НАНТА-ГИЙН МУЗЕЙ БА ЧИНГИС ХААН
2020/10/15 6 Comments
Сүүлийн өдрүүдэд Францын нэгэн музейд Хятадын тавьсан шаардлагын тухай шуугиж, манайхан их уурлаж байна. Эрхбиш судлаач ухаантай болохоороо эх мэдээг хайж шалгаж үзэв. Энэ талаар Нантагийн музейн албан ёсны сайт болон бусад олон мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Одоо энэ талаарх нэгэн мэдээллийг ямар ч нэмэр хачиргүй дамжуулъя:
Францын Нанта хотын Түүхийн Музей Чингис хаан болон түүнийг үндэслэсэн Монголын эзэнт гүрэнд зориулсан үзэсгэлэнгийн нээлтийг наад зах нь гурван жил хойшлуулсан тухайгаа мэдээлэв. Үүнийгээ тус Музейн захиргаа хятадын засгийн дур зоргоор түүхийг дахин өөрчилж бичих хүсэлгүй байгаа гэж тайлбарлажээ.
Нантагийн Түүхийн Музей Өвөр Монголын Хөх хотын түүхийн музейтэй хамтран “Тэнгэр ба талын хүү. Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн мэндэлсэн нь” гэсэн маш том музейн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Нантагийн музей ийм төрлийн үзэсгэлэнг дэлхийн бусад бүс нутгуудтай, тухайлбал Грек, Колумб, Швед, Швейцар, Австри болон бусад орнуудтай хамтран зохион байгуулдаг аж.
Гэвч Монголын эзэнт гүрэн, түүний анхны агуу их Хааны үзэсгэлэнг гаргах явцад бодож төсөөлж байгаагүй гэнэтийн нөхцөл байдал үүсчээ.
Чингис хаанд зориулсан үзэсгэлэн Нанта хотын “Бретонийн геоцогуудын цайз” нэртэй музейд 2020 оны 10 дугаар сарын 17-нд нээгдэх ёстой байлаа. Гэвч CОVID-19-ын улмаас үзэсгэлэнгийн нээлтийг 2020 оны эхний хагас хүртэл хойшлуулсан тухай шийдвэрийг аль эрт хавар гаргажээ.
Гэтэл энэ зунаас эхлэн үзэсгэлэнд бэлтгэх явцад хятадын засаг оролцох болсон ба энэ тохиолдолд үр дагавар нь цар тахлаас ч илүү ноцтой болох юм.
Нантагийн түүхийн Музейн удирдлагын мэдээлж байгаагаар хятадын засаг үзэсгэлэнд “Чингис хаан”, “Монголын эзэнт гүрэн” гэсэн үгсийг хаа ч байлгахгүй гэсэн шаардлага тавьжээ.
Музейн захирал Бертран Гийе: “бүх зүйлийг зохицуулж, гарын үсэг зурснаас хэзээ хойно үзэсгэлэнгийн бүх материал, түүний дотор, үзмэрийн тайлбар, каталог болон газрын зургуудыг хятадын талаас урьдчилан баталж байх гэрээний шинэ хувилбар бидэнд өгсөн” гэж “Le Parisien” сонинд хэлжээ. Түүнээс гадна Нантын музейд хятадын талаас бэлтгэсэн бэлэн текстийг хүргүүлжээ.
Хятадуудын өгсөн текстэд “монгол” гэсэн үг 12 дугаар хуудсанд нэг удаа гарч, “Чингис хаан” гэсэн үг оргүй алга болж, бүх түүх Хань династийг тойрон бичигдсэн гэж ноён Гийе ярьжээ.
Энэ текстийг судалсан Музейн мэргэжилнүүд: “Энд үндэстний шинэ түүхийн ашиг тусын тулд Монголын түүх, соёлыг бүрэн алга болгох зорилгоор түүхийг бодит бусаар дахин бичих элементүүдийг агуулсан байна” гэж дүгнэжээ.
Музейн төлөөлөгчийн хэлснээр хятадын тал Өвөр Монголын автономит районд нөхцөл байдал хурцадсан яг тэр үед өөрчлөлт хийхийг шахаж эхэлсэн байна. Хятадын цензурыг сайн дураараа зөвшөөрөхийг санал болгосонд Нанта музей ихэд дургүйцэж байна.
“Бидэнд яагаад ч эвлэрэл хийж болохгүй тийм зүйл байдаг” гэж ноён Гийе хэлжээ.
Энэ бүхний үр дүнд Нантагийн музей үзэсгэлэнд бэлтгэх ажлыг хэсэг хугацаанд зогсоохоор шийджээ. “Бид манай музейн эрхэмлэж байдаг хүмүүн төрөлхтний, шинжлэх ухааны болон ёс суртахууны үнэт зүйлсдээ тулгуурлан энэ үзэсгэлэнг зогсоох шийдвэр гаргалаа” Нантагийн Музейн мэдэгдэлд дурджээ.
Чингэхдээ “Нантагийн музей уг төслөөс татгалзаагүй бөгөөд эхнээсээ бэлтгэсэн материал, америк болон европын хамтрагчдийн үзмэрүүдийг ашиглан үзэсгэлэн дээрээ цаашид ажиллах эрмэлзэлтэй байна” гэж Нантагийн Музейн мэдэгдэлд дурджээ.
Жич: Манайхан их уурлаж байна. Гэхдээ саяхан болтол Хятад Чингис хааныг “манай хаан” гэж булаалддаг байсан, харин одоо тэднийг түүх бичлэгийн энэхүү суурь ойлголт хийгээд уламжлалаасаа няцаж байна гэж ойлговол баярлах уу, уурлах уу гэдэг нь нэн харьцангуй гэж хувьдаа бодох юм…
Мөн дашрамд дурдахад аливаа ноцтой мэдээ, мэдээллийг анхдагч эх сурвалжаас авч, дүгнэлт хийж байвал тун зүгээр гэдгийг сануулж байна.
2020 оны 10 дугаар сарын 16.
Манайх цуг зохион байгуулалтанд нь орчихож болдоггүй юм байхдаа? Монгол улс
Энэ татгалзсан явдалд Францын музейн захирал хамт олонд нь түүхийг үнэнээр байлгах тал дээр зогссонд баярлалаа гэх утгатай Имейл захиа бичих хэрэгтэй юм байна. би бичнээ
зөв, Франц улс хүн төрөлхтөний түүхэнд үнэлэж барамгүй хувь нэмэр оруулсан улс. Моралтай улс гэдэг нь харагдаж байна.Дэргэд нь Хятад бол зүйрлээд хэлчихвэл оюун нь хүүхдээрээ улс шиг авир гаргах юм даа. Дэлхийн хүн амыг өөрийн хүн ам шиг эндүүрчих шиг болов.
Энэ хятадууд их даварч бнаа. Жижигхэн мөргөлдөөн болчихоосой. Ямар байгаа нь харагдах байх даа…
Нантагийн музейд манай засгийн газар хамтран ажиллах санал тавих хэрэгтэй бусуу
Чигч шударга хүмүүс ажилладаг музей байна даа. Маш сайн байна. Монгол Улс Нантагийн музейд талархал илэрхийлэх хэрэгтэй