СОЛИОРОЛ

Сонгуулийн солиорол Монгол орныг хамраад байна. Аль ч улсад сонгууль нь жилээс жилд улам боловсронгуй болдог атал манайд улам дордсоор одоо аль хорон муугийн есөн шинж нь жинхнээсээ бүрдэж.

Олон нийттэй холбох гэсэн утгатай ПИАР хэмээх үгийг манайд бол ямар ч тэнэг амьтныг цэцэн мэргэн, гоо сайхны туйл болгон харуулж олон түмнийг хуурахыг ойлгодог болжээ.

Аливаа юманд агуулга гэж баймаар. Манайд бол алив чиний пиарыг хийгээд өгье гэж захын дураак хэлдэг болж байна. Энэ талаар өгүүлсү.

Нэг хүчтэйг дагасан олон сул

Манайхан зарим үндэслэлийг шууд л толгойноосоо гаргаад ирэх нь энүүхэнд. Үүний тод жишээ нь сонгуулийн хууль хэлэлцэж тойргоо томсгож бантан хутгаж байхдаа хэн нэгний хэлсэн том тойрогт бол нэг хүчтэйгээ дагасан олон сул хүн байвал ашигтай гэдэг солиотой үгийг ам дамжуулан авсаар байтал энэ тэнэг юм нь нэг сайхан нартай өдөр бараг улс төрч болгоны зарчим, үйлдэл болон хувирав. Ингээд өөрийгөө ТОМ гэж бодсон улс төрч болгон өөрөөсөө СУЛ улстөрчийн эрэлд хатах болов.

Монголд СУЛ улс төрч гэж байдаггүй юм. Энэ нь хоёр шаттай. Нэр дэвших хүртлээ СУЛ байна, нэр дэвшсэн хойноо бол шууд л ТОМ болно. Энэ хөгийн зарчим нь эргээд лай болно гэж огт зүүдлээгүй байсан хүмүүс олон нам, эвсэл, бие даагчид гараад ирэхлээр, өөрөөр хэлбэл олон нийтийн санал бодлын савалгаа гараад ирэхлээр хэн нь том, хэн нь сулаа мэдэхээ байчихав.

Одоо нэгэнт бүгдээрээ ТОМ болсон учир нэг нэгнээ сул болгох гэж нам дотроо гэдсэндээ хөлөө жийлцэх болж байна. Монголын аль ч намд СУЛ хүн байхгүй учир сонгуулийн өмнөх сонгууль намууд дотор болж Гурвуулаа, Дөрвүүлээ тэврэлдэн зургаа авахуулан гудамж дүүртэл өлгөсөн улсууд одоо дайсан болсон нь нэгэнт тодорхой байна.

Нөгөө нам мам ч яамай л хэвтэнэ, би гарч байвал намын, багийн хэрэг юу байна. Одоохондоо арай телевизээр хэрэлдээгүй боловч ёстой нэг алалцаж байна. Нөгөө намынхантайгаа уулзаад л, өөрийнхөө хүнийг хорлоод л…

Эрхбиш олон жилийн туршид бие биенээ хорлоод сурчихсан улс тул нэг нэгнийхээ хоронд хордож үхэхгүй ёстой нэг лайтай юм болж байна. Хоёр нам нэг болсон нь үүгээр баттай нотлогдож байна. Сонгуулийн дараа энэ талаар дэлгэрэнгүй ярих цаг ирэх биз.

Эдийн засгийн “шинэ” салбар

Манай сонгууль эдийн засгийн салбар болоод удаж байгаа юм аа. Зарим хүн сонгууль болоход намын гишүүд, дэмжигчид нь ажилладаг гэж бодож байвал том эндүүрэл болно. Нэр дэвшигчийн штабт хамаатан садан , нэг ангийнхан, бас зүгээр л хөлсний ажилчид голдуу ажилладаг юм. Хөлсний ажилчид гэдэг нь мэргэжлийн телевиз, радиогийнхан, судлаачид, сэтгүүлч, сурвалжлагч, компьютер дизайнер, фото зурагчин, үсчин, гоо сайханчаас авахуулаад хэвлэмэл материал тараах, уулзалт зохион байгуулах төрөл бүрийн мэргэжлийнхэн багтана. Хамгийн их өргөн ашигладаг нийгмийн бүлэг бол оюутнууд болно. Сонгуулийн үеэр оюутан шиг үнэтэй юм байхгүй.

Энд манай сонгуулийн бас том зовлон үүснэ дээ. Нэг нам буюу хүнтэй үнэ хөлсөө тохироод тодорхой хугацаагаар ажиллаж мэдээж болно. Хаана ч ийм байдаг байх. Гэтэл манайхан болохоор хэд хэдэн талд ажиллаж нэгнээс нь авсан мэдээллээ цааш нь хэд хэд худалдаж идэх нь энүүхэнд. Эндээс эхлээд тагнуул, сөрөг тагнуул маягийн байгууллага байгуулах зүй ёсны шаардлага үүснэ. Энийгээ ч яахав давхар хяналт гэж нэрлэдэг боловч үнэн хэрэг дээрээ тагнуулын байгууллага юм л даа. Ийнхүү Монгол Улс сонгуулийн тагнуулаар дүүрчихдэг юм л даа.

“Иргэний Эвсэл” сэтгүүл, сонин хоёр гаргаад хэдэн хүн хөлслөн тэрийгээ тараалгасан юм. Гэтэл МАХН, АН хоёрынхонд тэрийг нь бөөнөөр нь аваачаад өгчихсөн явдал лав л хэд хэд гарсан гэж Та бодоод үз дээ.

Тэгсэн мөртлөө радио, телевизээр шударга, ил тод сонгууль явуулна гэж ярих үнэхээр инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй. Ингэж олсон мөнгө сайндаа л нэг удаагийн хоол болохоос биш, амьдралын баталгаа болох нь юу л бол…

Лав л миний мэдэж байгаагаар хэдхэн хоноод л баригдах учраас монголд худлаа хэлж болдоггүй юмдаг. Бараг бүгдээрээ худалч болчихсон болохоор бүгдээрээ адилхан юм чинь гэж боддог бололтой. Хүн чанараа алдаж новширч байхын оронд зүгээр л тохиролцсон хүндээ үйлчлээд ажиллаад байж болдоггүй юм уу гэж заримдаа орилмоор байдаг юм…

Пиарчид

Одоо Монголоор дүүрэн пиарчид байна. Яаж өрсөлдөгчөө хорлохов гэхээс өөрийг мэдэхээ байчихсан баагийнууд л голдуу байх. Пиар гэдэг бол нэн тодорхой агуулгатай, ёс зүйн ягшсан хэм хэмжээтэй шинжлэх ухаан, урлагийн нэгдэл байх. Манайхан зах зухаас нь уншчихжээ.

Тэгээд улс төрийн үзэл санаагаа хэрхэн илэрхийлэх, харуулахав гэдгээ илүүтэй анхаарах ёстой атал зургаа яаж авахуулахав, хувцсаа хэрхэн тохируулахав, хэрхэн гоё худлаа ярихав зэрэг рүү давхиад орчихлоор өнөө пиар нь утгаа алдах нь зүйн хэрэг. Ингээд агуулга нь байхгүй болчихож байгаа юм л даа. Одоо Монгол орон агуулгагүй самбар, рекламаар пиг дүүрээд байна. Энэ нь аливаа эрүүл ухааны хэм хэмжээнээс хэтэрч байна.

Яажийсан өвгөчүүд нь үрчлээгээ арилгаад, махлаг хүүхнүүд нь жигтэйхэн тураад л, үг ч байхгүй маанаг юмнууд нь гэнэт мэргэн цэцэн болоод л Монголчууд бүгдээрээ жигтэйхэн хөөрхөн, сайхан, ухаантай, дур булаам болчихоод наана чинь, сүйд болж байна.

Одоо манайд хувь хүмүүсийн байтугай, намуудын улс төрийн үзэл санаа гэж юм оргүй болоод байна. Харин “Иргэний Эвсэл” онолддог, цагаан гартангаа дуудуудан шоолуулан байж олон жил нухсны эцэст нэлээд чамбай мөрийн хөтөлбөртэй болсон гэдгийг би мэргэжлийн хүний хувьд нотолж чадах юм.

Тэгсэн чинь юу вэ ? хүн толгойтой болгон нь тэрнээс нь хуулаад жаахан жаахан өөрчлөөд чалчаад явдаг болчихдог юм байна.

Үзэл санаа олон түмнийг эзэмдээд ирэхлээрээ сая материаллаг хүч болдог гэдэг талаасаа бол энэ нь сайн хэрэг. Яагаад гэвэл тархи толгой нь огт ажиллахаа байчихсан юмнууд зөв үзэл санааг тарааж байвал сайн л биз. Бүгдээрээ нэг үзэл санаатай болчихвол тэр үзэл санаа мөхдөг гэсэн талаасаа бол энэ нь маш муу хэрэг. Яагаад гэвэл адгийн новшнууд тэрхүү үзэл санааны зохиогч, автор болчихоод эрх мэдэлд хүрвэл түүнээс илүү аймшигтай юм гэж байхгүй. Одоо ч ингэх гээд байна л даа.

Туршлага хийгээд сургамж

Нэг хүн нүхэнд уначихвал аль ч үндэстний хүн тэр нүхэнд унахгүй тойроод явна. Энэ нь унасан хүнд туршлага, харсан хүнд сургамж болох биз. Манай монголчууд болохоор заавал тэр нүхэнд өөрийн махан бодоор унаж, заавал хүзүүгээ булгалж байж хашрах янзтай улс юм. Уг нь үүнийг шинжлэх ухаанд үндэстний ой санамж гэдэг юм.

Аль 1908 онд Хятадын Гирин мужийн бүгдийг захирагч сайдын тушаалаар “Монгол үгийн бодрол” хэмээх сонин хэдэн жил гарч байсан бөгөөд тэр сонинд: “Монголчуудын мэдэх ухаан бас бүрэнгүй” гэж бичиж байсныг уншаад залуудаа маш их уур хүрдэг байж билээ. Одоо бодоод байхад энэ нь үнэний ортой юм байна.

Бараг л төрсөн цагаасаа авахуулаад дандаа сонгуульд ороод байсан юм шиг ойворгон залуучууд олон байна. Бас би л ганцаараа туршлагатай, бүхнийг мэднэ гэсэн дүүрчихсэн өвгөчүүл бас байна. Энэ хоёрын дундуур явахыг л нийгмийн ой санамж гээд байгаа ухаантай юм л даа. Манайд тэр нь огт алга. Алга ч юу байхав, алга болгочихож.

Энэ сонгуулийн хувилбарууд

Энэ сонгууль хэд хэдэн хувилбараар өрнөж болох юм.

МАХН ялжээ хувилбар.

Засгийн Газар бүрдүүлнэ гэж нэг лайтай юм болно. Ц.Мөнх-Оргил гэхэд л Ерөнхий сайд болно гээд одооноос итгэчихсэн байх жишээтэй. Ингээд л хуучин болон шинэчүүл, томчууд болон хот, дүүргийн дундчуудын хооронд жинхэнэ дайн болно. Тэрэнд нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр идэвхийлэн оролцоно. Энэ нь МАХН-ыг задлах хамгийн том аюул болно.

АН ялжээ хувилбар.

Засгийн Газар бүрдүүлэхэд АН-ын далд дарга Н.Энхбаяраас гадна МАХН-ын тодорхой бүлэглэлүүд идэвхитэй оролцоно. Төрийн албанд хайр найргүй их цэвэрлэгээ болно. Ийм том донсолгоог манай арчаагүй төр даах эсэхийг би л лав мэдэхгүй. Үйлдвэржилт биш, үйлс нь хазайх гээч нь гарцаагүй болно.

Хүч тэнцжээ хувилбар.

МАХН, АН хоёрын хүч ойролцоогоор тэнцвэл мөнөөх улигт ХААН сонголт болж, 2004 – 2008 оны эвсэл нэртэй цуврал хуйвалдаан гарцаагүй болно. Одоо болох хуйвалдаан нь өмнөхөөсөө долоон дор, олон бүлгийн хооронд явагдах учраас хэтэрхий заваан юм дахин давтагдана.

Холимог хувилбар. Хоёр намын хүч тэнцэж, дунд нь Иргэний эвсэл болон бие даагчдын бүлэг гарч ирэх хувилбар. Энэ бол Монголын улс төрд огт байгаагүй шинэ үзэгдэл болно. Мэдээж энэ бүлгийн санхүүгийн хүч одоохондоо сул байгаа учраас бүрэн ялна гэхэд эргэлзээтэй. Мөнөөх лайтай МАХН, АН хоёрын оролцоотойгоор олон муу муухай явдал болно. Гэхдээ л эд нар бүлэг болох хэмжээнд гарч ирвэл нэг их удахгүй хөгцөрч, ялзарсан хуучинсаг системийг эвдлэх бодит хүч болж чадна. Яагаад гэвэл эд цоо шинээр сэтгэж, ажиллаж чадна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа

Манайд олон хүн УИХ сонгууль болж байгаа гэж бодож байгаа боловч үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн сонгууль аль эрт эхэлснийг тун цөөн хүн анзаарч байгаа юм. УИХ-ын сонгууль дээрх хувилбаруудын алинаар нь ч өрнөлөө гэсэн эхлээд орон нутгийн, залгаад Ерөнхийлөгчийн сонгууль руу залган орох нь ямар ч гарцаагүй.

Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээр засаг төр шиг юмаа эмхлэх одоогоор хэн ч үл мэдэх заваан, онигоотой, хөгийн үйл явцын өрнөл нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ингээд яаж бантан хутгахыг нь харж л байя.

“Сонгуулийн дараа Та нар яахийм ?” гэсэн асуултаа би дахин асууж байна (ganaa.mn блог).

Нэгэнт задралд орсон систем өөр төлөв байдалд орж байж л сая тогтворждог зүй тогтолтой. Энэ бол Бурхан багш ч зогсоож үл чадах, хөгжлийн зарчим байгаа юм.

Ингээд Ерөнхийлөгчид өрсөлдөх хэдэн хүнийг дагасан буюу баримжаалсан улс төрийн хүчний дахин хуваарилалт болно, эсвэл цоо шинэ улс төрийн хүчин гарч ирнэ.

Одоо мэдэгдэж буйгаар Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж, Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх болно. Би үзмэрч биш, гэхдээ л шинжлэх ухаан, зүй тогтол гэж нэг сүрхий юм бий л дээ…

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 6 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: