УЛС ТӨРИЙН МУХАРДАЛ

Эрх мэдлийн төлөө хэтэрхий шунасан эрх баригчдын хийсэн сонгуулийн будлиан Монголын улс төрийн хямралыг мухардалд оруулав. Энэ сонгууль намууд биш, намын өмнөөс нэр дэвшсэн бие даасан хүмүүсийн зодоон боллоо. Юун нам мам мантай, ёстой нэг бантан хутгав. Ер нь улс төрийн хямралын улмаас МАХН, АН хоёрын чадавхи эрс буурч, нэгдсэн удирдлага, жолоодлогоор нэр дэвшигчдээ ч хянаж чадахаа байжээ.

Дээрээ сурсан ёсоороо хуйвалдахын оролдовч нэр дэвшигчид нь нам дотроо болон нам хооронд байлдсаар байгаад системийн хямралыг сүйрэлд оруулав. Одоо бол улс төрийн энэхүү бурангуй системийг орвонгоор нь өөрчлөхөөс нааш энэ байдлаас гарах онолын болон практикийн боломж байхгүй юм.

Ер нь бол нийгэм маань нам, төрийн мулгуу удирдлагын улмаас аль эртнээс эхлэн гаж байдалд орсон бөгөөд үүнийг онолын хэллэгт аноми байдал гэж нэрлэдэг. 7 дугаар сарын 1-ний үйл явдал нь манай нийгэм хэр зэрэг гэмт хэрэгжсэн гэдгийг яруу тодорхой харуулав. Ингээд энэ явдалд оролцогчдын талаар дүгнэлтээ хэлье.

МАХН. Энэ нам бол үнэн хэрэг дээрээ Н.Энхбаярын шинэчилж байгуулсан нам бөгөөд С.Баярын нам биш юм. МАХН-аас нэр дэвшигчид нь голдуу хуучин бүлэглэлүүдийн хүмүүс бөгөөд эл байдлыг С.Баяр өөрчлөх гэсэн боловч сонгуулийн өмнө нам дотор задрал үүсгэхээс болгоомжлон бүрэлдэхүүнийг нь бүрэн эвдэлж амжаагүй юм. Энэ нь С.Баярыг хоёрдмол байдалд гарцаагүй оруулсан юм. Нэг талаас тэр албан ёсоор намын дарга гарцаагүй мөн. Тэхээр тэр энэ сонгуульд Н.Энхбаярын эдэлж эдэлж авах юмгүй болгочихсон намаа сойж түрүүлүүлэх ёстой. Ямар миний нам биш гэлтэй нь биш. Нөгөө талаас МАХН-ын хуучин бүлэглэлийнхнийг сонгуулийн явцад шахан зайлуулах аргыг сайн менежерийн хувьд тэр хийсэн байхыг үгүйсгэж болохгүй байх. Ямар ч намд, ямар ч төрд хэрэг байхгүй новшийн юмнуудаар үхснээ хийх гэж. Аль ч тохиолдолд С.Баяр туйлын хүнд нөхцөл байдалд байсан бөгөөд мэдээж үхэж буй систем түүний удирдлагад бүрэн захирагдсан нь юу л бол ? Нэгэнт удирдлагагүй тохиолдолд нөгөө бие даасан нэр дэвшигчид нь сонгуулийн хэсэг болгон дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн нь мэдээжийн хэрэг. Энэ нь нэг их нууц зүйл биш бөгөөд тун удахгүй илэрч булайгаа харуулна биз.

АН. Энэ нам хэдийгээр тун өөдгүй боловч МАХН –д хяналт тавьж чадах цорын ганц хүчин мөнөөс мөн байлаа. Харамсалтай нь дандаа л М.Энхсайханы ялалтын бялууг булааж идсээр байгаад энэ нам Ц.Элбэгдоржийн үед ямар ч менежмент хийж чадахгүй, хоосон ам болсноо үүгээр нотлов. Хоосон ам ч юу байхав, УИХ-ын 62 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Элбэгдорж намаа шууд худалдаж байсныг олон хүн санаж байгаа байх. Нэг талаас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрмөөр байдаг, нөгөө талаас баахан мөнгөө цацаж, сонгуульд унагасан хүмүүсийнхээ шахалтанд орж яахаа мэдэхээ байчихсан учраас тэр жүжиг тоглохоор шийдэв. Аливаа зарчимгүй, ёс суртахуунгүй явдал ямагт мухардалд хүргэдэг жамтай.

Иргэний Эвсэл

“Иргэний Эвсэл” МНН, ИХН, МСДН-аас бүрдэж байгаа. Мэдээж нэг сар гаруйн өмнө байгуулагдсан, харьцангуй хүч султай боловч нэлээд амжилт үзүүлэх боломж байсан. Ямар ч гэсэн сонгууль дөнгөж эхэлж байсан үед явуулсан маш өндөр нарийвчлал бүхий судалгаагаар Д.Энхбат 3-т гарч ирэх дүн гарч байсан. Луйвар хийвэл Д.Энхбат 5-т орно гэсэн прогноз бид хийж байсан. Иймээс түүнийг хойшоо шидүүлэхгүйн тулд сурталчилгааны олон хувилбарт төлөвлөгөө боловсруулсан. Зориуд нэг зүйлийг онцолж хэлэхэд бид хар пиар хэрэглээгүй. Яагаад гэвэл цэвэр юмыг бохироор эхэлж болдоггүй юм. Мөн “Эвсэл” суурь фоноо зөв хийж чадвал Б.Батзандан, О.Магнай, Г.Уянга нар суудал авах боломж байсан. Үнэнийг хэлэхэд бид боломжоо ашиглаж чадаагүй. МАХН, АН хоёрын улайрсан луйвраас болж “Эвсэл” ганц суудал авсан боловч энэ бол чамлахаар амжилт биш юм.

Ямар ч гэсэн “Иргэний Эвсэл” эрх баригчдыг айлгаж чадаж байна. Ийм ч учраас шинээр төрж буй “Иргэний Эвсэл”-ийн эсрэг эрх баригчид шууд дайралтаа эхэлж байна. Монголын бүх мафи, гэмт хэрэгтний толгойлогч нь Б.Батзандан, О.Магнай, Д.Энхбат нар мэтээр харуулахыг илт оролдож байна. Цагдаагийн удирдлагын боловсрол гээч юм үнэхээр найгүй болсныг эндээс бэлхнээ харж болно. Иймээс цагдааг зэвсэг хэрэглэлээр хангах нь аюултайгаар барахгүй, харин удирдагчдынх нь толгойноос эхлэн цэнэглэх цаг болсон гэж би үзэж байна.

Үйл явдлын өрнөлийг ажихад

Сонгуулийн дүн илт луйвар болоход бухимдсан залуусыг өдөөн турхирах бодит хүч байсан. Тэдний болчимгүй үйлдэл хийснийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэд гэмт хэрэгтнүүд биш гэдэгт би итгэлтэй байна. Талбайгаар дүүрэн энгийн хувцастай цагдаагийнхан байсан. Яагаад өдрийн 15 цагаас оройн 11 болтол Монголын цагдаа арга хэмжээ аваагүй юм бэ ? Мундирынхаа нэр төрийг хайрладаг, шударга хүмүүс тэдний дунд олон байх. Цагдаагийн найз нарын минь үзэж байгаагаар ганц дүүргийн цагдаа ирэхэд л үймээнийг эхэн үед нь тараах боломж бүрэн байсан. Иргэний хөдөлгөөний тэмцлийн ид үед Г.Баасангийн ганц гэрийг нураах гэж хоёр, гурван мянгаараа ирдэг, тракторчдын жагсаалыг нам дарах туршлагатай цагдаа нарт хэн, яагаад тушаал өгөөгүй юм ? Ядахдаа тэдэнд бороохой өгч болсонгүй юу ?

Болсон үйл явдлыг дараах байдлаар ангилж болох юм.

· Сонгуулийн булхайд дургүйцэж урсгал байдлаар үүссэн эсэргүүцлийн жагсаал. Энэ болон зэрэгцээ жагсаал дээр хэрэв би эндүүрээгүй бол Д.Энхбат, Б.Жаргалсайхан, С.Оюун, Ц.Элбэгдорж нар очиж үг хэлсэн. Гэтэл цагдаагийнхан энэ жагсаалыг ганц “Иргэний Эвсэл” –ийг зохион байгуулсан гэж мэдэгдэж байгаа нь дэндүү хариуцлагагүй явдал болж байна.

· Эртнээс бэлтгэж, сайтар бэлтгэсэн бусад олон нам, МоАХ зэрэг янз бүрийн хөдөлгөөнийхөн, түүнчлэн гэмт этгээдүүд хажуугаас нь оролцож илт замбараагүй байдал эхэлсэн. Энэ үед энгийн хувцастай олон цагдаа байсан, бас цагдаагийн оператарууд телевизийнхнээс илүү олон байсан. Аль ч улсын цагдаа гэмт үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл монголын цагдаа баримтжуулах гэдэг ганцхан ажилтай болчихсон юм байна. Хэрэв ийм болох ахул мэдээллийн терроризм, хүч хэрэглэдэг шинжээр нь МҮОНРТ –ийг цагдаа болгож, гэмт үйлдлийг баримтжуулдаг ганц ажилтай цагдааг телевизийнхэн болгож байрыг нь солих хэрэгтэй. Цагдаагийнхан зургийн монтаж хийхдээ телевизийнхнээс илүү сайн, улс төрийн дүгнэлт хийхдээ мэргэжлийн болчихсон учраас би ингэж хэлж байна.

· Олон түмэн (масс) сэтгэл зүйн болон үйлдлийн хувьд дарвисан түмэн (толпа) болон хувирч нийтийн эмх замбараагүй байдал үүсч, эвдэн сүйтгэлт эхэлсэн. Энд Улаанбаатарын бараг бүх хулгайч нар цугласан байсан. Хэзээ хойно цагдаад тушаал ирмэгц бараг цаг хүрэхгүй хугацаанд тэд үймээнийг дарж чадлаа. Хэрэв тушаал өгвөл манай жагсаалын цагдаа гүйцэтгэх өндөр чадвартайгаа харууллаа. Ийм цагдаагаар би бахархаж байна. Энэ үг бол мундирынхаа нэр төрийг алдаж, улс төрд илт оролцохыг санаархах болсон өндөр тушаалын зарим офицерүүдэд огт хамаагүй юм. Ийм өндөр чадвартай цагдаад яагаад тушаал өгөлгүй өдөржингөө болсон бэ гэдэг асуултын хариу удахгүй тайлагдана биз ээ. Ядахдаа гараар шидсэн чулуунд хага үсэрдэг бамбай, дуулгыг хэн хаанаас цагдаад шахсан бэ гэдгийг хүртэл шалгах нь зүйд нийцнэ.

Одоо Монголд улс төрийн хямрал мухардлын байдалд орлоо. Бид Монголын нийгэм хэр зэрэг гэмт хэрэгжсэнийг нүдээрээ харлаа. Энэ бол арчаагүй төрийн үйл ажиллагааны бодит үр дүн мөн.

Онц байдлыг эцэс төгсгөлгүй үргэжлүүлээд байж болохгүй нь мэдээж. Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнг ичсэн ч, ичээгүй ч мэдээлж таарна. Тэгээд л нөгөө сонгуулийн будлиан эхэлнэ дээ. За тэгээд энэ УИХ –ын бүрэн эрхийг нүдээ аниад хүлээн зөвшөөрлөө гэж үзье. Ингэлээ гээд улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэдэг нь үлэмж эргэлзээтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ дээ, хүмүүс ээ. Ингээд “урт шар дээлтэй хүний учруулж болох аюулаас сэрэмжлэгтүн” гэсэн өмнөх Ерөнхийлөгч Н.Баганбандийн үгээр энэ өгүүллээ дуусгая даа.

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 7 дугаар сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to УЛС ТӨРИЙН МУХАРДАЛ

  1. bi says:

    gaihaltai

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: