МАРТУУЛЖ БАЙГААД Л “ШИНЭ” БОЛГОЧИХДОГ ЮМ УУ…


Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн хоёр жил ганцхан л “том” зүйл ярьж байгаа бөгөөд энэ нь “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” юм. Бусад нь яахав дээ, уул овоо тахих, уул хадаар явах, хэний ч мэдэх авилгалыг багасгая, төрөө хүнд суртлаас салгая гэсэн жижүүрийн хэдэн үг л байгаа. Энэ нь гадна талаасаа буруугүй, яахлаараа Монголчууд алс хэтийг харсан төрийн бодлоготой байж болохгүй гэж ? Гэхдээ энд л хамаг учир байгаа юм даа.

Түрүүчийн Цогц бодлого

Ер нь бол ямар ч хүн нэг зорилгоо биелүүлчихээд, түүнийгээ дүгнээд дараагийнхаа зорилгыг тавьдаг. Энэ зүй тогтолд төр ч гэсэн хамаарна. Тэгэхлээр монголчууд бид чинь Цогц бодлоготой байсан юм аа. Олон хүн мартаж болох боловч судлаач хүн мартдаггүй гэж би мөн ч олон хэлсэн дээ. Иймээс мартчихсан юмыг чинь сануулах гэсэн юм.

1995 онд УИХ “Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал”-ийг анх удаа баталсан юм. Олон хүн, түүний дотор энэ Бодлогын эдийн засгийнхаас бусад хэсгийг боловсруулахад багагүй үүрэгтэй оролцсон би гэхэд л түүнд их найдаж байсан юмсан. Бас энэ нь ард түмэнд ихээхэн итгэл найдвар төрүүлсэн юм. Төр засаг нь алс хэтийг харж чадаж байна, одоо байгаа бэрхшээл түр зуурын юм байна, ардчилал, зах зээлээ хөгжүүлээд энэ бодлогоо дагаад яваад байхад үнэхээр сайхан болно гэж бодсон хэрэг байх л даа.

Ард түмэн ганц л юманд алджээ, яагаад гэвэл “Цогц бодлого”-ыг ард түмэн биш, төр засаг нь биелүүлж, үе үе явц байдлыг нь олон түмэндээ хэлж, дүгнэж авч явдаг гэдгийг. Мэдэх ч боломж, нөхцөл, туршлага байгаагүй байх. Харин түүнийг биелүүлэх учиртай төр нь үүнийгээ мартчихжээ. Одоо энэхүү монгол төрийн мартчихсан, биелүүлээгүй, дүгнээгүй Цогц бодлогоос авч үзье. Энэхүү анхын Цогц Бодлогод цагаан дээр хараар ингэж бичиж байсан юм.

Үндэсний хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх хөгжлийн шинэ зурвас үе нь 2010 хүртэлх хугацаанд үргэлжлэх өөр хоорондоо нягт уялдаа, холбоо бүхий тавих зорилт, хэрэгжүүлэх арга замын хувьд бие биеээсээ ялгарах онцлогтой 3 үе шатад хуваагдана гэж үзэж байна.

Нэгдүгээр үе шатыг эдийн засгийн уналт, зогсолтын дараах сэргэлт, цаашдын өсөлтийн суурийг тавих үе гэж үзэж байгаа бөгөөд энэ нь 2000 он хүртэлх хугацааг хамаарна.

Хоёрдугаар үе шатанд 2000-2010 хүртэлх хугацаанд эдийн засгийг сэргээн, тогтвортой өсөлтийг хангах, өөрийгөө тэтгэдэг эдийн засаг бий болгох үндэс суурийг тавих зорилтыг хэрэгжүүлэх болно.

Гуравдугаар шат нь 2010 оноос эхлэх бөгөөд экспортод баримжаалсан оновчтой бүтэц бүхий, дэлхийн тэргүүний болон үндэсний дэвшилтэт технологид суурилсан, экологид зохицсон, эрчимтэй өсөлт бүхий эдийн засгийн цогцолбор бүрдүүлж, Азид, энэ түрүүнд Зүүн хойт Азид өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн орон болох зорилтыг хангана.

Одоо бид өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай болсон уу, эрчимтэй өсөлт бүхий эдийн засгийн цогцолбор бүрдүүлсэн үү, Азид байр сууриа баттай эзэлсэн үү гэж төрөөсөө асуух эрхтэй. Хэрэв би эндүүрээгүй бол бид чинь Азид сүүлээсээ л эхний байранд явж байгаа. Иймээс бодлогоо хэрэгжүүлж чадаагүй арчаагүй төрийг халан солих ёстой болно доо.

Үр дүн

Үр дүн нь мэдээжийн хэрэг хэн бүхэнд ойлгомжтой боловч зарим нэг тоо баримт хэлье. 2008 оны 4 дүгээр сард эрхэм Ерөнхийлөгч Н.Энхбаяр дараах тоо баримтыг УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлжээ.

· Фрейзерийн институтын судалгаанаас манай улс эрдэс баялгийн нөөц боломжоороо.. эхний аравт багтаж байгаа ч… бодлогын чадамжийн индексээрээ сүүлээсээ наймдугаарт орж байна. 2006 онд 64 улсаас эхнээсээ гуравт байсан бол одоо 68 улсаас 56 дугаарт орж,… хол ухарчээ.

· Олон улсын “Трансперенси интернэшнл”-ийн судалгаагаар авилгалын нөхцөл байдлын индексээр авч буй оноо буурсаар 2007 оны байдлаар 99 дүгээр байр руу ухарчээ.

· АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн тайланд “Бараг бүх шатанд ашиг сонирхлын зөрчилдөөн тодорхой салбар болон системийг бүхэлд нь хамарсан шинжтэй болсноор улсын болон хувийн хэвшлийн хоорондох зааг хязгаар нэлээд бүдгэрсэн” гэсэн байна.

Овоо л доо, манай Ерөнхийлөгч дүгнэж байна гээч. Үүний дээр олон улсын болон манай судалгааны “хүн ичиж үхмээр” олон тоо баримтыг нэмж хэлж болох боловч ажлаа сөнөөчихсөн хүн өөрөө дүгнэж байгаа нь их “сонин” юм. Дүгнэлт нь ердөө л Монгол Улсыг нураагаад хаячихаж.

Өөрөөр хэлбэл эхний “Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” бүрэн хэмжээгээр сүйрснийг мэргэжлийн хүн байтугай монголын нийт иргэд амьдрал, яс махан дээрээ амсаж байгаа нь мэдээжийн хэрэг. Энэ бол манай төр шиг юмны, бас түүнийг удирдаж байгаа хүмүүсийн байж байгаа царай л даа.

Монгол баяныг одоо л мэдэж гэнэ

Эрх баригчид Монгол орон их ядуу байгаад харин сүүлийн жилүүдэд л бидний “мэргэн” удирдлагаар хайгуул хийж баян болсон гэж суртал нэвтрүүлэг хийдэг. Энэ бол дүүрчихсэн луйвраа халхавчлах заль төдий адгийн арга юм.

Лавтайяа 1995 онд Монгол орон “нүүрсний геологийн нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд ордог” гэдгийг монголын төр мэдэхийн дээдээр мэдэж “Цогц бодлого”-доо оруулсан юм. Эндээс би ганцхан жишээ авъя.

Оросууд Таван толгойн нүүрсний томоохон орд газрыг нээж, тэнд уурхай байгуулах техник-эдийн засгийн үндэслэлийг аль дивангалавт гаргачихсан байсан юм. Дурдан буй “Цогц Бодлого”-ын хавсралтад:

“Таван толгойн орд газрыг түшиглүүлэн байгуулах уурхайн хүч чадлыг 2005 оноос дараах 3 үе шаттайгаар эзэмших юм. Эхний ээлжинд 3 сая тонн коксжих нүүрс, 0,6 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох, үүний дотор 0,5 – 1,0 сая тонн нүүрс олборлох хүч чадлыг 2007 онд ашиглалтад оруулах, хоёр дахь ээлж 3,4 сая тонн нүүрс олборлох хүч чадлыг баяжуулах фабрикийн хамт 2008 оноос барьж ашиглалтад оруулснаар уурхайн нийт хүч чадал 7 сая тоннд хүрч, үүнээс 4,6 сая тонн коксжих нүүрсний баяжмал гаргах юм. Цаашид III ээлжинд 20 сая тонн нүүрс олборлох хүч чадалд хүргэнэ гэхэд баримжаа тооцоогоор нийт 1-1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай боловч хамтарч хөрөнгө оруулах сонирхолтой 2-оос доошгүй орон оролцоно гэж үзээд Монголын талын гаргах хөрөнгийг 120 тэрбум төгрөг буюу 300 сая орчим доллар болох юм гэж үзэв. Тавантолгойн ордыг эзэмшсэнээр кокс-химийн үйлдвэр хөгжихөд түлхэж болно гэж үзэж байна”.

Тухайн үед эдгээр тоо баримт улсын нууцын зэрэглэлд байсан болохоор нь би өнөөг хүртэл ярьж байгаагүй юм аа. Одоо бол захын дураак мэддэг, хэнд ч нууц байхаа больсон, бас эрх баригчид би л Таван Толгойг “нээсэн”, “хамгаалсан”, “хөрөнгөө оруулсан” нэрээр дээрэм хийж байгаа учраас би  анхны сануулга өгч байна.

Таван Толгойг тойрсон хэрүүл маргааныг хүн болгон мэдэх учраас энд нэмж ярих шаардлага байхгүй. Цаашдаа ч үргэлжилнэ биз…

Лав л “Цогц Бодлого”-д “Мянганы зам” байгаагүй, харин улс орны бүс нутгуудыг ухаалаг холбосон аятайхан сүлжээ байсан юм. Энэ “Мянганы зам” чинь Н.Энхбаярын үед л хоёр шулууны огтлолцол болон хувирч, зөвхөн түүний улс төрийн реклам л болж хувирсан юмдаг.

Энэ нь манай эрх баригчид баталсан хөтөлбөрөө хэрхэн мартдаг, тэгээд гэв гэнэт шал өөр солиотой төлөвлөгөө гаргадаг, улмаар бүх юмыг сүйтгэдэг гэдгийг л харуулж байгаа бус уу ?!

“Ногоон хувьсгал”, “Цагаан хувьсгал”, “Мянганы зам”, “Бүсчилсэн хөгжил”, “Хар Хориныг жишиг хот болгох”, “Ногоон хэрэм” гээд дурдаад байвал тэдний хачин солиотой төлөвлөгөө уртын урт жагсаалт болох бөгөөд эдгээрээс “Цогц Бодлого”-той нийцсэн юм ганц ч байхгүй бөгөөд бас биелсэн юм ганц ч байхгүй бөлгөө.

Биелүүлэхгүй юм бол бодлого боловсруулж үхснээ хийнэ…

“Шинэ Цогц Бодлого”

Н.Энхбаяр энэхүү “Шинэ Цогц бодлого”-оор лав л гурван жил улс төрийн реклам хийж байна. Тэр ч байтугай үүнийг нь Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт заавал оруулж, урт удаан хугацаанд баримтлах ёстой юм гэнээ.

Одоо тэр “Шинэ Цогц Бодлого”-оо оюутнуудад ингэж тайлбарлаж байна:

“Үндэсний хөгжлийн цогц бодлого хоёр үе шаттай хэрэгжинэ. 2015 он гэхэд эхний үе шат дуусна. 2021 он гэхэд Монгол орон ямар орон болох вэ ? Мянганы хөгжлийн зорилтууд бүгдээрээ биелэнэ. Өөрөөр хэлбэл ядуурал хоёр дахин буурна, эхийн эндэгдэл гуравны хоёроор буурна, нярайн эндэгдэл буурна гэх зэргээр…2015 онд бүрэн хэрэгжинэ. Эдийн засаг жилд дунджаар 14-өөс доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 5000-аас доошгүй ам.долларт хүрнэ. Өнөөдөр 1500 байгаа шүү дээ. Жилд 1 сая жуулчин хүлээж авдаг болно…Авто замын урт 8000 км болно. (Энд нөгөө сүрхий мянганы зам нь алга болчихож байна –Д.Г.)

…2016 – 2021 онуудад…эдийн засаг дунджаар 12-оос доошгүй хувиар өснө. Нэг хүнд ногдох ДНБ 12.000 –аас доошгүй ам.доллар болно. Гэхдээ идэвхи санаачлагатай байвал 15.000 болно гэж бодож байгаа. Ер нь 15 бол билэг дэмбэрэлтэй тоо. 15-ны сар гэхээр монголчууд их билэгшээдэг…” (2008.03.04.)

За ингээд л нэг цогц бодлого боловсруулж нурааж, сөнөөж хаячихаад л дараагийн цогц бодлого гэсэн үлгэр ярьдаг, тэрэнд бид баярлаад л байх ёстой болж байна даа.

Цогц бодлогын шинжлэх ухааны үндэслэлийн талаар би л гэхэд 4-5 өгүүлэл бичсэн санагдана. Олон хүн намайг “онолдлоо” гэж санасан байх, уг нь энд чинь ямар ч онол байхгүй юм шүү дээ.

“Хүн гэдэг бол оюун санаа, сэтгэл хөдлөлийн тогтолцоо” гэсэн дэлхийн оюун сэтгэлгээний 3000 орчим жилийн түүхэнд огт байгаагүй “шинэ” тодорхойлолт хийчихээд монголчуудыг бие махбодьгүй болгочихсон энэ “Цогц бодлого”-оо Монгол Улс, монголчуудад тулган хүлээлгэх нь ердөө л хууран мэхлэлт мөн. Мартуулж байгаад “шинэ” болгочихдог юм уу ?

Олон жил системтэй тарааж, зарим нь бүр үнэмшчихээд байгаа “судлаач Д.Ганхуяг надад хувийн өш хонзонтой” гэсэн мессежээр Монгол Улсыг хямрал, задралд оруулсан эзнийхээ нүглийг халхалчихна гэж мангуу пиарчид нь бодоод байх шиг. Сонгууль ойртсонтой холбоотойгоор над руу  хийх дайралт  болгоныг чинь хэд дахин нугалж хариулна гэдгээ ёстой эр хүн шиг амалж байна.

Нүүрэн дээрээ “Эвтэй байхдаа хүчтэй” гэчихээд эвийг нь эвдэж ахин Ерөнхийлөгч болох гэж “хуйхаа маажиж” байгааг чинь ямар мэдэхгүй биш…

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 11 дүгээр сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: