтыг бодитойгоор нэгтгэж болно. Тухайн тохиолдолд бүс нутгийн зөрчлийг зохицуулах, технологийн алъянсууд байгуулах, улмаар хил дамнасан тээврийн болон эрчим хүчний коридор бүрдүүлэх гэх мэт асуудлыг багтаасан өөр олон чиглэлийн тухай ярьж ярьж болно.    

Эрхэм найзууд, хатагтай, ноёдоо !

Хамтран ажиллах маш өргөн талбар энд байгааг Та бүхэн ойлгож байгаа. Ийм олон талт хандлагууд үнэхээр ажилладаг юм. Тэдгээр нь ажиллаж болж байгааг практик харуулж байна. Жишээлбэл, Астанагийн форматын хүрээнд Орос, Иран, Турк гурав Сири дэх нөхцөл байдлыг тогтворжуулах талаар олон зүйл хийсэн ба одоо энэ оронд улс төрийн яриа хэлэлцээр зүгшрүүлэхэд тусалж байна. Мэдээж бусад улс орнуудтай хамтарч байгаа. Энэ бүхнийг бид хамтран хийж байна. Бүхэлдээ бол амжилттай гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.        

Бидэнтэй ойрхон Азербайжан, Армени хоёр улс, ард түмэн татагдан орсон Уулын Карабах дахь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд Орос улс зуучлах идэвхитэй ажиллагаа явуулсан жишээ байна. Чингэхдээ бид Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны Байгууллагын Минскийн бүлэг, тухайлбал түүнийг хамтран даргалагч Орос, АНУ, Франц улсуудын тохирсон түлхүүр яриа хэлэлцээрийг мөрдөхийг эрмэлзсэн. Бас л хамтын ажиллагааны сайхан жишээ.       

Арван нэгдүгээр сард Орос, Азербайжан, Арменийн гурван талт мэдэгдэлд гарын үсэг зурсан. Энэ нь дүн нуруугаараа дэс дараатай хэрэгжиж байгаа нь тун чухал юм. Цус урсгахыг зогсоож чадав. Энэ бол хамгийн гол нь. Цус урсгахыг зогсоож, гал нээхийг бүрэн зогсоож, тогтворжуулах үйл явц эхэллээ.    

Одоо олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хямралыг шийдвэрлэхэд оролцсон улс орнуудын өмнө дүрвэгсдийг буцаан авах, эвдэрсэн дэд бүтцийг сэргээн босгох, түүх, шашин, соёлын дурсгалуудыг хамгаалах, сэргээн босгохтой холбоотой нэрвэгдсэн нутгуудад тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тулгарч байна.    

Одоо өөр жишээ авъя. Дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад Орос, Саудын Арав, АНУ болон бусад зарим орны үүрэг ролийг тэмдэглэж байна. Ийм формат нь янз бүрийн, тэр ч байтугай даяар асуудлыг үнэлэх эсрэг тэсрэг байр суурьтай, өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй улс орнууд хамтран ажиллаж болохыг харуулсан үр бүтээлтэй жишээ болж байна.     

Үүний хамт бүх улсуудыг хамарсан асуудлууд гэж бий. Үүний жишээнд, корона вирусын халдварыг судлах, түүнтэй хийх тэмцэл орно. Сүүлийн үед энэхүү аюулт өвчний хэд хэдэн төрөл бий болсныг  бүгд мэднэ. Дэлхийн хамтын нийгэмлэг жишээлбэл, корона вирусын мутаци яагаад, хэрхэн бий болсон, янз бүрийн штаммууд бие биенээсээ юугаараа ялгагддаг зэргийг ойлгохын тулд эрдэмтэн, мэргэжилтнийхээ хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Улмаар бүх дэлхийн хүчин чармайлтыг зохицуулах хэрэгтэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалж, саяхан “их хорийн” саммитад бидний хандсан бүх дэлхийгээрээ халдварын тархалттай тэмцэх, коронвирусын вакцины хүрэлцээг яг одоо нэмэгдүүлэх талаар нэгдэн ажиллаж, бүхий л хүч чармайлтаа зохицуулах хэрэгтэй байна.            

Дэмжлэг шаардлагатай байгаа, ялангуяа африкийн улсуудад тусламж үзүүлэх хэрэгтэй. Энд тестийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, вакцинжуулалт явуулах тухайг хэлж байна. Бүх нийтийн вакцинжуулалт өнөөдөр юуны өмнө хөгжингүй орны иргэдэд хүрэлцээтэй байгааг бид харж байна. Гэтэл манай гаригийн хэдэн зуун сая хүн ийм хамгаалалт авах ямар ч найдлагагүй болоод байна. Практик дээр ийм тэгш бус байдал нь нийтийн аюул занал гэсэн хэрэг бөгөөд учир нь энэ бүхэн тов тодорхой, энэ талаар олон удаа ярьсан, цар тахал сунжрана, түүний хяналтгүй голомт хадгалагдан үлдэнэ. Түүнд хил хязгаар байхгүй.          

Халдвар, цар тахалд хил хязгаар байхгүй. Ийм учраас бид бүхэн болж буй нөхцөл байдлаас сургамж авч, дэлхий дахинаа иймэрхүү өвчлөл бий болох, иймэрхүү нөхцөл байдал хөгжиж байгаад хийх мониторингийн системийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг санал болгох хэрэгтэй.          

Бид бүхэн ажлаа зохицуулах зайлшгүй шаардлагатай өөр нэг чухал чиглэл бий бөгөөд энэ нь мөн чанартаа манай гаригийн цаг агаар хийгээд байгалийг хамгаалах талаар дэлхийн бүхий хамтын нийгэмлэгийн ажлыг зохицуулах явдал мөн. Энд би ямар ч цоо шинэ зүйл хэлж чадахгүй.  

Бид зөвхөн хамтран ажиллаж байж л даяар дулаарал, ойн сангийн хомсдол, био олон төрөл устаж үгүй болох, хог хаягдлын хэмжээ ихсэх, далай хуванцраар хордох гэх мэтийн ноцтой ноцтой асуудлуудыг шийдвэрлэх, өнөөгийн болон ирээдүй үеийнхээ төлөө эдийн засгийн хөгжил болон хүрээлэн буй орчныг ариглан хамгаалах ашиг сонирхлын зохистой тэнцвэрийг олох талаар дэвшилд хүрч чадна.      

Эрхэм хүндэт форумын оролцогчид оо ! Хүндэт найз нар аа !   

Дэлхийн түүхэнд улс орнуудын хоорондын өрсөлдөөн тэмцэл зогсож байгаагүй, зогсохгүй, цаашдаа ч зогсохгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Зөрчил, ашиг сонирхлын мөргөлдөөн бол үнэн хэрэг дээрээ хүний иргэншил шиг маш нарийн нийлмэл организмд байдаг жам ёсны зүйл юм. Гэхдээ эргэлтийн агшнуудад энэ нь саад болдоггүй, харин ч эсрэгээрээ хамгийн чухал, үнэхээр хувь заяагаа дэнсэлсэн чиглэлд хүчээ нэгтгэхэд өдөөн дууддаг юм. Одоо бол чухам ийм үе гэж би төсөөлж байна.        

Нөхцөл байдлыг шударгаар үнэлж, хуурамч биш, бодит даяар асуудалд төвлөрч, дэлхийн хамтын нийгэмлэгт амин чухал болоод байгаа тэнцвэргүй байдлыг (дибаланс) арилгах нь нэн чухал. Ингэсэн цагт бид амжилт олсон гэдэгтээ итгэлтэй байж, XXI зууны гурав дахь арван жилийн дуудлагад нэр төртэй хариулт өглөө гэж хэлж болно. 

Ингээд би яриагаа дуусгая, тэвчээр гаргаж анхааран сонссон Та бүхэнд талархалаа илэрхийлье. Их баярлалаа. 

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 01 дүгээр сарын 31.  

   

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to ДАВОСЫН 2021 ОНЫ ФОРУМ ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ

  1. Baagii says:

    Рио Тинтог өмөөрөөд Нямка гараад ирлээшд.

  2. Dganaa says:

    Дэлхийн хэмжээний асуудлыг хөндөж ярьж байна.Ашиглаж амьдралд хэрэглэх олон санааг дурьдажээ. Сайхан илтгэл тавьсан юм байна, орчуулж их хөдөлмөр цаг заваа гаргасан танд их баярлалаа

  3. Dash says:

    Яаая, янзын илтгэл тавьжээ Пути Путь. Бараг 2 цаг уншиж дуусгав би, маш их хөдөлмөр гарган орчуулсан танд баярлалаа. Ийм глобал summit-д өөрөө оролцсон юм шиг боллоо. Гэхдээ өгөр муу хөгшин дайны хэнээтэн ч болж хувирч мэднэ. Аливаа дайныг хүний цусанд дурласнаас биш, ард түмэндээ өөрийн буруугаа зөвтгөх гарцаагүй шаардлагатай хөгшин гулькаазууд л эхэлдэг. Ийм болохоор орчин үед нэг хүн дангаар удаан захирах хэрэггүй гээд байгаа юм.

  4. Уншигч says:

    Үнэхээр уншууштай илтгэл байна аа.

  5. Uka says:

    Анхаарал татсан чухал илтгэлийг цаг заваа гарган орчуулж бидэнд хүргэсэн Танд баярлалаа. Дэлхийн системийн өөрчлөлтийг яг юу гэж дүгнэх нь үү? Орос орон юу сэдэх бол гэж анхааралтай уншлаа. Форум summit коронотой ч зориглон хийжээ. Хүн төрөлхтөний 30% ч асуудалтай болчихож. Үнэн шүү.

  6. Anonymous says:

    Putin ch argagui l mundag strategich yum. “Challenge” gedgiig “asuudal” geed orchuulj bval yamar ve? “Duudlaga” geheer neg l utasnii duudlaga ch yum shig heleh gesen sanaag ni tuurulduulj sulruulaad bh yum.

    • Ганаа says:

      В.Путин илтгэлээ оросоор тавьсан болохоор “сhallenge” гэсэн англи үг хэрэглээгүй. Түүний оросоор хэлсэн “вызов” гэх үгийг би манайд орчуулж заншсан “дуудлага” гэж орчуулсан. Би Путины үгийг эхэлж англи болгоод тэндээсээ монгол руу орчуулж чадахгүй…

  7. Anonymous says:

    Сэтгүүлч хүн нэг иймэрхүү юм бичээд, орчуулаад тавиад байвал жинхэнэ хөдөлмөр зарж байна гэж үнэлж байна. Амжилт!

  8. Набди33 says:

    Үнэхээр жинтэй илтгэл байна.Хөдөлмөрийг тань үнэлье судлаач Ганхуяг таны.Манай хов хөөцөлдсөн сэтгүүлчинцэрүүд иймэрхүү л ажил хиймээр байгаа юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: