А.БААТАРХУЯГ: ӨТҮГЭНИЙ ӨВӨРТ -2
2020/08/24 2 Comments
Гурван Хархорум…
Яагаад ч юм багадаа Өвөрхангайн төвийг Хархорин байх гэж боддогсон. Гэтэл Арвайхээр гэдэг адууны нэртэй хот байсан. Газар усны нэрийн домог их сонирхож уншина аа. Түүнд лав Арвагар хээр хэмээх алдартай хурдан хөлгийн түүхтэй холбогдож байсан.
Социализмын жилүүдэд зургаан мянгаас дээш хүн амтай сууринг “хот” гэдэг байлаа. Бид дэвтрээ хаяглахдаа Налайх хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийн гэж хаяглах дуртай. Бие даасан байх, амьдарч байгаа хот сууринаа хүртэл бие даасан байлгах гэдэг Монголчуудын цусны араншин бололтой. 1992 оны Үндсэн хуулиар Нийслэлийн дүүрэг болгоход жаахан тиймхэн санагдсан.
Тэр яах вэ? Хархорин хотын нэрийн судалгаа их л бүрхэг. Газар усны нэрийн судалгаа (ономастик) бол лингвистикийн (хэл шинжлэлийн) маш сонирхолтой салбар. Тэнгэрийн ивээлээр дээд сургуульд манай хэл шинжлэлийн багш Ч.Догсүрэн гэж мундаг хүн байлаа. Манай газар усны нэрийн судалгааны урдаа барьдаг эрдэмтэн байсныг дөнгөж мэдээд байхад тэнгэр болсон.
Намайг хэл шинжлэлд уруу татах гэж их оролдсон доо, “Хүү минь чи хэл шинжлэлийг сонирхоод үзвэл ямар?” гэж нэг асуусан юм. “Багш минь би энэ салбарт насаараа зүтгээд эрдэмтэн нэр зүүгээд, авъяас чадвар хүрээ ч үү? Байр савтай ч болоо ч уу, мөнгө олох салбар биш санагдаад байна. Би жаахан хангалуун өссөн хүн, гэтэл хагас хөдөөний мань шиг амьтан эртхэн амьдралаа төвхнүүлэх л чухал байна даа” гэсэн. Ахиж багш шалаагүй, арай ч гомдоогүй байх, шилжилтийн хүнд үед энэ хүүхэд амьдралаа бодох нь зөв гэсэн биз.
Тэрүүхэндээ үндсэрхэг намайг үнэндээ энэ ономастик руу татах гэсэн болов уу гэж хэзээ хойно бодсон. Учир нь өөрөө Б.Ринчин гуайн шавь, хожуу сургуульд сурсан ч номд цолгорсон хүн байж. Тэгээд умард хөрштэй хил тогтоох ажилд газар усны нэрийн судалгаа харгалзан үзэх шаардлага тулгарахад “Монголоо бариад…” тэр үеийн интернационалч дээдэс, Оросын дээрэнгүй үзэлтнүүдэд хавчигдаад цол хамгаалж ч авч чадаагүй юм билээ. Шалгалт авахдаа огт өөр түүхийн юм асууна. Бид хоёр бараг л буу халж байгаад дуусгана. “За болно, яв хүү минь гэдэг”. “Та яагаад түүхийн юм асуув аа?” гэхээр түүхэнд сонирхолтой хүмүүс юмыг он цагийн ягшмал дараалалд оруулж сурсан байдаг. Тэр нь их зугаатай байдаг юм гэдэгсэн. Багшийн ачаар би газар усны нэрийг их сонирхдог болсон. Тэр хэрээр мэргэжлийнхнийг хүндэтгэн үздэг болжээ.
Гэхдээ багш яг заах ёстойгоо л заадаг, оюутанд илүү хэрэггүй л гэнэ. Х.Лхагвасүрэн багш надаар дээд курст хичээл оруулсныг сонсоод их дургүйцэж байсан. Хэрэв би багшийн үгийг дагасан бол газар усны нэрийн судалгаагаар овоо юм сонсох байсан даа гэж хааяа боддог. Нэгэнт би үгүй гэсэн тул оюутны хэмжээнд л заасан, ямар сайндаа илүү дутуу юм асуугаад байхаар түүх рүү чихэж байх вэ? Аягүй бол хаа хамаагүй юм үзээд залуугийн аагаар оймтгойрч алдана гэж бодоо байх.
Хичээл заах нь яг тууль хайлж байгаа мэт. Монголын бүх гол ус, уул газрын нэрийг түрэг, уйгур, санскрит, түвд, түнгүс, монгол үгийн гарвалаар тайлбарлана. Номд бол ташаарахгүй, түвдийнх зөв бол зөв л гэнэ, оросынх зөв бол зөв л гэнэ. Үүнийг нуршихын учир нь газар усны нэр тайлбарлаж нуршаад байдгаа учирлаж байгаа хэрэг. Дээр нь дээд сургуульд байхдаа энэ чиглэлд алхам ч илүү үзээгүй, хожим сонирхлоор үзсэн төдий тул систем тогтоогүй, тиймээс андуурч эндүүрсэн бол өршөөн өнгөрүүлж байгаарай. Багш л анхнаасаа үүнийг захисан.
Одоо Хархорин руугаа оръё доо. Энэ нэр бол эртний Уйгур үг гэж тогтоожээ. Одоогийнх биш, учир нь өнөөгийн уйгурууд түрэг хэлтэн болсон. Кар-а бол мэдээж, эртний алтай язгуурын аль ч хэлний “Хар”. Харин энэ хорин бол сонин. Хуучнаар бол “хорум” гэж бичнэ. Энэ ойр хавьд хүрмэн чулуу ихтэй тул “хүрэм” гэсэн үг гэснээс ахиж үгүй. Гэхдээ чулуу нь чулуу бололтой юм. Гэхдээ энэ хавьд хаана байна тэр их хүрмэн чулуу?
Ижил нэртэй газар Монголд алга. Дорно зүгт алга, өрнө зүгт бүр өнөөгийн хил алхаад үзье! Одоогийн ОХУ-ын Алтайн БНУ-ыг 1918 онд анх байгуулахдаа Хархорум уезд гэж нэрлээд хоёр жилийн дараа Уулын Алтай болгоод, 1922 оноос Ойрадын БНУ болгожээ. Сонин шүү! Уулын, тэр дундаа өндөр уулын л нэр байгаа юм даа. Гэтэл Орхоны хөндий бол Хангайн нурууны урд нам газар. Орхоны хөндийгөөр Этүгэн ар, өвөр болж хуваагдаж байна. Гэхдээ ойр хавь өндөр уул байхгүй.
Дэлхийд алдартай ижил нэртэй газар бол Каракорумын таг. Хималайн дараа орох уулын масс бөгөөд Памирын нуруу, Хиндукуш, Хималайг холбон, Энэтхэг, Пакистан, Хятадын хилийг дамнан оршдог. 8000 метрээс дээш 4 оргилтой ертөнцийн дээвэр. Торгоны зам Ланжоугаас гараад Кунлуний нуруунд тулж салаалахад өмнөд зам үүгээр дайрч аугаа Иран соёлтой холбогддог байв. Ланжоугийн төлөө хятадууд эртнээс үхэлдээд байдгийн, одоо ч стратегийн ач холбогдолоо алдаагүй учир энэ.
Ведийн тавдугаар “Ригвед”-ийн Пурана буюу “Ведээс эртний судар”-т “Кришнагири” буюу “Хар уул” гэж тэмдэглэгдсэн ба хожим түрэг хэлт аймгуудын түрэлтийн үеэр Каракорум буюу шууд орчуулгаар “Хар уул” (яг уул ч бас биш юм, чулууг эртний түргээр таш, тош, уулыг тай, таг гэж нэрлэдэг. Корум бол чулуун бүрхэвч, цувраа гэсэн санаа, одоо ч хүрэм гэж гадуур өмсдөг хувцсыг хэлдэг биз дээ, бид?) гэж нэрлэжээ. Ислам-Түрэгийн энэ түрэлтээр Хиндүизм, Буддизм энэ бүсэд ноёрхлоо алдаж, гайхамшигтсоёл мөхөөд исламизм тогтжээ. Гэхдээ нэр нь хэзээнээс өөр болов?
Таамаглавал уйгурын хэлний нөлөө орсон Түрэгүүд энэ нэрийг тийш аваачив уу? Гэтэл Уйгурын үед Хархорум хот гэж тэмдэглэгдсэнгүй, гэхдээ энд хот эсбөгөөс Хүннү, Түрэгийн хаадын тахилын сүм мэт ариун хот, чулуун сүм байсан байх магадлалтай. Уйгурууд Согдоос манихейзмыг хүлээн авч байхад энэ нэр орж ирээд нутагшсан байж болох уу? Гэтэл Түрэгүүд бүр хожуу X-XI зуунд Каракорумд нэвтэрсэн.
Түрэгүүд анх VI зууны эхээр Алтайгаас дорно зүгт түрж ирсэн, гэтэл бүр саяхан 1918 онд Алтайн БНУ-ыг Хархорумын уезд гэж нэрлэсний учир юу вэ? Ингээд гурвалжин үүсчихэж байна. Монголчууд хожуу бүрдсэн залуу үндэстэн тул нийслэлээ нэрлэсэн нь түрэг үг үү? Уйгур үг үү? Нүүдэлчин гүрнүүдийн дундах тахилга шүтлэгийн холбоос гарч ирээд байна л даа.
Миний “Цогт чандманий эрэл”-д номд энэ орчим эртний аричуудын баруун зүгээс нүүж ирээд үндэслэсэн Хиндү шашны “Дагшин” орон буй. Тэр дагшин орны нэрийг хожмын их гүрний нийслэлд өгсөн байж болох уу? Тэгвэл энд ямар угсаа, шашин, соёлын улбаа байна вэ? Бас нэг таамаг буй нь Түрэгүүд хойгуур тойрч, исламжаад Памираас нэвтрэхээс өмнө Уйгурууд Хотан, Яркендад бэхжээд ойр оршдог баруун өндөрлөг нутгийг “Каракорум” гэж нэрлэсэн байж болно. Хожим Европчууд түрэг үг л гэж тэмдэглэж, ер нь европчууд их явцуу л даа, дорныг ганц Түрэгээр л төлөөлүүлж ойлгодог. Хэдий хожим судалгаа өргөжсөн ч уламжлалаар Түрэг үг тогтоосон уламжлал яваад байна. Хэрэв тийм бол Уйгур хэлтэй холбоотой үг гэсэн таамаг батлагдана. Монгол хэлэнд хот балгадтай холбоотой уүгс уйгураас их дамжсан байдаг.
Чухамхүү 1220 онд Дэлхийн эзэн Чингис хаан энд хот байгуулах зарлиг буулгаж, Аураг өргөөг ийш шилжүүлжээ. Хотын нэр “Хархорум”, Аураг орд ч гэсэнгүй. Нарийвчлан нэрлэвэл “Хар хэрэм”. “Цайз, хэрэм”, хувцасны “хүрэм” бол энэ “корум” гэдэг үгийн монголжсон хувилбарууд л даа. Харин хятадууд хэрмийг “чен” буюу “хот” гэдэг. Саяхан энэ орчмоос олдсон эртний Хүн гүрний нийслэлийн нэрийг “Лун Чен” буюу “Луу хот” гэж зарлаж байна. Лууг Хятадаар лун, Японоор “рю” гэдэг.
“Хар хэрэм”-ийг та бүхэн зөвшөөрөхгүй байж бүрнээ болно. Яагаад гэвэл газар усны нэрийн тайлал хийх өөрийн мэдлэгийн төвшнийг өмнө ил тод бичсэн бөлгөө. Энэ хүрээд миний мэддэг хэл дууслаа. Энэ судалгааны маш том сэдэв мөн. Монгол, эртний түрэг, уйгур, санскрит, перс хэлний харьцуулсан судалгаа, бас дэлхийн түүхийн судалгаа хэрэг болох байх.
Эрдэнэзууг байгуулсан нь…
Хархорумын гайхамшгийн талаар Та бүхэн ихийг мэднэ. Эрт эдүгээн эрдэмтдийн ойгүй их судалгаа, тэмдэглэл бий. Би тэднээс яахин давах, бас яаж бичиж барах вэ?
Хархорум бол нурман дотроос дахин амилах галт шувуу, феникс билээ. Феникс бол үхэшгүй мөнхийн бэлгэдэл юм. Хархорумын суурин дээр “Эрдэнэ зуу” байгуулагдсан нь Ар Халх тусгаарлахын бэлгэдэл болсон юм.
Юань гүрэн мөхсөнд Мингийнхэн “Хөхтөмөр жанжнаас өс авах, хааны хасбуу тамгыг булаах, хааны ургийн хүүхэд булаах (хааны удмыг бүрмөсөн таслах) зорилгоор Хархорумд их хүчээр цэрэглэсэн гэж домоглодог.
Хөхтөмөр жанжин хот хамгаалж эс мэдэх тул Хархорумыг алдчихжээ, Мингийнхэн Юаний үеэс додомдох нь багассан хотыг галдан шатааж, бүрэн сүйтгэсэн байна. Гэвч Хөхтөмөр хариуг нь хатуухан өгч, Мингийн цэргээс буцсан нь үгүй. Үүний дараа Умард Юаний эзэн хаад тогтсон нийслэлгүй, харин нүүдлийн аураг ордтой байдаг болжээ. Энэ ордын нэр хожим “Ордос” аймгийн нэр болно.
Минг байгуулсан Жу Юаньжанд Хятадыг захирах эрх олгох “хасбуу” тамга байгаагүй тул Хятадын эзэн гэгдэхгүй байжээ. Харин Монголчуудад тэр тамга буй тул улсаа “Умард Юань” гэж нэрлэжээ. Энэ нэр нь Хятад бол манай эзэмшил гэсэн утга агуулсаар байв. Тамга ба хаадын хойноос хоёр зуун жил хөөцөлдсөн Мингийнхэн амжилт олоогүй юм. Энэ зуур Ойрадууд тэмцэлд хутгалдан орж иржээ. Хорчингууд тэнцвэржүүлэх гэж оролдов. Үүнээс хааны суудалд Ойрадууд, Хасарын үр суух нь гэлцэв. Ойрадууд тэмцэлд оролцсоноор “Ханбалык”, Дайдуд санаархдаг Монголын хаадын шунал дарагдаад, харин төр улсаа бататгахад анхаарах болжээ. Ингэснээр Мингийн нийслэлд өнгөлзөхөд түшиц болдог Хорчины газар нутгийн ач холбогдол, түүнд дулдуйдсан Хорчины амбиц буурчээ.
Батмөнх даян хаан бүх Монголыг дахин нэгтгэв. Түүнийг “Да Юань” буюу “Даян” хаан өргөв. Их Юань улсын хаан гэсэн үг. Мингийнхний чадал барагдав. Чингис хаанаас хойш төрсөн аугаа хаан Батмөнх засаг захиргааны шинэтгэл хийж 44 овог аймгийг нэгтгэн 6 түмэн болгов. Отгон хөвгүүн Гэрсэнз голомтоо сахих тул Ар Халхын 7 отгийг өгөв. Өвөр таван халх отгийг тавдугаар хөвгүүн Алчуболд мэдэх болжээ. Өвөр халх нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяуд, Үжээд юм.
Ар Халх анх жалайр, бэсүд, элжигин, горлос, хөхүйд, хатагин, урианхан гэсэн долоон отгоос бүрэлдэж байснаа хожим нь үнэгэд, хэрэгүд, хүрээ хороо, цоохор, тангуд, сартуулын зургаан отог нэмэгдсэнээр 13 отогтой болжээ. Ингэхдээ өрнөд чиглэлд сүрхий тэлжээ. Тиймээс Абтай сайн хан Халхын төвийг Хэрлэн орчмоос баруун зүгт, эзэнт гүрний нийслэлд шилжүүлж, Тахай балгадад өргөөгөө барьсан байна. Энэ бол эртний Хархорин хотын туурь билээ…
Газар зүйн байршлыг үзвэл хэрэгүд нарыг торгуудаас, сартуулыг уйгураас булааж, хуучин кидан овогтон ч ордог тангуд, ойрадын олон овог дурдагддаг цоохор (олон овогтон гэсэн утгаар их хэрэглэж байсан үг юм билээ) отгийг шинээр эмхэлж захиргаандаа оруулсан бололтой байна. Бас дурдан буй тангуд отог бол Түвдүүд бус, энэ үйл явц шарын шашин дэлгэрэхээс өмнөх үе агаад эртний сурвалжтай отог гэдгийг анхаарах учиртай. Энэ бол хэт бүдүүн тойм төдий, “Халх товчоон”, “Халхын угсаатны зүй” зэрэг судалгааны бүтээлүүдийг шүүрдэж үзвэл нарийн тодорно.
Энэ 13 отгийг 7 хошуу болгож хөвгүүддээ захируулаад, эртний ёсоор баруун зүүн гар болгон хуваажээ. Баруун гарын 4 хошуу Засагт ханы, зүүн гар нь 3 хошуу Түшээт хан, Сэцэн ханы үндэс болжээ.
Түмэн засагт хааны үед Монгол аймгуудын эзэд, чадварлаг хунтайж нар хүчирхэгжиж эхлэв. Чухамдаа өнөөгийн Монгол Улсын иргэд, халх нар голдуу Гэрсэнз, Абтай сайн хан, Өндөр гэгээн гэж хүнд төвлөн алгасаж өөрийн түүхийг цээжилсэн ба тэр цагийн хангуудаас алдаршсанаар нь Түмэдийн Алтан ханыг л мэддэг. Гэвч энэ үед Их хаадын угсаа тасраагүй хэвээр байсан ба тэднийг мартаад байдаг билээ. Гэтэл Ар Халхын хүчирхэгжил, тусгаарлах үйл явц нь Түмэдийн Алтан ханы үйл ажиллагаатай нягт уялдаатай бөгөөд Ар Халх Монгол аймгуудаас анх түрүүн шарын шашныг авсныг анзаардаггүй. Бүр Их хааны засагтайгаа өрсөлдөж шүү!
Энэ ийм учиртай аж…
Дарайсун Гүдэн хааны үед Түмэдийн Алтан хан хүчирхэгжиж, Мин улсыг олонтаа дайлж ялаад нэр хүнд нь өсчээ. Түүний зарлигаар Ордосын хутагтай сэцэн хунтайж 1562 онд Торгуудын Буур ноёныг Заг, Байдрагийн орчим цэрэглэн дарж, Эрчис мөрөн хүртэл нэхэн хөөв. Өнөөх нь дарагдсан авч бууж өгсөнгүй буруулсаар цоросын нутаг руу дагуулж очсон бололтой. Цорос, баатуд нар хунтайжтай 1563, 1574 онд тулгараад ялагджээ. Цоросууд Эрчис мөрний савыг хадгалж үлдэв, торгуудууд цоросын нутгаар нэвт гараад Ил Тарвагатайд нутаглах болов. Ойрадууд ийнхүү суларсан нь 1577 онд Абтай сайн ханд дахин довтолж баруун зүгт нутгаа улам тэлэх таатай боломж олгожээ.
Ойрадыг тэргүүлж байсан Хошууд ноён Ханхонгор энэ дайнд үрэгдээд, Абтай хан Ойрадыг эрхэндээ авч хүү Шувуудайгаар захируулжээ. Шувуудайг нь удалгүй Ойрадууд алчихав. Тэгээд Ханхонгор ноёны хөвгүүд, Байбагус тэргүүтэй “Хошуудын таван барс” Ойрадын чуулганыг тэргүүлэх болсонд Убаши хунтайж, Урианханы сайн Сэртэнги нар довтлоод ялагджээ. Энэ нь гунигт дуулал болон үлдэнэ.
Уг нь энэ үед Ойрадууд дорно зүгт тэмүүлэхээ болиод баруун зүгт гол анхаарлаа хандуулаад байсан юм. Хошуудын орд Тэнгэр уулын ард төвлөх болов. Хошуудын дайчид Ташкентын дэргэд Абулхайр султаны ачийг олзолж, олз олохоор Иранчуудтай дайтаж явсан юм. Гэвч араас нь цохисон энэ гэнэтийн үйл явц тэднийг ахиад дорно зүгт татчихав. Ингэхдээ Түвдүүдтэй нягт холбогдсон шашны ужиг тэмцэлд орооцолдоно.
Ойрадууд дорно зүгт их ойртохдоо торгоны замын зангилаа Бэшбалыкийн төлөө л Зүүн Монгол-Уйгуруудтай тэмцэлдэж байсан юм. Бас Уйгурууд Ойрадын тусламжтай зүүн монголоос бие даахыг эрмэлзэн хутгаж байжээ. Энэ тэмцэл нүүдэлчин Уйгурын сүүлчийн ордыг мөхөөв. Баянмөнх жононг алаад Шихэр тайхуг авахдаа уйгурын Исмэл тайш “Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгсү” гэдэг. Нүүдэлчин уйгурууд бүр тэгэхэд монголжоод байсан хэрэг. Эд хаачсан хэрэг вэ? гэж асууж байсан уу? Энд нутагтаа л бий.
Энэ уудам нутаг, хүн ардыг захирахад Ордос хүчин хүрэлцэхгүй, Түмэд холдоод байсан тулд Абтай сайн ханых болжээ. Энэ л Абтай сайн хан Хархорины Тахай балгадад суурьших гол шалтгаан болсон юм. Энэ эрх ашгаар Абтай хунтайж-Алтан хан-Хутагтай сэцэн хунтайж нар Төв засагтай өрсөлдөх “Гурвын холбоо” байгуулжээ. Эртний Ромын Крассын гурвын холбоо шиг…
Жаахан урагшлая… 1559 онд Алтан хан Хөхнуурыг эзлээд Түвдийг нөлөөндөө оруулах боломжийг олж авчээ. 1566 онд Хутагтай сэцэн хунтайж Түвдийг довтлон буулгаж авчээ.
1557 онд Дарайсун гүдэн хаан нас барж дараа жил нь Түмэн /1558-1593/ залгамжлан Их хааны ор суув. Алтан хан түүнийг сүрдүүлж “хан” цол авснаар баруун гурван түмнийг мэдэх болжээ. Түмэн хаан болмогцоо “Гурвын холбоог” хязгаарлахын тулд зүүн гурван түмнээс Номудай хунтайж, Халхын Субухай үйзэн, баруун гурван түмнээс Хутагтай сэцэн хунтайж, Асудын Номдар Хулажи нарын нөлөө бүхий томоохон ноёдыг оролцуулан Төв Засгийн газар байгуулав. Ингээд засаг хуулиа чангатган Мин улстай амжилттай дайтаж, эн чацуу харилцаж эхэлсэн тул “Түмэн Засагт хаан” хэмээн алдаршив. Ингэснээр тухайн үеийн хүч нөлөө ихтэй болсон Түмэдийн Адтан хан, Халхын Абтай галзуу хунтайж нар эрхгүй захирагдав.
Түмэн Засагт хаан Хубилайн уламжлалыг дагаж, Түвдийн саж урсгалын илд зангидагч лам Гармааг 1576 онд залан ирүүлж, багш, шавь барилдан шашин дэлгэрүүлэх болсонд Түмэдийн Алтан хан, Ордосын Сэцэн хунтайж нар өрсөлдөж, 1577 онд Түвдийн шарын шашны их хувраг Содномжамцыг залж ирээд уулзаж, “Далай лам” цолыг соёрхсон агаад тэр бол даруй 3-р Далай лам билээ. Содномжамц хариуд нь Алтан ханыг Хубилай хааны бүх цолыг хэрэглэж болохыг зөвшөөрчээ. Ийнхүү шашнаар хуваагдсан улстөрийн дотоод талцал эхлэв.
Энэ үеэр Халхын Абтай хан Хөх хотод очиж Далай лам Содномжамцтай уулзан Халхад шарын шашин дэлгэрүүлэхээр болсон ба “Түшээт хан” хэмээх цолыг олсон юм. Илүү нарийн бичмээр авч үндсэн шугамаа барив, энэ бол тэмдэглэл болохоос ШУ-ны өгүүлэл биш билээ.
Анхаарууштай нь Ордосын хутагтай сэцэн хунтайж сүрхий амбиц гаргаагүй, “хан” цол аваагүй бөгөөд зөвхөн “чимэг” нэмж, үзэл санааны удирдагч болсноор сэтгэл ханасан бололтой байдаг, эсбөгөөс Алтан ханы нөлөөнд дарагдсан бололтой. Авъяаслаг жанжин, эрдэм төгс, боловсролтой язгууртан тэрээр шарын шашныг илүү болгохын тулд Хубилай хааны үед зохиогдсон “Арван буянт номын цагаан түүх”-ийг дахин найруулж, Монгол даяар түгээн шашныг дэлгэрүүлэгч болов.
Тэрээр Далай ламаас эрдмийн хүчээр “Хутагтай цогцсон зүрхэн сэцэн хунтайж”, улсын хааныг бутцохиод өөрөөс нь “Лу барсын жанжин” цол авсан ховорхон төрөх авъяаслаг удирдагч байв. Хятад, Түвд, Ойрадыг ялсан тулааныг гардан удирдсан өрнө, дорныг айлгагч Төв Азийн тавцанд ялагдашгүй жанжин байсан тэрбээр “Өнгөрснийг хөөж, ирээдүйг угтаж мэдэх сэцэн” хэмээн түүхэнд үлдэнэ. Түүний ач хүү Саган сэцэн мөн Монголын их бичгийн хүн болон “Эрдэний товч” нь бас түүхэнд үлдэх болно.
Ийнхүү Халхад шарын шашин дэлгэрэх үүд нээгдэв. Мөн Монгол гүрэн “хан”-гуудаар удирдуулсан ханлигуудын холбоо болон задрах эх тавигдав. Монголын их хаад улааны урсгалыг дагадаг уламжлал Лигдэн хутагт хааныг хүртэл үргэлжлээд түүнтэй хамт тасарчээ. Шарын шашныг анхлан дэмжигч нь Монголын баруун түмний Түмэд, Ордос, зүүн түмний Ар Халхын ханлиг болсон билээ.
1586 онд хуучин Хархорумын суурин дээр Эрдэнэзуу хийдийн анхны сүмийг барьж, Далай ламын өгсөн бурхан шүтээнийг залжээ… 1588 онд Абтай сайн хан нас барав. Ийнхүү хожим орчин үеийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх Монгол Улсын үндэс суурь энд тавигджээ.
“Нэгэн цагт хэтэрхий олон суутан нэгэн үндэстний дотор төрөх нь суутан оргилуун хүмүүс дутагдахаас ч аюултай. Үүнийг үндэсний оргиллын хэтрэлт гэх бөгөөд Японы Тайкагийн шинэтгэл, Түвдийн Соронзонгомбын дараах үймээн улс орныг цусанд бялтаж доройтуулсан юм” гэж Л.Гумилев бичсэн байдаг. Яг ийм хэтрэлт тэр үед болжээ. Ард түмэн нэгжин хуваагдах бүрийд дотроосоо суутан төрүүлдэг, хэрэв тэднийг нэгтгэн зангидаж чадахгүй бол угсаатан бутралд ордог. Яг ийм “гайт агшин” тэр үед тохиожээ.
Ар Халхын тэмцэл, өвөр Халхын уусалт…
Зарим ялангуяа өмнөдийн түүхнээ хааны орд Манжийн мэдэлд орсон л бол Халх Монгол Даян хааны зургаан түмний нэг тул Манжийн харъяат болсон гэж мэтгэх нь бий. Энэ мэтгээн л тэртээ 1691 оны гутамшигт гэрээний үндсийг тавьсан. Харин одоо түүх буцаж эргээд Чин гүрэн задарч Монгол тусгаарлав.
Гэвч Ар Халх зүгээр суугаагүй бөгөөд сөрөн тэмцэж байсны хучинд бие даан оршин тогтнож байсан юм. 1660-аад онд хүн ам 860 орчим мянга, ихээхэн цэрэгжсэн, шарын шашин гүнзгий нэвтрээгүй тул дайчин ханлиг байв. Бүр 1624 онд Лигдэн хааны “Дайчин төрөөр нэгтгэх” цэргийн бодлогоос болгоомжилсон авга, авга нар, сөнид, хуучид, үзэмчний ноёд Халхын зүүнгарын Далай сэцэн жонон Шолойг “Махасамади Гэгээн Сэцэн хан” хэмээн өргөмжилсөн байна. Далай лам “Гэгээн” цолыг өргөжээ.
Умард зүгт дөрөв дэх ханлиг Алтан ханы улс Енисейн эх хүрч байлаа. Одоогийн Нурсултаны умард руу торгуудын Хо өрлөг, Дөрвөдийн Далай тайшийг шахаж, Карахалпахыг түшмэг болгоод Эрчисийн савд байсан Цоросын Хархул тайшийг олзолж байв. Энэ хөл үймээн дайн дажны улмаас Киргизүүд Тэнгэр уул руу одсон билээ. Сая наадмаар маргаан дэгдээдэг “дууны эзэн” Хонгорын улус энэ үед сүйдсэн байх магадлалтай л юм билээ, Манжийн үед бус. Тэд киргизын өрнөд этгээдэд байгаад гэнэт алга болжээ…
1634 онд Лигдэн хааныг нас барахад Шолой сэцэн Лигдэн хааны ахмад хөвгүүн Эрх хонгор Эжэй, Лигдэн хааны Сутай тайху нарыг Халхад ирүүлэхээр бичиг илгээжээ. Гэвч Манжийн хаан газрын ойроор өрсөж, Эжэйг довтолж, харьяат ардын нь хамт хураан авснаар Лигдэн хааны угсаа залгамжлагчийг Халхад авчрах санаархал бүтээгүй байна. Хэрэв авчирч чадсан бол Эжэй хаан болж, Их хааны гал голомт, төрсөн нутаг Халхад төвлөн түүний туган дор нэгдэх байсан болов уу?
Энэ үед Засагт хан Субадай Халхыг ахалж байв. Тэрээр 1596 онд Ар Халхын ноёдын их чуулганаар “Богд Засагт хан” цол өргөмжлөгдөж, Халх долоон хошууны жинхэнэ эзэн болжээ. Тэр хамгийн хүчирхэг нь байв. Халхын баруун гар, түүний харъяаны дөрвөн хошууг Засагт хан аймаг гэж нэрлэсэн. Халхын хангууд хааны үрийн хойноос шаргуу нэхэж Субадай 1638 онд Хөх хот хүртэл довтолсон ч амжилт олсонгүй. Манж нар Эжэйд айсингүрү Маката гүнжийг буулгаж, чин ван болгожээ. Энэ бол ердөө цахарын ноёны төдий үзсэн хэрэг.
Тэгмэгц Сэцэн хан, Түшээт хан, Үзэмчний ван хамтран Манжийн хаанд захидал бичиж, түүнийг Монголын хаан гэж үзэхгүйгээ мэдэгджээ. Ийнхүү тусгаарлаад Халхын гурван хан 1640 онд “Монгол-Ойрадын Их цааз”-ыг батлаж ар талаа бэхлээд, Өвөр Монголыг татах гэж оролдох болжээ.
Сүнид аймгийн Тэнгис ван 1646 онд албат ардаа дагуулан Шолойг түшихээр иржээ. Түүнийг нэхэж Туул гол орчимд ирсэн Манжийн их цэрэгтэй тулалдуулахаар Шолойн дөрвөн хүү Авганар, Барга, Хатагин, Урианхан аймгийн гурван түмэн цэрэг, Түшээт хан Гомбодорж өөрийн төрлийн Рахули далай ноёны хамт 2 түмэн цэрэг авч тулалдсан боловч ялагджээ. Тэгмэгц Засагтхан Субадай 1647 онд Хөх хотыг уулгалжээ. Гэвч Тэнгисийн хэрэг явдал бүтэлгүй төгсөж, Тэнгис ван 1648 онд бууж өгөв. (Хожим Манж нар Халх, Сүнид, Үзэмчний дунд зааглаж Дарьганга хошууг байгуулна) Үүний дараа Засагт хан 1650 онд Хөх хотыг дахин уулгалжээ. Мөн Түшээт ханы Эрх Цөхүр ноён Баарин аймгийг уулгалж, хүн малыг олзолсноос үүдэн Манж Чин улстай таарамжгүй харилцаатай болжээ.
Энэ зуур өвөр халх өвөрлөгчдийн дунд тархан алга болов. Тиймээс энэ цагаас ар, өвөр гэх нэр томъёог хэрэглэх шаардлагагүй ганц Халх үлдэв.
Алчуболд ноёны хөвгүүн Хургачи Хасар ноён өөрийн таван хөвгүүнд Өвөр халхын 5 отгийг хувааж өгчээ. Убаши үйзэн Жаруудыг, Субухай дархан Баариныг, Убан Буйма догшин Хонгирадыг, Сонин дайчин Баяудыг, Шууган зоригт хун баатар Үжээдийг тус тус захирах болжээ.
Өвөр халхын таван отог Монголын их хаанд зарлиггүй харь улсыг дайлах, хуралдай хийх, угсаа залгах ноён сонгох эрхгүй захирагдаж байжээ. 1548 онд Алтан хан тэднийг хүчээр өөрийн мэдэлд авсанд олонх нь Дарайсүн хааныг түшиж очоод Шар мөрний сав газар, хуучны Доян харуул, Тайнин харуулын нутгийг хуваан суув.
Үлдсэн тайж нарыг Алтан хан өөрийн Түмэд аймаг ба Хутагтай сэцний Ордос дотор багтаажээ. Түмэн засагт хааны үед өвөр халхын Субухай үйзэн Төв Засгийн зургаан ноёны нэг болон тодров. Тэгээд өвөр халх хаанд цэрэг хавсран Хэбэй, Ляонинийн нутгийг жил бүр довтолж байв. Лигдэн хааны эхэн үед өвөр халхын ноёд их хааны зарлигаар Зүрчидийн Нурхачи баатрын эсрэг эвсэлд хэдэнтээ түмэн цэрэг гарган байлдаж байжээ.
Тиймээс Манж нар өвөр Монголыг эрхэндээ аваад Хонгирадыг Баарин хошуутай хавсаргаж, Баяуд, Үжээдийн заримыг Бээжинд захирагдах дотоод найман хошуунд багтааж, үлдсэнийг Жарууд, Баариныг тус бүр хоёр хошуу болгоход нийлүүлэн Зуу-Удын чуулганд захируулан тараажээ.
Хожим Өвөрмонголын ӨЗО-ны монгол хэлний гол аялгыг тодруулах болоход баарин аялгыг авах санал гарчээ. Баарин аялга ар халхын аялгатай тун ойролцоо аж. Гэвч цахар аялгыг гол болгон авчээ. Харин өнөөдөр Өвөрмонголын Монгол “Одон” телевиз халх аялгаар голлож нэвтрүүлгээ бэлтгэж байна. Энэ нь аялгыг албан ёсны болгосон хэрэг бус харин тус телевиз бидэнд зориулсан соёлын экспанс (цөмрөлт), пропаганда (суртал нэвтрүүлэг) хийх зориулалтаар өөрчлөгдөж буй хэрэг тул гэнэн зангаар баярлах дэмий юм.
Хоёр Гомбогүр…
Гэхдээ сонин шүү! Эрдэнэзууг шарын бус улааны хийд гэлцэх юм. Тэр жил “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг төрийн ордны цэцэрлэгт буу тавьсан хэргээр Хархорины хориход “сууж” байхад нь эргэхээр очсон юм. Манай хүн л болох болохгүй юм хийсэн нөхдийнхөө төлөө явж, сайн, муу үг дуулж явдаг хойно.
Тэгэхэд улааны шашны тэргүүн ном айлдаж байхтай таарсан юм. Сажийн ёсны тэргүүн нь шарын урсгалын тэргүүн Далай ламын адил хувилж төрдөггүй, харин угсаа залгамжилдаг ажээ. Биднийг хийдийн гэсгүй нэгэн дуганд урьж айраг өгч билээ, тэгэхэд яриан завсар сажийн тэргүүн ирснийг сонссон хэрэг.
Эрдэнэзууг улаан хийд гэхийн учир нь Абтай сайн дөнгөж цолоо авсан Далай ламтай уулзаж байхад шарын ёс Түвдийн голлох шашны урсгал болоогүй тул хуучин дэг ёсоор барьсан бололтой. Хожим тэр хоёр дахин уулзасан гэдэг ч түүний нөлөө гэх зүйл түүхэнд үлдсэнгүй. Харин би улааны ба шарын хийдийн нарийн ялгааг би бол мэдэхгүй. Ер нь улааны хийдүүдээр орж байгаагүй хүн, Түвдэд очоод ч тэр…
Түүхэнд бол “…32 насандаа \1581\ дүү Түмэнхэн сайн ноён (хожмын Сайн ноён ханы уг) хоёулаа [Түмэдийн] Алтан хаанд элч илгээсэн Сажа ёсны Гамун Нансу хэмээх ламыг залж ирснээс Хятадын Ван лигийн 13-р \1586\ онд хөхөгчин тахиа жил урьд Өгөдэй хааны сууж байсан, хойно Тогоонтөмөр хаан сэлбэн барьж суусан мөн өөрөө суусан Шанхат Шарга Азарга хэмээх уулын ард Хангай уулын өвөр, Орхон голын зах Тахай нэрт хуучин балгад дор өчүүхэн нэгэн байшинд Содномжамц Далай ламын биеийг өөрийн мутраар дуурайлган бүтээж залжээ. Үүнд бүтээсэн бурхны эрхэм нь гурван цагийн бурхан болой… Далай ламаас өөрийн төлөөний Лодойнямбуу хэмээх ламыг илгээснийг Эрдэнэ зуугийн сүмд залж гал гахай жилд \1587\ аравнай үйлдүүлэхийн сацуу Далай ламын гэгээн бээр цэцгийн хур оруулж адисласнаар Халхын Бат-Эрдэнэ-Зуу хэмээн алдаршив. Эрдэнэ зуугийн эрхэм шүтээн Гомбогүр болой” хэмээн өгүүлжээ.
Түвдэд бурхны шашин дэлгэрэх цагт Ловон Бадамжунайн дэглэсэн нимава хожим олон урсгал болсны хамгийн залуу нь Богд Зонховын үндэслэсэн шарын шашин юм. Шарын хийдүүдэд Лодон Бадамжунайг тахих нь өөр урсгалыг дагасан хэрэг бус учир нь шарынхан Зонхов гэгээнийг Ловон Бадамжунайн хувилгаан гэж үздэг юм билээ. Сажа урсгал бол яг ч нимава биш бас шинэчилсэн урсгал бөгөөд Түвдэд ноёрхож байхдаа Эзэнт гүрний үед Монголд дэлгэрсэн билээ. Чухам тиймээс Түмэн засагт хаан Түвдээс энэ урсгалыг залж иржээ. Харин Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн хунтайж, Халхын Абтай сайн хан нар зөрж, шарын шашныг хэрхэн босгосныг өмнө бичсэн.
Одоо домог бичнэ. Зарим нь ч түүхэнд буй. Эрдэнэ зуугийн гол шүтээн бол чулуун Гомбогүр бурхан ажээ. Энэ Гомбогүр бурхан нь Абтай сайн ханы Түвдээс залж ирсэн Очирваань бурхны шүншгэнд байсан гэж домоглодог. Эдүгээ музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Домог ёсоор Абтай сайн ханыг Түвдэд очиход Далай лам “Та бурхнаа сонго!” гэсэнд илдээ сугалаад бүх бурхдыг чичсэнд дальдарсан атал гагц Очирваань л огт дальдарсангүйд “Үүнийг авъя” гэжээ. Буцах замдаа амрах зуур бурхнаа газар тавиад хулан агнаж, дахин ачаад явах гэтэл ховхорч үгүй. Тэгмэгц голоор нь тас цавчаад явах дүргүй бөгсийг үлдээе, явах дуртай цээжийг нь аваад явъя гээд ачаад ирсэн гэнэ. Ингээд Очирваань Халхын их шүтээн болжээ гэдэг.
Харин тас цавчсанд дотроос нь чулуун Гомбоүр бурхан гарч ирсэн аж. Харин зарим домогт Гомбогүр бурхныг тас цавчиж авчирсан гэдэг. Үүнд ямар нэгэн ёгтлол байна… Учир нь Абтай сайн хан Түвдэд огт очоогүй юм. Энэ домогт хулан агнаж яваад мориноос унаж чилээрхсэн Их эзний домог хийгээд тангудыг дорд үзэх хандлага, хуучин бөөгийн шажны ихэрхлийг агуулсан мэт…
Очирваань буюу Важрапани бол нэн эртний бурхан агаад Бурхан багштай үе чацуу юм. Энэтхэгийн Үндэсний музейн буддизмын хэсэгт тавьсан Важрапани бурхны зургийг би хэрэг болгон авсан нь ердийн л хүн дүртэй агаад Бурхан багш, Майдар бурхан эртний хийц ёсоор босоо байдаг бол Важрапани завилсан хэлбэртэй байв. Балба хийц байсан санагдана. Шарын шашны 10 хангалын нэг агаад Очирваань, Ямандаг хоёр ядам бурханд тооцогддог. Бусад нь сахиуснууд. Ямандаг бол Манзуширийн догшин дүр юм билээ л. Манзуширын Наландрын хийцийн, гэхдээ босоо чулуун баримлын зургийг ч авсан. Гайхалтай хийцтэй. Бас л жирийн хүн. Би жирийн хүн дүрийнх нь зургуудыг пост болгож тавьсанд манай мухар сүсэгтнүүд бөөлөөд баларч билээ.
Дашрамд бурхны шашны суу ухаан, эрдэм мэдлэгийн сан болсон энэ Наландын хийдийг ислам Түрэгүүд устгаж орхисон юм. Хархорины нэрийн тухай бичиж байхад энэ тухай дурдсан.
Эрдэнэзуугийн анхных буюу гол зууд мөргөн орвол гол Бурхан багш хоёр шавийн хамт, баруун талд Авид, зүүн талд Манал бурханы шуумал бий. Шүншигтэй тахил хэвээр тул мөргөж даатгаарай гэж тайлбарлагч нь хэлж байх юм. Шинжлэх ухаан хаачив? Зүүн хатавчинд Гомбогүр сахиус, баруун хатавчинд Балданлхам охин тэнгэрийн шуумал байна. Эрдэнэзуугийн гурван сүмд бурхан багшийн бага ба идэр, өтөл насыг голлон тахисан бий. Өнөө Лениний бага нас хүүхдийн ордонд, идэр нас Улаанбаатар зочид буудлын өмнө байсан шиг. Цаг цагийн л ёс юм даа…
Зүүн хатавчинд байгаа Гомбо сахиусыг Эрдэнэзуугийн гол шүтээн гэв. Нэлээд дээхнэ нэг үзэж ирээд асуусанд манай найз Г.Ням-Очир болохоор “Хубилай хаан Пагва ламаар бүтээлгэж, төрийн сахиус болгосон Гомбогүр бурхан мөн” гэв. Тийм бол юунд хатавчинд байна гэж..? гэвэл “Хэн мэддэг юм…” гэж уурлав. Энэ баатуд нар уур, сөс ихтэй гэж. Баатуд яваа газар зайсан үгүй гэж…
Харин манай Бундхорол болохоор чулуун Гомбогүрийг нандин шүтээн, энэ жил гаргаж тахихад нь үзүүлье гэв. Ингээд хоёр ч Гомбогүртэй болчихлоо. Эрдэнэзууг очиж үзээд тайлбарлуулахад нээлттэй тул хэн бүхний мэдэхийг нарийвчилж бичихгүй байна. Гагц энэ Гомбогүрийн учрыг олох л сонин санагдаад…
Дандаа зөрж байдаг мугуйд үхэр жилтэн тул яаж зүгээр байх вэ? Авид чинь Амитаба мөн биз? гээд асуугаад тавьчихлаа. Мөн гэж байна. Монголд буддын шашин туйлдаа хүрч хөгжөөд бүр хожмын соцреалист яруу найргаас салах шинэчлэл хийж байх цагт авьяаслаг яруу найрагч Д.Нямсүрэн “Амитаба” хэмээх шүлгээ бичсэн билээ. Хэрэв урд цагтсан бол энэ шүлэг “Авид бурханы магтаал” болж түвдээр бичигдээд бид мөнгө төлж уншуулах байх даа? Бас л “Хэн мэддэг юм…”
Ингээд л гарав. Урд орой нь Эрдэнэзуугийн хажууханд байгаа 64 баганат сүмийн туурийг очиж үзсэн юм. Анх үүнийг Өгэдэй хааны “Түмэн амгалант ордон”-ы туурь гэж үзээд малтсанд бурхны шашны хийд байж таарчээ. Малтлагын явцад дөрвөн буланд нь хийсэн 9 эрдэнэ бүхий шүншгийн ваар олжээ. Нэг нь бүв бүтнээрээ шүү!
Энэ хийдэд Гомбо тахиж байсан юм биш биз? Тэр цагт Юаний хаад сажийн урсгалыг тэтгэж байсан. Тиймээс орчин үеийн судалгааны үнэ цэнээр нандин шүтээн нь тэр чулуун Гомбогүр болж таарах гээд байна. Гэхдээ бас хэлбэр, хийц, хэмжээг харвал шүншгийнх байж үнэхээр болзошгүй. Тийм бол энэ чулуун Гомбогүр Юаний үеэс энэ цагийг хүртэл элдэв самууныг даван ирсэн, эртний шүтээн байх магадлалтай.
Түүнээс улбаатай юу, эсвэл хожмын дэг ёс уу, гол сүмийн Гомбогүр бурхныг бүтээжээ. Зуу буюу жаво, жову гэдэг бол Бурхан багшийн дүрийг хэлдэг. Баруун зуу Лхаст Поталад, Алтан зуу Жоканд, Эрдэнэзуу Монголд… Чухамдаа Далай лам Түмэдийн нөөлгөөр Бэрээвэнгээс Түвдэд нөлөөгөө тэлж байх цагт Монголд шарын хийд хэдийнээ байгуулагдчихсан байж. Хожим Хошуудын Төрбайх хаан Далай ламыг Потала ордонд дагуулан орох юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэзууг баригдаж байх цагт Далай лам хараахан Түвдийн төрийн ордон, Поталад залраагүй байсан. Ингэж үзвэл Эрдэнэзуу яалт ч үгүй шарын ёсны маш чухал хийд мөнөөсөө мөн атал энд Гомбогүр бурхан эртний хаад ба саж ёсны сүр хүчин болж зэрэгцсээр ажгуу. Энэ бас гайхалтай юм шүү!
Би бол аливааг бичихдээ бурхныг бус Монголоо гол болгож бичдэг хүн шүү! Түүнээс улаан харж урваж, шарыг харж шарвадаггүй!
Гэхдээ Гомбогүр бурхан “нөлөөтэй” хэвээр байсан. Богд хаан “Би 75 махгалдаа даатгаж, нэгэнт тусгаарлахаар шийдэв” гэж Хүрээ хамбо, Шанзав хоёрт хэлсэн байдаг. Гомбогүр бол Махгал юм. Түүний өмнө XIII Далай лам Хүрээнд ирж, нууцаар уулзсан байдаг. Үүнээс өмнө бүр 1653 оны эхээр Өндөр гэгээн Занабазар говийг туулж, Өвөр Монголын хаа нэгэнтээ Чин улсын Эеэр засагч хаантай уулзаад буцаж явсан V Далай ламтай уулзсан гэдэг. Тэгээд хамтдаа Эрдэнэ Зууд иржээ. Тэр цагаас өөр хийдүүд баригдаж эхэлсэн. Далай лам “улааных байна” гээгүй байгаа?
Харин Өндөр гэгээн Эрдэнэзууг сүрхий өргөжүүлсэн эсэх нь их тод биш. Харин Шанхын баруун Хүрээг түүний 13-тай үндэслэсэн байдаг. Ар Халхын долоон том хийдийн нэг хэмээн алдаршиж байжээ.
Зүүн хүрээ нь Эрдэнэзуу. Өдгөө “Шанх” хэмээх сумын нэр “Шанхат шар азарга” хэмээх уулын нэр болохыг анзаараа л байлгүй.
Энэ хүрээнд Өндөр гэгээний урласан Майдар бурхан бий агаад жил бүр түүнийг эргэдэг. Бас нэг нандин шүтээн бол бидний мөрдөн буй домогт өгүүлдэг, дотроос нь Гомбогүр бурхан гарч ирсэн Очирваань бурхныг энд тахисан байдаг. Ингээд домог амилав.
Хоёр тохой хэр өндөр бурхан байна. Жинхэнэ очирваань бурхан 1990 оныг хүртэл байгаад цаг зөөлөрч, шашин дахин дэлгэрэхэд нэг хувилсанд эхнийхийг хулгайлчихжээ. Дахиж хувилаад хоёр дахийг нь ч хулгайлчихжээ. Одоо Шанхын хийдийн цогчинд тахиастай энэ бурхан бол гурав дахь “дүр” нь юм. Хувилах бүрт хулгай авдаг нь л сонин.
Ёс горимоор тахисан бурхан тул хадаг өргөв. Машинд нэг сайн хадаг байжээ. Тэндээс гараад суварга үзэхээр очтол шинэхэн модон (цагаан зандан?) эрхи зам дээр байв, бурхан хайрлаа биз… Бясалгал нямбанд модон эрхи л хэрэглэдэг юм.
Бэрх цогчинд хураасан номноос адис авахад нь хэлэв, “Хүү минь адис авах яах вэ, бичиг үсэггүй хүний зан. Харин ямар ч номыг уншаад ойлгох нь чухал, тэгж байж номын тусыг бүрэн мэднэ!
Бас нууцыг тайлна…
2020 оны 08 дугаар сарын 24.
Saihan niitlel baina. Ih bayarlalaa. Mongol uls maani hugjin dewjih boltugai.
Сайн байна уу Ганаа ах
Надад нэг яагаад гэх асуулт үүсээд учир нь олдохгүй боллоо. Ерөөсөө энэ Баабарын Монгол түүх. Ядаргаатай байнга л зүхэгдэж, эсвэл магтагдаж байдаг эд. Монгол түүхэд бичигдсэн Цэдэнбал гэх хүний тухайд. Монголын 20-р зууны түүх яалтгүй энэ хүнийг дайрч гарна. Баабарын Цэдэнбалын талаар өгсөн дүгнэлтүүд
– Цэдэнбал бол НКВД-ын тагнуул Зөвлөлтүүд тэднийг бидэнд өгсөн, сүүлдээ буцаагаад авсан.
– Цэдэнбалын гар улаан цусанд лав дүрэгдсэн. 1937 оны аллагад, цааш харуулах хүмүүсийн нэрсийн тушаалд түүний гарын үсэг бий.
– Цэдэнбал бол өөрийн гэх бодолгүй, СССР-ийн удирлагын тэг гэснийг тэгдэг өчүүхэн аймхай хульчгар амьтан. Марксизм-Ленинзмыг бурханчилсан амьтан.
– Цэдэнбал монголын тусгаар тогтнолыг Оросд бэлэглэх гэж олон жил санаархаад чадаагүй.
– Цэдэнбал бол аймхай хульчгар, цэрэгт явж үзээгүй, дайн гэдгийг мэдэхгүй мөртөө цэргийн бүхий л цолыг өөртөө наасан амьтан
– Цэдэнбал орос авгайгаасаа их айдаг. Авгайг унтахыг хүлээж шөнө орой болтол гэртээ харихгүй ажил дээрээ суудаг байсан.
– Филатова Болгарт айлчилж явахдаа Монголчуудыг “түүхий мах иддэг” гэж сурталдаж явсан.
– Цэдэнбал маханд их дуртай. Мах идэхдээ хутга ер хэрэглэхгүй, гараараа барин шүдээрээ тасчиж иднэ. гэх мэт гэх мэт
Улс төрийн үйл хэрэг болоод, хувь хүний дотоод сэтгэлзүй, дадлын талаас маш муухай харагдахаар дүрийг бүтээжээ.
Та хэлэхдээ Баабар, Цэнддоо, Баярхүү мэтийн түүх сонирхогчид, түүхэн философийн огт ойлголтгүй гарууд гдг. Нөгөө талаас Баабар энэ бүтээлийнхээ талаар Монголд ганц ч болтугай шүүмж гарч байгаагүй, хараал зүхэл л их байдаг гэж “гоморхож” байсан. Та бас нэг удаа түүхийг бичих бол хэцүү ажил, Баабарынх шиг түүхийг хэд бол хэдээр нь бичиж болно гэж байсан. Одоо энэ ном 4 дэхээ хэвлэгдээд гарчээ. Түүхчид шүүмж бичих болов уу. Эсвэл тоож шүүмж бичихээр эд биш юм уу.